Дэлхийн банкны төлөөлөгчид ТА-3 төслийн үндэсний зохицуулагчийн хамт Ховд аймагт ажиллав

By: Admin
2024-12-23
0
1818

2018 оны 4 сарын 13-14-ны өдрүүдэд Дэлхийн банкны төлөөлөгчид, ТА-3 төслийн Монгол дахь зохицуулагч болон холбогдох хүмүүс Ховд аймагт ажиллав. Тэдгээр хүмүүс аймгийн ЗДТГ-ын хүндэтгэлийн өргөөнд аймгийн удирдлага болон ажил хариуцсан албаны хүмүүстэй уулзалт хийж, Жаргалант сумын багуудтай танилцаж, Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр хийж хэрэгжүүлж байгаа ажлуудын явц байдлыг үзэж, ажиглалт хийхээс гадна Манхан суманд мөн ажилласан юм. 

Аймгийн удирдлагатай хийх уулзалтын үеэр аймгийн ЗДТГ-ын дарга Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилт болон ТА-3 төслийн хүрээнд олгогдсон санхүүгийн дэмжлэгийг хэрхэн зарцуулсан талаар мэдээлэл хийв. Уг санхүүжилтээр Зэрэг, Мянгад, Цэцэг  сумуудад багийн төвийн барилга барих, Жаргалант сумын Рашаан баг мөн Цэцэг суманд эрүүл мэндийн төвийн барилга, аймгийн төвийн нийтийн орон сууцны халаалт, цэвэр усны магистрал шугамыг засварлах, Галданбошигт хааны цэцэрлэгт хүрээлэнг тохижуулах ажлууд хийгдсэн аж.

Дэлхийн банкны төлөөлөгчид Монгол улсад төсвийн хуулийнхаа дагуу Орон нутгийн хөгжлийн сангийн зориулалтаар батлагдах төсөв нь жил бүр харилцан адилгүй, тухайлбал Ховд аймгийн хувьд 2015-2016 онд 8.0 тэрбум орчим төгрөг батлагдсан бол 2017 онд 2.0 тэрбум төгрөг болж огцом унасан зэрэг нь амьдралд ямар хүндрэл бэрхшээл учруулж байгааг онцлон сонирхож, аймгийн ажил хариуцсан хүмүүс үүнд хариулт өгөхдөө урьдчилан төлөвлөгдсөн ажлууд хийгдэх боломжгүй болж, аймаг сумын эдийн засгаар зогсохгүй, ард иргэдийн амьдралд хүндээр нөлөөлж байгаа, ард иргэдийн зүгээс итгэл алдарсан сөрөг хандлага үүсгэж байна гэж байв. Түүнээс гадна төсөвлөгдөж батлагдсан санхүүжилт нь хугацаандаа ирдэггүйгээс ажил тасалддаг бэрхшээл байгаа аж.

ТА-3 төслийн зүгээс 2017-2018 онд орон нутгийн хөгжлийн сангийн зориулалтаар сумуудад зарцуулагдаж байгаа хөрөнгийн зарцуулалтанд хөндлөнгийн үнэлгээ хийлгэж, шаардлага хангасан буюу хангалттай үнэлгээ авсан сумуудад урамшуулал дэмжлэг олгож байгааг ТА-3 Төслийн үндэсний зохицуулагч тодорхой тайлбарлан ярьсан. Тэрээр энэ нь ОНХС-гийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах, цаашид бодитой үр өгөөж авч ирэхэд нь чухал хөшүүрэг болох ёстой юм байна.

Олон нийтийн оролцоо, төлөвлөлт, ил тод байдал, өмчийн харилцаа, хяналт үнэлгээний чанар гэсэн үзүүлэлтүүдээр үнэлсэн дээрх хөндөнгийн хяналт үнэлгээний дүнг аймгийн хэмжээгээр авч үзвэл Ховд аймгийн сумууд дунджаар 2016 онд 26.6 оноо,  2017 онд 27.3 оноо авсан нь хангалттай үзүүлэлт биш ажээ. Хамгийн их анхаарал татаж байгаа, өөрөөр хэлбэл хангалтгүй байгаа үзүүлэлт нь олон нийтийн оролцоо, ил тод байдлын асуудал байна хэмээн төслийн үндэсний зохицуулагч онцлож байлаа. 

Энэхүү ажлын хэсэг Ховд аймагт ажилласнаар байдлыг газар дээр нь судалж мэдээд цаашид дэлхийн банкны зүгээс ямар бодлого баримтлах, дэмжлэгийг ямар байдлаар үзүүлбэл зохистойг дахин нягтлаж шийдэл гаргах боломж нээгдэж байгаа юм байна.

2016 үнэлгээгээр Ховд аймгаас Зэрэг, Дөргөн сум, 2017 оны үнэлгээгээр мөн энэ хоёр суман дээр Жаргалант сум нэмэгдэн гурван сум шаардлага хангаж, ОНХС-гийн санхүүжилтийн 25 хувьтай тэнцэх дэмжлэг авч байгааг мөн танилцуулсан юм.

Дашрамд дурьдахад бусад сумуудын хувьд Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээ журмын дагуу, үр өгөөжтэй зарцуулах юм бол нэмэлт дэмжлэг авах боломж байна гэдгийг зориуд анхааруулах нь зөв бизээ. 

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
8 + 1 =

Create Account



Log In Your Account