Р.Болд: "Бүх цэргийн албан ёсны командлан захирагч Штерн"

By: Admin
2024-12-25
0
1749

Монгол улсаас Польш улсад суугаа элчин сайд Р.Болдын Оросын алдарт цэргийн захирагч, Г.М Штерний үр ач болох Г.И.Штернд бичсэн захидал болон мөн түүний бичсэн Халхын голын байлдааны тухай  зарим ээдрээд асуудлын зангилааг тайлахад чиглэглсэн, нэн сонирхолтой  судалгааны үгүүллийг ОХУ-ын АБНУ дахь “Вестник Горно-Алтайска” сонины редакциас бидэнд ирүүлснийг Орос хэлнээс хөрвүүлэн нийтлэж байна.

Нийтийн мэдэж байгаачилан 1938 онд болсон Хасан нуурын дэргэдэх тулааны 80 жилийн ойг энэ 2018  онд тэмдэглэнэ. Харин дараа жил нь Халхын голын байлдааны 80 жилийн ой, улмаар Зөвлөлт холбоот улсад довтлох төлөвлөгөөтэй байсан Японы милитаристуудын тарих гэж байсан гай гамшигийг 1941 онд бүрмөсөн бут цохисныг тэмдэглэх учиртай. Энэ үйл явдал чухамдаа нацистын түрэмгийллийг ялсан 1945 оны агуу ялалтын урьдач нөхцөл болсон бөгөөд түүний (дэлхийн II дайны ялалтын) нэг томоохон хэсэг нь юм.  

Энд бид Монгол улсын Польшид суугаа элчин сайд Р.Болдын ноён Г.И Штернид (Зөвлөлтийн цэргийн нэрт удирдагч, ЗХУ-ын баатар, хурандаа генерал Григорий Михайлович Штерн агсаны үр удам) бичсэн нэгэн сонирхолтой захидлыг, мөн түүний бичсэн үгүүллийн хамт дэлгэж байна.

“2017 оны 12 сарын 23-ны өдөр. "Гүн хүндэтгэлт Геннадий Исаакович таны халуун дотно үгтэй захидлыг хүлээн аваад ихэд талархсанаа юуны өмнө илэрхийлэхийг хүсэж байна. Миний бие цэргийн түүхийг сонирхон судалдаг, түүнд ихэд татагддаг нэгэн, тэрбээр Халхын голын байлдааны түүхийг онцлон судалж байгаа юм. 2013 онд энэ сэдвээр бичсэн “АНУ дахь халхын голын байлдааны судалгаа” ном маань хэвлэгдсэн. Үүнийг бичихдээ би Орос, Япон, АНУ-ын архивын материалуудыг судалж тэдгээрт голчлон тулгуурласан бөгөөд ном маань Англи, Монгол хэл дээр АНУ-д хэвлэгдсэн юм. Оросын цэргийн архивын материалуудаас улбаалсан “Зарлаагүй дайн”, Халхын голын байлдааны цэргийн дипломат ажиллагааны түүх” зэрэг бичвэрүүд маань Англи болон бусад орнуудад хэвлэгдсэн. Би бүтээлүүдээ Орос хэл рүү хэдийнээ орчуулсан бөгөөд одоо хянан нягтлах ажлууд хийгдэж байна. Ялалтын 80 жилийн ойн өмнө уншигчдын гар дээр тавих төлөвлөгөөтэй байгаа. Эдгээрт бас олон улсын харилцааны түүхийн асуудлаар бичсэн эрдэм шинжилгээний үгүүллүүд маань ч багтаж буй.

Миний эцэг Халхын голын байлдаанд оролцож, батальоны комиссар явсан дайчин хүн. Аав маань камандлагч Штернийг харж байсан тухайгаа ярьдагсан. Харин одоо эл сэдвээр бид хамтран ажиллах боломж нээгдсэнд би маш их байртай байна. Би Орос хэл дээр бэлтгэсэн өөрийн зарим үгүүллүүддээ танд удахгүй илгээх болно.

Гүнээ хүндэтгэсэн  Р.Болд” гэжээ.    

Харин одоо уншигчид та бүхэнд түүний номын хэсгээс толилуулья.            

