Хилийн Тэнгэрийг аниртаж, дээдсийн Зарлигыг өртөөлөв

By: Admin
2025-06-05
0
147

Богц задлахад

Улсын үндэс болсон газар нутгийн маань баруун хил хязгаарын хэсэг Байтаг богдын нурууны нэгэн салаанаа Тэнгэрээс зарлигт нэн чухаг үйл хэрэг явагдсан нь Улсынхаа дархан хилийг хамгаалж, ариун амь, асгарах цусаа өргөсөн эрэлхэг баатруудын гавъяаг дурсаж, сүнс сүлдийг нь өргөх, Улсын хил хязгаарыг бататган бөхлөх, Алтайн нуруу баруун хил эргэмийн ус булаг, уул хайрхад, хүн зон, мал сүрэгтээ Тэнгэрийн хишиг буулгах, харийн бус буруу санаанаас сэрэмжлэн сэрээх үйл юмсанжээ.  

Алтай нутагтаа суудаг нэр бүхий Тэнгэрийн улаач удгад маань, мөнхүү өвгөд дээдсүүдийн болгоосноор сонгогдон томилогдсон дагуулуудын хамт тогтсон сар, өдөрт цаг, замыг өртөөлөн мордож, зорьсон газарт хүрч эл хэргийг бүтээсэн нь нэн чухаг болов. 

Baitag 1

Улс түмний заяа, замыг өөд өргөж, хазайж хэлтийснийг засаж залах, төрийн үйл хэргийг буруу бусчираас авран хамгаалах, олны ухаан сэрэхүйг сэрээж, өнө хожмын заяаг тэгшлэхийн төлөөнөөх энэхүү үйлийг өрнүүлэх нь өнөө цагийн зайлшгүй нөхцөлдлөг болох тухай Тэнгэр дээдэс айлджээ. Тэрбээр “өнөө үед Монголчууд маань төрөө зүхэж буруушаах нь ихэд хавтгайрав. Бодсон бодол, хэлсэн үг болгон чинь амьтай, биелэлтэй байдаг тул төрөө зүхэж шүүж эхэлснээс чинь хойш төрийн хишиг багасаж, Тэнгэр нь холддог буруу дагавартай. Өнөөдрийн төрд алба хашиж буй алба тушаалтнуудын үйл хэрэг зонхидоо буруу бусчир, худал хуурмаг байж, ард олны дүргүйцлийг төрүүлж, гомдол хилэнг хөдөлгөн, аргыг барж байгаа нь үнэн ч, үүний цаад учрыг таньж мэдэх хэрэгтэй. Юу гэвэл энэ цагийг хэзээ эртнээс бэлдчихсэн, холимог цустнуудаар дамжуулан Монголын сүр сүлдийг бөхөөх гэсэн харь санааны өртөөлөл юм. Гэвч Монгол түмний Тэнгэр заяат өвгүд дээдсүүд нь замбиуланд шороо хөдөлгөж, амьдарч буй үрсийн хэн нь хэн байна гэдгийг ялгаж таниад, шүүж тунгаагаад, булай санаатнуудын санааг мухарлаж, хариуг нь барьж, шийтгэлд нь мордуулна гэдгийг тэд ухаарах сөгөөгүй явсан нь өөрсдийнх нь тухайд гачлантай, бурууд эрэмшиснийх нь хохь, зэм болох гэм. Өнөө маргааш төр улс  маань уруудаж, ивгээл соёрхол холдсон мэт хэн бүхэнд бодогдож санагдаж байгаа ч, энэ бүхнийг нөхцөлдүүлсэн булай санаатнуудын санаа нь мухардаж, бодсон буруу бодол, хийсэн бусчир үйлийнхээ золиос болох юм. Харин зөв санаатай түмэн олны маань заяа буян дэлгэрэх цаг тов зараалаараа ирэх нь нэгэнт зайлбаргүй болсныг совин зөнгөөрөө мэдэж таних нь чухаг” хэмээн залран буусан онго тэнгэр айлдсан юм. Тэнгэр заяат Монгол зоны хамгаас эрхэмлэх зүйлсийн нэгэн бол дээдийн дээдсээс хүйн заяат төрөлх газар шороо, нутаг усаа шуналт сэдлийн золиос болгож, хамаа бусаар ухуулж сийчүүлэх, өнөө маргаашийн хэдэн зоос, өнгөний төдий эд агуурсханаар арилжиж, харин ч хор хөнөөл, гай нүгэл дуудахаас болгоомжлон тэвчиж, үрийн үрээс үеийн үед бүтэн бүлээнээр нь өвлүүлэн хүлээлгэх явдал гэдгийг өмнө нь олонтоо уншиж сонсож, бодол сэтгэлдээ тунгаан эрэгцүүлсэнчлэн энэ удаа ч дахин дахин сонсож, сэтгэлдээ баринтаглав.  

