Хүрээлэн буй орчин- хариуцлага, ил тод байдал
“Ховдын толь сонин” НҮТББ-аас Ховд аймгийн түвшинд эрдэс баялаг уул уурхайн хариуцлага, ил тод байдлын асуудлаар ажиглалт, хяналт, шинжилгээний ажлыг 2020 оноос явуулж ирсэн бөгөөд урьд нь манай сонинд энэ тухай хэд хэдэн удаагийн нийтлэл мэдээллүүд гарч, олны хүртээл болж байсан. Харин энэ удаад тухайн асуудлаарх Ховд аймгийн өнөөгийн нөхцөл байдлыг тоймлон танилцуулахаас гадна ил тод байдал, хариуцлагын талаарх нийтлэг зарчим, ухагдахуун, үндэсний болон олон улсын түвшин дэх мэдээллийн цогцуудаас хураангуйлан хүргэж, уншигчдын мэдэх эрхэд үйлчлэхийг чухалчилав.
Тэрчлэн Нийтийн сонсголын тухай хуулинд нийцүүлэн сонсгол зохион байгуулах саналыг аймгийн ИТХ-д 2023 оны 8 дугаар сараас хойш тавьсан бөгөөд эл асуудал хойшилсоор өдгөөг хүрсэн ч энэ оны 6 дугаар сарын эхний 10 хоногт сонсголыг зохион байгуулахаар ИТХ-аас тов тогтоосныг мэдэгдэж байна. Тэгэхээр байгалийн эрдэс баялаг, уурхайн хайгуул олборлолтын салбарт үйл ажиллагаа явуулахад ямар нийтлэг ухагдахууныг суурь болгох ёстой вэ гэдгийг эхэлж авч үзье.
Эрдэс баялаг уул уурхайн салбар дахь хариуцлага, ил тод байдлын нийтлэг зарчим
- БАЙГАЛЬ ЭХ, ГАЗАР ДЭЛХИЙ БОЛ АРД ТҮМНИЙ ҮЕИЙН ҮЕД ОРШИХ, ОРШИХУЙН ЭХ ҮНДЭС, БАТАЛГААГ ГАГНАСАН ГАГНААС ЮМ.
- Байгалийн нөөцийн алсыг харсан менежмент чухал.
- АЛЬ Ч УЛС ТҮМЭНД ЯЛГААГҮЙ МАШ УХААЛАГ, ХОЙЧИЙН ИРЭЭДҮЙГ БОДСОН БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ ЭНЭ САЛБАРЫН ҮНДСЭН ШААРДЛАГА БОЛНО
- Бүртгэл, тайлагналт, аливаа шийдвэрүүд, гэрээ контракт, үйл ажиллагаа нь бүхэлдээ аливаа улс төрөөс болон, улс төр бизнесийн эрхшээлээс хараат бус бие даасан, мэргэжлийн чиг хандлагыг эрхэмлэсэн байх ёстой.
ОҮИТБС-ЫН АМЬДРАЛД ХЭРЭГЖҮҮЛЭХ ЁСТОЙ ГОЛ ЗАРЧМУУД
Олон Улсад нийтлэг эрхэмлэж буй тулгуур таван зарчим
Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын зарчмууд
- Талуудын тэгш оролцоог хангах, оролцоонд суурилсан байнгын хяналтыг хэрэгжүүлэх
- Бүртгэл, тайлагналт, аливаа шийдвэрүүд, гэрээ контракт, үйл ажиллагаа,
хяналтын мэдээллүүдийг байнга ил тод, нээлттэй байлгах
- Эцсийн өмчлөгчийг ил тод болгох/байлгах/
- Эрх зүйн орчинг бүрдүүлэхэд талуудын оролцоог жигд хангах
- Мэдээллийн хүртээмжийг тасралтгүй өргөжүүлэх зэрэг юм.