Халхын голд байлдааны ажиллагаа эхлэж байсан тэр цагаас хойш 40 жилийн дараа 1987 оны 5 сарын 28-нд Холбооны Бүгд Найрамдах Герман улсын иргэн М.Руст Улаан талбайд хөл тавьж, өөрийн жолоодон нисэж явсан,  жижигхэн онгоцон дээрээ очиж үзжээ.

МС.Горбачев, Батлан хамгаалах яамны сайдын албыг хашиж байсан С.Л.Соколов. агаараас эсэргүүцэн хамгаалах цэргийн хүчний ерөнхий командлагч, агаарын цэргийн хүчний тэргүүн  маршал А.И.Колдунов нарын шийдвэрээр түүнийг чөлөөлсөн хэрэг. Гэлээ ч энэ явдал нь Зөвлөлтийн агаарын хил рүү цөмөрсөн цорын ганц тохиолдол биш байсан юм. 1941 оны 5 сарын 15-нд Немцийн агаарын тээврийн “Ю-52” онгоц Москвагийн “Динамо” цэнгэлдэх хүрээлэнгээс холгүйхэн газарт газарджээ. Энэ онгоц Германы Кёнгсбергээс нисээд, Зөвлөлтийн агаарын хилээр мэдэгдэлгүйгээр нэвтрэн орж ирсэн байв. Тэр онгоц Агаараас эсэргүүцэн хамгаалах системийн (ПВО) хараанд өртөлгүй нэвтэрсэн нь хачирхалтай. Тэрээр хил нэвтэрсэн этгээдүүдийг баривчилан хорьсоныг шалтаг болгон, түүнээс арван өдрийн дараа агуу их эх орны дайн эхлэж, улаан армийн агаарын цэргийн командлагч П.В.Рычагов, Агаараас эсэргүүцэн хамгаалах хүчний нэгдсэн захиргааны дарга, ЗХУ-ын батлан хамгаалахын ардын комиссар Г.М.Штерн, Ажилчин, тариачны улаан армийн (РККА) ерөнхий штабын орлогч дарга Я.В.Смушкевич нарыг шүүх хурал хийлгүйгээр, буудах ял оноож гүйцэтгэсэн байдаг.  Энэ гурван генерал гурвуул Халхын голын байлдаанд үүрэг гүйцэтгэж явсан, Рычагов, Смушкевич нарын хувьд байлдааны галын дунд эр зориг чадвар чансаагаа харуулж, ЗХУ-ын баатар цолыг хоёронтоо хүртсэн эрхэмүүд байв. Штерн, Смушкевич нарыг баривчлах тушаалыг Ажилчин тариачны улаан армийн (РККА) ерөнхий штабын дарга Г.К. Жуков өгч, тушаалд гарын үсэг зурсан баримт үлджээ. Зарим түүхчид үүнийг  Г.К. Жуковын Халхын голын байлдааны түүхэн алдрыг “эзэмших” эрхтэй өрсөлдөгчдөө зайлуулахын тулд хийсэн үйлдэл гэж  үзэх нь бий. Минийхээр бол үүнийг санаатайгаар зориуд хийсэн гэж үзэх боломжгүй. Тухайн үеийн төвөгтэй нөхцөл байдлын дунд Жуков мөн тэр цагийнхаа хууль журмыг сөрж чадаагүй хэрэг. Түүнчилэн миний хувьд Халхын голын байлдааны ялалтанд хурандаа генерал Штерний гүйцэтгэсэн үүрэг, хувь нэмэрийг Монголчууд шударгаар үнэлж, дүгнэх ёстой гэж үздэг нэгэн. Чухам иймээс энэхүү үгүүллийг бэлтгэн уншигчад хүргэхийг зорьсон билээ.

