ОНГОДООР ГЭРЭЛТЭГЧ УУЛСЫН “ЦАГААН БАРС” МЭТҮ НАЙРАГЧ ..,

By: Admin
2024-12-25
0
1278

           /Яруу найрагч Гонгоржавын Төрмөнхийн "Санамсаргүй мадаггүй" номын тухай/    

           “Зүүнгарын эзэнт шүлгүүд”-ийн эзэн зүйргүй  зүггүй билэгт найрагч Хөөдөөгийн Эрдэнэбаатар агсны минь дагшин сарьдаг уулст домогт Ховд нутгаас Монголын уран зохиолд ямагт яруу найргийн “шинэ салхин” омголон хүүглэж байх бөлгөө. Хүний түшиг тулх сайтай Ховдын найрагчидтай нөхөрлөсөн хээгүй сайхан нөхөрлөлийн замаа дурдваас ахмад үеэс МУСГЗ Б.Хүрэлбаатар, МЗЭ-ийн шагналт Ж.Баттулга гуай, УБИС-ийн дадлагын оюутан байхдаа манай сургуульд ирж миний анхны шүлгэнд үзэг хүрч байсан эрхэм найрагч С.Бүрнээ ах, Эрдэнэт хотод суугуул МЗЭ-ийн шагналт, МУ-ын Төрийн шагналт эрдэмтэн Ж.Баатархүү, өөрийн үеэс “Болор цом”-ын эзэд болох Хөөдөөгийн Эрдэнэбаатар агсан, М.Отгонбаяр, Ховдын Утга зохиолын нэгдлийн Г.Төрмөнх, Б.Баяраа гээд бий. СГЗ Р.Батжаргал багш маань тээр жил Ховдын хязгаарт аялаад ирэхдээ “Гоо сийлбэр бадгууд” хэмээх өвөрмөц шүлгүүдтэй ном авчирч уншуулсан нь Г.Бямбаа гэх найрагчийнх байсан юм. Харин Г.Төрмөнх найрагчтай тэр бүр яриад, уулзаад байхгүй ч МЗЭ-ийн Их хуралдайгаар хоёронтоо таарч, Ховдын нөхдийн буусан буудлаар дарвиж яваад ном барилцан танилцсан түүхтэй. Энэ жил Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдсан “Монголын зохиолчдын Их хуралдай”-д мөн Г.Төрмөнх найрагчтай тааралдан уулзахуйд “Санамсаргүй мадаггүй” хэмээх яруу найргийн шинэ номоо барьсныг нь ээлжийн амралтын өдрүүдэд ухаан чилээн уншиж дуусгав.

            Миний хувьд уран зохиол, яруу найргийн байгалиараа өгөгдөлт үндсэн “цөм” нь хөдөө орон нутагтаа туурвисаар буйд гүн итгэдэг тул орон нутгийн яруу найрагчдын бүтээлийг “анхаарч” уншдаг нь эх яруу хэлнийхээ ай савын далайг уудлахад нэн дөмөглөдөг билээ.

           МЗЭ-ийн шагналт яруу найрагч Г.Төрмөнхийн нийтлэл, судлалын ном болон “Утга зохиол урлаг” сонинд хэвлэгдсэн шүлгүүдийг нь уншиж байсныг эс тооцвол бүтээлүүдтэй нь сайтар танилцаж амжаагүй байв. Харин өдгөө “Санамсаргүй мадаггүй”-д саатан толиохын сац яруу найрагчийн дотоод сэрэхүйг нь шүлгийн амьсгалаас нь таньж мэдэрснээ уншигчийн хувьд хуваалцах нь зүйтэй болов уу..,

BI

                             “ХӨХ ДӨЛИЙН ЭГШИГ”

                             “Өвснийх нь бөхөлзөх зүрхэнд

                             Хөндүүрхэн зөөлөн аялгатай

                             Өглөөнийн наран бодлыг минь

                             Зурсан аглагхан орон минь

                             ...