Тэрчлэн Олборлох салбарын ил тод байдлын олон улсын стандартыг боловсруулан баталж, улс орон болгон түүнийг хэрэгжүүлж ажиллах шаардлага тавигдсаар ирсэн бөгөөд энэхүү стандарт шаардлага нь юуны өмнө хүн төрөлхтний язгуур эрх, ашиг сонирхол, зохицон амьдрах, дэлхий дээр оршин тогтнох нийтлэг тулгуур ухагдахуунуудад зохих хэмжээгээр суурилснаараа үнэ цэнэтэй баримт бичиг юм. Энэхүү 6 бүлэг, 280 зүйл бүхий баримт бичгээс уншигч та бүхэнд зөвхөн үндсэн суурь зарчим хэсгээс нь цохолборлон толилуулбал:
6 Гэрээ болон хууль тогтоомжийг дээдэлж байж илүү ил тод байдлыг хангана!
Монгол Улсын түвшинд уул уурхайн салбар дахь зарим гэрээ ялангуяа орон нутгийн гэрээний баримт бичгүүд харьцангуй ил тод болсон ч нэн ялангуяа газрын тосны чиглэлээрх гэрээ ил тод бус. Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйл дэх заалтын хэрэгжилт хангалттай биш, Аливаа этгээдийн эрх ашгийг хөндсөн Захиргааны шийдвэр гаргах, гэрээ байгуулахад эрх ашиг нь хөндөгдөж буй этгээдүүдийн (нутгийн иргэд) саналыг сонсох зорилгоор сонсох ажиллагаа заавал явуулах тухай Захиргааны Ерөнхий хуулийн 26.1 дэх заалтын хэрэгжилт нэн хангалтгүй байгаа. Энэ талаарх эрх зүйн ямар зохицуулалтууд байдаг вэ гэвэл Засгийн газрын 179 дүгээр тогтоолоор батлагдсан орон нутгийн гэрээ байгуулах жишиг загварчлалыг голчлон дурьдах ёстой бөгөөд уг тогтоолын хавсралтанд “гэрээг байгуулмагц талууд өөрсдийн цахим сайтад ажлын 3 хоног дотор нийтлэх, Олборлох үйлдвэрлэлийн дэд зөвлөлд ажлын 5 хоног дотор хүргүүлэх, Иргэдэд сар бүр мэдээлэл хүргэх, гэрээг байгуулах хэлцлийн явцад олон нийтийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулах гэсэн үүрэгжүүлсэн заалтууд бий. Харин хэрэгжилтийн хувьд гэвэл үндэсний түвшинд авч үзэхэд тийм ч шуурхай бус, зарим нь сайтдаа байршуулдаггүй, хэрэгжилт тааруу, газрын тосны салбар дахь гэрээнүүд ихэнх нь ил тод тавигдаагүй, (гэрээг ил тод байршуулсан байдал нь дунджаар 50 хувьтай) тогтоолын зарим заалтад өөрчлөлт оруулах шаардлага ажиглагддаг гэх мэт асуудлууд байгаа. Ховд аймгийн хувьд бол iltodgeree.mn цахим сайтад гэрээгээ байршуулсан нь МоЭнКо компаний ихэнх гэрээ, мөн “Талст молор” компанийн ганц нэг ус, газар ашиглах гэрээнүүдээс бусад нь ил тод бус байсаар байна. Тэрчлэн Ховд аймаг болон МоЭнКо компаний хооронд 2021 онд шинэчлэн байгуулсан хамтран ажиллах гэрээг аймгийн Засаг даргын Тамгын газар өөрийн цахим сайтад байршуулаагүй явж ирсэн ба 2022 оноос хойш манай байгууллага болон ОҮИТБС-ын дэд зөвлөлөөс удаа дараа сануулж, шаардсаар авч хэрэгжихгүй байгаа нь тоогүй. Энэ талаар бага зэрэг дэлгэрүүлвэл:
Ховд аймгийн Засаг дарга болон МоЭнКо компаний хооронд 2021 онд шинэчлэгдэн байгуулагдсан хамтран ажиллах гэрээний 25 дугаар зүйлийн 25.1-д заасны дагуу батлагдсан гэрээг тухайн гэрээ батлагдсанаас хойш ажлын 3 хоногийн дотор Засаг даргын Тамгын газрын цахим хуудсанд байршуулах ёстой ч гэрээний хүчинтэй хугацаа дуустал Ховд аймгийн Захиргааны байгууллагын (гэрээ байгуулсан нэг тал) цахим сайтад тавигдалгүй явж ирсэн. Мөн гэрээний 25.2-т заасны дагуу гэрээний хэрэгжилтийг жил бүрийн 1 дүгээр сард багтаан дүгнэхээр заасан байдаг ч гэрээний хэрэгжилтийг мөн нэг ч удаа дүгнээгүй билээ. Гэрээний заалтын дагуу МоЭнКо компаниас Ховд аймгийн төсөвт, орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлж буй, мөнгөн хөрөнгийн бүрдэл, ялангуяа зарцуулалтын мэдээлэл ил тод бус, юунд зарцуулж буй нь тодорхойгүй, хаалттай байгаа нь Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын стандарт, шаардлагууд зөрчигдөж байгаа бас нэг жишээ болж байна. Тиймээс энэхүү мөнгөн хөрөнгийн орлого төвлөрүүлэлт, зарцуулалтанд талуудын болон иргэдийн оролцоотой хяналт шалгалт хийлгэх, улмаар түүнийг ил тод нээлттэй болгоход чиглэгдсэн тодорхой загвар боловсруулах шаардлага байсаар байна. Хууль ёсны үүрэг хариуцлагынхаа дагуу аймаг, сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газар нь хамтран ажиллах гэрээ байгуулвал зохих уул уурхайн тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй хэлэлцээр үүсгэх, улмаар Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийг 42.2-т заасны дагуу гэрээ байгуулах тухай хэлэлцээр үүсгэж буй тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Орон нутгийн Захиргааны байгууллагатай хамтран тухайн асуудлаар олон нийтийн хэлэлцүүлэг явуулах үүрэгтэй ч, уг асуудлаар хэлэлцүүлгүүдийг зохион байгуулах алхмууд ер хийгдэхгүй байсаар байна. Тэрчлэн Ховд аймгийн Засаг дарга хийгээд МоЭнКо компаний хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээг шинэчлэн байгуулах ажлын хэсэг 2025 оны 1 дүгээр сард байгуулагдсан тул энэхүү гэрээг шинэчлэн байгуулах үйл ажиллагааг хууль журмын дагуу талуудын болон олон нийтийн оролцоог хангаж ил тод нээлттэйгээр зохион байгуулах шаардлага тавигдах ёстой. Амьдрал дээр олон нийт болон холбогдох талууд энэ талаар үндсэндээ мэдээлэлгүй байна.
Стратегийи буюу нийтийн эрхийн өмгөөллийн үйл ажиллагаа нь хүний эрх болон нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, хуулийн харэгжилтийг хангах, жишиг тогтоох, хууль тогтоомж эрх зүйн бусад актыг боловсронгуй болгох, иргэдийн боловсролыг дээшлүүлэх, шийдвэр, зөвлөмж, дүгнэлтийн гүйцэтгэлийг хангах зэрэг цогц үйл ажиллагааг агуулдаг. Өмгөөллийн үйл ажиллагаа нь хэдийгээр саад бэрхшээлийг тойрдоггүй ч, эрх зүйн шинэчлэл, олон нийтийн хандлагыг зөв гольдролд чиглүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг.
