АМЬ СОЛЬСОН НЬ (дурсамж тэмдэглэл)

By: Admin
2025-04-15
0
60

Захидал задлахад

Г.ХАНДХҮҮ (Хүний  их эмч, сэтгүүлч

                                                    - Дондоо хэмээх  Д.Доноровын гэгээн дурсгалд зориулав -

       Миний дор өгүүлэх зүйл  З0 гаруй жилийн өмнө болсон бодит явдал болой. Хөдөө сумын эмч нарын хэн нэгэн нь ээлжийн болон жирэмсний амралт авахад  оронд нь аймгийн төвөөс  хэдэн сараар эмч томилон ажиллуулдаг байлаа. 1988 оны хавар миний бие Ховд аймгийн Дуут сумын  эмч Нямаахүүгийн оронд  хоёр сар  томилогдон очиж  ажиллаж  билээ л. Ажил  үүргээ гүйцэтгэж байх энэ хугацаандаа  урьд өмнө нь  бусдаас дуулж  байсан  нэгэн сонин учралтай тохиолдож, урьд нь сонсож байсан тэрхүү  зүйл маань үнэн болохыг  биеэрээ үзэж мэдэрсэн юм.

 Dondoo

       ӨГҮҮЛЭХ НЬ : Ажлаа дөнгөж аваад 3 хонож байтал сумын төвөөс 30 км-т байх малчныхаас “Хүүхэд ууж идэснээ тогтоохгүй буцаагаад байна, орчинтойгоо харьцахаа байлаа” гэсэн дуудлага ирэв. Нямаахүү эмч хоёр өндөр настныг гэрээр эмчлэхээр өвчтөний түүх нээсэн байв. Сувилагчийнхаа ажлыг хөнгөвчлөхийн тулд явах замдаа нэг өндөр настныг үзэж  эм, тариаг нь хийгээд явахаар шийдэв.  Өндөр настаныг үзэж , булчин тариаг нь хийлээ. Өвчтөний түүхэн дээр  71  настай гэж бичсэн  боловч 60  гаруй насны болов уу гэмээр тэнхлүүн, яриа хөөрөө сайтай  хөнгөн шингэн хөдөлгөөнтэй, биерхэг, шаргал царайтай нэгэн байв. Нэрийг нь  Доноров  гэдэг ажээ. Нутгийнхан нь түүнийг Дондоо  хэмээн авгайлдагийг нь  ч мэдлээ. Тэндээсээ яаран хөдөллөө. Замдаа би жолоочоос:  

    -Саяын өвгөн  лам байсан уу? гэвэл:

 - Сайн мэдэхгүй юм, учир юу гэвээс надаас олон нас ах хүн. Хүүхэд насны үеийг нь мэдэхгүй юм. Цэргийн албаа хааж  ирээд  манай суманд  улаан булангийн эрхлэгч, багийн дарга, сумын намын ухуулагч хийж байсныг нь мэдэх юм гэж байна.

   - Харваас лам байсан хүн мөн. Надаас энэ жолооч нууж байна гэж  тэрхэн зуур би бодож билээ.

    Дуудлага өгсөн айлд орвол 7 настай эрэгтэй хүүхэд халдварт шар өвчний “ком”-д орчихсон их хүнд байлаа. Амандаа орсон болгоноор бөөлжөөд, орчныхонтойгоо ямар ч харьцаагүй, бүх бие нь шар туяатай, нүд нь нов ногоон болчихсон байв. Эмчилгээгээ яаралтай  эхэлсэн ч аймгаас халдвартын эмч дуудахаас аргагүй байв.Үүний тул  дуудлага дууд гэж  жолоочоо буцаав. Одоогийнх шиг гар утас байсан биш, сум орж л дуудлага дуудахас аргагүй. Аймгаас халдвартын нарийн мэргэжлийн эмч  Д.Наранцэцэг ирлээ.  Бага залуу ч гэсэн их хашир нямбай сайн эмч. Тэр эмч хүүхдийг үзэснийхээ дараа намайг гэрээс дагуулж гараад хэлэв:

    - Өвчтөн сэхэхэд тун хүнд болжээ. Та хөдөлгөөнгүй гэрт нь эмчилгээ хийгээд үздээ найдвар тун багатай болжээ гэж зөвлөв.  Гурван өдөр дараалан эмчилгээ тууштай хийсэн боловч  эмчилгээ маань үр дүн багатай байв. Дөрөв дэх өдөр нь зориуд гурав хоногийн эм тариа нөөцөлж аваад  нөгөө Дондоо хэмээх  Доноров гуайнхаар дайрч тариаг нь  хийчихээд,  авч явсан эм тариатай цүнхээ өвгөний өмнө тавиад хэлэв:

   - Өвөө минь та надад тусал, би лам хүний хүүхэд надаас цэрвэх хэрэггүй. Миний эмчилж буй хүүхдэд  хөндлөнгийн юм  байна. Сайн сэхэл авдаггүй, би хоёрхон сар ажиллах хугацаандаа хүний нялх хүүхдийг алдчихмааргүй байна  энэ эм, тариаг аравнайлаад өг гэж  тулгав.

     Миний энэ үгийг сонсмогцоо  жолооч Нямдаваа их л сандарч байх бололтой цүнхийг минь нь хумиад авахад би “Зүгээрээ жолоочоо цүнхийг минь бүү ав” гэв. Харин Доноров гуай надруу нэг сүрхий  харж  эг маг гэснээ, амандаа ном уншаад  эхэллээ. Дараа нь цүнх рүү маань хэд хэд үлээв.  Жолооч бид хоёрыг  утаж ариулав. Тэр өвгөн,  жолооч бид хоёрт итгэсэндээ тэгж хээгээ алдсан хэрэг. Тиймгүйсэн бол ялангуяа гадны хүн надад тэгж элэгсэг хандах байсан гэж үүдээ, хэцүү цаг үе  хэвээр байсан юм чинь. Тэгээд :

    -  Хүүхэд нь хүнд байгаа гэж дуулсан. Тэгэвч  та нарын сайхан сэтгэл, эм, тарианы чинь ачаар хүүхэд аврагданаа аврагдана гэж урам өгөв. Урмын нь энэ үг надад нэг л сайхан санагдаж билээ. “Эмч мөртлөө лам дээр очоод  ха, ха” хэмээн зарим нь намайг шоолохоо магадгүй. Гэхдээ эм тариа ховор нөхцөлд эмч хүн хүний амины төлөө  өөрөө ч эм, тариа болох нь халаг болох тохиолдол байдгийг биеэр туулаагүй хүн яаж мэдэхэв.        

Дараа өдрөөс нь хүүхдийн шээс шингэрээд нойрмог байдал нь өдөр өдрөөр сэргээд эхлэв. Ес дэх өдрийн өглөө эргэж ирвэл уяан дээр нь нэг морь  үхчихсэн байлаа.  Ажиглаваас  өчигдөрхөн морины  нь уян дээр зүгээр зогсож байсан дүүхгэр хээр морь яг мөн. Харуутаа хүүхдийн амь аврагджээ гэж баярласныг хэлэх үү. “Хүний амийг халуун хошуутай малаар сольчихдог  увдистнууд байсан юм билээ” гэж багадаа сонсож байсан минь тэрхэн мөчид санаанд ороод ирсэн юм.  

     Гэрт орвол  хүүгийнхээ ор, дэрний цагаан хэрэглэлийг сольчихсон, өвчтэй хүүхэд нь жолооч бид хоёрыг хараад инээмсэглэн угтав. Айлын эхнэр,нөхөр хоёр ч биднийг баяртай  угтан дээш суулгааад” Та хоёрыг ирэх дөхөж байгаа гэж санаад  мах чаначихлаа.

