Г.Даваасүрэн /судлаач, хүний их эмч/

Орчин үеийн өндөр дэвшилтэд технологи хурдацтай хөгжин, газрын ховор элементийн эрэлт хэрэгцээ улам өсөн нэмэгдэж түүний үнэ өртөг өндөрсөхийн хэрээр тэдгээрийг олборлогчдын шуналыг хөдөлгөж, шүлсийг нь савируулах боллоо.
Үүнийг техник тенологийн хувьд төдийгүй бүтээгдэхүүний чанар чансааг сайжруулахад чухал хэрэгцээтэй холбон үзэж байгаа юм. Гэсэн хэдий ч тэдгээрийн олборлолт, боловсруулалт, цэвэршүүлэлт нь хүнд бэрхшээлтэй, байгаль экологи, хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж ирснийг олборлолтын гашуун түүхүүд нь бэлхнээ гэрчилж буй юм.
Газрын ховор элемент (ГХЭ)-ийн боловсруулах үйл явцын хувьд уул уурхайн ямарч бүтээгдэхүүнээс илүү өндөр эрсдэлийг дагуулдаг. “Энэ бол уул уурхайн бизнес биш. Харин химийн мэргэшсэн салбар юм” хэмээн Хятад дахь “Форбэс & Манхаттен” компанийг төлөөлөн Монголд болсон хуралд оролцсон Аластэйр Нэйл “Газрын ховор элемэнтийг хөгжүүлэхэд анхаарах зүйлүүд ба уурхай-үйлдвэрлэл-борлуулалт” илтгэлдээ дурджээ.
ГХЭ-ийн олборлолтоороо дэлхийд тэргүүлж яваа Хятад улсын хувьд байгаль орчиндаа учруулсан хор хөнөөлөө арилгахын тулд олсон нэг доллар тутмынхаа хариуд 100 доллар зарцуулах хэрэгтэй болж байгааг тооцоолсон байна. “Байгаль орчноо золиослон байж багахан ашиг олж ирлээ” гэж Хятадын NTD телевиз нэгэнтээ дурдаж байжээ.
Хятадын ГХЭ-ийн нийгэмлэгээс гаргасан нийтлэлд “Хүхрийн хүчлийн концентрацийг өндөр температурт шатаах технологийг ашиглан нэг тонн ГХЭ үйлдвэрлэхэд ойролцоогоор 9600-12000 шоо метр олон төрлийн хорт бодис агуулсан хаягдал хий ялгардаг түүнчлэн 75 шоо метр хүчил агуулсан ус, 1 тн гаруй цацраг идэвхит хаягдал тухайн орчинд үлдэж хоцордог” гэж дурджээ.
Мөн нэгэн эрдэмтний анхааруулж хэлснээр Газрын ховор элементийн олборлолт нь нэг хэсэг газар нутгийг, нэг бүлэг хүн ардыг, тодорхой хугацаанд сүйрүүлээд зогсдог зүйл биш. Уурхайн орчмын цацрагийн хаягдал нь урт хугацаанд нэгэн хэмээр задарч хор хөнөөлөө үзүүлснээр байгаль орчиныг нөхөн сэргээгдэх боломжгүйгээр сүйрүүлдэг гэсэн байна.
Дэлхий нийтээр ГХЭ-ийн олборлолтын хор уршгийг багасгах үүднээс цацраг туяа ялгаруулдаггүй хөнгөн бүлгийн шороон ордыг сонгон тухайн газар нутгийг золиослон байж ашиглаж иржээ. Үйлдвэрлэлийн явцад химийн олон төрлийн хүчтэй бодисуудыг их хэмжээгээр ашигласнаас нөлөөллийн бүсийн байгаль орчин агаар, хөрс, гадаргын болон гүний усыг бохирдуулж ургамал, хүн, амьтанд сөрөг нөлөөллийг гамшигийн хэмжээнд үзүүлж ирсэн гашуун туршлага олон байна.
ГХЭ олборлох анхны үйлдвэрийг Амеркийн Нью Мексико мужийн Индианчууудын Навахо омгийнхны нутагт 1940-өөд оны үед барьж ашигласнаар тухайн омгийнхны дунд тохиолдсон хорт хавдрын өвчлөл Амеркийн бусад муж улсуудын дундажаас даруй 200 дахин ихэссэн байна.
