Шимэгчийн халдвар: Хүүхдээ “цагаан хорхой” буюу шимэгчээр халдварлахаас хэрхэн сэргийлэх вэ?

By: Admin
2024-12-23
0
1545

Хүүхдээ “цагаан хорхой” буюу шимэгчээр халдварлахаас хэрхэн сэргийлэх вэ?

Хүүхэд шимэгчээр халдварлахад хувийн болон ахуйн ариун цэврийн асуудал маш чухал. Хүүхэд ихэнх цагаа ус, элс шороогоор тоглох, бусад хүүхдүүдтэй болон гэрийн тэжээвэр амьтантай тоглож өнгөрүүлдэг. Онцлог нь энэ бүхэн халдвар дамжих нөхцөл болох эрсдэлтэй. Түүнчлэн мах, хоол хүнсээр халдвар дамжиж болно. Хүүхдүүдийн дунд хамгийн их тархсан нь “цагаан хорхой” хэмээх гэдэс болон дархлалын тогтолцоонд нөлөөлөгч, аскарид хэмээх гэдэс, амьсгалын эрхтэнд аскаридоз хэмээх эмгэг үүсгэгч шимэгчүүд юм.

Хүүхэд шимэгчээр халдварлагдсан тохиолдолд ямар шинж илрэх вэ?

· Хүүхэд туранхай, цонхигор,

· Нүдний доогуур хөхрөнгө,

· Нойрондоо муу, унтаж байхдаа шүдээ хавирах, шүлсээ гоожуулснаас дэрэн дээр нь нойтон толбо байх,

· Өглөөгүүр огиулж бөөлжих,

· Хоолны дуршил өөрчлөгдөн хоолондоо дургүй болох,

· Хүйс орчмоо өвдлөө гэж зовиурлах,

· Баас нь хатах,

· Гарын шуу, гуяар нь удаан арилдаггүй жижиг тууралт гарах,

· Хошного нь загатнах

зэрэг шинжүүдээс таны хүүхдэд 5 түүнээс дээш шинж нь илэрч байвал халдварласан байх бүрэн боломжтой гэж үзнэ.

Ямар шинжилгээ өгөх вэ?

Баасны шинжилгээнд шимэгч тодорхойлох, энэхүү шинжилгээнд шимэгч илрээгүй тохиолдолд цусны шинжилгээнд шимэгчийн эсрэг дархлалын өөрчлөлтийг үзнэ.

Шимэгч ямар нөлөө үзүүлэх вэ?

Эрүүл, чийрэг хүүхэд шимэгчээр халдварлах нь бага. Хүүхэд хоолондоо муу байх, хоол тэжээлд нь уураг, витамин дутах нь шимэгч амьдрах таатай нөхцөл нь болно. Шимэгч нь хоол боловсруулах эрхтэнээс цусыг сорж харин хорт бодис ялгаруулан мэдрэл болон бусад эрхтэнийг хордуулна. Хүүхэд тайван унтаж чадахгүй байгаа төдийгүй мэдрэл хордсоноос ууртай, уцаар, хоолондоо дургүй, турж эцнэ.

Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Хүүхдийг цэвэр орчинд тоглуулах, тоглоомын дараа болон хооллохын өмнө гарыг нь угааж сургах, хумсыг нь авах, гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ хийх, усанд оруулж ор дэрний цагаан хэрэглэлийг тогтмол сольж байх шаардлагатай.

Гэрийн тэжээвэр амьтнаас халдварлах уу?

Нохой, муур нь гудамжаар зугаалсны дараа халдвар бүхий орчинд явсан хөлөөрөө гэрийн шал, хивсэн дээгүүр явна. Иймд гэртээ амьтан тэжээдэг хүмүүс чийгтэй цэвэрлэгээг тогмол хийх шаардлагатай. Шимэгч нь 28 хоног амьдрах тул ариун цэврийн дэглэмийг зөв сахиж чадвал 1 сарын хугацаанд бүрэн эмчлэгдэх боломжтой

                                                                                     БОЭТ-ийн  Хүүхдийн тасгийн сувилагч М,Азжаргал

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
5 + 1 =

Create Account



Log In Your Account