    Та хоёр минь хэдэн өдөр олигтой цай, хоол идэж уусангүй алив идэж, уу “ гэцгээв . Энэ зуур гэрийн эзэн хэлж байна:

- Энэ морийг нагац нь хүүгийн гурван насны үсний үргээлгэн дээр бэлэглэсэн юм. Хөөрхий минь би тэжээлийг нь ихдүүлчихэв бололтой гэнэ. Би дотроо зудгүй сайхан энэ цагт тэжээл өгөхийн хэрэг байсан гэж үү? Хүүгийн нь  амь солигджээ гэж  бодон баяртай байлаа. Биднийг цай,хоол ууж идсэний дараа гэрийн эзэн жолоочид хандан:

- Чи минь гадаах  морийг чирээд холдуулаад өгч болох уу гэж гуйлаа . Тэгээд зөвшөөрсний нь дагуу  ойрхон харагдаж буй  уулын өвөрт аваачин нутаглуулсан болно. Бид өнөө хүүхэддээ  эмчилгээг нь үргэлжлүүлэн хийгээд буцав. Буцах замдаа би:

- Энэ морийг хүүгийн амиар сольчихлоо.  Эрдэм чадалтай ийм  хүн танай суманд өөр бий  юу гэвэл жолооч маань:

- Өөр эрдэм чадалтай нь ганц нэг  бий  гэж ам алдав. Цааш нь нарийн ширийн зүйл хэлсэнгүй. Бодвол энэ  эмч гуай  бусдад үг алдчих вий гэж  болгоомжилсон  байхаа ядахгүй.   Энэ завсар  би Нямдаваа жолоочийн тухай  хэдэн үг хэлэх нь зүйтэй болов уу. Жолооч маань дуудлагаар явж байхдаа дуудлага өгсөн айлд хүрэхээс өмнө эхлээд энэ айлд очъё гэж өөр нэг айлыг заана. Учир нь зарим айл  тэр өвдөж байгаа хүнээ бараг амь алдахын нь өмнө дуудлага өгдөг, зарим нь  даралтынхаа эм авах болохоороо л дууддаг гээд явдал суудал бий тухай хожим мэдэв. Энэ мэтээр нутгийнхныхаа  араншинг арван хуруу шигээ мэддэг, хаана өвөлжиж, хаана хаварждагийг нь анддаггүй нь бас бахархам. Нэг удаа дуудлага ирсэн чинь жолооч:

- Эмчээ та амарч унт. Энэ айл руу өглөө  явъя гэдэг байгаа. Яагаад заавал маргааш  очих гэж ? гэвэл эднийх бараг  “хүүхэд  инээгээд байна” гэж дуудах нь холгүй  янзын улс, бүү санаа зов гэж билээ л. Бас Нямдаваа жолооч дуудлага ирэхээр тэр зүг рүү нь  ямар ямар айлд жирэмсэн эх  үзүүлэх болж байгаа, хэдийд үзэх  шаарлагатай нярай  буйг  андахгүй, тэрчлэн ийм тийм нөөц эмтэй явбал зүгээр дээ эмчээ гэнэ  Сумын эмнэлгийн жолооч нар ийм л эгэл мөртлөө эгэлгүй зөвлөгч нар байдаг юм .

Миний бие  хоёр сарын хугацаатай ажиллаад гэртээ ирээд ээж, нөхөр хоёртоо Доноров өвгөн, сумын эмнэлгийн  жолооч хоёрыг магтан яривал ээж маань:

- Манай  Говь-Алтайн Тонхил суманд   чадалтай эрдэмтэй лам, хар хүмүүс байсан юм. Тэднийг бүгдийг хороочихсон нь харамсалтай. Энд бас тийм сайн хүн  үлдсэн байхнээ, охин минь чи хүнд итгэмтхий шүү цааш нь яриад явуузай, хүнд гай болно гэж зөвлөв. Харин нөхөр маань 

 - Албан газар болгонд  цааш хошуу өргөдөг тагнуулууд байдаг юм шүү. Хэн нэгэнд  яриад үзээрэй, гурван хоногийн дараа намын хороон дээр дуудаж намын чинь батлахыг хурааж аваад, хоолгүй болгочихно шүү гэж анхааруулав. Тэгээд хэнд ч энэ нууцыг ярилгүй өнөөг хүрсэн билээ.

