Орон нутаг дахь мал эмнэлэг үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдал

By: Admin
2024-11-22
0
1062

2022 оны гуравдугаар сарын сүүлчээр болсон аймгийн Мал эмнэлгийн салбарын ажилтнуудын нэгдсэн сургалт зөвлөгөөний үеэр аймгийн Мал эмнэлгийн газрын удирдлагуудын зүгээс хийсэн мэдээлэл болон МЭГ-ийн дарга Ц.Батцэнгэлийн тавьсан илтгэлээс тоймлон хүргэж байна.

Монгол улсын засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-д хилийн боомтууд, эрчим хүчний систем, аж үйлдвэржилт, хот, хөдөөгийн хөгжил, ногоон хөгжил, төрийн бүтээмжийн сэргэлтийг бий болгоно хэмээн тунхаглажээ.

Өнөөгийн нөхцөлд Монгол Улс байгалийн баялгийнхаа 90 хувийг боловсруулалт хийлгүйгээр хямд үнээр гаргаж, дотоодын хэрэглээнийхээ 90 хувийг гадаадаас худалдан авч байгаа нь аж үйлдвэржилтийн бодлого алдагдсаны гашуун сургамж юм. Мал аж ахуйн орон атлаа жилд 15.0 сая арьс ширийг хаягдал болгож байна. Эдгээр түүхий эдийг боловсруулан, бүтээгдэхүүн болговол эдийн засагт үлэмж нэмэртэй байх ёстой. Бид зэсээ баяжуулж, нүүрсээ угааж, алтаа цэвэршүүлж, газрын тосоо боловсруулж, хүнсний хэрэгцээгээ дотоодын хүнсний бүтээгдэхүүнээр хангаж, түүхий эд нийлүүлэгч улсаас аж үйлдвэржсэн улс болох юм бол сая эдийн засгийн тусгаар тогтнолыг олж, улсын бие даасан байдлын суурь баталгаа бүрдэх юм. Түүнчлэн хот хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг бий болгох нь бидний нэн тулгамдсан асуудал. Манай Улс нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд нэгдүгээрт жагсдаг. Гэтэл өнөөдөр нийт нутаг дэвсгэрийн 0.3 хувийг эзлэдэг нийслэл Улаанбаатар хотод Монгол улсын хүн амын 50 гаруй хувь нь амьдарч байна. Их дээд сургуулиудын 90 хувь, худалдаа үйлчилгээний 86 хувь, нийт хадгаламжийн 81 хувь, бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 76 хувь нийслэлд төвлөрч, Дотоодын нийт бүтээгдэхүүний 65 хувийг Улаанбаатар хот дангаараа үйлдвэрлэж байгаа нь хот хөдөөгийн тэнцвэр алдагдсаныг харуулж байгаа хэрэг бөгөөд хөгжлийг хөдөө рүү чиглүүлэх бодлого явуулах шаардлагатай болж байгаа юм.

Энэ үүднээс Ховд аймагт  “Шинэ Ховд” баруун бүсийн хөгжлийн корпорацийг байгуулан ажиллуулахыг хичээж байгаа. Корпорацийн үйл ажиллагааны хүрээнд үйлдвэрлэл технологийн парк, /Барилга, хүнс, арьс шир, ноос ноолуур, хөнгөн үйлдвэр гэх мэтийн 22 чиглэлийн үйлдвэр/, “Ховд” агро паркийн төслийг хэрэгжүүлж, гүйцэтгэгчдийн  сонгон шалгаруулах ажил явагдаж байгаа. Ховд агро парк төслийн хүрээнд малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэр- мах, сүү, эрчимжсэн ах ахуй, гахай, шувуу, хурга, мах сүүний үхэр гэх мэтийн 16 чиглэлээр мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх ажлууд хийгдэх юм.

Засгийн газрын  мөрийн хөтөлбөрт мал эмнэлгийн тогтолцооны шинэчлэлийг төгөлдөржүүлж, халдварт, гоц халдварт өвчинтэй тэмцэх, гоц халдварт өвчингүй, тайван бүсийг баталгаажуулж, мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний экспортын боломжийг нээх, мөн мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих замаар мах, ноос, ноолуур, арьс шир боловсруулах үйлдвэрийн бүтээмжийг нэмэгдүүлэхээр тусгагдсан.

