«Мэдлэг нь хэрэглээ» хэмээхүй өдрийн тэмдэглэл

By: Admin
2024-12-25
0
1842

Ч.Мөнхбаяр (ХИС, НХУС, Түүх нийгмийн ухааны тэнхим, Доктор /Ph.D/

2017 оны зуны амралтын өдөр тэнхимийн эрхлэгч утас цохилоо. Амарчихсан байхад юу болсон юм бол хэмээн автал үндэсний телевизийн “Дөрвөн бэрх” нэвтрүүлэг болох гэнэ. Жаргалант сумаас манайхаас хоёр хүн оруул гэж байна. Би хамаатны хүн өнгөрөөд амжихгүй юм шиг байна. Чи ороодох гэлээ. Би ерөнхийлөгчийн дахин сонгууль урагшилсантай холбоотой Говь-Алтай аймаг руу элсэлтээр явах гэж байгаа хэмээсэн ч аргалаад хойноос нь очихгүй юу хэмээн лүндэн буулгав. Ийнхүү Монголын үндэсний телевизийн “Дөрвөн бэрх” нэвтрүүлэгт “Хоньчин” багийн ахлагч болж оролцон багаараа түрүүлсэн өдрийн тэмдэглэл эхлэж байна. Жилд ганц тохиодог Монгол наадмаар жил бүр нэг аймгаас бэлтгээд байдаггүй тус нэвтрүүлэгт хэрхэн оролцсон талаар эрхэм авгай та сонирхолтой дурсамжтай минь эл тэмдэглэлээс танилцах боломжтой бөлгөө.

Тэнхимийн эрхлэгчийн дараа оройхон шинэхэн цэцэрлэгийн эрхлэгч Нямжав гээд эгч утасдлаа. Жаргалант суман дээр маргааш өглөө 9 цагт ир гэлээ. Амжсангүй. Байж байтал. Музей дээр очиж хувцас сонгохоор боллоо. Ховд их сургууль дээрээс авья гэв. Хүлээж байгаад хүүхдийн байгууллагын ахлах мэргэжилтэн Мандалсүрэн эгчтэй хамт музей дээр очиж хувцас сонголлоо. Тэр үед ерөөлч магтаалч Банзайдорж ах бас музейн өв соёлын хүрээлэнд хожигдос гээд ирлээ. Манайх “Адуучин” баг болсон гээд гэрийн даалгавар болох дөрвөн асуулт бэлд гэсэн хэмээн дөрвөн асуулт багийн дөрвөн гишүүн тус бүрдээ бэлдэхээр болоод орой Монголын үндэсний телевизийн продюссер нэвтрүүлгийн талаар техникийн зөвлөгөөтэй тэнд уулзая гээд тарлаа. 2 цагийн дараа Нямжав эгч музейн дээл чамд багадаад байна. Театр дээрээс дээл үз гэлээ. Очитол ажил нь тараад хувцасны нярав нь гарч явсан тул Нямжав эгчид Ойрадын түүх соёлтой нэг ном өгөөд харилаа. Орой болтол 7 асуулт бэлдлээ. Эх сурвалжийг нь ч тэмдэглэлээ. Утсаа оройжин чагнаж, эцэст нэвтрүүлэг нь хойшилсон юм байлгүй хэмээн тайвширлаа. Жаргалант сумын ИТХ болж засагаа авах асуудлыг ч хөндөж нэлээн ширүүн авалцацгаасан сурагтай.