АНУ-ийн Калифорни мужийн Mountgin Pess нь дэлхийн хамгийн том газрын ховор метал олборлогч боловч “Монхове” үндэсний дархан газрын нэг хэсгийг бохирдуулсан тул шүүхийн нэхэмжлэл хүлээн авч үйл ажиллагаагаа зогсоож байжээ.
“Америк улс ГХЭ олборлох, боловсруулах техник, технологи сайтай ч баяжмал олборлоод БНХАУ-д боловсруулдаг, яагаад гэхээр ГХЭ олборлолт, боловсруулалт нь байгаль орчин, хүний эрүүл мэндэд хортой учир” гэж Германы эрдэмтэн Томас Холленбер хэлжээ.
Түүнчлэн Африкийн Нигери, Танзани, Намиби зэрэг улс орнуудад ГХЭ олборлотын улмаас тухайн бүс нутаг сүйдэж, иргэдийн дунд хорт хавдарын өвчлөл эрс ихэссэн байна. Францчууд Нигери улсыг хөгжүүлнэ гэж очоод ГХЭ ашиглаж газар нутгийг нь сүйрүүлж өгөөд тэднийг ядуу хэвээр нь үлдээжээ. Үйлдвэрийн орчинд ажилчид нь байрлаж байсан хэдэн бор тагз, өнчирч хоцорсон эхнэр, хүүхдүүд үлджээ. Нөхөрүүд нь хаачсан бэ гэхэд хорт хавдраар өөд болцгоосон гэж хариулж буй бичлэг олон нийтийн сүлжээнд бий. Нигерийн ард иргэд Францчуудыг нутгаасаа хөөж гаргасан байна.
Хятадын ӨМӨЗО-ны Баян овоо хотод ГХЭ-ийн олборлолт явуулснаар энэ бүс нутгийн тариалангийн талбай, малын билчээр нь цацрагийн болон хүнд метал, химийн хорт бодисоор хордсноос тариалан, мал аж ахуй эрхлэх боломжгүй болж малчид тариаланчид шилжиж явсан бөгөөд дэлхийн хамгийн их бохирдолтой бүс нутагт тооцогдох болсон байна. Хятадын Тяньсу, Жиансу мужууд дахь ГХЭ олборлох үйлдвэрүүдийн ойролцоох гол нуурын ус бохирдож орон нутгийн иргэдийн эрүүл мэндэд асуудал үүссэн, хорт хавдар, генийн гажигтай ураг, төлийн асуудал бий болсон, ургамалын ургах чадвар алдагдсан, газар тариалангийн бүтээмж эрс буурсан ноцтой хохирол учруулж буй тул Хятадын Засгийн газраас ГХЭ-ийн үйлдвэрлэл дээр маш хатуу чанга стандартыг бий болгож 2020 оноос мөрдөж эхэлсэн бөгөөд зарим ордын олборлолтыг хаасан байна.
Малайз улсын Папан тосгон 3500 орчим хүн амтай, аялагч жуулчид ихээр ирдэг, хааны ордон хүртэл байралсан бүтүү ширэнгэн ой бүхий байгалийн үзэсгэлэнт нутагт. Түүний ойролцоо 1984 онд ГХЭ-ийн олборлолт эхэлжээ. Ордын найрлага дахь торий-н агууламж их байснаас хорт хавдар, төрөлхийн гажиг бусад өвчин эмгэг гарах болсноор 1992 оноос оршин суугчид нь шилжин нүүж эзэнгүй хот үлджээ. Тэнд бүх орон сууц, ажлын байруудын тавилга, эдлэл хогшил, ор дэвсгэр, ширээ сандал, гал тогооны хэрэгсэл тэр ч бүү хэл зарим нэг нь машин, мотоциклээ хүртэл цацрагийн шингээлттэй гээд ил задгай орхин явцгаасан бичлэг байна.
Автсраль улс 2024 онд Малайз улстай ГХЭ хамтран ашиглах гэрээ байгуулах санал гаргасныг малайзчууд эсэргүүцэж тэмцсээр гэрээ байгуулах, үйлдвэр барих асуудлыг зогсоож чаджээ.