Харин одоо л бичье гэж бодоод бичиж суугаа минь энэ. Яагаад тэвчиж ийм хожуу ам нээж байгаа билээ гэвэл одоо цаг өөр болсон билээ. Гучин жилийн дараа буюу мөн саяхан Доноров гуайн хүүхдийн утсыг нутгийн нь эмчээс асууж мэдээд, намтар түүхийг нь тодруулах үүднээс хүүтэй нь холбогдов. Хүү Алтанхуягтай нь нь ярилцахад:

- Миний аав Доокоогийн Доноров 1917 оны 11-р сарын 7-нд тэр үеийн нэгдсэн Урианхай  хошуу одоогийн Баян- Өлгий аймгийн Бугат суманд 11 хүүхэдтэй айлын 2-р хүү нь болон мэндэлсэн юм билээ. Долоон настайгаасаа сумынхаа  хийдэд сууж  Дандар ловон гэдэг хүнд шавь оржээ. Багш нь 1932 онд баривчлагдаад явахдаа “хүү минь энгийн болж амьдраарай, би чамайг даанаа” гэжээ. Аав багшийнхаа захисны дагуу 1938 онд шар шувталж, 1939 онд  цэрэгт татагдан, 5 жил Байшинтын долоо дугаар дивизэд пулемёт салааны ангид пулемётын наводчик, сумангийнхаа ХЗЭ-ийн үүрийн дарга хийж байжээ. Мөн бага даргын курс төгсөөд, цэргийн ерөнхий сургуульд орсон боловч эрүүл мэндийн шалтгаанаар гарсан гэдэг. Энэ хугацаандаа аав маань Монгол, Кирил бичиг үсэг сайн сурч амжсан байгаа юм. Ингэж сурахад нь багадаа сурсан Төвд номын бичиг үсэг суурь дэвсгэр болсон нь мэдээж. Цэргээсээ халагдаж ирээд Ховд аймгийн Мөнххайрхан, Дуут сумуудад /урианхай хошуунаас тасарч байгуулагдсан/ ажиллан хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. Бичиг үсгийн бүлгэмийн багш,  сумын улаан булангийн эрхлэгч /сайхан дуулдаг/ дараа нь  бичиг үсэг сайтай  учир дэвшиж багийн дарга, намын хэсгийн ухуулагч, эмчилгээ тэжээлийн цэгийн санитар зэрэг ажлуудыг хийж байгаад 1987 онд  өндөр насныхаа тэтгэвэрт гарсан. Ажиллах хугацаандаа улс хувьсгалын 40, 50,60,70, 80 жилийн  ойн медалууд, нэгдэлжих хөдөлгөөн ялсны 20 жилийн ойн медаль, зэвсэгт хүчний 60 жилийн ойн медаль, улсын тэргүүний ухуулагч тэмдэг, МАХН-ын Төв хорооны баярын бичгээр 2 удаа шагнуулж байсан юм” гэж ярив.

Д.Доноров гуай 1961 онд улсын тэргүүний ухуулагчдын зөвлөгөөний  төлөөлөгч,1980 онд Ардын хувьсгалын 59 жилийн төлөөлөгч, мөн 1991 онд МАХН-ын ээлжит бус их хурлын төлөөлөгчөөр сонгогдон оролцож байжээ. Эндээс үзэхэд тухайн үеийн нийгэмдээ нэр хүндтэй, соён гэгээрүүлэх ажилд хүчин зүтгэж байсан нь ойлгомжтой. Мөн шинэ соргог бүхнийг дэмжигч байж, нийгмийн идэвхтэй иргэний хувьд гардан байгуулах, шинээр үүсгэх өндийлгөж болгох ажлуудад томилогдон ажиллаж байжээ. Нэгэн жишээ гэвэл 1990 онд ардчилал гарахад  Доноров гуай Дуут сумын МОАХ-ын гишүүний нэг номерийн батлахыг 73 настайдаа гардан авч байжээ.