Өглөө 7 цаг болж байхад утасанд 8 цагт Шүүтийн тохой Жанжин боолт явна. Жаргалант суман дээр бэлэн бай гэсэн мессеж ирлээ. Музейгээс гайгүй Өөлд эрэгтэйн дээл, малгай Гантуяа даргын цохолтоор олж аваад, тэндээс хувцас авсан Жаргалант сумын Засаг болон түүний орлогч, Иргэдийн төлөөлөгчийн хурлын даргын хамт Жанжин боолт гараад давхилаа. Ц.Ганданповрон дарга намын удирдах ажилтны зөвлөгөөн, аймгийн наадмын комиссын хуралдаан тэгээд энэ нэвтрүүлэг гээд яаж гурван ажлын цагийг давхцуулдаг байна хэмээн ундууцангүй Жанжин боолтод иртэл ууртай найруулагч Жаргалантынхан хаана байна гээд зандрангүй угтлаа. Багийн хоёр эгч нэг гэр аваад хувцас хунараа солиод нэвтрүүлэгт ороход бэлэн болжээ. Хувцасаа сольж байтал Банзайдорж ах ирлээ. Хувцас өмсөх зуураа гэрийн даалгаварын хэд гурван асуултын талаар ярьж амжлаа. Ийн баг бүрдэж энэ хооронд Жаргалант сумын арын албаныхан ширээгээ засаж нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлгийн өмнө техникийн зөвлөгөө маягтай юм болж багийн гишүүдийг 5 болгоно гэж Ц.Ганданповрон даргыг урагш оролцогчдын суудалд нэг суулган, удирдамж дээр 4 гэсэн тоо ирсэн гээд хойш нь байран дээр нь дахин суулгав.

Нэвтрүүлгийн зохион байгуулагч танаа гэрийн даалгаварын асуулт хаана байна. Продюссертэй уулзах хэрэгтэй гээд багийн ахлагчаар томилогдсон намайг дагуулан хожим шүүгчээр суусан үндэсний телевизын түүх, өв соёлын албаны дарга Д.Долгорсүрэнтэй уулзуулав. Асуултуудаас гэрийн даалгаварт өгсөн зөвхөн нэг асуулт байх ёстой хэмээн нэгийг нь сонгож өглөө.

Нэвтрүүлэг эхлэж цай самрах монгол эмэгтэйг сонгох гэж бөөн юм болов. Цай самрах чадвартай нэгнээр Ховд аймгийн театрын дарга Гантуяа эгч тодров. Энэ үеэр багийнхан болон хөгжөөн дэмжигчид ширээн дээрх идээ, ундаа болон бүхэл махнаас хүртэж өглөөний цай ууж амжицгаалаа.

Ш.Баянмөнх хөтлөгч олон юмны ард гарсан нэг тул арангаараа аятайхан гэгчийн нэвтрүүлгийг эхлүүллээ. Дараагаар нь багийн ахлагч нарыг урьж ямар баг болохоо шагай орхиж шод гэлээ. Би манайх чинь адуучин баг гээд байсан гэж бодоод за багаа сонго гэсэн зааврын дагуу шагайгаа найрч байгаад орхитол хонь бууж “Хоньчин” баг болох нь тодорлоо. Халуун хошуутай мал сонгосон тул сэтгэл өндөр байна аа. Дараа нь Манхан, Дуут тэргүүтэй дөрвөн сумаас бүрдсэн баг “Ямаачин”, Дарви тэргүүтэй сум “Адуучин”, хамаг сүүлд нь Чандмань, Дөргөн, Ховд сумдаас бүрдсэн баг үлдсэн “Тэмээчин” багаар тодрох нь тэр. Миний бие багаа танилцуулаад бусад багийнхандаа тэмцээн л юм чинь шударга өрсөлдөхийг уриаллаа. Багийн ахлагч нар багаа танилцуулах гэж бөөн л юм боллоо. Манхан сумын харьяат “Ямаачин” багийн ахлагч Цэгмид сумдаас тэр өглөө баг бүрдсэн тул тулгамдаад танилцаж амжаагүй багийн гишүүдийг танилцуулах гэж нэлээд мунгинав. Бусад баг нь энэ хооронд танилцуулгыг чамгүй бэлдсэн тул гайгүй боллоо.

“Ямаачин” багийн гэрийн даалгаварын асуултыг Банзайдорж ах өргөн мэдлэгтэй болхоо харуулж өвчүү шүүж, эмэгтэй талд тавьдагын учир холбогдолыг үр тогтохтой холбон тайлбарласнаар манай багийн анхны бог болох ямааг өөрийн хотонд хотлуулаж амжлаа. Нэвтрүүлэг сайхан үргэлжилж найруулагчийн уур гарч үмх маш идэж тайвширлаа.

