Захидал задлахад
Өнгөрсөн үеийн түүх, хууч яриа, дурсамжууд нь амьдралыг танин мэдэх, өнгөрч улирсныг бодитоор нь төсөөлөхөд туслахаас наана ухаарал өгөх, бодол сэтгэлийг ариусгах ач өгөөжтэй зүйлүүдийн нэг. Манай өмнөх цаг үед буюу ХХ зууны дунд хагаст Ховд аймагт амьдарч аж төрж байсан олон мянган төлөөлөл болох нэг эрхэмийн тухай анд нөхөд, шавь нар, хойч үеийнхний дурссан, богино дурсамжуудаас бүтсэн энэхүү хууч ярианы цоморлигийг уншигчдад толилуулж байгаа маань дээр дурьдсан ач холбогдлыг бодолцсон хэрэг. Манай сонины 2023 оны нэгэн дугаарт олны дунд “гал Ендон” хэмээн алдаршсан эл эрхэмийн тухай хөрөг дурсамж нийтлэдгдэж байсан энэхүү бичвэрүүд нь түүний үргэлжлэл болон уншигчдад толилуулагдаж байна.
Намайг мэдээ орсон цагаас л Ховд аймгийн төвийнхөн Буянт голын хөвөөнөө зуслан бууринд (лагерт) гарч зусдаг байв. Эхний үедээ айлуудыг голын бага гүүрний доохно талаар, сангийн хэрэмний араар журамлаж буулгадаг байв. Сүүлдээ их гүүрний ар хэсэг, торгон ногоон зүлгэн дээр буудаг болж ахицгаав. Хөдөө аж ахуйг удирдах газар, Мал эмнэлэг, Ойн анги, Био үйлдвэрийнхэн гэх мэт олон албан газрынхан нийлж, зуслан бууриндаа айлсгаацдаг болсон бөгөөд тэдгээр айлууд үүгээр буудаг болсон юм. Айлууд бууриа засаж, чулуугаар гортиг татаж, гортоглосон чулуугаа шохойгоор будна. Гортиг дотроо хүүхдийн тоглоомийн талбай байгуулж, элс асган, дүүжин даажин, модон гулгуур энэ тэрээр тохижуулна. Түүнээсээ холгүйхэн томчуудын чөлөөт цагаа өнгөрөөх гар бөмбөг, сагсан бөмбөгийн талбай байгуулж, тэрхүү задгай талбайд ах эгч нар, аав ээж нар үдэш бүр тоглоцгооно. Хүүхдүүд бид тэдгээр тоглогчдын тоглохыг сонирхон хол цөлөгдсөн бөмбөгийг нь нэгнээсээ өрсөн зөөж аваачиж өгөх зугаатай ажилдаа бас шимтэнэ. Бөмбөгийг хамгийн хол цөлж чаддаг нь гал Ёндон гэдэг багш байлаа. Өглөө бүрийд маш эрт шүглийн дуунаар хүмүүс гэр гэрээсээ гүйлдэн гарч, дасгал хөдөлгөөн хийцгээж, гол руу орж цээж толгойгоо шавшиж байгаа харагдана. Энд тэнд шургааг бэхэлж зоосон модон савлуурт зарим хүмүүс дасгал хийж байхыг харахад ихээхэн сонирхолтой санагдана.
