2021 оны сүүлч, 2022 оны эхээр Ховд аймгаас Булган сумын Байтаг багийн малчин Дугаржавын Даваа улсын хошой аврага малчнаар, Алтай сумын Алтангадас багийн малчин Хожгорын Балдан, Мөнххайрхан сумын Хаг багийн малчин Эрхэмбаярын Эрдэнэбат, Мянгад сумын Цагаанбулан багийн малчин Бямбын Хаш-Эрдэнэ, Чандмань сумын Сүлжээ багийн малчин Баатар-Аюушийн Батцэнгэл, Эрдэнэбүрэн сумын Хонгио багийн малчин Чанагийн Цэдэндамба нар улсын аврага малчинаар , мөн Жаргалант сумын Наран багийн тариаланч Лувсандоржийн Баттогтох, Мянгад сумын Баянхошуу багийн тариаланч Азаханы Авдал, Ховд сумын Дунд-Ус багийн тариаланч Муханы Хавалбай нар улсын аварга тариаланчаар шалгарч, хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлсэн. Эдгээр малчид маань ихэвчлэн мал сүргээ таван төрлөөр нь өсгөж, малын чанар, өгөөж, ашиг шимийг сайжруулан, нийгэмд тодорхой ач холбогдолтой зүйлсийг бүтээснээр болзлыг ханган, ийнхүү аврага малчин тариаланчаар тодорсон ажээ. Малчдын хотонд төлийн дуу ид цангинаж буй энэ үеэр аймгийн удирдлага, яамны сайд, УИХ-ын зарим гишүүд, дагалдагсдын хамт тэдэнд шагналыг нь гардуулж, уулзан золгожээ.