1938 оны намар Зөвлөлтийн удирдагчид Хасан нууранд үүсээд байсан цэргийн ажиллагааны үр дүнг хэлэлцсэний дараа Алс дорнодын нэгдсэн армийн Ерөнхий командлагчийн үүрэг хүлээж асан В.К.Блюхер  чөлөөлөх ажиллагааг удирдах шийдвэр  хүлээн авсан байна. Алс дорнодод эмхлэн байгуулагдсан хоёр хэсэг арми нь батлан хамгаалахын ардын комиссар К.Е.Ворошиловын шууд удирдлаганд байсан ба дээрх шийдвэрийн дагуу командлан захирагчаар Штерн, штабын даргаар Блюхер нарыг томилж, И.С. Коневийн удирдсан 57 дугаар тусгай корпусыг БНМАУ-ын нутагт тархаан байрлуулжээ. Хожим 1971 онд БНМАУ-ын баатар цолоор шагнагдсан Конев 1937 оны намраас 57 дугаар тусгай корпусыг захирч байсан юм. Архивын баримтуудаас үзэхэд эхлээд Монголд үүсээд байсан нөхцөл байдлыг таслан зогсоож, эмх цэгцэнд оруулах үүрэг түүнд оноогдсон байдаг. Гэтэл энэ нь боломжгүй зүйл болж хувирав. Нөхцөл байдлыг бодитоор харах шаардлагатай байгааг Жуков тэр үед анзаарсан юм шиг. Олон улсын түгшүүрт нөхцөл бий болсон яг тийм цагт алс дорнод дахь цэргийн бүтцийг хэт жижиглэж, тарамдуулах нь төдий тохиромжтой шийдвэр байж чадсангүй. Тиймээс И.В. Сталин урьдын бүтцийг сэргээн бий болгохоос аргагүй гэж үзжээ.

1939 оны 7 сарын 5 гэхэд Алсад дорнод дахь тараан байршуулсан цэргийн бүх хэсгүүдийг нэгтгэн  зохион байгуулсан армийн I группыг бий болгосон (1 АГ) ба түүнд 57 дугаар тусгай корпусыг ч хамруулжээ. Ерөнхий командлагчаар Штерн, цэргийн зөвлөлийн гишүүнээр Дивизионы комиссар байсан Н.И.Брюков, штабын даргаар М.А.Кузнецов нар ажиллах болсон байна. Төв штаб Читид байрлаж байв. Штерн маршал Х.Чойбалсантай шууд харилцаж, дэмжлэг авах замаар Монгол, Зөвлөлтийн цэргийн хамтын ажиллагааг төвлөрүүлэн удирдах даалгавартай байв. Баянцагааны дэргэд цэргийн гол хүчийг байрлуулж, шийдвэрлэх ажиллагааг тэнд эхлүүлэх чиглэлийг Москва баримталсан бөгөөд хоёрдугаар армийн командлагч Штернд И.В.Сталин өөрийн биеэр тушаал өгч, алгуурлалгүйгээр шийдвэрлэх цохилтонд шилжихийг даалгажээ. Тэгээд Штерн өөрөө Алс дорнодын улаан армийн бүхий л ажиллагааг ерөнхий удирдлагаар хангах даалгаварыг биелүүлж эхлэв. Энэ үед байлдааны гол үйл ажиллагаа Халхын голд явагдаж байсан юм.

Григорий Михайлович Штерн 1919 онд Ажилчин, тариачны улаан армийн (РККА) бие бүрэлдэхүүнд элсэн орсон. Иргэний дайны төгсгөл үед тэр дивизионы комиссиар болсон байв. Тэр бас Туркменд Басмачуудтай тулалдах байлдааны ажиллагаанд оролцсон, 1929 онд М.В.Фрунзийн нэрэмжит АТУА-ын (РККА) цэргийн академийн дорно дахины факультетийг дүүргэсэн, дараа нь АТУА-ийн (РККА) цэргийн тагнуулын задлан шинжилгээний тасгийн дарга, Ворошиловын туслах, Ардын батлан хамгаалах хорооны хэрэг эрхлэх захиргааны дарга, Беларуссийн цэргийн тойрогт дивизийн командлагч, Испани дахь цэргийн зөвлөлийн толгойлогчоор (дарга) ажиллаж байсан. 1938 онд улаан тугийн одонт Алс дорнодийн тусгай армийн штабын даргаар томилогдсон, дараа нь корпус командлан захирагч болсон, цэрэг дайны үйл ажиллагааны асар их туршлагатай нэгэн байсан тул Хасан нуурын байлдаанд Алс дорнодын тусгай хүчнийг захирч, уг байлдааны ерөнхий командлагчаар ажилласан нь тохиолдлын хэрэг биш байв.