Baitag 2

Үйл хэргийг бүтээгч улаач удгадууд уг газартаа онгод тэнгэрүүдээ буулган, тэдний зарлиг зааврыг хамтран дагалдагсдаараа дэмнүүлэн гүйцэлдүүлсэн бөгөөд түүхийн цөв буртагт цагуудад харийн дайсны өнгөлзлөг, халдлагаас эх сайхан нутаг ус, элгэн түмнээ хамгаалан тулалдаж, халуун амь, бүрэн бүтэн заяагаа золиослон өргөсөн үе үеийн баатар дайчид, тэр дундаа 1947 онд харийн өнгөлзөгч дээрмүүдийг дарахын тулд тулган шаардах бичиг хүргэж өгөхдөө дайсанд тамлуулан амь алдсан баатар зоригт Б.Бадам, 1948 оны зун хилийн манаанд байтал нь санамсаргүй довтолсон урьд зүгийн зандалч, “гоминданы” гэх зэвсэгт дээрэмчдийн олон дахин давуу хүчний эсрэг аймшиггүй зориг гарган тулалдаж, амь, бие, хувь заяагаа эх орны төлөө өргөсөн Б.Тэгшээ, Б.Гиваан, Л.Даваадорж,  Г.Хаянхярваа, Н.Дандархайдав, Э.Архад, Т.Баян, Л.Гончигзэгвэ, Д.Чойжин, Ч.Пэлжээ нарын арван баатар эрсийн үйл хэргийг төвлөн онцлож, ач, гавъяаг нь сэрээн дурсахын сацуу, тэдний зовсон сүнсийг амирлуулж, эх Монгол газар, элгэн түмэнд нь, төрөлх газар усанд нь эргээн төрүүлэх Тэнгэрийн үйл домыг дүүргэсэн нь хэн бүхний дотрыг эмтлэж, сэтгэлийг уясгам жир бус явдал байлаа. Баруун хязгаар нутгийн айл өрх бүр энэхүү арван баатрын хөрөг дүрийг өргөө гэртээ дээдлэн залах учиртайг өвөг тэнгэрүүд айлдсан нь учиргүй зүйл биш буйзаа. Тэр цагт дайсны гэнэтийн довтолгоотой санамсаргүй тулгарсан хилчин баатрууд маань ар тал руу нэмэлт хүч дуудуулан хэл хүргүүлэхийн сацуу, дайсны олон арав дахин давуу хүчтэй улаан гар, уушиг зүрхээрээ тулгаран, эцсийн дусал цусаа шавхагдтал тулалдаж, тасарсан мөч, ясаа амьгүй юм шиг газар чирэн аймшиггүйгээр тэмцэн байлдсаар, сүүлчийн тэсрэх бөмбөгөө элгэн дороо тэслэж, амиа золин дайсныг ялан дийлэхдээ, иргэний үнэмлэх, батлах бичгээ ч дайснаас хамгаалан авч үлдсэн,  мөнхүү Б.Бадам баатарын тухайд дайсанд гартмагцаа  хамт явсан нөхөртөө битүү утгат дохио дамжуулж, "гоогоороо яв, би гэмгүй" хэмээн нөхрөө  аварч, өөрөө золиосонд үлдээд, амь биеэрээ дайсны хорслыг төгсгөсөн нь бахархал, дууриаллын үлгэр жишээ мөнөөс мөн билээ.