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт:

  1. Хөдөө аж ахуйн болон Мал эмнэлгийн газрын барилгыг шинээр барьж ашиглалтад оруулах. /2022-2023 он улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ХААГ-ын барилгыг шинээр барих/
  2. Мал эмнэлгийн лабораторийн барилгад их засвар хийж, өргөтгөн Баруун бүсийн мал эмнэлгийн судалгаа шинжилгээний төв байгуулж, лабораторийн оношилгооны хүчин чадлыг нэмэгдүүлэн, шинжээч эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах /МААЭЗЭН-лэх төсөлтэй хамран ажиллах/

3.“Мал амьтны эрүүл мэндийг хамгаалах” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг жил бүр төлөвлөн хэрэгжүүлэх /2019-2022 он 3 хугацаатай хэрэгжүүлээд сунгагдсан/

  1. Сум бүрт стандартын шаардлага хангасан, байгаль орчинд ээлтэй, орчин үеийн технологи ашигласан мал угаалгын ванн барьж, мал угаалгын ажлыг тогтмолжуулж, чанар, үр дүнг нэмэгдүүлэх. /Улс, орон нутгийн төсөвт тусгуулан нийт 44 мал угаалгын ванн засварлаж барих шаардлагтай, Дөргөн,Чандмань, Дарви, Зэрэг, Цэцэг, Дуут, Буянт баригдсан/
  2. Сумдын мал эмнэлгийн тасаг, нэгж, малын эмч нарын ажиллах орчин нөхцөл, мэргэжил ур чадварыг сайжруулах. /Дарви, Чандмань, Буянт, Мянгад, Мөнххайрхан, Мөст сумдын байр, Молекул биологийн шинжилгээний PCR арга зүйд 5 эмчийг хамруулсан/
  3. Мал эмнэлгийн нэгдсэн цахим системийг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэх.
  4. Халдварт, гоц халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол авч хэрэгжүүлж, тандан шинжилгээг цаг тухай бүрт хийж, гоц халдварт өвчингүй бүс нутгийн статустай болох зорилтууд тусгагдсан.

Тэрчлэн “Малын эрүүл мэнд” аймгийн дэд хөтөлбөр /2019-2021/-т “сум бүрт стандартын шаардлага хангасан, байгаль орчинд ээлтэй, орчин үеийн технологи ашигласан мал угаалгын ванн барьж, мал угаалгын ажлыг тогтмолжуулж, чанар, үр дүнг нэмэгдүүлэх тухай заалт бий. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд өртгийг нь улс, орон нутгийн төсөвт тусгуулан нийт 44 мал угаалгын ванн засварлаж, барих шаардлагтай бөгөөд одоогийн байдлаар Дөргөн,Чандмань, Дарви, Зэрэг, Цэцэг, Дуут, Буянт суманд мал угаалгын ванн баригдсан.

 

Мал эмнэлгийн Лабораторийн

шинжилгээ, оношилгоо /2021 он/

 

Мал эмнэлгийн лаборатори 2021 онд жилийн эцсийн байдлаар УМЭАЦТЛ-той байгуулсан гэрээний дагуу улсын санхүүжилтээр 4, орон нутгийн санхүүжилтээр 2, байгууллагын үйл ажиллагааны зардлаар 3, санхүүжилт батлагдаагүй 1, нийт 10 төрлийн тандах шинжилгээ хийж гүйцэтгэсэн. Тус лаборатори нь жилд дунджаар 20.0 гаруй дээжинд тандах шинжилгээ хийж, дүнг нь гаргаж Мал эмнэлгийн газар болон Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, мөн Мал эмнэлгийн Ерөнхий газарт тайлагнадаг.

            Лабораторийн барилгын ажиллах орчин нөхцөл, био аюулгүй байдлыг  сайжруулах зорилтын хүрээнд 274.5 сая төгрөгийн төсөвт өртөгтэй Мал эмнэлгийн лабораторийн барилгын их засварын ажлын төсөв боловсруулж, засварын ажлыг санхүүжүүлэх саналыг НҮБ-ын Хүнс Хөдөө аж ахуйн байгууллагын “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх нь” төсөлд танилцуулж 2022 онд их засварыг ажлыг эхлүүлэхээр тогтоод байна.

