Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Халдварын сэргийлэлт хяналтын албанаас халдвар судлаач эмч Б.Оюун зөвлөж байна

By: Admin
2024-04-19
0
1919

Эрүүл  мэндийн зөвлөгөө

Ховд аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар тарваган тахлын хүний өвчлөл 2 бүртгэгдэж, 8 дугаар сард гарсан өвчлөлийн хувьд нас барсан харамсалтай явдал тохиолдсон. Манай аймгийн хувьд тарваган тахлын өвчлөл гарах эрсдэл маш өндөр байгаагаас гадна зэргэлдээх Говь-Алтай, Баян-Өлгий аймгуудад ч тарваган тахлын өвчлөл гарах хандлагатай байна. Сүүлийн үед Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн 103-т тарвага идсэний улмаас ходоод гэдэс базалсан, бөөлжсөн, дотор муухайрсан, халуурсан гэх дуудлага нэлээдгүй ирж байна.

Мэргэжлийн байгууллагаас тарваган тахал өвчний хор уршиг, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар сэрэмжлүүлэг мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрсэглээр тогтмол хүргэж байгаа боловч иргэдийн хайхрамжгүй, хэнэггүй байдлаас шалтгаалан тарвага агнах, худалдаалах, хэрэглэх асуудал гарсаар байна. Тарваган тахал нь “Yersinia pestis” савханцараар үүсгэгддэг, мэрэгч амьтдаас хүнд халдварладаг байгалийн голомтот хурц халдварт өвчин юм. Өвчин үүсгэгчийг мэрэгчдийн дунд бүүрэг дамжуулдаг. Өвчин үүсгэгч нь бүүрэгний ходоод, мэрэгчдийн нүх, ноохой, газрын хөрс, хүйтэн чийгтэй нөхцөлд олон сарын турш амьдрах чадвартай байдаг.

Шууд хавьтлын, хоол боловсруулах, агаар дуслын, дам халдварын замаар халдварладаг. Өвчилсөн амьтныг агнах, өвчих, арьс, маханд хүрэлцэх явцад мөн өвчтнийг асрах, сувилах, халдварлагдсан эд зүйлстэй хамгаалах өмсгөлгүй харьцах, өвчилсөн тарваганы түүхий мах, цөс, хүн мах зэрэг болон дутуу боловсруулсан бүтээгдэхүүнийг хүнсэнд хэрэглэх үед халдварладаг. Мөн нүх, ичээ ухах үед болон уушгины хэлбэрийн тахлаар, өвчилсөн хүнээс мэрэгч амьтдын бөөс бүүрэгт хазуулах тохиолдолд халдвар дамждаг. Иймд иргэд та бүхэн өөрсдийнхөө болон бусдын амь нас, эрүүл мэндийн төлөө сонор сэрэмжээ дээшлүүлэн, анхаарал, болгоомжтой байж тарвага агнахгүй, худалдаалахгүй байж, үхсэн мэрэгч амьтдын сэг зэмтэй тааралдвал мэргэжлийн байгууллагад яаралтай мэдээллэхийг зөвлөж байна.


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
3 + 6 =

Create Account



Log In Your Account