Энэ бүх нэгдсэн, цэгцтэй үйл ажиллагааг гал Ендон багш өөрөө биеэрээ үлгэрлэн зохион байгуулж, зааж сургаж, хэвшүүлэн дадуулж байсан нь аажимдаа танигдаж, ойлгомжтой болсон билээ. Багшийн гэргий нь өтгөн, урт гэзэгтэй даруухан, намбалаг эмэгтэй байх агаад нэрийг нь Ч.Олзвой гэнэ. Тэрээр ХААУГ-т бичиг хэргийн ажил эрхлэнэ. Их голын ард, сүмийн ойролцоох хар толгойн энгэрт нүх ухаж, аймгийн мах хадгалах мөсөн зоорь барих компанит ажил 1950-иад оны сүүлч, 60-аад оны эхэн үеийг дамнан өрнөж, тэр ажилд бүхнийг хамруулж байсансан. Хүүхдүүд бид тэр хавиар очиж сонирхохноо шавилхан биетэй ч шөрмөслөг, гавшгай гал Ёндон багш, биерхүү чадалтай миний аав хоёр ана мана уралдан ажиллаж байгааг анзаардагсан. Хожим аавынхаа тэмдэглэлийг сонирхон уншвал “Газар шорооны хүнд ажлыг нугалахад бид ихээхэн хүчин зүтгэл гаргасан ба Ёндон багш залуу сэхээтнүүдээ манлайлан, уриалан ажиллаж, хамтдаа их ажлын ард гарлаа” гэж тэмдэглэн үлдээсэн байсан юм. “Сангийн хэрэмний ойролцоо байсан Орос элчингийн консулын хашааны нэг хэсэг дэх хог овоорч, тэр нь хатууран барьцалдсан газрыг цэвэрлэн тэгшилж биеийн тамирын талбай байгуулах их ажлыг Д.Ёндон багш санаачлан эхлүүлж, гүйцэтгэвээ” гэж тэр тэмдэглэлд бас бичжээ. Миний аав Ж.Хайдав 1946-аас 1980 он хүртэл ойн ангийн дарга, ойн байцаагч, цагдаагийн алба хашиж байсан, алив ажил хэрэг тэмдэглэлт үйл явдал, чухал зүйлүүдийг алдалгүй тэмдэглэн, үзэг цаас нийлүүлж суудаг идэвхтэй нэгэн байсан бөгөөд түүнийх нь ачаар ийнхүү өнгөрсөн үеийн дурсамжийг сөхөж, өнөө үеийнхэнд болон хойч үеийнхэнд хуучлах боломжийг эдлэж байгаагаа дурьдахад таатай байна. Тэмдэглэлд бичсэн зүйлүүдээс цааш үргэлжлүүлэн өгүүлбэл:
Ховд хотын анхны цэнгэлдэх хүрээлэнгийн (стадион) зургийг Улаанбаатар хотоос ирсэн Түмэн-Өлзий, Ойн бүс байгуулах зургийг Бэгзжав нар гаргаж, биеийн тамирын талбай, хиймэл нуур байгуулах ажилд Д.Ёндон багш сэхээтнүүд, оюутнуудаа манлайлан ажиллажээ. Ёндон багш тэр цагт, биднийг бага ангийн сурагчид байхад хар хөх өнгийн биеийн тамирын хувцастай, энгэртэй үргэлж шүгэл зүүж явах бөгөөд шүглээ үлээмэгц нь ахлах ангийн сурагчид эгнэн жагсаж, гимнастик хийцгээнэ. Захиргаа, албан газрын дарга нар, албан хаагчид ч бас ийнхүү гимнастик хийцгээж мэдүүлэг раборт өгч байх нь харагддагсан. Манай анги тэр үед бага анги мөртлөө өглөө хичээллэдэг байв. Гуравдугаар цагийн завсарлагаанаар шүгэл дуугарч, ахлах ангийн сурагчид шүглийн дуунаар сургуулийн гадна талбайд байх өндөр модон савлуур зэрэг биеийн тамирын хэрэглэл тийш очицгоон элдэв дасгал хийцгээнэ. Ёндон багш мөнөө л сурагчдад сургалт явуулж, урьд өмнө үзэж хараагүй шинэ сонирхолтой, хэцүү дасгалуудыг танилцуулан зааж, хийж дасгалжуулна. Бас Манхан сумын төвд мөсөн гулгуурын талбай байгуулж, сурагчдыг тэшүүрээр гулгуулж сургасан гэдэг. Мянгад, Дөргөн сумдаас хүүхдүүд ирж хичээллэдэг байсан ба Дөргөн сумаас ирсэн Удвал гэдэг шар царайтай, махлагдуу охин Ёндон багшийн гарын шавь болж, цанаар тогтмол хичээллэдэг байж билээ. Удвал охин улмаар хожим нь Монгол Улсын цанын спортын мастер, бүүр гавъяат болтлоо өсөж хөгжсөн байдаг. Одоо тэр тамирчин бүсгүй Дөргөн сумандаа эрүүр саруул, энх тунх амьдарч байгаа сурагтай.