Манай багийн гэрийн даалгаварыг танилцуулав. Аав, хүү болох А.Баасанхүү болон проф Б.Батмөнх багш нарын Ойрад монголчуудын уламжлалт аж ахуйтай холбоотой номноос бэлдсэн асуултыг ан агнахад ангийн өмнөх болон хойд зан үйл хийдэг талаар уншиж байгаад “ангийн хар баастай ходоодыг газар дээр нь орхидог Өөлд, Торгууд хоёр байдаг” болхыг харж бэлтгэсэн асуултыг Д.Долгорсүрэн продюссерын сонголт ёсоор танилцууллаа. Уг асуултыг бэлтгэж байхдаа отоо тарваганы шүүж, дунд чөмгийг тарвага сахиж байхдаа хооронд нийлүүлж эргүүлж, үрж, сахиж буй тарваганы шүүжийг чилээх зан үйл үйлддэг буюу ан ав хийх үеийн зан үйл бас байдаг юм байна гэж бодогдож байсан билээ.

Багууд таасангүй тул халзан цагаан хонь маань өөрийн хотондоо үлдлээ. “Адуучин” багийн “Зум” хэмээх хоолыг “тэмээчин” баг тааж өөрийн уяан дээр адуу сойж амжлаа. Адуучин багийн зум гэдэг зоогыг “тэмээчин” багийн гишүүн МУГЖ, хөөмий ч Цэрэндаваа дөхүүлсэн учир 80 хувийн үнэлгээг хангасан гэж шүүгчид үзсэн болхыг зочин шүүгч проф М.Ганболд танилцууллаа.

“Тэмээчин” багийн ахлагч Дөргөн сумын соёлын төвийн эрхлэгч бэлэн цэцэн үгтэй Дэжид бүсгүйн “ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвийн талаар баталсан хэдэн конивенц байдаг” вэ? хэмээн продюссерийн сонгосон асуултаас гадна бэлдсэн асуултанд бүх баг бүдэрлээ. Нэвтрүүлгийн шүүгч нар дахин асуулт тавиулхаар болсон ч тэгэсгээд мартагдав. “Тэмээчин” багийн бод өөрийн бэлчээрт хэн ч асуултанд хариулаагүй тул ийн үлдлээ.

Тэмцээний хоёр дахь шатны эхний асуултанд эмээлийн ганзаглааны уяаны талаар “Гар гараа танидаг, Ганзага уяагаа танидаг” асуулт ирж, уг зүйр үгийн утгыг тайлбарлаж, эмээлтэй морин дээр ганзага сайн (хоёр уяагаар ганзагыг) уяж, тайлбарласнаараа манай багийн гишүүн Баруун монголын алдарт, ерөөлч магтаалч Банзайдорж нэг бод буюу адууны асуултыг амжилттай хариулж багтаа адуу авлаа.

Тэмцээний хоёр дахь шатны хоёр дахь хэсэгт арьс татах тэмцээн боллоо. Эхлээд Мөст сумын Соёлын төвийн эрхлэгч залуу, дараа нь “Тэмээчин” багийн хасаг ахыг татаж дийлээд юутай ч биеийн хүчний ялалтыг байгууллаа. Дараа нь уг тэмцээнийг тайлбарлахыг харгалзан миний бие 90 оноо авч хонины асуулт буюу хонийг өөрийн багийн хотонд хотлуулж чадлаа. Ц.Баасандорж багшийн “Ойрад хурим” автореферат болон нэгэн сэдэвт бүтээлийг уншиж байсны хэрэг гарав. Халуун наранд шарагдаж бичлэгт орж буй хүмүүс цухалдан босч яван найруулагч зураг өсөрчихдөг юм хэмээн тэвчээртэй суухыг шаардана. Усаар хэдэн зураглаачдаа хөргөөнө.