Манай байгууллага 2022 оноос эхлэн Ховд аймгийн Мянгад сумын нутаг Халзан бүрэгтэй дэх “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК-ны үйл ажиллагаатай холбоотой зөрчилтэй асуудлууд, нийтийн эрх ашигт харшлаж буй зүйлүүд болон Цэцэг сумын нутаг Цагаан эргийн хууль бус олборлолт, авлига, байгаль орчинд учруулсан хохирлыг шүүх байгууллага хэрхэн шийдвэрлэж байгаа тухайд стратегийн өмгөөлөл явуулж байна. Халзан бүрэгтэйн асуудлаар 2022-2023 оны байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх менежментийн төлөвлөгөөг хууль зөрчин баталж, хууль бус үйл ажиллагаа явуулсныг нягтлан судлаж, нотлох баримтуудаар нотлон, Ховд аймаг дахь захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдүүлсэн бол “Монголиан нэшнл рийр ийрт корп” компаний одоо эзэмшиж байгаа ашиглалтын тусгай зөвшөөрөл хууль бус болох, тэрчлэн тус компани байгаль орчныг хамгаалах, хүрээлэн буй орчин, хүн, мал, амьтанд хор хөнөөл учруулахаас сэргийлэх хуулиар хүлээсэн үүргээ хөсөрдүүлсээр байгаа ноцтой асуудлуудыыг мөн нарийвчлан судлаж тогтоогоод, хуулийн дагуу Байгаль орчин аялал жуулчлалын яамаар дүгнэлт гаргуулах асуудлыг Мянгад сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Ховд аймгийн Засаг даргатай хамтран тавьсан. Яаман дээр тухайн асуудлыг шийдвэрлэх нь хүлээгдэж байна. Эдгээр нь иргэд олон нийт, оршин суугчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах, нийтийн эрх, эрх чөлөөг дээдлэхэд чиглэгдсэн зайлшгүй үйл ажиллагаа юм. Судалгаа, өмгөөллийн явцад илэрсэн нарийн тодорхой асуудлуудыг мэдээлэх, холбогдох албаны хүмүүст болон оролцогч талууд, тэрчлэн олон нийтэд таниулах, цаашдын эрсдлээс сэргийлэх үүднээс эдгээр асуудлаар болон эрдэс баялаг, уул уурхайн салбар дахь хариуцлага, ил тод байдлын асуудлаар 2023 оны 7 дугаар сард аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албатай хамтран нийтийн сонсгол зохион байгуулсан. Тэрхүү нийтийн сонсголын үр дүнд тодорхой дүгнэлт гарч, тухайн үеийн аймгийн Засаг дарга болон холбогдох албаны хүмүүст хугацаатай албан даалгавар, зөвлөмж өгөгдсөн. Гэтэл тэр албан даалгавар зөвлөмжийн мөрөөр Засаг дарга хийгээд албаныхан огт санаа тавиагүй, ажил зохиогоогүй, арга хэмжээ аваагүйгээр барахгүй, ИТХ-аас албан ёсоор хоёронтоо шаардахад нь “бид энэ талаар анхаарах боломжгүй байна” гэсэн хариуцлагагүй хариу өгсөн байдаг. Тиймээс бид энэ мэт асуудалд хариуцлага нэхэх гэхчлэн дурьдан буй салбар дахь ил тод байдал, хариуцлагын асуудлаар судалгаа, хяналт шинжилгээний ажлыг үргэлжлүүлэн гүйцэлдүүлж, цогц дүгнэлт, зөвлөмжийг гарган, тухайн асуудлаар хуулийн дагуу нийтийн сонсгол явуулах саналын хамт 2024 оны 11 дүгээр сарын 28-ний өдөр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, аймгийн Засаг даргад албан ёсоор хүргүүлсэн. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга болон ажлын алба уг саналын дагуу нийтийн сонсгол зохион байгуулна гэж амаар хариу өгсөн ч, товолсон хугацаагаа өдгөө хоёронтоо хойшлуулаад байна. Харин аймгийн Засаг даргын хувьд бидний хүргүүлсэн саналд ямар нэг хариу өгөлгүйгээр даруй гурван сар өнгөрсөн учир манай байгууллагаас 2025 оны гуравдугаар сарын 13-ны өдөр санал зөвлөмжийг дахин албан ёсоор давтан хүргүүлсэн. Түүнээс хойш мөн 2 сар гаруйгийн хугацаа өнгөрөөд байгаа боловч бас л ямар нэг хариу өгөөгүй хэвээр байна. Нийтийн сонсгол явуулж, ажил хариуцсан хүмүүс, холбогдох талууд мөн олон нийтэд мэдээлэл өгөх саналыг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд удаа дараа шаргуу тавьсаар байгаа бөгөөд, товыг хэдэнтээ хойшлуулсан хэдий ч 6 дугаар сарын эхний 10 хоногт зохион байгуулна гэсэн амлалт өгөөд байгаа юм.