Манайх Ховд аймгийн төвд биеийн тамирын багш Д.Ендонгийнтой нэг хашаанд, айл байв. Багш үе үе хашаандаа хөл бөмбөг, бас гар бөмбөг авч ирээд хий нь гарсан бөмбөгийг бүүр хатуу болтол нь үлээж хийлээд, биднээр чанга цохиулж шалгуулна. Багш их энгийн хүн. Хүүхэд бидэнтэй томчуудаас ялгалгүй харьцан, элдвийг гартаа нууж, таалгаж бидэнтэй тоглоно. Тэгэхэд нь бид ихэд хөгсөн инээлдэж, улам дотносох хүсэл төрнө. Тэр зузаан ширэн бөмбөгийг яаж тэгж чинэртэл үлээдэг байсныг нь одоо ч гайхдаг юм. Хожим бодоод ямар их дотоод хүч, эрчимтэй хүн байж вэ гэж эрэгцүүлдэгсэн. Манайхан олуулаа. Гэтэл надаас бусад нь бүгд багшийн шавь нар болцгоосон байдаг. Миний хань Д.Хандаа Ёндон багшийн ангид сурч байсан хийгээд, гарынх нь шавь, багшийн дасгалжуулдаг гар бөмбөгийн шигшээ багийн тамирчин байв. Цана тэшүүрээр ч бас удирдлаганд нь хичээллэдэг байлаа. Манай Батаа ах бол Ендон багшийн дасгалжуулдаг хөл бөмбөгийн багийн гишүүн, харин Насан ах маань оюутан байхаасаа гар бөмбөгийн шавь нь, мөн л шигшээ багийн гишүүн, дээр нь үеэл ах С.Базар ч ялгаагүй Ендон багшийн шавь байв. Тэрээр спортын янз бүрийн төрлөөр өөрийн дасгалжуулсан багаа удирдан аймаг, бүс, улсын олон уралдаан тэмцээнд оролцох нь элбэг бөгөөд тогтмол амжилт гаргадаг нь гайхмаар. Хэрэглэлт гимнастикийн төрлөөр нэгдүгээр зэрэгтэй. Тэр үед аймагтаа бол үндсэндээ мастерийн зиндааны нэгэн гээд л ер нь ховор чадвартай, спортын хүн байсан даа.
Би гал Ендон багштайгаа хамт нэг сургуульд ажиллаж байлаа. Тэр хүн түүх, нийгэм, философийн өргөн мэдлэгтэй, орос, түвд, казак хэл мэддэг, уйгаржин буюу хуучин Монгол бичгээр тэмдэглэл хөтөлдөг сампин цохиж тоо боддог, боксоор хичээллэдэг, билъяард сайхан тоглодог, ер нь тал бүрийн авъяастай нөхөрсөг, ил цагаан үгтэй, шударга, чөлөөт сэтгэлгээтэй, наргианч, зүрх зоригтой, тэмцэгч зан авиртай, хэнээс ч айхгүй шударга үгээ хэлдэг их хүчтэй хүн байсан юм. Бүхий л амьдралаа спортод зориулж, шавь нартаа үлгэрлэн, олон арван гавъяат мастеруудийг өлгийдөж төрүүлсэн хэрнээ гавъяа шагнал, нэр төрийн хойноос хөөцөлдөж байгаагүй, хатуу сахилга бат, зарчимч чанар, дэг журмыг эрхмэлдэг багш, дасгалжуулагч, тамирчин нисгэгч хүн байлаа. Ховдын төвийн зүүн хаалганы орчимд байсан шатахуун түгээх станцын ойролцоо онгоцоо буулгаж байсныг нь би тод санадаг юм. Бас аймгийн төвийн зүүн талын улаан уулан дээр тэр үеийн царцаа ногоон гэх онгоцыг жолоодон буулгаж, боломжгүй зүйлийг ч болгож, аархаж, гайхуулж явсан ер бусын сайхан хийморь жавхаатан байсан юм. Мандолин, домбор хөгжим тоглож, бүжиглэж, казах дуу дуулж байхыг нь ч харж байсан.