Тэмцээний хоёр дахь шатны тэмээний асуулт хэсэгт “Усных нь эхэнд хонхолзуур” дуу хэнд зориулагдсан болхыг асуулаа. Эхний хоёр баг Галданбошигт л гээд байв. Миний бие түүхийн багш, бас нэг доктор р хуу ухаантай юм болхоор хариуллаа. Галдан бус Хошуудын Галданбаа баатарт зориулсан болхыг онцолж түүний моринд зориулсан дуу болхыг хэллээ. Гэтэл Галдангийн хойт үеийн баатар байсан гэж хэлсэн үг хүзүү ороож Галдангаас өөр Галданбаа баатар гэж XYI-XVII зууны түүхэн хүнд зориулсан гэж будаа идсэн “Тэмээчин” баг тэмээ хожлоо. Хожим нэвтрүүлгийн хойно бүр гэрт ирсний дараа шүүгч хийж байсан манай тэнхимийг багш доктор, проф М.Ганболд “Мөнхөө: Галданбаа дээр чамайг он цагаар дарж байж нэвтрүүлгийг үргэлжлүүлэхгүй бол дуусчих гээд байсан юм шүү гэж хэллээ”. Миний бие түүхч байж өөрөө мэдлэггүйдээ өвдөг шороодсон тул өөрөө бүдэрсэн хүүхэд уйлдаггүй гэдгээ хэллээ. Гэхдээ Галданбаа баатарын охиныг Ойрадын томоохон төрийн зүтгэлтэн хатнаа болгосон, хошуудын баатар байсан зэрэг зүй тогтолтой зүйл ярьсан тул ялалт манайх байх ёстой гэсэн бодол тухайн үед дотор зурсхийж байснаа өгүүлэх юун.

Тэмцээний хоёр дахь шатны дөрөвдүгээр хэсэг ямааны асуулт хариултаар үргэлжиллээ. Нум харвахдаа авч ирдэг чих хэд байдаг талаарх асуулт байлаа. Манай багаас Мандалсүрэн эгч өөрөө урианхай хүн, гэр бүлд нь нум сум бэлэглэж байсан тул асуултанд хариулхаар гарлаа. Дуут сумын Засаг дарга Энхбаярыг дуурайн бүгд хоёр чих авлаа. Эл хэсэгт тавь тавин хувь хариулсан тул ялагч байхгүй гэж шүүгч үзлээ. Шүүгч МУУГЗ Ш.Ёлко чих хэмээн нэрлэх болсны учрыг өрсөлдөгчдөө өөрийн чихийг алдахгүйн тулд хэмээн тайлбарласан нь Скифчүүд дайсны чих, хуухийг авч өөрийн бие болон мориндоо зүүж явдаг байсан. Дайснаа дарж дархан цолоо мандуулсны бэлэг тэмдэг гэдэгтэй утга нэг байлаа. Ийнхүү ямааны асуултыг хэн ч хариулж чадсангүй.

Дөрвөн бэрх тааруулах хамгийн магадлалтай байсан манай баг ялалт байгуулж чадаагүй тул дараагийн үе эхлэлээ.

Тэмцээний гурав дахь үед унага өргөж гүүн зэлийг гурав тойрох тэмцээн байв. Суудлын ажил хийдгийн гор гарч нэг бүтэн нэг хагас тойроод бензин дууслаа. Эх нь унагаа харамлаад багагүй төвөг болов. Бүр эх гүүнд тангаруулан байж, эцэст нь зэлний эхэнд унан байж хасаг ах түрүүлсэн ч шүүгчдийн хурд болон гүйцэтгэлийг үнэлж арьс татхад надад ялагдсан “Ямаачин” багийн залуу тэргүүлж багтаа нэгэн дурын шагайг сонгон авлаа.

Нэг шагай авбал манайхтай адил болох байсан “Тэмээчин” баг чадаагүй тул нэмэлт тэмцээн явагдлаа. Өглөөнөөс хойш манай сурганы тэнхимийн багш Б.Гантулга морин хуур бариад эргэлдээд байсан нь ийм учиртай байв. Эхний асуулт “Улаан залаан дээр, ерөөлийн үг” бичсэн байдгийн учир холбогдлыг тайлбарла гэжээ. Эхэлж хариулах нь давуу тал болдог гэсэн нэвтрүүлгийн дүрмийн дагуу их сургуулийн анги даасан багш байсан А.Баасанхүү багшийн өгүүллийг уншиж байсны хэрэг гарлаа. Унага өргөж шагай авч чадаагүй алдаагаа засаж “Хоньчин” багийн хотонд дутаад байсан тэмээ шагайг хотлуулснаар “Дөрвөн бэрх” нийлж “Хоньчин” баг буюу мэдлэг яллаа. Нөгөөтэйгээр манай багийн гишүүн Нямжав эгч өглөө эрт сүү өргөсөн нь тэнгэр, Алтайд нөлөөллөсөн гэлтэй.