                             Тэнгэрт зэллэх шувуудын

                             Нүд шиг тунгалаг амьсгалтай

                             Тэртээд гялалзах оддын гэгээ шиг

                             Ариухан орон минь

                             ...

                              Амь халуун бодлыг минь

                              Уулс нь тэврээд дулаацах шиг

                              Амьсгал авах ганцхан агшин

                              Сэтгэлээс мандсан хувь тавилан минь

                              ...

                              Санамсаргүй нэгэн дуу зохиож

                              Үүлсийн сиймхийд нуугаад

                              Сая жилийн дараа дахин аялах гэж

                              Сэтгэлээ хөглөж ирсэн дээ..,” энэ шүлгэндээ яруу найрагч маань өөрөө ая зохиожээ. Ямартаа ч энэхүү номонд дууны шүлгүүд болон өөрийнх нь ая зохируулсан нилээн дуу байгаа нь түүнийг авьяасын хос жигүүртэйг илтгэх төдийгүй эгээ л миний хүндлэн хайрлаж шүтэн биширдэг Оросын нэрт яруу найрагч, жүжигчин, бард-гитарчин В.Высоцкийн дүр төрх өмнө минь тодорсон юм. Дээрх дууны шүлгээс дөрвөн бадгийг нь онцлохуйд яруу найрагчийн сэтгэлийн хөгөөс эгшиглэгдсэн мөр бадгууд өрөгджээ. Энэ шүлгийн дууны аялгууг сонсоогүй ч магад романс хэлбэрийн гитарын намуухан эгшиг төсөөлөгдөөд, хэзээ нэгэн цагт зохиогчийн өөрийнх нь дуулснаар сонсох буй заа хэмээн найдвар өвөрлөв.

                        “ӨНӨӨДРИЙН СЭТГЭГДЭЛ”

                         “... Өнөөдрийг үзэх гэж

                                   цагийн цагт догдолсон дэлхийд

                        Өнөөдрийн зүүдэнд ирсэн

                        Өөр нэг ертөнцийн инээмсэглэл болоод

                        Өнөөдрийн сэтгэгдлээр

                        Өнөөдрийн дууг зохион дуулахад

                        Өөр нэг цагийн тэмдэглэл болоод

                        Оддын харгуйд зурагднам..,” хэмээн найрагч маань энгүүнээр “гүн”-ийг тодотгосон нь “Өнөөдөр-бол амьдрал юм” гэсэн философи гаргалгаа юм. Түүний

                      НАМРЫН ДУУ-шүлгэнд

                       “... Намраар сэтгэл минь

                       Хүрэнтэх өвсний шилбийг

                       Дагаж найгалзаад  

                       Нарны гэрлээр бодлын

                       Хөвөрхийг сийрүүлэн

                       Тэмдэглэх дуртай билээ л

                       Намраар холын холд

                       Уулс ганцаардах шиг санагдахыг

                       Бодлын сэжүүрт мэдрээд

                       Намуухан дуу аялахад

                       Салхи нь түүнийг

                       Бүүвэйлэх шиг болдог билээ л..,” хэмээжихүй “сэтгэл... найгалзана”, “бодлын хөвөрхийг сийрүүлэн тэмдэглэх”, “уулс ганцаардах”, “салхи нь түүнийг бүүвэйлэх” зэрэг гоо сэрэхүйн мэдрэмжүүд нь  намрын тухай бичсэн бусад найрагчдын олон шүлгүүдээс өвөрмөцөөрөө ялгагдана.

                       “ХАРХИРАА, ТҮРГЭНИЙ УУЛС ДУНД

                       “Харгилах усных нь мандал дээр

                       Хавар цаг туульсаа эгшиглүүлж

                       Хархираа, Түргэний уулс дээгүүр

                       Хан Тэнгэрийн гэрэл цайрна ....