Ёндон багш маань одоог хүртэл домог болтлоо яригдаж дурсагдсан тамирчин дасгалжуулагч билээ. Миний ах Буд мэс заслын эмч, бас гар бөмбөг, одон бөмбөгөөр хичээллэдэг тамирчин байсан бөгөөд Ёндон багштай найзлаж, нэг багт тоглодог байсан юм. Ёндон багш спортын бүх төрлөөр Ховддоо манлайлдаг, одон бөмбөгөөр ч гарамгай нэгэн байсан. 1950-иад оноос 1970-аад он хүртэл Ховд аймагт ажиллаж амьдарч байхдаа гар бөмбөгийн спортыг хурдацтай хөгжүүлж, мэргэжлийн түвшинд гаргахад их үүрэг гүйцэтгэсэн. Бас унадаг дугуйн спортоор хоёр ч удаа рекорд тогтоож байсан. 1962 онд болсон Ховд хотын 200 жилийн ойг угтаж зохиогдсон, Ховдоос Улаанбаатар, Улаанбаатараас Ховд гэсэн маршрутаар, бартаат замаар дугуйтай уралдсан уралдаанд түрүүлж байсан. Тэгэхдээ уг замыг нэг талдаа 13 хоногт туулсан байдаг. Ховдын спортын түүхэнд үлдээсэн энэ хүний гайхам амжилт, спортыг хөгжүүлэхэд зориулсан хүчин зүтгэл, хөдөлмөр бүтээл, ач гавъяаг нь мартах учиргүй. Дурсан алдаршуулах цаг болсон гэдгийг хэлмээр байгаа юм.
Намайг Ховд аймгийн 7 жилийн сургуульд сурч байхад 1962 онд Д.Ендон багш маань манай ангийн багш байсан юм. Багш маань аймгийн захиргааны ар талд тэр үед байдаг асан гимнастикийн хэрэглэл дээр гүйцэтгэдэг дасгалуудыг жинхэнэ утгаар нь зааж, үзүүлбэрүүдийг өөрөө маш гарамгай гүйцэтгэж үзүүлдэг байв. Турник, савлуур, модон морь зэрэг хэрэглэлүүд дээр гүйцэтгэдэг төрөл бүрийн дасгалуудыг биднээр дахин дахин давтан хийлгэж ёстой нэг махалж өгнө дөө. Одоо цагт биеийн тамирын дээд сургуульд заадаг хүнд дасгалуудыг тэр үед хөдөөгийн дунд сургуульд Д.Ёндон багш маань зааж байсан нь бахархам. Цэргийн газарт хийдэг, орос школын хүндрүүлсэн дасгалуудыг ч заадаг байж. Тэр үед бол хэцүү, хатуу санагдаж байлаа. Харин одоо бол 70 хол гарсан ч эрүүл чийрэг яваа маань түүний л ач буян гэж бодном. Багшийн маань олон арван шавь нар алдартай тамирчид болж, гавъят, мастер цолоор мялаалгацгаажээ. 1960-1970 оны үед Ховдын гар бөмбөгийн тамирчид улсдаа тэргүүлж, нийслэлийнхнийг ч сандаргадаг ид хүчтэй болсонд их нөлөө үзүүлсэн дасгалжуулагчдын нэг нь яах аргагүй Д.Ёндон багш юм. Жишээлэхэд хожим Ховдын гар бөмбөгийн шигшээ багийн ахлагч, алдарт тамирчин болсон Е.Хянгасхааныг гар бөмбөгийн секцэнд явж эхэлж байхад нь Д.Ёндон багш дасгалжуулж байв. Хянгасхаан тэр үедээ жаахан халширамтгай, сул биетай хүүхэд байсан бөгөөд Ёндон багш түүнийг шахаж, зоригжуулж, турник, савлуурт гарыг нь холбож хүлж байгаад, өөрийн гараараа эргүүлж, савлуулж дасгалжуулдаг, “Ховдын театрт Намид авъяасаараа гайхуулж байхад, чи биеийн тамираараа гайхуулсан тамирчин болж яагаад болохгүй гэж, адилхан казак хүмүүс юугаараа ялгагдах юм” гэж зоригжуулдаг, хичээл болгон дээр түүнтэй уйгагүй зууралддаг байсан нь сонин. Хожим бодоход түүнийг гар бөмбөгийн гаргамгай довтлогч болох ирээдүйтэйг нь таньсан л байж таарч байгаа юм. Хожим Хянгасхаан гавъяат тамирчин болж, гайхуулж, цойлж явахдаа “Гал Ендон багш маань амьд сэрүүн байгаад намайг харж байсан ч болоосой” гэж хоолой зангируулан ярьж байж билээ. Хатуу шаардлагатайнхаа хэрээр хэнийг ч ялгадаггүй, сайн тамирчин болгохын төлөө бүхнээ зориулдаг, ач тустай нэгэн байсан билээ Ёндон багш маань. Миний мэдэхийн шавь нараас нь С.Базар, Т.Отгонбаяр, Сэлээд, Хянгасхаан, Лхамжав, Д.Насан, Д.Хандаа, Миша зэрэг олон алдартнууд өсөж бойжжээ.
