Захиргааны шийдвэр – Та бид- Олон нийт - II

By: Admin
2025-12-01
0
72

Цахим хөгжил инноваци, харилцаа холбооны яам, “Пипл ин нийд” олон улсын байгууллага, “Фаро паундэшн” НҮТББ хамтран үндэсний хэмжээнд хэрэгжүүлж буй “Төрийн бус байгууллагуудын оролцоотойгоор “Цахим шилжилт”-ийг хэрэгжүүлэх нь” төслийн нэг хэсэг болгон  “Ховдын толь сонин” НҮТББ Ховд аймгийн түвшинд “Бодлого-Оролцоо-Мэдэх эрх” төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Төслийн төлөвлөгдсөн ажлын дагуу орон нутаг дахь Захиргааны шийдвэр гаргаж буй үйл явцуудад ажиглалт хийж, төлөв байдлыг тоймлох, тодорхой захиргааны шийдвэрүүдийг сонгон авч анализ хийх, мөнхүү хөгжлийн бодлого, хөтөлбөрийг тухайлбал Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлж, хяналт тавих, үр дүнг тооцож буй зарчим арга барилыг судлаж, судалгааны үр дүнд илэрсэн асуудлуудыг хэрхэн шийдвэрлэвэл зохих тухайд санал, зөвлөмжийг тоймлон гаргах ажлууд явагдаж байна.

Тухайн ажлын талаар уншигчдад дэлгэрэнгүй таниулах зорилгоор энэхүү мэдээллийг бэлтгэв.

Зарим Захиргааны шийдвэрүүдэд ажиглалт анализ хийж байгаа тухай: 

bome 1

 

Буянт голын лагер гаргахтай холбоотой шийдвэр (Жаргалант сум)

Зуны улиралд Буянт голын хөвөөгөөр зуслангийн айлуудыг лагерлуулж буулгадаг нь хүрээлэн байгаа орчин, тэрчлэн голын усыг бохирдлоос хамгаалах нийтлэг байр сууриудтай зөрчилдсөн, цаашилбал Байгаль орчныг хамгаалах тухай хууль (5 дугаар зүйлийн 5.1, 16 дугаар зүйлийн 16.2.1, 16.2.4, 17 дугаар зүйлийн 17.2.4,  21 дүгээр зүйл) Усны тухай хууль (13 дугаар зүйлийн 13.1.6, 16 дугаар зүйлийн 161.4.12, 18 дугаар зүйлийн 18.1.3) зэрэг хуулиудтай зөрчилдсөн зүйл хэмээн үзэж, иргэд, зарим иргэний нийгмийн болон хэвлэл мэдээллийн байгууллагын зүгээс анхааруулах, сэрэмжлүүлэг нийтлэх, лагер гаргахыг зогсоох тухай санал хүргүүлэх зэрэг алхамууд хийсээр ирсэн ч үе үеийн Захиргааны албан тушаалтнууд үл ойшоож, зун бүр лагер гаргах шийдвэрээ гаргасаар ирсэн. Гэтэл энэ 2025 онд ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Усны газраас хийлгэсэн судалгааны дүгнэлт гарсан нь “дээрх шалтгааны улмаас Буян гол, түүний орчмын хөрс, усны бохирдол бараг гамшгийн хэмжээнд хүрсэн”-ийг илчилсэн бөгөөд лагер гаргадаг шийдвэрээ эргэж харах, лагерт гаргахыг хориглохыг хотын Захиргаанд санал болгосон.

 BOME 3

ХМТХДХ-ийн шүүхийн асуудал, эс үйлдэхүй (аймгийн Засаг дарга)

