Уламжлалт эдийн соёл, урлалаа үндэсний үйлдвэрлэлийн цогцолбор болгон хөгжүүлье

By: Admin
2024-12-25
0
401

Захидал задлавал

Монголчууд эртнээс төрөл бүрийн мод ургамал, металл, чулуу, бөс даавуу, торго, малын ноос, арьс, шир, мах, сүү зэргийг боловсруулж эдлэл хэрэглэл, гэр орон, гутал хувцас, хоол хүнс хөдөлмөрийн болон бусад багаж зэмсэг, гоёл чимэглэлийн зүйлсийг үндэсний уламжлалт арга технологоор урлан бүтээж, тэдгээрийг эдлэж хэрэглэж, хэрэгцээгээ хангаж ирсэн арвин уламжлалтай. Монголчуудын эдийн соёл урлалын төрөл зүйлсийг тоолж барамгүй. Тухайлбал Монгол гэрийн хийц зохиомж нь хаа газарт гайхагддаг бөгөөд цаг үеийн нөхцөл шаардлагад нийцүүлэн хөгжүүлж боловсронгуй болгосоор байгаа нь сонирхолтой. Гэрээс гадна “нөр”, “хош” зэрэг байгуулмж мөн Монгол асар майхны хийц загвар олон янз билээ.  Манай дархчууд алт, мөнгө, төмөр, зэс, гууль, ган зэргээр төмөрлөгийн урлал эрхлэж, ямар материалаар, ямар технологоор, хэрхэн яаж урлах тухайд тус тусдаа өвөрмөц арга ухааны цогцыг үүсгэжээ. Тухайлбал гуулиар сав суулга, гангаар хэт хутга, дархан мужааны болон хөдөлмөрийн багаж хэрэгсэл, алт мөнгөөр гоёл чимэглэлийн тансаг зүйлсийг урласаар байна. Нарс, хар мод, хус улиас бургасаар аяга, таваг, сав суулга, араг шээзгийнээс эхлээд маш нарийн ур хийцтэй олон янзын тавилга, эд зүйлс, нийлмэл эдлэл хэрэглэлүүдийг хийж байсан, хийсээр ч байна. Модон сийлбэр гэхэд л хүрээлбэр, хотгор, хавтгай, товгор, цоолбор гэхчлэн олон арга барилаар хийгдэнэ. Ардын уран гартнууд маань чулуун цоолбор, цаасан шуумал, зэс гуулин хөөмөл, цутгамал, зүмбэр зэргийг урлан бүтээх арга зүй, биет бүтээлүүд гээд эдийн соёлын арвин их өвийг өвлүүлэн уламжлуулсан байдаг.  Гантиг, хаш, баргалт, боржин зэрэг чулуугаар цоолбор цуулбар урлал, мана, хаш гартаам зэргээр хөөрөг гансыг олон янзын хийц маягаар урладаг. 

Chunt 1

Эрт цагаас өвөг дээдэс маань малынхаа ноосоор эсгий хийж (үндэсний уламжлалт аргаараа), эсгийгээрээ гэрийн дотуур бүрээс, тойруулга ширдэг, үүд, олбог, хаяавч, тотговч, тохош, гөлөм, ороолт, оймс мөн аяг сав, ваар шаазан бусад эд эдлэлийн уут, гэр гэх мэт зүйлсийг оёж, ширж, урладаг. Арьс ширийг боловсруулан сур, савхи, булигаар, илэг сарьс зэргийг гарган авч, тэдгээрээр гөлөм, дэвс, тохош, хөхүүр, дашмаг, бортого, бугуйл хазаар, чөдөр, ногт, гутал хувцас хийхдээ тусгай хэвээр хөх хайрах, нүдлэн хээлэх гэсэн нарийн аргуудыг хэрэглэн хээ угалзаар чимэглэж бүтээдэг. Малынхаа ясыг боловсруулан ясан сийлбэрүүд, ясан сав суулга, эдлэл хэрэгсэл, эмээлийн хяр, гутал хувцасны чимэглэл, мөн хорол, шатар, үйчүүр зэрэг хөлөгт тоглоомууд хийнэ.   

Guts

Тэрчлэн Монголчууд торгон, үйсэн, цаасан, савхин, даавуун, харганан, шалзан наамлын урлалыг хөгжүүлж ирсэн. Гайхамшигт торгон зээгт наамлыг хоргой торгоор урлаж, хялгасаар зээглэн, шүр сувд номин зэрэг үнэт чимэглэлийг суулгаж гоёдог. Магнаг, хамба, хоргой, торго, хилэн, чисчүү, бөс даавуу, элдсэн арьс, савхи, илэг, булигаараас гадна минж булга зэрэг нарийн торгон үст ангийн арьс үсээр гутал хувцас, малгайг урлана. Хатгамалчид маань гутал хувцасны чимэглэл, оймсны хараа, орны аравч, дэрний уут, ор, ширээ зэргийн бүтээлэг, аяга тавагны уут, гэр, даалин,  тамхины уут, гаансны гэр гэх зэрэг олон зүйлийг бишрэм сайхнаар чимэглэн урладаг. Оньсон болон хөлөгт тоглоом, ардын уламжлалт наадгайг эртнээс зохион бий болгож урлан бүтээж ирсэн уламжлалтай хийгээд вааран эдлэл цутгах, зүмбэрлэх, пааландах, төрөл бүрийн чихмэл хийх, мөн хивсэн урлал, арьсан урлалыг хөгжүүлж ирсэн.   Эдгээр урлан бүтээх уламжлалт арга ухааныг буюу өвийг тээгчид болох дархчууд, сийлбэрчид, шашны эд хэрэглэл болон бурхан бүтээгчид, мужаанууд, оёдолчид, хатгамалчид, зураачид, төрөл бүрийн гар урчуудын урлан бүтээсэн бүтээгдэхүүн, гар урлалын зүйлс одоо ч дэлхийд гайхагдаж буй. Тиймээс энэ мэт эдийн соёл урлалын олон зүйлийг бүтээлчээр баяжуулан дэлгэрүүлж үндэсний үйлдвэрлэлийн цогцолбор болгон хөгжүүлэх нь Монголчуудын маань ондоошлыг товойлгон илэрхийлэх, бүсчилсэн хөгжлийн бодлогыг баяжуулах, аялал жуулчлалыг дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Цаашилбал Ховд аймагт олон угсаатны эдийн соёл урлалын акедемийг үүсгэн, дарханы, зураг урлал, баримал, сийлбэрийн, зохион бүтээгчдийн, эсгүүр, оёдол, наамал, хатгамалын, арьс ширэн урлалын гэх мэт төрөл зүйлүүдээр сургалт явуулж, бүтээлч үйлдвэрлэлтэй хослуулан хөгжүүлэх нь зүйтэй гэсэн саналыг дэвшүүлэн тавьж байна. Холбогдох албаны болон эрх мэдэл бүхий нөхөд үүнийг анхааралдаа авч бодлого хөтөлбөртөө тусган хэрэгжүүлэхийг хичээх нь хөгжилд тэмүүлэх бас нэгэн гарц гэдгийг чухалчилан сануулахыг хүснэ.

Жамбын ЧУНТАЙ (МУИС-ийн Баруун бүсийн сургуулийн ахмад багш, инженер-эдийн засагч)    

ch3       


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
1 + 2 =

Create Account



Log In Your Account