Стратегийн өмгөөллийн туршид хуримтлуулсан мэдээлэл, илрүүлэн тавьсан гогцоо асуудлуудын тухай системчилсэн тойм мэдээллийг дараах зурган таниулгуудаас үзнэ үү.
Харин одоо бидний хэрэгжүүлж буй үйл ажиллагааны үр дүнд бий болсон хийгээд холбогдох байгууллага, газрууд ажил хариуцсан хүмүүст санал болговол зохих зөвлөмжүүдийн тоймыг толилуулъя.
Төрийн байгууллагууд үүрэг хариуцлагааа сайтар ухамсарлах, хуулийн хүрээнд иргэний нийгэм, шинжээчид, мэргэжлийн байгуулагууд, иргэд олон нийт, хувийн хэвшил гэхчлэн бүх талуудтай хамтран ажиллахад суралцах, Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагааг заагдсан нөхцлөөр заавал явуулж хэвших, Хөндлөнгийн хяналтыг нэвтрүүлэх, аливаа шийдвэр гаргахад бүх талуудын санал бодлыг харгалзан үзэх гэх мэт оролцооны арга барилуудыг цаашид тасралтгүй хөгжүүлэх, Захиргааны байгууллага, албаны эрхэмүүд маань Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжуудад заагдсан нийтийн эрх, хүний эрхийг хамгаалах үүргээ сайтар ухамсарлах, Ил тод, нээлттэй байдлыг бодитоор хэрэгжүүлэх, зөвлөмж, шүүмж, саналуудад ач холбогдол өгч хэвших нь үгүйлэгдсээр байна гэж хөтөлбөр хэрэгжүүлэгчдийн зүгээс дүгнэсэн болно.
Тиймээс: Нэгдүгээрт: орон нутгийн хамтран ажиллах гэрээг дүгнэж, талуудын болон олон нийтийн хяналтыг сайжруулах, тайланг ил тод болгох, бодит дүнг нягтлан үзэх боломж бүрдүүлэх. ОҮИТБС-гын дэд зөвлөл болон хөтөлбөрийн багаас санал болгосны дагуу гэрээг дүгнэхэд бүх талын оролцоог хангах, давхар хяналт тавих боломж бүрдүүлэх, Хамтран ажиллах гэрээг шинээр эсвэл шинэчлэн байгуулахад хуулийн дагуу тухайн үйл явцын мэдээллүүдийг мөн гэрээний төслийг олон нийтэд нээлттэй байлгаж, бүх талуудын болон иргэдийн оролцоог хангах, саналыг тусгах, хөндлөнгийн хараат бус хяналтыг хэрэгжүүлэхийг зөвлөмжилж байгаа юм. Мөнхүү гэрээ байгуулаагүй тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй оролцоог хангасан, нээлттэй, ил тод байдлаар хэлэлцээр үүсгэж, гэрээ байгуулах ажлыг хэрэгжүүлэхнь чухал;
Хоёрдугаарт: Мянгад сумын нутаг дахь Халзан бүрэгтэйд тусгай зөвшөөрөл эзэмшиж буй аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанаас үүдэлтэй ард иргэдийн үндсэн хуулиар олгогдсон эрх зөрчигдөж, чимээгүй аюул нүүрлээд буйг онцгой анхаарч хуулийн дагуу нийтийн эрхийг хамгаалах чиг үүргээ хэрэгжүүлэх. Тусгай зөвшөөрөл эзэмшигч зориудаар худал мэдээлэл түгээх, албан тушаалтнууд хууль зөрчих, бусармаг зүйлийг аялдах явдлууд байгааг анхаарч, тухай бүр таслан зогсоох арга хэмжээ авах. “Халзан бүрэгтэй”-д өрнөж буй үйл явдлыг тойрсон хууль бус асуудлууд, аюул хөнөөлийн талаар үнэн мэдээллүүдийг нийтэд хүргэж, мэдэх эрхийг хангах, сонсгол, өргөн хэлэлцүүлэг өрнүүлэх, сургамжийг таниулах зэрэгт Захиргааны байгууллагаас хуулийн хүрээнд үүргээ хэрэгжүүлж ажиллах.