            Мөн Мал эмнэлгийн лабораторийн оношлогооны чадавхи, хүчин чадлыг нэмэгдүүлэхэд нэн шаардлагатай байгаа 264.0 сая төгрөгний өртөг бүхий 146 нэр төрлийн 429 ширхэг лабораторийн тоног төхөөрөмж, хэмжих хэрэгсэл, оношлуур урвалжыг 2022 онд тус төслөөс нийлүүлж бүсийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах орчин, нөхцөл боломжоор хангаж дэмжлэг үзүүлэх хөрөнгө оруулалтын нэн чухал саналыг бидэнд ирүүлээд байна

МААЭЗЭН төслийн санхүүжилтээр МЭЕГ-тай хамтран зохион байгуулж буй “ISO 17025:2017 Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага” болон “Лабораторийн менежмент”-ийн сургалт, Молекулбиологи /PCR/-н шинжилгээний аргачлалын дадлага олгох сургалтанд Мал эмнэлгийн лабораторийн холбогдох шинжээч нарыг хамруулж, үйл ажиллагаагаа стандартад нийцүүлэн, 2022 онд гурав дахь удаагаа “Лабораторийн итгэмжлэл”-д хамруулахаар бэлтгэлийг нь ханган ажиллаж байна.

            Цаашид лабораторийн шинжилгээ, оношлогооны чадавхийг улам бэхжүүлж, молекул биологийн түвшний баталгаажуулах шинжилгээг орон нутагтаа хийхээр зорьж байгаа ба Ховд аймгийн Мал эмнэлгийн лабораторийг Био аюулгүй байдлын II-III зэрэглэлийн бүсийн лаборатори болгож, бүсийн лабораторийн статустайгаар үйл ажиллагаа явуулахын тулд хөрөнгө оруулалт болон мэргэшсэн шинжээч бэлтгэх бодлого боловсруулан НҮБ-ийн ХХААБ-ын МААЭЗЭН төсөл, МЭЕГ-тай хамтран ажиллаж байна.

            Бүсийн лабораторийн статустай үйл ажиллагаа явуулсанаар бүс нутагт гарч буй халдварт, шимэгчтэх, хордлогот өвчний онош баталгаажуулах шинжилгээг цаг алдалгүй хийж, шинжилгээний дүнг үндэслэн элдэв өвчинтэй тэмцэх хариу арга хэмжээг богино хугацаанд авч хэрэгжүүлэх боломж бүрдэх юм. Мөн олон улсад экспортлох мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд шинжилгээ хийж, хил дамжин халдварладаг өвчнүүдээс ангид буюу эрүүл эсэхийг баталгаажуулж экспортлох боломж бүрдэх юм.

 

 

 

 

 

Халдварт өвчний гаралт, түүнийг

эсэргүүцэн, арилгах арга хэмжээ

 

Шүлхий өвчний гаралт тархалтын шалтгаан нөхцөлийг аймгийн Мал эмнэлгийн газар, Мал Эмнэлгийн Ерөнхий газар, Дэлхийн банкны МААЭЗЭН төслийн олон улсын болон үндэсний экспертүүдтэй хамтран судалж, БНХАУ-аас халдвар орж ирсэнийг тогтоосон. Өвчний анхны голомт болох Булган сумын Халзан, Харцагат хэмээх газрууд нь БНХАУ, Монгол улсын хил дээр оршдог,  Монгол улсын хил тухайн хэсгээрээ хилийн хамгаалах торгүй, Алаг толгой багийн үхэр мал БНХАУ-ын хилийн торонд хүрч, Хятадын үхэр малтай торны наана цаанаас шууд харьцаж нэгддэг байсан байна.

Шүлхий болон бусад гоц халдварт өвчний үед халдварын тархалтыг хумих, таслан зогсоох хамгийн гол арга бол хорио цээрийн дэглэм буюу бүх төрлийн хөдөлгөөнийг бүрэн хорих явдал байдаг. Гэтэл сумдын удирдлагууд, сумын онцгой комиссын гишүүд хорио цээрийн дэглэмийг мэргэжлийн байгууллагаас өгсөн заавар зөвлөмж, хууль журмын дагуу хатуу хэрэгжүүлж чадаагүй. Мөнххайрхан, Манхан, Үенч, Чандмань, Дөргөн, Цэцэг, Мянгад сумын удирдлагууд хяналтын постыг хугацаанаас нь өмнө дур мэдэн татан буулгасан, хяналтын постуудад ажиллах албан хаагч олдохгүй, ажиллаж буй албан хаагч нар нь хариуцлагагүй, хайхрамжгүй сул ажилласан, мөн сүүлийн 3 жил үргэлжилж байгаа короновуирусын халдварын улмаас сум орон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтны ажлын үр өгөөж сулрах хандлага ажиглагдах болсон, ажил гүйцэтгэх  албан хаагч нар нь ар араасаа ковидын халдвар авсан, ажиллах хүч дутагдах асуудал сум бүрт тулгарч байсан зэрэг нь өвчин тархахад нөлөөлсөн гэж үзэж байгаа.