Долоон сарын  19-нд Ворошиловын тушаалаар цэргийн нэгдүгээр группын бүтцийг өөрчлөн, 57 дугаар тусгай корпусыг түүнд нэгтгэж, командлагчаар Жуков, цэргийн зөвлөлийн гишүүнээр Д.Н.Никишев, штабын даргаар М.А.Богданов нар томилогджээ. Энэ үед тус арим мөн л Ворошиловын шууд удирдлаганд байв.

            Хожим нь Жуковын үгүүлснээр бол тухайн үед фронт дахь цэргийн хэсгийг Штерний шийдвэрийн дагуу зохион байгуулсан аж. Түүний саналыг үндэслэл болгон, зөвлөлтийн удирдлага зэвсэгт мөргөлдөөн цэргийн байршлыг бүхэлд нь хамарч, хэт өргөжихөөс сэрэмжилэн, бүгдийг Байгалийн чанад дахь чиглэлд төвлөрүүлэн барих, дараа нь фронтын хэсэг дэх байлдааны үндсэн ачааллыг Баянцагааны дэргэд төвлөрүүлж, шийдвэрлэх байлдаан явуулах шийдэлд хүрсэн байна. Ингэснээр япончууд маш хатуу хариу цохилттой тулгарч, фронтын штаб нь сүйрэн унахад хүрсэн. Фронт дээрх нэгдүгээр арми (1-АГ) түүнд захирагдаж, улмаар тэднийг Москвагаас шууд харьяалан удирдаж байв. Тэрээр Ворошиловын тушаалаар болж буй үйл явдалтай газар дээр нь танилцаж, шийдэл гаргахын тулд Штерн тэргүүтэй 6, 7 хүний бүрэдэхүүнтэй хэсэг Хамар даваанд хүч нэмэгдүүлэн хүрч очсон байдаг. Штерний хэлснээр бол тэд тэнд хүрч очоод, давшилтын төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардлагатай материал техникийн хангалтыг зохион байгуулах ар байгалийн цэргийн тойргийн (ЗабВО) хангамжийн баазыг удирдахад дэмжлэг үзүүлжээ.  Эндээс харахад тэр явдал нь Штерний үүргийг зориуд багасгах зорилгоор явагдсан ажиллагаа юм шиг. Нөгөө талаасаа үүнд сөргүүлэн тавьж болох нэг зүйл бол Зөвлөлтийн удирдлагаас Алс дорнодын цэргийн командлалын бүтцийг өөрчлөн зохион байгуулах ажиллагаа нь Баянцагааны тулалдааны дараа болсон үйл явдал гэдгийг архивын баримт гэрчилж байна. Мөнхүү архивын баримтуудаас үзэхэд  Штернийн гүйцэтгэсэн ажиллагаа нь цэргийн материал, техникийн хангамжийг хязгаарлаагүй болохыг баталж байгаагийн зэрэгцээ, Штерн, Бирюков нар хүрэлцэн очсоноор Монгол, Зөвлөлтийн цэргийн давшилтын үндсэн бэлтгэл илүү хурдсаж сайжирсан байна. Тэд БНМАУ-д байх хугацаандаа байлдааны үйл ажиллагааны төгсгөлийг хүртэлх зайлшгүй шаардлагатай, хойшлуулшгүй, практик ажиллагааг амжилттай авч хэрэгжүүлсэн байдаг.

1939 оны 7 сарын 26-ны давшилтын ерөнхий төлөвлөгөөг авч үзье. Ворошилов, Шапошников нараас Штерн Бирюков нарт хүргүүлсэн уг төлөвлөгөөнд “тухайн нөхцөлд Халхын голын зүүн эргийн байрлал манай талд ач холбогдолгүй болох ба харин түүгээр түшиц газар болгоод, манай цэргүүд давшилтаа хилийн зурвас хүртэл үргэлжлүүлэх, нүүрэн талын цохилт өгөх эгнээг хумиж хязгаарлахгүйгээр, дайсны цэргийн зүүн болон баруун жигүүрийг ороож цохих, цохилтыг амжилттай гүйцээхийн тулд хуягт танкийн анги нэгтгэлийг жигүүрийн хэсэг рүү довтолгоонд оруулах” гэсэн утгатай зүйлүүд байх.

