БОЭТ-ийн Зүрх судасны тасгийн сувилагч
Б.Булгаа та бүхэнд зөвлөж байна
Хамгийн багадаа 3 удаагийн үзлэгээр нийт 4-6 удаагийн хэмжилтээр цусний даралт 130/80-аас их байвал даралт ихсэх өвчин гэж үзнэ. Хэрэв даралт бууруулах эм ууж байгаа бол даралт хэвийн байсан ч даралт ихсэлттэй гэж үзнэ. Анх удаа онош тавих гэж байгаа бол даралт бууруулах эмэн эмчилгээ хэрэглэж эхлэхийн өмнөх даралтын түвшинг үндэслэж тавьдаг. Артерийн даралт ихсэлтийг оношлоход ердийн даралт хэмжилтийг хийдэг тул насанд хүрсэн хүн бүр эрт илрүүлэгт хамрагдах ёстой. Тухайлбал 18 наснаас дээш хүн бүр цэрэгт явах, сургуульд элсэх, ажилд орох, эмэгтэйчүүдийн үзлэг, жирэмсний хяналтанд орох, жолооны дамжаанд суралцах, даралт ихсэлт нь тодорхойгүй бусад ямар нэг шалтгаанаар эмнэлэгт хэвтэх үед даралтыг хэмжиж тодорхойлох шаардлагатай. Хэвийн артерийн даралтны түвшин бүхий хүмүүсийг 5 жил тутамд 1 удаа хэмжинэ. Харин 40-өөс дээш настай бол жил тутамд артерийн даралтаа заавал хэмжүүлнэ.
Даралтыг аль гарт үзэх вэ?
Даралтыг тогтмол 2 гарт үзнэ, хэрэв зөрөөтэй байвал аль өндрөөр нь тодорхойлж авдаг. Дээд доод даралт харилцан адилгүй ихэссэн бол өндрөөр нь авдаг. Тухайлбал доод даралт давамгайлан өссөн бол 2 даралт хоорондоо ойртдог энэ үед дээд даралт хэвийн байсан ч доод даралтын түвшингээр нь тодорхойлно. Мөн зөвхөн дээд даралт ихсэж доод даралт буурах тохиолдол байдаг жишээ нь 150/60 болох үед дээд даралтны түвшингээр нь тодорхойлдог. Мөн гар бүрт 1-2 минутын зайтай доод тал нь 2 удаа хэмжиж дунджаар нь даралтыг илэрхийлдэг. Сүүлийн үеийн автомат аппаратууд дарааллаж 3 удаа үзээд дунджийг нь бодоод гаргадаг болсон байгаа. Хэрэв даралтыг их хэлбэлзэлтэй, тодорхойлоход түвэгтэй байгаа тохиолдолд 24 цагийн амбулаторийн даралт хэмжигч гэж байдаг, энэ нь 24 цагийн турш 30 минутын зайтай даралтыг хэмжиж тодорхойлдог.
Даралт хэмжихэд анхаарах зүйл байдаг уу?
Онцгой нөхцөл шаардахгүй ч дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй. Үүнд: Даралт хэмжүүлэхээс 30 минутын дотор хүнд дасгал хөдөлгөөн хийх, кофе, кола уухыг хориглоно, даралт хэмжих үед юм ярихгүй, орчны чимээ шуугианыг намсгана. Нуруугаа тэгшилж сууна, урагш бөхийхөд гэдэс шахагдаж даралт өндөр хэмжигдэх боломжтой. Гарын бугалга болон зүрх ижил түвшинд байх ёстой, учир нь бугалга зүрхнээс дээш түвшинд байрлавал газрын татах хүчний нөлөөгөөр даралт бага хэмжигддэг. Суудлын өндрийг тохируулж хөлийн улаар шалан дээр бүрэн гишгэж сууна. Даралт буруу хэмжигдэх тохиолдол байдаг уу? Хэрэв ханцуйгаа шамлах, хөлөө сандал эсвэл ширээний хөндлөвч дээр тавих, бариу хувцас өмсөх, алхах эсвэл дасгалын дараа шууд даралтаа хэмжих, урагшаа тонгойх, тасалгаа хэт хүйтэн байх зэрэг үед буруу хэмжигдэж болно.

Даралт ихсэлтэнд нөлөөлөх хүчин зүйлс юу байдаг вэ?
Нас хөгшрөх тусам судас хатуурч, бөөрний цусан хангамж буурснаар даралт ихэсдэг. Удамд нь даралт ихсэлттэй хүн байвал даралт ихсэх магадлал 2 дахин нэмэгддэг. Эрэгтэйчүүд нь эмэгтэйчүүдээс илүү даралт ихсэх хандлагатай байдаг. Энэхүү нас, хүйс, удамшил зэрэг нь анхдагч буюу хүний ухамсарт ухаанаас хамаардаггүй, хүн өөрөө засаж залруулж болдоггүй хүчин зүйлс юм. Харин таргалалт, хөдөлгөөний хомсдол, тамхи архи хэрэглэх, сэтгэл санааны хямрал, давс өөх тосны хэрэглээ зэрэг нь засаж болох эрсдэлт хүчин зүйлсд ордог. Илүүдэл жингийн 1 кг тутамд 3,5 км хялгасан судас шаардагддаг. Тэдгээрээр цус дамжуулахын тулд зүрх илүү хүчтэй даралтаар цусыг шахдаг. Тиймээс байвал зохих жингээс 20 хувиар илүү таргалахад даралт ихсэх магадлал 5 дахин нэмэгддэг. Тамхи нь судсанд өөхөн судлыг нэмэгдүүлж, судасны дотор ханыг гэмтээн, товруу үүсгэдэг. Мөн никотин болон бусад 20,000 гаруй химийн хорт бодис нь судас агшаах нөлөө үзүүлдэг. 1 ширхэг тамхи татахад даралт 30 минутын турш өндөр хэмжээнд байдаг. Судлаачид архины зохисгүй хэрэглээ нь даралт өндөр байх шалтгааны 5-15%-ийг эзэлдгийг тогтоосон. Уурлаж бухимдах үед хүний биед адреналин даавар ихээр ялгарснаас судас нарийсч, зүрхний цохилтыг түргэсгэдэг. Давсан дахь натри нь хүний биед шингэнийг хуримтлуулж эргэлдэх цусны хэмжээг ихэсгэх мөн судас нарийсгах механизмд нөлөөлдөг.
