Хоёр жил тутам нэг удаа явагддаг Монголын уулчдын ээлжит нэгдсэн 14 дүгээр альпиниад /авиралт/ “ковид” цар тахал гэгчийн улмаас нэг жил хойшилж энэ 2022 оны зургаа дугаар сарын 21-нээс 24-ний өдрүүдэд “Алтай таван богд” хайрханд зохион байгуулагдав.
Монголын уулчдын үндэсний холбооноос зохион байгуулсан энэхүү альпиниад буюу нэгдсэн цугларалт авиралтанд уулчдын 25 клубын 180 гаруй уулчид өндөр уулын оргилд авирах чөлөөт авиралт, скайрайнинг буюу уулын бартаат замын холын гүйлт, өндөр уулын оргилд авирч техникийн гүйцэтгэлүүдийг гүйцэтгэх авиралт, мөн өндөр уулын спортын цол зэргийн болзол хангасан уулчдын шүүлгийн авиралт гэсэн дөрвөн үндсэн төрлөөр өрсөлдлөө.
Монголын уулчдын 14 дүгээр нэгдсэн альпиниадад Ховд аймгаас уулын спортын мастер Г.Төрмөнх ахлагчтай, мөн уулын спортын мастер Б.Дашдорж, уулчин Э.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй “Хан Алтайн Бүргэдүүд” клубын баг Хүйтэн уулын 4374 метр өндөртэй ноён оргилд амжилттай авиралт хийж, гүйцэтгэлийг хангалттай биелүүлэн батламжлагдсан бол мөн Б.Дашдорж, Г.Төрмөнх, Э.Мөнх-Эрдэнэ түүнчлэн спортын мастер Ч.Сүхбаатар, уулын спорт сонирхогч Б.Цэнд-Аюуш, Мөнхмарт, Болд нарын бүрэлдэхүүнтэй баг “Малчин” уулын 4051 метр өндөртэй ноён оргилд чөлөөт авиралт хийж батламжлагджээ. Ахмад уулчин, уулын спортын мастер Б.Дашдорж альпиниадын уулын бартаат замын холын гүйлтийн төрөлд оролцож, ахмад насны ангилалд тэргүүлэн алтан медаль хүртсэн байна.
“Ховд аймгийн “Хан Алтайн Бүргэдүүд” клубын уулчид 2009, 2011, 2013, 2015, 2017, 2019 оны альпиниадуудад 2-3 багтайгаар тогтмол амжилттай оролцож, уралдаант төрлүүдэд эхний байруудад шалгаран, гүйцэтгэлийг амжилттай биелүүлж байсан, 2014 онд болсон “ИХ АЛТАЙ” олон улсын аялал жуулчиллын экстрем спортын олон төрөлт фестивалийн өндөр уулын авиралтын тэмцээнд тэргүүлж, багаараа алтан медалийн эзэд болж байсан юм.
Энэ удаагийн 14 дүгээр альпиниадад нөхцөл байдлаас шалтгаалан цөөн хүнтэй баг оролцсон ч чамлахааргүй амжилт үзүүлсэн. Гэвч бодууштай гэх юм уу дутагдалтай байгаа зүйл гэвэл Ховд аймагт уулын спортыг хөгжүүлэх талаар бодлогын дэмжлэг дутагдалтай, өндөр уулын авиралтын болон олимпийн төрөлд шинээр ороод байгаа төрөл болох спорт авиралтаар хичээллэх нөхцлийг бүрдүүлэхэд чиглэгдсэн санаачилгууд нь дэмжлэг авдаггүй, залуу, өсвөр уулчдыг бэлтгэх таатай боломж бүрдэхгүй байгаагаас уулчдын залгамж халаа тасалдаж болзошгүй байгааг онцгой анхаарч, ялангуяа залуу, өсвөр уулчдыг бэлтгэх талд хүчин чармайлт гаргах шаардлага бидний өмнө тавигдаж байна” хэмээн Хан Алтайн Бүргэдүүд клубын тэргүүн, уулын спортын мастер Г.Төрмөнх, аймгийн БТСГ-ын дэд дарга спортын мастер Ч.Сүхбаатар, ахмад уулчин, спортын мастер Б.Дашдорж нар ярьлаа.
Г.Жаргал