“Халзан бүрэгтэй”-н паян-Өнөө, маргааш

By: Admin
2024-12-23
0
518

2023 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Ховд аймагт Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон УИХ, Засгийн газрын төлөөллүүд ирж ажиллахад тус аймагт үүссэн зарим тулгамдсан асуудлууд түүний дотор Мянгад сумын нутаг дахь Халзан бүрэгтэйд явагдаж буй уул уурхайн хууль бус үйл, байдлуудтай холбоотой хурц, ширүүн шүүмжлэлүүд өрнөсөн. Үүний улмаас Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн хуралдаанаар тус асуудлыг авч хэлэлцэн тогтоол гаргасан бөгөөд Уул Уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар нарын албаны хүмүүс тэр өдөртөө Засгийн газрын хуралдааны шийдвэрийн талаар мэдээлэл хийв. Сайд Ж.Ганбаатар сэтгүүлчдийн асуултанд хариулахдаа “Халзан бүрэгтэйд үйл ажиллагаа явуулж буй “Монголиан нэшнл рийр ийрт корп” компанид хууль зөрчсөн асуудлууд байгаа учраас үйл ажиллагааг нь зогсоож, цаашид тус компаний ажлыг хэрхэх тухайд нутгийн ард иргэд, ард түмний санаа бодолд үндэслэн, шалгаж шийдвэрлэхийг Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ нарт даалгасан” гэж мэдэгдсэн. Уг шийдвэрийг гаргах болсон үндэслэлийг тодруулахдаа:

  • Цацраг идэвхт ашигт малтмал эрэх хайх хайгуулын ажиллагааг улсын ахлах байцаагчийн зөвшөөрөлгүйгээр явуулсан;
  • Үйл ажиллагааг зогсоох тухай Улсын ахлах байцаагчийн акт 2023 оны 4 дүгээр сарын 29-ний гарсан байтал биелүүлээгүй;
  • Ус ашиглах журмыг зөрчсөн байх магадлалтай;

-  Байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх менежментийн төлөвлөгөөг Байгаль Орчин Аялал Жуулчлалын яамаар батлуулах ёстой байтал батлуулаагүй, хууль зөрчиж, Ховд аймгийн Мянгад сумын Засаг даргаар батлуулсан зэрэг зөрчлүүд байгааг  дурьдаад, УУХҮЯ, БОАЖЯ-аас Халзан бүрэгтэй дээр дахин хяналт шалгалт явуулах шаардлага тулгарч байгааг мэдээлсэн. P1

Ерөнхий сайд болон албаны эрхэмүүдийг Ховд аймагт ажиллаж байх явцад бидний зүгээс орон нутгийн хэвлэл мэдээлэл, нийтийн цахим сүлжээгээр мөн мэдээлсэнчлэн УУХҮЯ-ний сайдын дээр хэлснээс гадна Халзан бүрэгтэй дэх “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК-ны үйл ажиллагаатай холбоотой захиргааны хууль бус шийдвэрүүд, ашиг сонирхлын зөрчилтэй, авлигын шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй, бас бус зүйлүүд ч бий. “Ховдын толь сонин” НҮТББ, “Шинэ эвлэл Орон нутгийн сэтгүүлчдийн холбоо” НҮТББ-ууд эдгээр хууль бус асуудлуудыг 2021-2022 онд судалж тогтоод “Алтай бидний шүтээн” НҮТББ, “Мянган шүгэл” хөдөлгөөн, “Мянгадын мянган морьтон” НҮТББ болон зарим шударга иргэд, олон түмэнтэй хамтран хууль бус зөрчилтэй зүйлүүдийг таслан зогсоохыг санал болгож, аймгийн Засаг даргад 5 сарын 16-ны өдрөөс эхлэн асуудал тавьсан, “Мянган шүгэл” хөдөлгөөнөөс бүх нийтийн тайван жагсаалыг 5 дугаар сарын 15-нд зохион байгуулж, Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, Хүний Эрхийн Үндэсний комисс, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргад мөн гомдол, санал, шаардлагууд хүргүүлсэн, Захиргааны хууль бус шийдвэрүүдийн талаар “Ховдын толь сонин” НҮТББ, “Шинэ эвлэл Орон нутгийн сэтгүүлчдийн холбоо” НҮТББ, “Алтай бидний шүтээн” НҮТББ-ууд хамтран Захиргааны хэргийн шүүхэд 2023 оны 5 дугаар сараас эхлэн нэхэмжлэл гаргасан зэрэг шудрага ёсны төлөөх тэмцэл өрнөж ирсэн. P2