Ковидтой холбоотойгоор 14 суманд хорио цээрийн дэглэм хэрэгжүүлсэн бөгөөд үүнд эргүүл, пост, томилолт, хоол унаа, шатахуун, дайчилгаанд ажилласан зардал зэргээр аймгийн хэмжээнд нийт 298.8 сая төгрөгийн зардал гарсан. Үүнээс аймгийн Онцгой комиссоос 97,0 сая төгрөгийн шатахууны зардлыг 3 сарын 25-ны хурлаар шийдвэрлэсэн. Голомтод ажилласан малын эмч нар албан хаагч нарын томилолт хоолны зардлыг УОК-т уламжилсан боловч одоо болтол шийдэгдээгүй байна. Ковидын эсрэг арга хэмжээнд Мал эмнэлгийн салбарын нийт 50 гаруй малын эмч нар дайчлагдан, ариутгал халдваргүйтгэл, эргүүл, постонд давхардсан тоогоор нийт 200 гаруй хоног ажилласан байна. Тэрчлэн ковид цар тахлын эсрэг арга хэмжээнд мал эмнэлгийн салбарын хэмжээнд 47,5 сая төгрөгийн зардал гарчээ.

 

Цаашид аль голчлон анхаарч ажиллах  чирглэлүүд

 

2022 оныг Халдварт өвчинтэй тэмцэх жил болгосон бөгөөд үүний хүрээнд малын халдварт болон бусад өвчнийг эрт илрүүлэн, арга хэмжээ авах ажлыг улам эрчимжүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж буй.

Ховд аймгийн Мал эмнэлгийн газар нь энэ 2022 онд нийт 13 зорилтыг дэвшүүлж, тэдгээрийн хүрээнд 63 ажил үйлчилгээг хэрэгжүүлэхээр Мал эмнэлгийн ерөнхий газартай гэрээ байгуулжээ. Үүнд:

  1. Салбарын бодлого чиглэл, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр 12 ажил
  2. Гоц халдварт, халдварт өвчинтэй тэмцэх арга хэмжээний хүрээн дэх 10 ажил
  3. Мал эмнэлгийн хяналт үнэлгээ, эрүүл ахуйн ажлыг эрчимжүүлэх талаар 6 ажил
  4. Мал эмнэлгийн нэгдсэн системийн хэрэгжилт сайжруулахад чиглэлдсэн 6 ажил
  5. Малын эм бэлдмэл, эмийн зохистой хэрэглээг сайжруулах 7 ажил
  6. Малын эмч, мэргэжилтнүүдийн чадавхийг сайжруулах талаар 3 ажил
  7. Батлагдсан төсвийн зарцуулалт, эд хөрөнгийн бүртгэлийг сайжруулахтай холбоотой 5 ажил
  8. Мал эмнэлгийн хяналт, баталгаажуулалтыг сайжруулахад чиглэгдсэн 2 ажил
  9. “Хариуцлагатай тунгалаг төр” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулахад чиглэгдсэн 3 ажил
  10. Мэргэшсэн хариуцлагатай төрийн албыг бэхжүүлэх чиглэлээр 4 ажил  
  11. Төрийн албаны шинэчлэлийг хэрэгжүүлж, иргэн төвтэй мэргэшсэн, хариуцлагатай албыг бэхжүүлэх чиглэлээр 4 ажил
  12. Архив, албан хэрэг хөтлөлт, дүн бүртгэл акт баримтын чанарыг сайжруулахтай холбоотой 2 ажил
  13. Хүний нөөц, боловсон хүчний чадавхийг сайжруулахад чиглэгдсэн 3 ажил тус тус хамрагдаж байна.  


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
7 + 3 =

Create Account



Log In Your Account