Энд нэг ойлгомжгүй зүйл байгаа нь ар талын хангалт үйлчилгээний асуудлыг Жуковын удирдлаган дор зохион байгуулж байсан бөгөөд хожим яагаад Штерн хариуцаж байсан мэтээр яригдах болов? Баримтуудыг нягтлаж үзвэл давшилтын ерөнхий бэлтгэлийг сайтар хангахын тулд Штерн Москва дахь Засгийн газрын хуралдаанд санал оруулж, түүний саналыг дэмжиж баталсанаар Штерн давшилтын ерөнхий бэлтгэл хийгээд ар талын хангалтыг гардан зохион байгуулж эхэлсэн байдаг. Энэ тухай Жуковын дурьтатгалд тодорхой бичсэн байна. Тэрээр алс холоос 10.0 мянган тонн техникийн түлш, хүнсний бүтээгдэхүүн, зэвсэг тээвэрлэн аваачих ажлыг зохион байгуулсан тухай бий. Үндсэндээ энэ нь давшилтын ерөнхий бэлтгэл хангах чиглэлээр Штерний дэвшүүлсэн зарим саналыг Ворошилов, Шапошников нар дэмжиж, 7 сарын 30-ны засгийн газрын тогтоол гаргуулсан явдлын талаар дурьдсан хэрэг бөгөөд манай тал артиллер, танк, агаарын хүчний зэвсэглэлээр дайснаас илүү давуу болох зайлшгүй шаадлагатай гэсэн түүний саналыг хэрэгжүүлэх ажиллагааны нэг хэсгийг нь зохион байгуулах үүрэг Жуковт оногдож байжээ. Түүнчлэн Штерний хүсэлтээр ахмад, дунд залуу үеийн төлөөллөөс бүрдсэн 2650 хүний бүрэлдэхүүнтэй тусгай баг, мөн 130 туслан нисгэгчийг илгээсэн байдаг. Штерний саналаар 8 сарын 9-нд нэгдүгээр армийн (АГ 1) хуягт танкийн нэгтгэл болон Ар байгалийн цэргийн тойргийн (ЗабВО) хуягт танкийн 20 дугаар корпусын командлагчийг хавсран гүйцэтгэгчээр хурандаа Терёхинийг томилсон. Терёхин хуягт танкийн анги нэгтгэлүүдийн байлдааны ажиллагааны харилцан уялдааг хангах төлөвлөгөөг боловсруулан, амжилттай хэрэгжүүлж, байлдааны ажиллагааг хурдасгахад чухал нөлөө үзүүлсэн бөгөөд Зөвлөлт холбоот улсын баатар цолоор шагнагдсан юм.

8 дугаар сарын 10-нд Ворошилов, Шапошников нараас давшилтын чиглэлийг Халхын голын дорнот эрэг дэх ноёлох өндөрлөгт чиглүүлж, өөрийн талын цэргийн байршлын урд захаас 8-10 км-ын зайнд хил гатлуулахгүйгээр, бат бэх бэхлэлт барих цэргийн байрлалын зүүн жигүүрийг туслах хүчний үүрэгт шилжүүлэн, баруун жигүүрээр гол цохилт өгөх, дайралтаас дутааж гарсан дайсны хэсгүүд, амьд хүчийг артиллерийн болон агаарын галаар устгах тухай битүүмжилсэн төлөвлөгөөг Штерн, Бирюков нарт хүргүүлсэн байна.