Гуравдугаарт: “Цагаан эргийн хэрэг явдал”-ын тухайд төрийн байгууллагууд (Байгаль орчны яам, аймаг, сумын Засаг дарга, ИТХ) хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх. Хэргийг шүүхээр шийдвэрлэхэд хууль ёсны хохирогчийг оролцуулахгүй байгаа явдлыг анхаарч, энэ талаар гомдол, санал гарган, таслан шийдвэрлэх ажлыг хуульд нийцүүлэхийн төлөө тэмцэх, Цагаан эрэгт учирсан экологи, эдийн засгийн хохирлыг бодитоогоор арилгахад чухалчилан анхаарах” гэсэн санал зөвлөмжүүдийг дэвшүүлэн тавьж байгаа юм. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг дарга, Тамгын газрын зүгээс энэ асуудлаар нийтийн сонсголыг хуулийн дагуу зохион байгуулах бололцоог хангаж, хамтран ажиллана гэдэгт найдсаар байгаа билээ.
2025 оны 3 дугаар сард NRGI олон улсын судалгааны байгууллага болон олон Улсын “Төлсөн авснаа нийтэл” эвсэл, Авилгатай тэмцэх хорооноос мөн нэр бүхий эрэн сурвалжлах сэтгүүлчийг оролцуулан, өнөөгийн нөхцөлд улс орнуудад нийтлэг тулгарч буй уурхай олборлолт, хүрээлэн буй орчны тулгамдсан асуудал, зөрчил мөргөлдөөний асуудлаар томоохон хэлэлцүүлэг зохион байгуулжээ. Тэрхүү хэлэлцүүлгийн голлох оролцогчид болох Сюзанна Фицжералд - NRGI, Аарон Сайн - NRGI, Кетакандриана Рафитосон – “Төлсөн авснаа нийтэл” эвсэл, Диан Патриа – KPK (Авлигатай тэмцэх хороо, Индонез), Леа Перучон –Эрэн сурвалжлах сэтгүүлч нарын илтгэл мэдээлэлд гарсан үндсэн санааг тоймлон толилуулъя:
“Геополитикийн маргаанаас эхлээд ард түмний эсэргүүцэл хүртэл ашигт малтмалын асуудлаарх хурцадмал байдал, өрсөлдөөн дэлхий даяар улам ширүүсч байна. Энэхүү эмх замбараагүй байдал нь ихэнхдээ ашигт малтмалыг олборлож, борлуулж ашиг олох эрхийг булаалдсан булаалдаан хийгээд экосистемд үзүүлэх сөрөг нөлөөлөл гэсэн хоёр чухал асуудал дээр төвлөрдөг. NRGI-ийн судалгаагаар өнөөгийн нөхцөлд хаа сайгүй авлигад идэгдсэн ноцтой төлөв байдал үүссэн нь илт болсон. Тэрчлэн судалгаагаар шилжилтийн үеийн ашигт малтмалын нөөц ихтэй 30 улс оронд лиценз, гэрээтэй холбоотой авлигын 53 тохиолдол илэрсэн. Эдгээр хэргүүд нь ихэвчлэн Австрали, Канад, Хятад, Орос, Швейцарь, Их Британи, Франц, АНУ зэрэг нөлөө бүхий орнуудад байрлах компаниудтай холбоотой байдаг” гэсэн байна.
