ДЭЛХИЙ ДЭХ “ХАР ХҮЧ”-НИЙ ДАРАЛТЫГ САРНИАХ ОРОС УЛСЫН БАЙР СУУРЬ

By: Admin
2024-12-23
0
2878

2022 оны Дорнын эдийн засгийн VII чуулган /форум/ 9-р сарын 5-8-нд Владивосток хотод Алс Дорнодын Холбооны Их Сургуулийн (FEFU) хотхонд болно. Чуулганд 4000 гаруй хүн оролцох төлөвтэй байна. Энэхүү арга хэмжээний бизнесийн хөтөлбөрт Ази, Номхон далайн бүс нутгийн тэргүүлэгч түнш орнууд, мөн Зүүн өмнөд Азийн эрчимтэй хөгжиж буй орнуудын интеграцийн гол бүлэг болох АСЕАН-тай хамтарсан  бизнесийн яриа хэлэлцээ, нийт 70 гаруй бизнесийн арга хэмжээ багтсан болно. Тэрбээр энэ удаагийн чуулганыг “Олон туйлт ертөнц рүү” гэсэн сэдвийн дор хийж байгаа юм.  

Дэлхийн эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ бүтэц, эдийн засгийн дайн, импортыг орлох үйл явц, ОХУ-ын бусад улс орнуудтай хөгжүүлэх хамтын ажиллагаа гэх мэт асуудлыг авч үзэх үйл явц нь энэ чуулганы нэг чухал бүрэлдэхүүн хэсэг байхаар  төлөвлөгджээ. Одоогийн байдлаар Орос улсад үүсээд буй бүх урьдчилсан нөхцлийг авч үзвэл шинэ өсөлтийн үе шатанд шилжих зайлшгүй шаардлагата байгааг шинжээчид тэмдэглэж байна. Эдийн засгийн тогтвортой өсөлтөд хүрэх замд хамгийн чухал зүйл бол алслагдсан нутаг дэвсгэрүүд болох Сибирь, Арктик, Алс Дорнодын хөгжлийн тэнцвэргүй байдлыг даван туулах, эдийн засгийн цогц хөгжлийн шинэ "анклавууд" бий болгох явдал юм.

Орос улс эрчим хүч, металлурги, хими, модны үйлдвэр, хөдөө аж ахуй зэрэг салбарт манлайлах боломж бүхий техникийн болон шинжлэх ухааны нөөцөөр үндсэндээ хангалттай. Тэрчлэн үндэсний эдийн засгийн зарим тэргүүлэх салбаруудын хувьд  технологийн хурдацтай хөгжлийг шаарддаг. Орос улс дээрх чиглэлүүдэд түлхүү анхаарч ажиллахаар байгаа. Харин одоо барууны орнуудад бөөн бөөн гистери үүсгэж байна. Түүгээр ч барахгүй ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээ нь өөрсдийн эсрэг зүйл болоод байгааг улстөрчдөөсөө илүү ойлгодог барууны бизнесийн төлөөлөгчид чуулга уулзалтад олноор оролцохоор төлөвлөж байгаа ажээ.

Барууны орнууд бүхэлдээ шинэ харилцаа тогтооход хараахан бэлэн болоогүй байгаа ийм нөхцөлд Орост ийм зочид хүрэлцэн ирэхээр болсон нь шинэ яриа хэлэлцээг бий болгох боломжтой гэсэн үг.  Барууны улс төрчид улс  төрийн муйхар ашиг сонирхлын үүднээс бизнесийн салбартаа нүсэр их дарамт шахалт үзүүлж, төрийн шаардлагыг биелүүлэхийг тулгаж буй нь өөрийн улс орнуудад хохирол учруулж эхэлж байна гэдгийг барууны бизнесчид гярхай харж мэдэрсэн хэрэг.

ДЭЛХИЙН ХУВААГДАЛ: ХУУЧИН ХАРИЛЦААНААС ШИНЭ НӨХЦӨЛ РҮҮ

2022 оны Дорнын эдийн засгийн VII форумын хөтөлбөрийн бас нэг томоохон хэсэг нь хуучин хэлхээ холбооноос шинэ харилцаанд шилжих замаар явагдах аж үйлдвэрүүдийн ирээдүйн хандлагын тухай асуудал юм. Тодруулбал, нисэх онгоц, хөлөг онгоцны үйлдвэрлэл, ашигт малтмалын олборлолт, боловсруулалт, барилга, автомашины үйлдвэрлэл гэх мэт болно. Тэрчлэн Ази, Номхон далайн орнуудад Оросын экспортыг хөгжүүлэх асуудал, мөн гадаадын компаниуд Оросын зах зээлээс гарсны дараах тус улсын бизнесийн хэтийн төлөвийг авч хэлэлцэнэ.