8 дугаар сарын 14-нд төвөөс илгээсэн заавар, төлөвлөгөөний үндсэн зарчмыг удирдлага болгон өөрсдийн шийдвэрийг гаргаж, яаралтай биелүүлэх тушаалыг мөн Ворошилов, Шапошников нараас Штерн, Бирюков нарт хүргүүлэв. Тэгэхдээ үйл явцын хэсгийг нь Жуковын удирдлагаар гүйцэтгүүлэхийг зааварласан байв. Штерн бие бүрэлдэхүүний хүчин чадлыг тооцоолж үзээд, Жуковын удирдлаганд байсан нэгдүгээр армийн (1-АГ) бүрэлдэхүүн хүчний хувьд дутагдалтай гэж үзсэн тул болзошгүй хохирлыг сэрэмжлэн зайлуулах зорилгоор Алс дорнодын 1, 2 дугаар армийг хил рүү татан төвлөрүүлэх, бүс нутгийн хилийн хэсэгт агаарын цэргийн хүчний нисэх группыг зохион байгуулан байршуулах санал дэвшүүсэн байна. Япончууд илүү өргөн фронтоор довтолж, тэрхүү фронтынхоо цараагаар нутгийн гүн рүү гүн нэвтэрч эзлэх төлөвлөгөөндөө ихээхэн найдлага тавьж байсан. Тиймээс зөвхөн Штернээс гадна Ерөнхий штаб ч адилхан нэгдүгээр армийн штабыг БНМАУ-ын хилийн дагуу, манжуурын нутагт шилжүүлэн байршуулахыг дэмжиж байлаа. Харин тэдний тайлбарыг Сталин хүлээн зөвшөөрөөгүй юм. “Та нар Монгол дахь цэргийн хүчийг сарниулахыг хүсээ юу? Хэмээн зандарсан, тэрбээр  “дайсан хариуд нь манай цэргийн тархан байрласан хэсгээр өөрийн хүчээ зузаатгах болно. Тийн унжирч, сунжирсан байдал үүссэнээр цэргийн фронтыг хумих боломжгүй болж, бид дахиад нэмэгдүүлж цэрэг татах шаардлага гарна” гэсэн тооцоо хийгээд,  БНМАУ-ын нутаг дэвсгэрт л  “япончуудын ууцыг хугалах” нь зүйтэй гэсэн гаргалгаа гаргажээ. Иймээс Штерн Монголын нутагт япончуудыг устгах нэгдүгээр армийн (1- АГ) давшилтын ерөнхий төлөвлөгөөг 8 сарын 14-нд Тамсагбулагт баталсан байна.

Улс төрийн төлөвлөгөөнд: хилийн шугам дагуух байлдааны фронтыг аль болох өргөсгөхгүй дотоод цэг рүү хумих, үндсэн цохилт өгөх хуягт танкийн хүчийг Хайлаастын голын өмнө хэсэгт төвлөрүүлэн, амьд хүчээ устгуулах эрсдэлийг сэрэмжлэн зайлуулахын тулд, дайсны агаарын болон артиллерийн хүч рүү галын төв цэгийг чиглүүлэхээр заасан байв. Үйл явцын үндсэн төлөвлөлтийг Ерөнхий штабын үндсэн баазад Алс дорнодын командийн хүчний фронтын хэсэгтэй хамтран Штерн болон нэгдүгээр армийн штабын командагч Жуков нарын удирдлага дор боловсруулах ёстой байв.

Зөвлөлтийн зохиолч К.Симоновын бичсэнээр бол Ажилчин тариачны улаан армийн (РККА) командын бүрэлдэхүүний дунд “найман сарын давшилтын төлөвлөгөөг Штерн боловсруулсан уу?, Жуков боловсруулсан уу?” гэдэг тухайд маргаан болж байсан бололтой. Ямар ч байсан Хайлаастын голын өмнөд хэсэгт цохилтын үндсэн хүчийг төвлөрүүлэх зорилт төлөвлөгөөнд орж батлагдсан учраас давшилтын зорилго амжилттай хэрэгжсэн байна. Штерн зарим ашигтай байрлалыг, тухайлбал Ремизовын өндөрлөгийг түрүүлж эзлэх тушаал өгсөн байдаг. 8 сарын 3-нд Жуков энэ тушаалыг гүйцэтгэхээр оролдсон ч амжсангүй. Харин 8 сарын 7-нд түүний дайралт амжилттай болж Манж-гоо, Хянганы дивизийг бүрэн бут ниргэсэн байна. Энэ байлдаанд БНМАУ-ын 8 дугаар морьт дивиз давшилтын баруун жигүүрийг халхлан байлдсан бол Чүлтэм, Гомбосүрэн нарын удирдсан 22 дугаар морьт хорооны дайчид зенит, пулеметийн ээлжилсэн шуурган галаараа японы армийн нэгэн онгоцыг буудан сөнөөсөн байдаг. Зенитийн пулеметээр дайсны онгоцыг буудан устгасан энэ явдал бол Халхын голын байлдааны туршид болсон цорын ганц гайхамшигтай тохиолдол байсан гэдэг.