P3Гэвч харамсалтай нь нийтийн эрх ашгийг тэргүүн зэрэгт тавин ажиллаж, шалгаж, тогтоож, шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авах хуулиар хүлээсэн үүрэг бүхий албан тушаалтан, эрх мэдэлтнүүд, эрх бүхий байгууллагууд маань асуудлыг судалж шуурхай шийдвэрлэх нь байтугай хүлээж авахаас цааргалж, элдэв шалтаг зааж бултах, хуулийн тодорхой заалтыг гөрдөж, худал тайлбарласан хариу бичиг илгээх, асуудлыг хуулийн дагуу бүх талаас нарийвчилж тайлбарлан шахаж шаардсанаар иргэний нийгмийнхний тавьсан асуудлыг шийдвэрлэхээс өөр гарцгүй болонгуут та нартай уулзахгүй, хүлээж авахгүй хэмээн гэдийх, Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хүлээж авахаас хууль бусаар татгалзан, хууль бус шийдвэр гаргах зэрэг ёс бус үйл байдлуудыг гаргаж, цаг хожин, булай бусармагийг ч мөн зэрэгцүүлэн өрнүүлсээр ирэв. Тодруулбал дээрх нэр бүхий байгууллагууд хөндлөнгийн хяналтын баг ажиллуулан “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК-ийг Халзан бүрэгтэйд үйл ажиллагаа явуулах эрх олгосон гол баримт бичиг буюу тухайн компаний Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх менежментийг төлөвлөгөөг нь баталж өгсөн Мянгад сумын Засаг даргын шийдвэр хууль бус байгааг тогтоон, уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулах асуудлыг дээд шатны албан тушаалтанд нь (Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаад) 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн албан ёсоор, хуулийн дагуу тавьсаар байсан юм. Мөн 2004 оноос хойш Мянгад сумын болон Ховд аймгийн удирдлагаар ажиллаж байсан эрхэмүүдийг оролцуулсан хэлэлцүүлгийг энэ асуудлаар  зохион байгуулсан бөгөөд тухайн хэлэлцүүлгээс хууль бус шийдвэрийг цуцлуулах хүсэлт шаардлагыг, оролцогчдын гарын үсэгтэйгээр Ховд аймгийн Засаг даргад 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр давхар хүргүүлжээ. Гэтэл аймгийн Засаг дарга болон түүний удирдлагад ажилладаг албан тушаалтнууд эхлээд “энэ асуудлыг УУХҮЯ-нд тавьсан учир тэд шийднэ” гэж аргацаасан бичиг нэг өгч үзэж, хоёр дахь удаад “бидэнд үүнийг шийдэх эрх байхгүй” хэмээн хуулийн тодорхой заалтаас бултаж мэлзсэн бичгийг хоёронтоо давтан шидэж үзэж, дөрөв дахь удаад үнэнд гүйцэгдэн арга мухардаад ирэнгүүт шууд л “та нарыг хүлээж авч уулзахгүй, асуудлыг шийдэхгүй” гээд улайм цайм гэдийсэн нь 2023 оны 9 дүгээр сарын эхэн үед юм. 

P8

P6P7

Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нь (Т.Гангэрэл) тухайн компаний Халзан бүрэгтэй дэх хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаар гаргасан төрийн бус байгууллагуудын нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзсан шийдвэр гаргахдаа “танайх дүрмэндээ нийтийн эрүүл мэндийг хамгаалах талаар үйл ажиллагаа явуулна гэж тусгаагүй учир захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй” хэмээсэн.  Гэтэл тус байгууллагууд нь хуулийн заалтын дагуу дүрмэндээ нийтийн эрх ашгийг хамгаалах үүргийг тусгаснаар барахгүй, 2013 оноос энэ чиглэлээр Захиргааны хэргийн шүүхэд хэд хэдэн удаа нэхэмжлэл гаргаж хэрэг шийдүүлж байсан, ямар ч хуулийн зөрчилгүй байгууллага. Нэхэмжлэл гаргагчид шүүгчийн шийдвэрийг үл зөвшөөрөн давж заалдсан боловч Захиргааны хэргийн давч заалдах шатны шүүхээс (шүүгч Г.Билгүүн, Г.Мөнхтулга, Э.Лхагвасүрэн нар) нэхэмжлэгчийг оролцуулалгүй хэлэлцүүлэг явуулан шийдэж, анхан шатны шүүгчийн хууль бус шийдвэрийг хэвээр батлав. Шүүгчийн шийдвэрийн асуудлаар маргаж мэтгэлцэхэд нэхэмжлэгчид бэлэн байгаа бөгөөд харамсалтай нь шүүхийн үйл ажиллагааг хэрхэн явуулахыг хуульчилсан Монгол Улсын эрх зүйн баримт бичгүүдэд шүүгчдийн булхай луйвар, хууль бус шийдвэрийн талаар шудрага ёсны үүднээс маргаж мэтгэлцэх боломж хаалттай ажээ.