Тэгвэл уугуул иргэдийн идэвхтэн, зохиолч, Соёлын үнэт зүйлсийг эсэн мэнд үлдээх өмгөөллийн зохицуулагч Эдсон Кренак өөрийн бүтээлдээ “... Дэлхийн эдийн засгийн ашиг сонирхлын төлөө газар нутаг болон амь насаа золиослосоор ирсэн уугуул иргэдийн дуу хоолой, язгуур мэдлэгээр “Шударга шилжилт”-ийг удирдан чиглүүлэх ёстой. Шударга шилжилт нь зөвхөн эрчим хүч, эдийн засагт хамаарахгүй. Энэ нь тэнцвэрийг сэргээх, соёлын өвөө хүндэтгэх, хойч үедээ эх дэлхийгээ өвлүүлэх тухай ойлголт юм” хэмээн бичжээ.
Мөн Мануэл дахь “Ллано Васкес Прада” байгууллагын захирал Ник Мартльюгийн эл асуудлаарх дүгнэлт эрэгцүүллийг авч үзвэл “...Уул уурхайн салбарын ил тод, хариуцлагатай байдал олон нийтэд ил тод байж л хэрэгжинэ. Бидний бүтээсэн замын зураг нь олон нийт, иргэний нийгмийн байгууллагуудыг чадавхижуулж, бодлого боловсруулагчдад мэдээлэл өгч, уул уурхайн компаниудыг хариуцлагатай ажиллахыг уриалсан. Энэ нь утга учиртай өөрчлөлтийг бий болгоход хамтын хүчин чармайлт, өгөгдөлд тулгуурласан нөлөөллийн үр өгөөж маш чухал болохыг гэрчилж байна...” гэсэн байна. Ник Мартлью нь хүмүүнлэг, хүний эрх, технологи, цаг уурын салбарт үр дүнтэй хамтын үйл ажиллагаа явуулдаг байгууллага, сүлжээг бий болгож, тэргүүлэгч байр сууринд ажилласан 20 жилийн туршлагатай хийгээд Эмили Бенсонтой хамтран 2030 он хүртэлх ОҮИТБС-гийн дэлхийн стратеги боловсруулахад манлайлан ажиллагсдын нэг ажээ.
Гэхчлэн, Global Witness-ийн үүсгэн байгуулагч, удирдах зөвлөлийн гишүүн, "ТАН"- эвслийг үүсгэн байгуулагчдын нэг Саймон Тейлор, Энэтхэгийн ТАН эвслийн тэргүүлэх гишүүн, Ашигт малтмалын өв залгамжлагчдын эрхийг хамгаалах нийгэмлэгийн үндэсний зохицуулагч Сасвати Светлана, Гайана улсын Бодлогын форумын захирал Майк Маккормак, гавьяат профессор, Йоханнесбургийн их сургуулийн нийгмийн өөрчлөлтийн төвийн захирал Патрик Бонд, Энэтхэгийн “Гоа” сангийн шинжлэх ухааны асуудал хариуцсан захирал Рахул Басу нарын хамтран туурвисан үгүүлэлд:
Баялгийн хулгайнаас урьдчилан сэргийлэхийн тулд нэгдүгээр зэрэглэлийн хяналтын системийг хэрэгжүүлэх ёстой. Үүнд ашигт малтмалын ханган нийлүүлэлтийн сүлжээний найдвартай хяналт бүхий тогтолцоо, шилдэг туршлагын аутсорсингийн гэрээ, системийн аудиторууд, мэдээлэгчийг урамшуулах, хамгаалах тогтолцоо гэх мэт орно” гэсэн чухал тунхаглалуудыг онцложээ.