Түүний дараа Жуков Киевийн цэргийн тойргийн командлагчаар томилогджээ. 1940 оны 12 сарын сүүлчээр болсон Улаан армийн удирдах ажилтнуудын цугларалтан дээр тэр “Орчин үеийн байлдааны үйл явцын шинж байдал” нэртэй илтгэл тавьсан байдаг. Генералын тэр илтгэл дээрх Халхын голын байлдааны туршлагыг судалсан зарим нарийн ширийн зүйлийг Алс дорнодын фронтын командлагч Штерн, штабын дарга Кузнецов нар хүлээн зөвшөөрөөгүй. Штерн энэ талаар хариулт өгөхдөө энэ бол маршал Чойбалсантай байнгын холбоо харилцаатай байж, харилцан дэмжлэг үзүүлж байсны, БНМАУ-тай өрнүүлсэн харилцан ажиллагааны үр дүн гэж хариулсан байдаг. Монголын маршал Ворошиловд бичихдээ, Халхын гол, Хайлаастын голын бүс нутагт Монгол, Зөвлөлтийн цэрэг японы самурай нарыг бүслэн бут ниргэсэн тэр газарт 8 дугаар сарын 28-нд хүрэлцэн очиж, Штерн, Бирюков нартай уулзав. Улаан армийн энэхүү баатарлаг зориг, хат тэвчээрт Монголын ард түмэн үнэн голоосоо баяр хүргэж байна” гэжээ. Дашрамд дурьдахад Зөвлөлт –Немецийн хооронд байгуулсан харилцан үл довтлох гэрээ нь дэлхийн улс төрийн бодлогод нөлөөлөх нөлөөллөөрөө СССР Японы дэргэд хавьгүй хүчтэй  байсныг гэрчлэх нэгэн баримт болдог.

1939 оны 9 сарын дундуур Монголд явуулсан үйл явцын үр дүнгийн тухай Штерны илтгэлийг Сталин өөрийн биеэр сонсоод, Халхын голын ажиллагаа нь нэг ёсондоо цэрэг дайны бэлтгэлийн үндсэн онолыг  шинэчлэн боловсруулсан зөвлөмж, хичээл болсон” хэмээн өндөр үнэлжээ. Халхын голын үйл явцыг амжилттай хэрэгжүүлсний төлөө Штерн ЗХУ-ын баатар гэсэн эрхэм алдрыг хүртсэн юм. “Улаан од” (Красная звезда) сонины 1939 оны 08 сарын 30-ны дугаарт энэ тухай бичихдээ “Хасан нуурын дэргэдэх байлдааны ажиллагааг ерөнхийлөн командлагч, авъяаслаг сурагч Ворошилов, алдарт цэргийн дарга Штерн нар өөрийн цэргийн үүргийг гялалзатал биелүүллээ. Энэ үйл явдал большевик армийн эрэлхэг командлагчийн үлгэр жишээ амжилт, манай намын цэргийн түүхэн дэх нэгэн гарамгай үйл явдал боллоо” гэсэн байна.

Харин Жуков армийн генерал болсон бөгөөд энэ тухай мөн Улаан од сонины 1940 оны 06 сарын 05-ны дугаарт “Генерал Комацубарыгийн командлан захирсан японы 23 дугаар явган дивиз Баянцагааны чиглэлээр гол гатлан, ах дүү БНМАУ-ын нутгийн гүн рүү нэвтрэхээр оролдсон ч Зөвлөлтийн танкийн нэгтгэл тэднийг богино хугацаанд сөхрүүлэв. Жуковын санаачлагаар манай танкчид байлдааны талбарын тэргүүн эгнээнд тушаал ёсоор үүргээ бие даан гүйцэтгэж, японы дивизийг бут ниргэсэн энэ явдал “Баянцагааны ниргэлт” гэсэн нэрээр түүхэнд мөнхрөн үлдэж байна. Армийн генерал Жуков БНМАУ-ын нутагт цөмөрсөн японы 6 дугаар армийг бүрэн хэмжээгээр бүслэн устгах төлөвлөгөөг боловсруулан, уг төлөвлөгөөгөө гарамгай гүйцэтгэжээ” хэмээсэн байна.  