Мөн Шведэд хоёр томоохон ордын олборлолт нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч зогссон байна. Эхнийх нь Шведийн өмнөт хэсэгт байрлах Norra Karr орд, Энэ орд европт чухал стратегийн орд гэж тооцогдож байсан ч ундны усны эх үүсвэр болох Vattern нуурын ойролцоо оршдог учир иргэд болон байгаль хамгаалагчид олборлолтын явцад хэрэглэгдэх химийн бодис, хаягдал нь нуурын ус бохирдуулж хэдэн зуун мянган хүний ундны усанд заналхийлнэ гэж үзсэн. Ингээд төслийн байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хангалгүй гэж дүгнэж 2016 онд Шведийн Дээд захиргааны шүүх тус компаны лицензийг хүчингүй болгожээ.
Дараагийнх нь Шведийн хойт хэсэгт Kiruna хотын ойролцоох Per Geijer орд. Энэ бүс нутаг нь Самийн ард түмний уламжлалт бэлчээр байдаг. Хэрэв олборлолт эхэлбэл Самийн цаа бугын уламжлалт нүүдлийн зам хаагдаж, тэдний амьжиргаа, соёлын эрх зөрчигдөнө гэж нутгийн иргэд эсэргүйцсэн байна. Шведийн Засгийн газар стратегийн хувьд чухал гэж зарласан ч уугуул иргэдийн эрх, байгаль орчны эрсдлийн асуудал шийдэгдээгүй тул төсөл бодит хэрэгжилтэнд шилжиж чадаагүй зогссон байна.
Аль 1780 - аад оны үед Чех улсын Кутно хотын орчимд мөнгөний уурхайн олборлолт хийх явцад хүн ардынх нь биеийн эсэргүүцэл суларснаас элдэв өвчин эмгэгт нэрвэгдэж эмчлэгдэхгүйд хүрснээс тэднийг бөмдөгдөж устгаад 40 мянган амь үрэгдэгсэдийн араг ясаар музей байгуулж дэлхий нийтэд ийм аюул буйг анхааруулж өнөөг хүртэл оршсоор буй юм. Энэ нь уран, торий, ГХЭ гэх мэт ионжуулагч цацраг бүхий элементүүд байсантай холбоотой гэдэг. Тухайн үед эдгээр нь нээгдээгүй байжээ.
Дэлхий дээр ГХЭ-ийн 240 гаруй үйлдвэр ажиллаж эхэлсэн боловч хор уршгаас нь болж ихэнх нь хаагдсан бөгөөд одоогийн байдлаар 10 гаруй оронд үйлдвэр ажиллаж байгаач Хятад улс дотоодын өндөр хэрэгцээгээ хангаад зогсохгүй дэлхийн нийт экспортын 85-97%-ийг эзэлж байгаа нь нэгийг хэлээд байх шиг...
Байгаль дээрх ГХЭ-ийн чулуун ордод цацраг туяа ялгаруулдаг хүнд бүлгийн ГХЭ түлхүү агуулагддаг бөгөөд дээр нь уран, торий дагалдан оршдог тул тийм ордыг тэр бүр ашигладаггүй. Одооноос АНУ ГХЭ-ийн чулуун ордоо ашиглах зорилго тавин дэвшилтэд техник технологи, ноу- хау- гаа боловсруулж байгаа гэх.
Орчин үед хорт хавдарын эсийг үхүүлэх, үр тарианы пестицидыг устгах, хүнсний зүйлийг пастернац хийж удаан хугацаанд хадгалах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор маш өчүүхэн хэмжээний цацраг туяаг түүний үхүүлэх чанарыг нь ашиглан хэрэглэж буй ч сөрөг үр дагавараас нь хангалттай сэргийлж бас чадахгүй байгаа ажээ. Ийм байтал өнөөдөр газрын ховор элментийг борлуулах зорилгоор олборлох тухай ярих нь цэвэр эрсдэл гэхээс өөр үгээр тодорхойлох боломжгүй. Учир нь олборлоход технологийн хувьд дэлхийн хэмжээнд тогтсон сайн туршлага байхгүй хийгээд Хятадын эрдэмтэний ярьснаар газрын ховор элементийн олборлолт нь уул уурхай биш, тэр тусмаа хариуцлагатай уул уурхай байх ямар ч боломжгүй гэдгийг илтгэн харуулж буй юм.
(3).jpg)