Эдгээртэй холбогдуулан дурьдахад манай улсад тэр тусмаа орон нутагт уурхай, олборлолт, хүрээлэн буй орчин, байгаль хамгаалал, нийт олны эрх, ашиг сонирхлын талаарх энэ мэт үнэтэй санаа, үзэл агуулгуудын талаар бараг ойлголтгүй шахам байгаа нь тоогүй. Тухайлбал удирдах албаны нөхөд тодорхой тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжийн эрх ашигт улаан цайм үйлчилж, тэгэхдээ тэдгээрийн явуулж буй төлөвлөгөө үйл ажиллагааг төрийн бодлого мэтээр олон нийтийн хэвлэлээр ярих гэх мэт, учир үл мэдэх, хариуцлагагүй явдлууд гарч, зарим мэдээллийн сайт эрхлэгч этгээд нэг талыг барьсан захиалгат мэдээлэлд улайран, зүтгэлэх зэргээр зан суртахууны гажуудлууд түрцтэй ажиглагдах болсон. Тиймээс чухам төрийн бодлого гэж юу болох тухайд тэдгээр албаны эрхэмүүдээр зогсохгүй олон нийтэд зориулан сануулахад “аливаа Улс, Үндэстний төрийн бодлого нь тухайн Улсын ард иргэдийн хүсэл зоригийн илэрхийлэл байх учиртай. Бодлого боловсруулахад энэ тэргүүнд харгалзан сахих зүйл гэвэл ард иргэдийнхээ санал бодол, хүсэл тэмүүлэлд тулгуурлах явдал. Бодлогын цогц нь нийт олны санаа бодол, судалгаа шинжилгээ, эрх зүйн баримт бичгүүд, хууль журам, мэдээллийн цогц, хяналтын үр дүнтэй тогтолцоо, шүүмж, зөвлөмж, зөв зүйтэй шаардлага, засах сайжруулах механизмын бүрдэл байдаг. Бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавих, засаж сайжруулахад ард иргэд, иргэний нийгэм, ард түмний эвлэлдэн нэгдсэн бүлгүүдийн оролцоо хамгаас чухал ! гэсэн үндсэн суурь зарчмыг юуны өмнө ойлгож мэдэх хэрэгтэй!
Мөнхүү дээрхтэй уялдуулан хууль эрх зүйг боловсруулах, батлахад ард иргэдийн оролцоог хангах явдал нэн чухлыг дурьдаад, одоо мөрдөгдөж буй Хууль тогтоммжийн тухай хуулинд заагдсан энэ талаарх зарим заалтуудыг онцлоё. Үүнд:
Хууль тогтоомжийн тухай хуулийн Наймдугаар зүйлийн;
8.1.5. “эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх иргэн, хуулийн этгээдийн төлөөлөл, олон нийтээр хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлж, санал авах”;
8.1.6. “хууль тогтоомжийн төсөлд холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн болон судалгааны байгууллагын саналыг авах”,
Гучин наймдугаар зүйлийн 38.1. “Хуульд өөрөөр заагаагүй бол хууль санаачлагч хууль тогтоомжийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээс өмнө олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулж, холбогдох материалыг баримтжуулан хууль тогтоомжийн төслийн бүрдүүлбэрт хавсаргана”,
38.2. “Хууль санаачлагч албан ёсны цахим хуудсандаа хууль тогтоомжийн төсөл болон энэ хуулийн 40.1.2, 40.1.3-т заасан баримт бичгийг байршуулж, хууль тогтоомжийн төсөлд санал өгөх хугацааг тодорхой заана”,
38.4. “Хууль санаачлагч худалдаа, хөрөнгө оруулалт, татвар зэрэг бизнесийн орчинд нөлөөлөх хууль тогтоомжийн төсөл боловсруулсан бол энэ хуулийн 40.1.2, 40.1.3-т заасан баримт бичгийг өөрийн албан ёсны цахим хуудас болон эрх зүйн мэдээллийн нэгдсэн санд 60 хоногоос доошгүй хугацаанд байршуулж, олон нийтээс санал авна...” хэмээн тус тус заажээ.
Г.Төрмөнх, Г.Энхжаргал
(“Мэдэх эрх-Эрсдлийн өмгөөлөл” төсөл)