Ховд аймагт хэвлэл мэдээллийн эрх зүй, бодлого зохицуулалт чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ, Сэтгүүлчдийн эвлэл, Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн санаачилгаар “Хэвлэл мэдээллийн тогтвортой хөгжлийг дэмжих” дэд хөтөлбөрийг боловсруулж анх 2018 оноос батлуулан хэрэгжүүлж, улмаар 2021 онд хуульд нийцүүлэн шинэчлэн батлуулсан. Гэвч аймгийн Засаг дарга уг хөтөлбөрийн санхүүжилтийг олгохоос санаатайгаар зайлхийж, олгоогүй нь цаанаа уг эх үүсвэрийг өөр зүйлд зориулалт бусаар зарцуулах сэдлээс үүдэлтэй байсан нь үндсэндээ илэрч мэдэгдсэн. Энэ нь ЗЗНДНТУТ хууль, Захиргааны Ерөнхий хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд зааснаар илт хууль бус зүйл (эс үйлдэхүй) байсан тул. 2024 оны 8 дугаар сард Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ховд аймаг дахь ЗХАШШ-ийн шүүгч нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзсан ч, ЗХДЗШШ-ээс шүүгчийн ажиллагаа хууль бус хэмээн тогтоож, Захирамжийг нь хүчингүй болгосон учир уг нэхэмжлэлд хэрэг үүссэн. ЗХАШШ-ийн шүүгч хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ЗХДЗШ-ны шүүхээс няцаагдаж, Захирамж нь мөн хүчингүй болсноос гадна ДЗШШ нэхэмжлэлийг хангаж, санхүүжилтийг олгохыг Ховд аймгийн Засаг даргад даалгасан. Зөвхөн хууль хэрэглээний асуудалд маргаан гарсан, шүүх ажиллагааны ноцтой алдаа гарсан нөхцөлд ДЗШШ-ийн шийдвэрийн талаар дээд шүүхэд гомдол гаргах ёстой байтал хариуцагч ийм ямар нэг нөхцөл үүсээгүй байхад гомдол гарган уг асуудал нь хянан хэлэлцэгдэхгүй байсаар байна ! 

BOME 4

Нэгдүгээр цэцэрлэгийн барилгыг актлах тогтоол (ИТХ)

Энэ асуудлаар гаргасан аймгийн ИТХ-ын 2025 оны 3 дугаар сарын 28-ны 07 дугаар тогтоол нь илт хууль бус (Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль 31.1, 31,2, 31.3 дахь заалтууд), Төрийн болон орон нутгийн өмчид эд хөрөнгө олж авах, бүртгэх, данснаас хасах, шилжүүлэх журам (6.2.5, 6.4.3, 6.5 дахь заалтууд), Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлийг зөрчсөн тул мөн Ховд аймаг дахь ЗХАШШ-д нэхэмжлэл гаргасан ч шүүгч хүлээж авахаас татгалзсан нь ЗХДЗШШ-ээс няцаагдаж, шүүгчийн нэхэмжлэл хүлээж авахаас татгалзсан анханы шатны шүүхийн  Захирамж хүчингүй болсон. Уг нэхэмжлэлд хэрэг үүсгэж хянан шийдвэрлэх нөхцөл бүрдсэн.

bome 5

Халуун ус, сауны барилгыг  цэцэрлэг болгохоор гэрээ хийсэн шийдвэр

Төслийн менежер, сэтгүүлч Г.Энхжаргалын санаачилга, нөлөөллөөр ИТХ-ын төлөөлөгч Лхамсүрэнгийн санаачилгаар аймгийн ИТХ-ын ажлын албанаас нийтийн сонсгол зохион байгуулсан. Тухайн асуудлаар худалдан авалтын гэрээ хийсэн нь хууль бус байсан тухай бүх зүйл нотлох баримтаар илчлэгдсэн. Гэвч сонсголоос тодорхой дүгнэлт шийдвэр гараагүй. Сонсголын процессыг ажиглаж анализ хийсэн Ховдын толь сонины редакци энэ талаар тодорхой анализ тоймыг бэлтгэж, нийтлүүлсэн.

 bme 6

Хөшөөтийн гэрээний ажлын хэсэг томилсон шийдвэр

Нарийн авч үзвэл Засгийн газрын 179 дүгээр тогтоолоор батлагдсан загварын 4 дүгээр зүйлийн 4.3, 5 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалтууд зөрчигдсөн, мөн 2021 онд шинэчлэн байгуулсан хамтран ажиллах гэрээний холбогдох заалтуудыг (25.2, 25.4, 24.3, 8.9. 8.13) харгалзан үзээгүйгээс гадна  мониторингийн дүгнэлт, санал зөвлөмж, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын олон улсын стандарт, гэрээний ил тод байдлыг хангах зарчмууд зөрчигдсөн. Үүнийг шийдвэрлэх гол арга зам нь 2024 оны 11 дүгээр сард аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарт хүргэгдсэн мониторингийн санал зөвлөмжийг авч үзэж, хэрэгжүүлэх, мөн Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын аймгийн дэд зөвлөлийн үйл ажиллагааг үндсэн гольдролд нь оруулж идэвхжүүлэх явдал юм. 