Б.Гантулга багш “Мөнхбаяр докторын хариулт бүрэн дүүрэн байна” гэсэн нь манай багийг ялсан болхыг зарласан явдал байв. Б.Гантулга багш маань саяхан доктор хамгаалсан бөгөөд дараагийн асуулт нь “Морин хуурын толгой ногоон болсны учир” байсан бөгөөд бүх баг бурхны шашинтай холбон тайлбарлаж асуултанд бүдэрлээ. Хожим нэвтрүүлэг гарах үеэр эл хэсгийг танасан байлаа.

ХИС-ийн захирал асан проф Ц.Баасандорж “Мэдлэг, мэдээлэл бол хүч” гэж хэлж байсанчлан мэдлэгээ хэрэглээ болгож ашиглалгүй удаж (муу хүний ухаан үдээс хойш гэдэгчлэн муутгаж) Галданбаа баатрыг хүргэн болох Галданбошигтын хойт үед амьдарч байсан болгосон мэдээллийн шинж чанартай мэдлэгээс, залуу хойч үеийн хүмүүжил төлөвшлийн талаарх өгүүлэл бичих гэж бэлтгэж байхдаа «Баасанхүү А. “Ерөөл буян”-ны үгээр үр хүүхдээ хүмүүжүүлж байсан уламжлал // ЭШБ. Т. 8, F. 3. УБ., 1998. Т. 23-26» өгүүллийг уншиж байсан дээрх мэдээлэл жинхэнэ мэдлэг болж тухайн үед ашиглагдсанаараа “Хоньчин” багийг ялалтанд хүргэлээ. Өрнийн нэгэн эмгэнэлт жүжгийн зохиолчийн хэлсэн, Монгол улсын дөрөв дэх ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлэх дуртай “Мэдээлэл дунд төөрсөн мэдлэг минь хаачив. Мэдлэг дунд төөрсөн оюун ухаан минь хаачив” гэдэгчлэн өөрийгөө (оюун ухаанаа) олсны хэрэг гарч хэрэгтээ цагт нь мэдлэгээ зөв ашиглаж чадлаа.

Наадмын эл сайхан өдрүүдэд багийн хамтрагч Мандалсүрэн эгчийн хэлснээр «Хүүхдүүдийг шагнаж урамшуулах систем манайд өгүүлэгдэж байгаа» гэдэг саналыг дэмжиж Монгол улсын шагайн харвааны эхний гурван байр улсын «мэргэн», «манлай», «тод» гэж эхний гурван байрыг нэрлэж шагнасантай адил, алив уралдаан тэмцээнд оролцсон  хүүхдүүдэд тухайн тэмцээний төрлийг харгалзан бөхөөр «шонхор» зэрэг цол олгодогтой адил «Баяр», «Жавхлант», «Төгөлдөр» зэрэг ерөөлийн үг бүхий бичээстэй улаан залааг өргөмжлөн шагнадаг байвал дээр юм хэмээх саналыг төр засгийн байгууллагад уламжилж байна. “Сайн нэрийг хүсэвч олдохгүй, Муу нэрийг хусавч арилахгүй” гэдэгтэй адил зарим төрлийн тэмцээнд оролцож “Жавхлант” ерөөл буяны үг бүхий улаан залаа өргөмжлөлийг шилжин явах (эсвэл хураан авах), гурван жил амжилтаа хадгалвал үүрд хадгалагддаг байх зэргээр тогтолцоожуулвал дээр мэт санагдана. Чингэвэл улаан залаат орчин үеийн зуны малгайны загварч гэсэн гарах ойрын сайхан ирээдүй харагдаж байна.

  Ийнхүү холын цуутай Ховд нутгийн олон угсаатны дунд зохион байгуулагдсан “Дөрвөн бэрх” нэвтрүүлэг сайхан дурсамжтай, хүүхэд залуучуудыг урамшуулах тогтолцооны талаарх санал зөвлөмжийн гаргалгаатай болж өнгөрлөө. Гагцхүү эл шагнал урамшууллын тогтолцоог уламжлалаасаа ургуулан ажил хэрэг болгох л үлдээд байна. Дараа жилийн наадам даанч хол байна даа. Амьд байж “ерөөлийн үг бүхий улаан залаа” малгайтай залуус бүхий улсын наадам үзхийн ерөөлөөр эл тэмдэглэлийг өндөрлөё. Монгол түмэн минь сайхан наадаарай.


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
1 + 9 =

Create Account



Log In Your Account