Гэтэл тухайн үед нэгэн зохиолч уг үгүүллийн дундаас шүүрэн авч, Халхын голын үйл явцыг анхнаас нь Жуков гардан боловсруулж, хэрэгжүүлсэн болохыг өөрөө харсан мэтээр бичсэн нь багагүй хүрээнд тархаж амжсан бололтой. Мөн тэр үед маршал Захаров, Ажилчин, тариачны улаан армийн (РККА) ерөнхий штабын орлогч дарга Б.М.Шапошников нар түүнийг шүүмжилж, “байлдааны төлөвлөгөөг штаб боловсруулсан юм. Жуков өөрийн дурьдатгалдаа ч үүнийг бичсэн бөгөөд өөрөө боловсруулсан мэтээр бичсэнийг огтхон ч санахгүй байна гэсэн байдаг. Тэнгисийн цэргийн флотын адмирал, ардын комиссар байсан Н.Г.Кузнецов Жуковын тухай үгүүлэхдээ “Тэр Монголд ажиллах үедээ корпус командлаж байлдааны бүхий л үеийн туршид чухал үүрэг гүйцэтгэсэн, гэхдээ бүх хүчнийг командалсан албан ёсны командлагч нь Штерн байсан юм... гэсэн байдаг.

Кузнецев бас нэг яриандаа Жуковын тухай дурссан байдаг бөгөөд хуучин танилууд нь болох Буденний, Смушкевич бас Штерн нараар дамжуулан түүний тухай мэддэг болсон. Тэр дайны талбарт туршлагатай удирдагч болохоо харуулсан. (япончуудтай хийсэн байлдааны үйл явц л түүний амжилтыг товойлгон үлдээсэн) гэсэн аж.  Халхын голын байлдааны талбарт болоод Баянцагааны дэргэдэх тулалдаанд байгуулсан Монгол зөвлөлтийн цэргийн ялалт, улаан армийн гарамгай ажиллагаа нь Артиллерийн корпус командлагч Н.Н.Воронов, АТУА-ийн (РККА) авто хуягт танкийн захиргааны дарга корпус командлагч Д.Г.Павлов, Батлан хамгаалах ардын хорооны орлогч дарга, нэгдүгээр зэргийн командлагч Г.И.Кулик, Улаан армийн улстөрийн захиргааны нэгдүгээр орлогч дарга, армийн комиссар Л.З.Мехлис, АТУА-ийн Агаарын цэргийн хүчний (ВВС) командлагчын орлогч, корпус командлагч Я.В.Смушкевич болон бусад удирдагчдын хамтын ажиллагааны үр дүн байв. Гэвч Жуковын нэр алдар тэднээс хувь илүү өндөрт гарсан билээ.

7 сарын 11-26-ны өдрүүдэд фронт дээр Куликовоор ахлуулсан хяналтын хороо ажилласан бөгөөд тэдний илтгэл танилцуулгаас үзвэл тэнд ихээхэн ээдрээ төвөгтэй нөхцөл байдал ноёлж байсан тухай тодорхой үгүүлсэн байна. Тиймээс өнөө цагт бид түүхэн баримтанд голлон ач холбогдол өгөх хэрэгтэй болов уу.

1940 онд Штерн Алс дорнодын фронтын командлагч бөгөөд финийн армийн командлагчаар томилогдсон байдаг. Түүнийг 1954 онд л сая нэг цагаатгажээ. Харин одоо түүний бүх алдар гавьяаг нэхэн сэргээх ёстой гэж бодно. Тэр бас БНМАУ-ын Ардын их хурлын тэргүүлэгчдийн зарлигаар Байлдааны гавьяаны улаан тугийн нэгдүгээр зэргийн одонгоор шагнагдсан байсан билээ.

Р.Болд  /2017 оны 08 сарын 30/

Орчуулсан Хиргис Г.Төрмөнх /2018 оны 01 сарын 22, Ховд хот/                       .               

                                        

                                                 

  


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
9 + 10 =

Create Account



Log In Your Account