 BOME 6

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилт

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулинд буй нийгэм, төр, иргэний харилцааны практикт түгээмэл тохиолддог асуудлыг зохицуулахад чиглэгдсэн гол заалт бол 15 дугаар зүйлд заасан “мэдээлэл авах хүсэлтийг бүртгэх, шийдвэрлэх”, 17 дугаар зүйлд заасан “мэдээлэл авах эрхийг хангах талаарх мэдээлэл хариуцагчийн хүлээх үүрэг” гэсэн бүлэг заалтууд юм. Гэвч амьдрал дээр орон нутгийн удирдлага, захиргааны байгууллагын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнууд, энэ талаар ойлголт маш тааруу байгааг бидний судлаж мэдсэн олон кейсүүд гэрчилж байна. Ялангуяа удирдах албан тушаалтнууд уг заалтыг хэрэгжүүлэхийг хичээх нь бүү хэл зөрчих сонирхолтой байдгаа илчилсэн зүйлүүд ч байна.

 BOME 7

Төсвийн хууль-оролцоо

281 дүгээр зүйл.Төсвийн төсөл боловсруулахад олон нийтийн оролцоог хангах

281.1.1.төсвийн төсөл боловсруулахад олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах;

281.1.2.байнгын ажиллагаатай санал авах цахим хуудас, шуурхай утас ажиллуулах.

281.2.1.иргэд, иргэний нийгмийн байгууллага, энэ хуулийн 10.2-т заасан Зөвлөл, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, төрийн аудитын байгууллага болон хэлэлцүүлгийн асуудалтай холбоотой салбарын асуудал эрхэлсэн төсвийн ерөнхийлөн захирагч, түүний эрхлэх асуудлын хүрээний агентлаг, төсвийн байгууллагын удирдах албан тушаалтан, санхүү, төсвийн асуудал хариуцсан холбогдох албан тушаалтныг оролцуулсан байх;

281.2.2.хэлэлцүүлгийг салбар бүрээр явуулах;

281.2.3.хэлэлцүүлгээс гарсан эдийн засгийн үр ашигтай, нийгмийн ач холбогдол бүхий, зардал бууруулах саналыг нэгтгэн эрэмбэлж, тухайн жилийн төсвийн төслийг боловсруулахад тусгах.

281.2.4.төсвийн төслийг боловсруулахад ашигласан тоон мэдээлэл, судалгаа, аргачлал нь олон нийтэд нээлттэй байж, санал өгөх боломжтой байх;

281.2.5.олон нийтийн хэлэлцүүлэгт зориулж санал авах асуудлаар хялбаршуулсан танилцуулгыг боловсруулах.

63 дугаар зүйл.Орон нутгийн төсөвт иргэд, олон нийтийн оролцоог хангах

63.1.Баг, хорооны Засаг дарга Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээ, тэдгээрийг хэрэгжүүлэх дараалал, арга замын талаар баг, хороодод олон нийтийн нээлттэй санал асуулга явуулна.

63.2.Энэ хуулийн 63.1-д заасан санал болон баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал дээр гарсан саналыг иргэдийн Нийтийн Хурал хэлэлцэн, тэргүүлэх ач холбогдол бүхий төсөл, арга хэмжээг эрэмбэлэн сонгоно.

63.3.Энэ хуулийн 63.2-т заасны дагуу баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлаас ирүүлсэн саналыг сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар болон орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны Захирагчийн ажлын алба ач холбогдол, тухайн орон нутгийн хөгжлийн бодлоготой уялдуулан эрэмбэлж, төсвийн төсөлд тусган сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны Зөвлөлд  өргөн мэдүүлнэ.

 

Жич: Нийтийн сонсголын тухай хууль: УИХ-ын түвшинд орон нутагт аймаг нийслэлд төсвийн хяналтын сонсголыг жил тутам зохион байгуулна.

                                                      Анхаарвал зохих зүйлүүд

Урьдчилсан дүгнэлт, саналын тойм

Захиргааны шийдвэр гаргахад мөрдвөл зохих гол хууль болох Захиргааны ерөнхий хуулийн талаар ойлголтыг сайжруулж, хэрэгжилтийг хангах;

Захиргааны аливаа шийдвэр гаргахдаа олон түмний нийтлэг эрх ашгийг тэргүүнд авч үзэх;

Эрх ашиг нь зөрчигдөж болзошгүй, тэрчлэн зөрчигдөж буй талуудыг судлах, тэднийг сонсох хуулийн заалтыг хэрэгжүүлж хэвших

Мониторинг, үнэлгээ шинжилгээний дүгнэлт зөвлөмжийг хүлээж авч  санал солилцох, тэдгээрийг хэрэгжүүлэх талаар хандлагаа засаж, ахиц дэвшил гаргах.  

 Энэхүү мэдээллийг "Бодлого, оролцоо-Мэдэх эрх"  төслийн хүрээнд бэлтгэв. 

“Бодлого-Оролцоо-Мэдэх эрх” төслийн баг

 

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
9 + 6 =

Create Account



Log In Your Account