Компаний зүгээс мэргэжлийн байгууллагын шинжилгээний дүгнэлтүүдийг нуун дарагдуулж байсан, нутгийн иргэдийг хууран мэхлэж, эд зүйл тарааж, мөнгө төгрөг амлах замаар байгаль орчны нарийвчилсан үнэлгээг батлуулахад хүчээр санал авах гэж оролдсон, нэр бүхий шүүгчтэй хуйвалдан нийтийн эрхийг хамгаалж дуугарсан тэмцсэн иргэд залуучуудыг дарамталсан, айлган сүрдүүлсэн, аймгийн эрх мэдэлтнүүдийг их хэмжээний мөнгөөр ивээн тэтгэх замаар ашиг сонирхлын зөрчилтэй үйл ажиллагаанд хамтран оролцсон, тэрчлэн 2022-2023 онд уг компани болон аймгийн Засаг дарга мэргэжлийн байгууллагын удаа дараагийн дүгнэлт, санал, шаардлагыг нуун дарагдуулж, мэдээлэл авахыг хүссэн этгээдүүдэд гаргаж өгөхгүй байсан зэрэг бусармаг асуудлуудыг өмнө нь тухай бүр бичиж нийтэлсэн тул энэ удаад дэлгэрүүлэн дурьдахаас залхав. 

P9

“Ховдын толь сонин” НҮТББ, “Шинэ эвлэл ОНСХ” НҮТББ-аас санаачлан, аймгийн ИТХ-ын ажлын албатай хамтарч энэ асуудлаар болон Ховд аймаг дахь эрдэс баялаг, уул уурхайн салбарын хариуцлагын асуудлаар 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хуулийн дагуу нийтийн сонсгол зохион байгуулж, маш тодорхой мэдээлэл хийж, уг сонсголоос аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг даргад хандсан даалгавар зөвлөмжийг гаргаж хүргүүлсэн. Тэрхүү даалгавар зөвлөмжийн биелэлтийг тухайн баримт бичигт заасны дагуу хурлаар хэлэлцэн дүгнэх хугацаа нь өнгөрөх тийшээгээ хандаж байгаа ч бодит байдал дээр үгүүлэгдсэн дүр зурагтай, тодорхой ахиц дэвшлийн талаар ярих боломжгүй шахам байна.  

Харин Засгийн газар маань иргэд олон түмний үгийг сонсож, арга хэмжээ авахаар шийдвэр гаргасан нь сайшаалтай. Дашрамд энэ бол төрийн эрх бүхий дээд байгууллагаас авч буй анхны арга хэмжээ биш. Өмнө нь иргэдийн болон иргэний нийгмийнхний гомдол саналын улмаас 2021 оны 11 дүгээр сард Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөл, Засгийн газраас ажлын хэсэг томилогдож ажиллан хяналт шалгалт явуулсан, тодорхой үр дүн ч гарсан. Гэвч учир начрыг эцэслэн тунгааж чадаагүй. Одоо хоёр дахь удаагаа Засгийн газраас, яамдаас ажлын хэсэг ажиллах гэж байгаатай холбогдуулан зориуд санал болгоход дээд байгууллагаас томилогдсон ажлын баг орон нутагт ажиллаж буй хийгээд энэ талаар нэн их мэдээлэлтэй байгаа, бүүр нарийн сайн судалгаа хийсэн иргэний нийгмийнхэн, хөндлөнгийн экспертүүд (Уул уурхайн хяналт, ил тод байдлын асуудлаар мэргэшсэн төрийн бус байгууллага), хэвлэл мэдээлэл, иргэдийн хөдөлгөөнүүдтэй уулзаж зөвлөлдөж, нягт хамтран ажиллах хэрэгтэй. Ингэж чадвал “дутуу алсан могой” шиг юм болохгүй, даацтай, далайцтай шийдэл шийдвэр гарах боломжтой гэдгийг чухалчилан захихыг хүсэв.

Хиргис Г.ТӨРМӨНХ     

P11P10


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
8 + 2 =

Create Account



Log In Your Account