- Аавыг тэтгэвэрт гарснаас нь хойш хүмүүс ганц нэгээрээ нууцаар ирдэг болсон. Яваандаа зөвхөн Дуут сумынхнаас гадна ойролцоох Мөнххайран сум, аймгийн төвөөс, тэр байтугай холын аймаг, Увс, Завханаас хүмүүс ирж аврал ачлал хүсэн аавтай уулзана. Ааваар минь бас  овоо, галаа тахиулна. Хамгийн ойроос нь хэлбэл манай сумын Баттулга жолоочийнх  гурван  охин, ганц хүүтэй. Тэр ганц хүү нь  их ороомтхой,  байсхиййгээд л эмнэлэгт хэвтэнэ. Аргаа бараад эцэст нь эцэг нь манай аавтай уулзаж, засал хийлгэж, нэрийг нь солиулснаар тэрбээр өвдөхөө больж зан авир нь ч засарсан юмдаг. Аавыг 2001 онд бурхан болсных нь дараа дурсгалд нь зориулж үр хүүхэд, ах дүүс, нутгийн олон  нийлж  Дуут суманд  суварга босгож, дотор нь  хувраг хувцас, зарим заслын хэрэгсэлийнх  нь зүйлийг  хийсэн хэмээн нэмж хуучлав.  

 - Аав чинь ач буянтай сайхан хүн явжээ. Шашны ямар цол хэргэмтэй байсан бол? гэхэд:

    - Сайн мэдэхгүй юм, гэлэн л байсан болов уу.

   - Үгүй байхаа,миний бодоход агь тарниар мэргэжсэн өндөр цолтой хүн байсан байх.

- Аавынхаа талаар бодит үнэнийг ярьж өгсөн чамд баярлалаа:  Ер нь хүн бүр эцэг, эхийнхээ түүх намтарыг энэ мэт сайн мэдэж үлдүүштэй. Алтанхуягаа. Баярлалаа.гээд би утсаа тасаллаа. “Дондоо” гуайн амьдралд гурван мөчлөг байна. Нэгд гэвэл долоон настайгаасаа 24 нас хүртлээ шашны номд  мэргэшсэн, гэлэн цолтой өвөрмөц мэдрэмжтэй нэгэн байжээ. 

Хоёрт: Амьдралынхаа идэр залуу насандаа улс эх орондоо 48 жил/цэргийн 5 жил ороод/ үр бүтээлтэй ажилласан ахмад зүтгэлтэн байж.

Гуравт: Амьдралынхаа сүүлийн 11 жилийг  ном буяны үйлст зориулж, 1990 онд Ховд аймгийн  шар сүмийг сэргээж, унзад ламаар нь  гурван жил ажиллан, дараа нь Дуут сумандаа Дашчойнхорлон хийдийг нээж, 3-4 хүүхдийг шашны номд сургасан байна. Завсар  нь 1995 онд Баян-Өлгий аймгийн Булган суманд мөн хийд байгуулж, хийддээ тухайн үеийн  ханшаар 86500 төгрөгийн хандиваараа бурхан шашны эд зүйлс авч өгчээ. Бас ховор чухал ном судруудаасаа бэлэглэжээ.

Халуун хошуутай малаар долоон настай хүүгийн амийг авч үлдсэн бодит үнэний эзэн Дондоо хэмээх Доокоогийн Доноров эрхэм таньд хожим ч болов баярласнаа илэрхийлж сөгдөн мөргөе . Үнэн түүх нь ийм юм.

         Ум маани бад ми хум.                                                                   

        2О25 оны 3-р сар. Улаанбаатар хот.

                                                         

 .

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
7 + 7 =

Create Account



Log In Your Account