                      Хүглийсэн их будан багларан харанхуйлах

                      Хөглөрсөн бодлыг минь манцуйлан тэврэх шиг

                     Багларах цасан дундуур нисэлдэх шувуудын дуунаас

                    Хархирагч уулсын далдын цуурайг сонсох шиг  ..,” бас түүнчлэн “ТАВАН ХУРМАСТ”-ЫН ДУУЛАЛ” шүлэгт

                    “Туульсын эзэн нарны зүүдийг буулгах шиг

                     Уулсын хэлээр гол ус нь харгиатна

                    Туулсан болоод туулах замыг тоймлоход

                    Туж харанхуй огторгуйн гэгээ тэмтрэгдэнэ

 

                  Цаг хугацаа нүргэлсэн их хүрхрээ болном

                  Цас бороо аянгат үүлсийн дохио болном

                 Царцмаг хүйтэн салхины авиаг давтахад

                 Чинагш хөхөлзөх оддын туяа болном...” гэх.   

                Монголын яруу найрагт уулсын тухай алдарт шүлгүүдээ туурвисан найрагчид олон ч Г.Төрмөнх өөрийнхөөрөө “зурж-сэрж-нээж” гаргасныг анзаарч уншвал эдгээр бадгуудад илэрхий буй. Энэ мэтээс харвал “ахуй-мэдрэмжийн дүрслэл-дотоод би-тайлал” гэсэн сэжмээр шүлгүүдээ туурвидаг нь түүний бүтээлийн онцлог юм. Тодотговоос:

                                       “АМЬ СЭТГЭЛ МИНЬ”

                                     “Амсхийх төдийд бодолд минь

                                     Тодрон сэвэлзэх

                                     Аялгуут цэнхэр

                                     Салхины амьтай би

                                     Алслах хөдөөд зүүд минь

                                     Уусан алдрахад

                                     Араас нь гэрэлтэх

                                     Нарны амьтай би..,” гэх эсвэл арай өөр хэлбэрээр, нутгийн “содон үг” оруулж бичсэн

                              “ХОРИН ДӨРӨВНИЙ ҮДШИЙН ЗУРАГ”

                                   “Дөрөвдүгээр сарын зэврүүн үдэш

                                   Цээжинд минь зураг болж үлдэнэ

                                   Дөнгөж уулзаад салсан бүсгүй

                                   Дөт холын заагт эрэгцэнэ

                                   Гудамжинд сүүдрүүд зөрөлдөнө

                                   Гуниглах шалтгаан зэрэгцэнэ     

                                   Нимгэн хувцастай түшрэлдэж алхсан

                                   Нэг л чагтуухан үгс хэлэлцсэн

                                   Тонхиун зэгзгэрхэн бодол дагуулсан

                                   Тодоос тодхон энэ үдэш..,” гэх нь “түшрэлдэж, чагтуухан, тонхиун” зэрэг үгс нь уулсын нутагт тогтмол хэлэгддэг яригддаг “нутагшсан” үгс бололтой. Эр зоригт уулчин-аялагч найрагч маань эрхэмсэг төгөлдөр уулсаа анирлан чагнаж, эгц оргилд мацан гарахын ялалтын бах хийгээд эх байгалийн барилдлагат язгуур оршихуйг таньсан нь түүний цээжний аглагт оршигч онгодын “цагаан барс”-ыг сэрээж, омголон мөртүүдийг тэрлэх сэдэл өгөгдөл болсон бизээ.