Үйлийг өрнүүлэгчид маань энэхүү баатрууддаа идээ зоогны хишиг өргөх, сэтгэл дотрыг нь уужруулах дайчин яруу дуу аялгуунуудыг эгшиглүүлэн, сүнс сүлдийг нь баясгах, уул усанд нь өргөл даатгал одуулах, амь эрсэдсэн газарт нь овоо босгож, байгалийн орон гэрийг зэхэн бэлдэх, харь дайсны хомхой санааг галт сумаар онилон мөхөөж, хил хязгаарын сэрэмжийг бөхлөн, батлан хамгаалах үйл домуудыг мөн өвгөд тэнгэрүүдийн заавар номоор үйлдэн батлав. 

Baitag 3

“Далай орон минь дархан хилтэй

Дархан хил маань дайчин харуултай

Харуулын цэрэг хонгор чамтайгаа

Хамт л байдаг шүү сэтгэл минь

            Хилийн тэнгэр цэлмэг байгаасай

            Холын дуу минь чамд минь хүрээсэй” гэх яруу дуун намуухнаа дуурьссаар..., Басхүү

“...Эх орон та бүгдийгээ
Энх амгалан байлгах гээд
Хилчин миний батлан өргөсөн
Чин зоригийн тангараг бий ...

гэсэн зоримог, цэх үг, аялгуу сэтгэлийг хөглөн эгшиглэнэ. Булаан эзэрхэх харгис, бурангуй санаат харь дайснаас төрөлх нутаг орон, ард түмнээ, эх дэлхий, хүн зоноо хамгаалах ариун үйл хэрэгт их бага, том жижиг гэж үгүй бөгөөд улс, үндэстэн, ойр холын ялгаа үгүй билээ. Тэрчлэн түүхийн буурал нугачаан дунд өрнөж асан эх нутаг, элгэн түмний төлөө, шудрага үнэний төлөөх дайн тулааны гавъяа зүтгэл энэхүү үйл хэрэгт бүгд хамаатах хийгээд ойрмогхоны тоймтой жишээний нэг бол 1939 оны Халхын голын дайны баатруудын гавъяа юм. “Дэлхийн” гэх тодотголтой хоёр дайны сүүлчийнх буюу II дайн “агуу эх орны дайн”-ы тухай дурьдвал тив дамнаж, далай гаталсан олон улс орны үй түмэн хүмүүсийн дурсгалд мэхийх учрыг ухаарна. Дашрамд саяхнаа уг дайны сэдэвт, тухайн үеийн Зөвлөлт Дагестаны их найрагч Расул Гамзатовын шүлгээр бүтсэн “Тогоруун цуваа” дууны үгийг өөрийн харах өнцгөөс хөрвүүлэн буулгасан маань санагдав.

“Дайны талбараас эргэж ирээгүй

Цэрэг эрсийн амийг

Дэлхийд нь цагаан тогорууд

Болгон буулгасан юм шиг

Он цагийг өртөөлж дуу

Хоолойд маань шингэсэн тэд нар

Одоо бидний дуугүйхэн тэнгэр ширтэх

Гунигт аязыг мэдрэх шиг

Цуцсан тогорууд

Тэнгэрээр зэллэн зэллэнэ

Цуваа хооронд нь тэрүүхэнд

Миний л зай байх шиг

Саарал манан дунд хөвөн одох

Энэ тогорууд шиг л нэгэн цагт би

Сац газар дэлхийнхээ дуу

Хойлоонд шингэн эгшиглэнэ

Дайны талбараас эргэж ирээгүй

Цэрэг эрсийн амийг

Дэлхийд нь цагаан тогорууд

Болгон буулгасан юм шиг ээ” гэх энэ дууны тухайд дайнд үрэгдэгсдийн төлөөнөө элгэндээ нулимстай, хоолойдоо хар бүлхтэй, дутуу заяаны манан дунд шаналах эгэл олны сэтгэлийн доторхийг нэн соргогоор уудлан гаргасан нь содон мэдрэгддэг билээ.    

