Хүн төрөлтний хамгийн эртний домгийн цогц болох грегийн домог ингэж эхэлдэг!

By: Admin
2024-12-25
0
1281

Ертөнц даяараа болоод үхэшгүй мөнхийн бурхад бүгд хязгаар хярхаггүй Эмхгүйгээс үүдэн гарсан, Бөөрөн дээрээ амьдрагч хийгээд ургагч бүхэнд амьдрал хайрлагч төгөлдөр хүчит газар дэлхийн охин тэнгэр Гея ч бас Эмхгүйгээс үүсэж, арван зүгтээ дэлгэрэв. Харин газрын дор, хил хязгааргүй, гэгээн гэрэлт тэнгэрийн зайтай холд, хэмжээгүй гүнд нь мөнхийн харанхуйн аюумшигт ангал түнэр хар Тартар төржээ. Амьдралын эх үүсгэл Эмхгүйгээс үнэн хүчит, бүхнийг амилуулагч Хайр- Эрос ч мөн төрсөн.

Хорвоо ертөнц ийн бүрэлдэж эхэлжээ. Хязгааргүй Эмхгүй нь мөнхийн харанхуй- Эрэб болоод пад хар шөнө Нюктаг төрүүлсэн. Харин шөнө болоод Харанхуйгаас Мөнхийн Гэрэл- Эфир хийгээд баясгалант гэрэлт Өдөр- Гемера үүдэж, гэрэл дэлхий даяарыг гийгүүлж, өдөр шөнө ээлжлэх болов.

Хүчирхэг, өгөөмөр газар дэлхий зах зааггүй хөх Тэнгэр- Ураныг төрүүлж, Тэнгэр бээр газрыг бүрхэв. Газраас төрсөн өндөр уулс тэнгэр өөд эрхэмсгээр асан цойлж мөнхийн шуугиант тэнгис далай хаяа тэлэн цалгив.

Газар - Эхийн төрүүлсэн Тэнгэр, Уулс, Тэнгис далай тэргүүтэнд эцэг үгүй ажгуу.
Уран – Тэнгэр ертөнцийг эзэгнэж, өгөөмөр буянт газрыг эхнэрээ болгожээ. Уран хийгээд Гея хоёр аянгын хүчит зургаан хөвгүүн, зургаан охинтой байв. Эргээс хальсан мөрөн лугаа адил бүх дэлхийг бүрхэгч хөвгүүн аварга их Далай болон охин тэнгэр Фетида хоёр урсгал давлагаанаа тэнгис далайд цутгагч бүх гол мөрдийг, мөн тэнгис лусын дагинасыг төрүүлжээ.

Аварга хүчит Гипперион болон Тейя нар Гелиос- Наран, Селена- Саран, улаа бутарсан Үүрийн туяа- ягаахан хуруут Эос буюу Аврора нэрт хүүхдүүдтэй ажгуу. Астрей болон Эос хоёроос шөнийн тэнгэрт гэрэлтэгч бүх одод хийгээд зүг зүгийн салхи буюу умардын хүчит салхи Борей, дорноос үлээх Эвр, өмнийн чийглэг Нот ба хураар баян үүлсийг туугч өрнийн зөөлөн салхи Зефир төржихүй.

Төгс хүчит газар дэлхий аварга хүчтэнүүдээс гадна духан дээрээ ганц нүдэт үлэмж биет гурван циклоп болон уул мэт нүсэр, тавин толгойт, зуун мутарт үлэмж биетэн бас гурвыг төрүүлсэн нь тус бүр зуун гартай учир Гекатонхейр хэмээжээ. Тэдний аюумшигт хүчтэй эн зэрэгцэх юу ч үгүй агаад тэр хар хүчинд хязгаар үгүй ажгуу.

Уран бээр төрүүлсэн үрс - үлэмж биетнүүдийг үзэн ядах болсноор газрын эх дагинын хэвлийд гүн харанхуйд хориод, гарч ирэхийг нь чандлан сахижээ. Газар эх нь шаналан зовж, хэвлийд нь цагдсан аймшигт ачаанд түүртэн, үлэмж биет үрсээ дуудаж, эцэг Ураны эсрэг тэмцэн босохыг ятгасан авч тэд эцэгтэйгээ тэрсэлдэхээс зүрхшээжээ. Харин гагц отгон нь болох хар хорон санаат Крон арга мэхээр эцгээ унагаж эрх мэдлийг нь булаан авчээ.

Шөнийн охин тэнгэр Кронд өширхөн үхэл - Танат, хэрүүл тэмцэл - Эрида, худал хуурмаг- Апата, сүйтгэл - Кер, хар дарсан зүүд нойр - Гипнос, гэмтнийг гэсгээх өршөөлгүй Немесида гээд тоо томшгүй олон аюумшгийг төрүүлжээ. Кроны эцгийнхээ хаан сэнтийг булаан эзэлсэн ертөнцөд айдас хүйдэс, хэрүүл тэмцэл, худал хуурмаг, өшөө хонзон хийгээд зовлон зүдгүүрийг эл бурхад авчирчээ.

Б.Номинчимэд

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
2 + 6 =

Create Account



Log In Your Account