Магад  өндөр уулсын цээжнээс хараачлан, нам дорын тэнүүн уужмыг сэтгэлдээ оршоосны учирт сэтгэлийн мөнгөн утсыг эгшиглүүлэн, дуу хэмнэлийг үүсгэж, цац өндөр байцаас түрхрэн урсах хүрхрээ лугаа тунгалаг цолгиунаар оргилдог буюу. Яруу найрагчид заримдаа сэтгэлийн адайрлалт долгилол, хийгээд ахуйт байдлын “хаос” нөхцөлд өртөмтгий байдаг. Ийм нөхцлийн улмаас тэр бүр илэрдэггүй “дотоод амгалан”-г Г.Төрмөнх найрагч маань Монгол Алтайнхаа дагшин сүрлэг хайрхадаасаа олж, аялж, нээж, бүтээж тавиун болдогт нь баяснам. Уулын бат чулуулаг мэт шүлгүүдээ нягт шахаж утга томсон нь жигд хэмнэлтэй.

                                “Цонхигор саран нэрээр минь дуудаад

                                Цонхны цаана эцсэн морь шиг..”, мөн

                                         “ЧАМАЙГ ЗУРЖ СУУХАД”

                                 “Чамайг зурж суухад

                                 Нарийхан зураас шиг

                                 Санаанд гэгээ цайраад

                                 Цаг хугацаа дэргэд

                                 Амьсгал даран саатах шиг

                                 Амьсгалаас минь ундарсан

                                 Ганц хувь аз жаргал минь

                                 Агшин төдийд ертөнцийн

                                 Харах мэлмийд өртөх шиг

                                Одод гэрэлтэх мэт уруулын чинь

                                Заагаар бийрээн гүйлгээд

                                Орон зайн хэмжээсийг

                                Зүрхний чинь хэмнэлээс уншина..,” гэх “уран мэдрэмж”-үүдийг тайлж уншив.

                             

                                “ХӨХ СЭРЭГ”-ИЙН ТАТАЛБАР

                              “Хөх сэргийг манан ороогоод

                              Хөхрөх алс бараагаа нуужээ

                              Хөвд өвс цасанд хучигдах нь

                              Хөг аялгуу бөглүүд сонсогдох шиг

                   

                              Харгилах ус нь оволзон түрхрээд

                              Хан Алтайн цуурайг дамжуулна

                              Хөлөрсөн уулс хөмсгөнд цантаад

                              Хөвөлзөх үүлнээ нүд минь, сэтгэл минь

 

                              Хөх сэргийг наран гийгүүлээд

                              Хөхрөх алс шувуу шиг зэллэжээ

                              Хөх манан цээжнээ суунаглана

                              Хөндий тал хөлийн минь дор урсана

 

                              Хөрст газар цээжийг ундаална

                              Хөхөлзөгч минь-гэрэлтэгч минь

                              Хөвд өвс бодлыг минь тааж ургана

                              Хөх тэнгэр тавиланг минь нууж оршино

                              Хөх сэрэг нам гүм, нам гүмхэнд

                              Хөхрөх алс үл мэдэг, үл мэдэг..,”

 Уулсын зураглал хийгээд утга нийлэмжит “дотоод дүрслэл”-тэй, таашааж унших шүлгүүд “Санамсаргүй мадаггүй”-д олон байнам. Цоргил хөх Алтайн уулсын онгодын тарнит салхиар амьсгалах мэт цоо шинэхэн “Шүлгийн оргил”-ийг тольдуулсан Г.Төрмөнх найрагчдаа уран бүтээлийн амжилт хүсмүү. Уран зохиолын оргилд мацан “өөрийнхөө оргил”-д ялалтын дуугаа эгшиглүүлэн шар банзан гитартайгаа дуулан суух нь тавилант насны бах юмсан уу. Уулс Алтайн нутаг дуурсалт найрагчид олонтой билээ л.

            Тал нутгийн уншигч Чонос Баатарын ЭНХТӨР

МЗЭ-ийн болон Г.Сэр-Одын шагналт, ОХУ-ын М.Ю.Лермонтовын нэрэмжит шагналт яруу найрагч.

                                               2022.08.22. Чойр.

Sns

                                   

 

                                              


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
8 + 7 =

Create Account



Log In Your Account