Өнөө цагийнхан маань өвгөдөөс ээл, улбаат өөрсдийн удам угшлын Монгол адуугаа үл тоомсорлон, харь хошуу дамнуулан зарж арилжиж, улмаар харь цусны зохилдлого тааруу адуу малыг арилжин авч ирж, адуун сүргийнхээ хишиг буяныг гомдоон холдуулж байгаад халаглан, адуун сүргийн хишиг буулгах, уг удмын адууны тамгуудыг амилуулж, хишиг татах их үйлийг үйлдэв. Хүний бараа цөөн үзэгдэх хийгээд аглаг зэлүүдийг оршоон, галын дөл, аргалын утаа, айлын бараа, дулаахан үг яриа, халуун сэтгэлийн мөрөөс болох аглаг дайд нутагт илчит галыг хэдэнтэй үүсгэн бадрааж, Уул усны магтаал, магтуу, аялгуут дуу хуураар баясган цэлмээж, хурын хишиг татан, хуурын эгшигээр зөөллөв. 

Baitag 4

Baitag 5

“Анхилах шинэхэн ногооны үнэр, өнгөөр

Алтай дайдын анирлах дуулал сэрнэм зэ

Атираатах Байтагийн нуруунаа суунаглах

Аргил цагаан суунагт автнам за

Тольдогч гүн хөх Тэнгэрийн анирыг тээсэн

Торгон салхины идэрмэг зоон дээр суунам за

Торойн цайрах алсын үзэгдэх бус аглагт

Тодорхой нэгэн авиалалт хэлийг чагнанам за

Ээжийн цагаан сүүгээр амалсан

Эрэлхэг баатрын амин галаар аснам за

Зүрхний нарийн судлаар хөндүүрлэх

Зүс дулаан тэдний өчил тангарагт нэгднэм зэ

Өглөөний тунгалаг нарыг угтахдаа

Өнийн амар жаргалыг олном за

Өргөлийн шим, сэтгэлийн галтай нутагтаа

Өвөг дээдсийн ерөөлийн шидийг үзнэм зэ” хэмээсэн хэмнэлт бадагс цээжний чанадаас сэрж эгшиглэнэ. 

Хавтаг, Байтагийн нурууны атираатан хүглийх, салаа нугачаанууд нэгэнтээ мишээл тодруулан гэрэлтэж, нэгэнтээ алсыг чагнаархан бодлогошроно. Хурын үүлс гэнэтхэн цогцлоод, цээжний нулимсаа дуслуулах лугаа бороон дуслууд дусагнана. Алс дайдад, Алтайн өвөр их говь, тал хөхрөн зэрэглээтэж, цээжийг ариусган, сэтгэлийг уужруулж, нүд алдуулан хөвөлзөнө.

“Далай орон маань дархан хилтэй ...” хэмээх яруу дууны үг, бадагс аанаа л аманд аялагдана.

Очих замын хугаст мөн Алтайн өвөр бие Үенчийн Цагаан түнхэд буй Их заяагчийн овооноо саатаж, уг овооны тахилгыг хийн, өргөл мялаалга, магтаал, дуу хуураар баясгаж, нутгийн уугуул зон олны төлөөллийг газар ус, овоо тэмдэгтийн эзэд дээдсүүдтэй нь холбон ойртуулж, хишиг буяныг нь дуудах буянт үйлийг бүтээв гэнэ.

Орчлон ертөнцдөө сая сая жилийг элээн, жамын тойргоор эргэж, цадиг түүхийг зузаатган баринтаглах эх сайхан газар ус, уул хайрхад маань улирч мартагдан байсан дээдсийн үе улбааг сонордон, оюун санааны гэрэл гэгээ, үйл зангийнх нь үнэн мөрийг тольдон ажаарч, гурван цагийн хэлхээсэндээ хүчжин бэхжиж, ирэх цагийн саруул сайхныг анирдамуй.

Хиргис Г.ТӨРМӨНХ

2025 он хаврын сүүлч сарын хуучид. Байтаг богд-Ховд хот 

Baitag 6

Baitag 7

 

 

 

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
4 + 8 =

Create Account



Log In Your Account