Д.Ёндон багшийг Ховд аймагт ажиллаж амьдарч байх үед би Мөнххйрхан сум нэгдлийн эдийн засагч, нэгдлийн орлогч дарга, Дуут суман дахь Нэвтийн рашаан амралтын дарга, Цэцэг сумын хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны дарга зэрэг алба хашиж, Д.Ёндон багшийн оролцсон тэдний баг тамирчдын спортын тоглолтуудыг олонтоо үзэж харах завшаан тохиож байв. Улмаар би тамирчин, дасгалжуулагч гал Ёндон багшийн дэмжигч, машид хүндэтгэдэг нэгэн болсонсон. Багшийн гэр бүлийн хүн нь Ч.Олзвой гэж үлгэр жишээ сайхан эмэгтэй байсансан. ХЗЭ-ийн хурлын дараа болсон нэгэн үдэшлэгт тэр хүнийг урьж бүжиглэж байсан маань өег сайхан дурсамж болж үлджээ. “Гал” багш даам сайхан тоглоно, зээрэнцэг түлхэнэ, урт, өндрийн харайлт, холын зайн гүйлт гээд хичээллэхгүй, амжилт гаргахгүй төрөл гэж тэр хүнд бараг үгүй байв. Гимнастикийн олон төрөлтийн тэмцээнд бас байнга тэргүүлэх байрууд эзлэнэ.
Миний бие нь Д.Ёндон багшийн шавь билээ. Би сурагч ахуй үедээ багшийн гар дээр гимнастикийн үзүүлбэр хийж явлаа. Багшийн нөлөөгөөр төрөл бүрийн спортод дурлаж, хичээллэж эхэлсэн маань яваандаа намайг хоолны захад хүргэх ажил үйлс маань болсон байдаг. Тэгээд би биеийн тамирын багш болсноор Дорноговь аймгийн Ерөнхий боловсролын сургуульд олон жил багшлаж, сурын спортоор хичээллэн, тогтмол амжилтууд гаргаснаар спортын мастер болов.
Энэ бүхний маань эхлэлийг тавьж, хөлийг маань дөрөөнд хүргэсэн ачтан бол яах аргагүй Д.Ёндон багш маань билээ. Сурагч байхад Ёндон багшийн хичээл заах арга барил, заадаг хичээлүүд нь нэн сонирхолтой, намайг үнэхээр л татаж чаддаг байлаа. Багшийн авъяас чадварыг яриад бахдаад баршгүй. Гимнастикийн спортоор бүр онцгой санагддагсан. Гимнастикийн үзүүлбэрүүд, акробат зэргийг бараг циркчний хэмжээнд л хийдэг байв. Мотоцикл унаж салхи шуугиулан давхих дуртай байв. Хатуу зарчимтай хэрнээ их нийтэч, тусархуу, эгэл даруухан, шудрага шулуун хүн байсан юм даа багш маань.