ОХУ-ын хувьд Ази, Номхон далайн бүс нутгийн орнууд руу экспортоо чиглүүлэх нь гадаад эдийн засгийн харилцаагаа тэлэх гол боломжуудын нэг гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. ОХУ-аас Ази Номхон далайн орнуудтай хийх худалдааны эргэлт нэн тэргүүний зорилт болж байгаа бол Европын орнуудаас тавьсан хориг арга хэмжээний улмаас Оросын экспортод барууны орнуудын эзлэх хувь эрс буурч байна. ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээний "кампанит ажил" тухайд гэвэл барууны орнууд амин чухал нөөцөөс өөрсдийгөө тусгаарласан хэрэг болоод байгааг хэлэлтгүй болсон. Хэрэв Орос улс сонирхол бүхий өөр улс орнууд руу хамтын ажиллагаагаа чиглүүлбэл барууны орнуудын ард түмний амьдрал аж байдал улам л дордоно. Тэгээд одоо барууныхан үүсгэсэн нөхцөл байдлаасаа аль болох бага хохиролтойгоор гарахын тулд юу хийхээ ч мэдэхээ больчихоод байдаг. НҮБ-ын гишүүн орнууд Москвагийн эсрэг олон нийтийн өмнө үг хэлэхээс татгалзаж байгаа тул тэд шинэ хориг арга хэмжээ авах санал гаргахаас эмээх болсон билээ.

Энэ хооронд барууны орнууд агаарыг сэгсэрч, цахилгаан, ус, хий хэмнэхийг уриалж байгаа бол Орос улс эдийн засгийн шинэ хэлхээ холбоогоо бэхжүүлж, дэлхийд нөлөөгөө нэмэгдүүлэхээр ажиллаж байна. WEF-2022 буюу Дорнын эдийн засгийн YII чуулганд дэлхийн 40 гаруй орноос 4000 гаруй хүн оролцох төлөвтэй байгаагаас харахад Ази, Номхон далайн бүс нутагт олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудал нь дэлхийн анхаарлыг маш их татаж буйгийн нотолгоо юм.

САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛ: ИТГЭЛ-ИТГЭЛ АЛДАХАД ЯМАР ҮНЭ ТӨЛӨХ ВЭ?

Зөрчилдөөн гүнзгийрч буй ийм нөхцөлд дэлхий нийтийг түгшээж байгаа маш чухал асуудал гэвэл дэлхийн валютын тэнцвэрт байдал гэхэд хэтрүүлэг болохгүй. Тийм ч учраас есдүгээр сарын 5-8-нд Владивосток хотноо болох Дорнын эдийн засгийн VII чуулга уулзалтаар энэ сэдвийг нэн чухалд авч үзэж хэлэлцэх юм. Мөн санхүүгийн зах зээлд зориулсан блокт дижитал технологи, банк, санхүүгийн салбарын цаашдын төлөв гэх мэт сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлнэ. Өнөөгийн бодит байдлыг дүгнэвэл дэлхийн мөнгөн тэмдэгтүүдийн үнэ цэнийн асуудал нь  хүнд хэцүү үеийг туулж байна.  Хэрэв 2022 оноос өмнө ам.долларын ханш 20 жилийн турш еврогоос хямд байсан бол зөвхөн энэ зун еврогийн ханш доллараас хоёр дахин буурчээ. Европт хүчтэй цохилт болсон коронавирусын тахлын дараа еврогийн байр суурь суларч эхэлсэн гэдгийг хэлэх нь зүйтэй байх. АНУ-ын санаачилж, хүчтэй дэмжсэн дайсагналцалын үр дагавар л еврогийн ханш унах /байр суурь ганхах/  үндсэн шалтгаан болсон хэрэг.

Дэлхийн валютын ханшийн хэлбэлзэл нь Оросын жирийн ард иргэдэд тийм ч их нөлөө үзүүлдэггүй. Үүнийг гэрчлэх бодит зүйл гэвэл  хориг арга хэмжээ авч, Орос улсыг Европын бараа бүтээгдэхүүнээс бараг л тусгаарласан одоогийн нөхцөлд үүний улмаас буюу доллар, еврогийн ханшаас болоод Орост юмны үнэ өөрчлөгдсөн зүйл огт байхгүй. Амьдрал байдгаараа тогтвортой өрнөж байна. Харин ч ОХУ-ын рубль олон улсын тавцанд байр сууриа бэхжүүлж, бэхжиж, олон улсаас Оростой харилцаж худалдаа хийх цорын ганц валют /мөнгөн тэмдэгт/ нь болоод байна. Европт нийлүүлсэн Оросын хийн төлбөрийг рублиэр төлдөг боллоо. В.Путины гаргасан энэ түүхэн шийдвэр нь Европын улс орнууд болон тэдний ашиг сонирхлыг төлөөлдөг компаниудын дийлэнхийг Москвагийн зааж өгсөн тоглоомын шинэ дүрмийг хүлээн зөвшөөрөхөөс өөр ямар ч арга чаргагүй байдалд хүргэв.

Бодоод үз дээ: Польш, Болгар, Финлянд, Нидерланд, Дани зэрэг Европын таван улс л хийн төлбөрийн шинэ системд шилжихээс татгалзсан. Дашрамд хэлэхэд, эрс татгалзсанаасаа хойш хэдхэн сарын дараа Болгар улс ч бас "эвлэршгүй" байр сууриа эргэн харахад аль хэдийн бэлэн болжээ. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар хоригийн улмаас үүссэн ОХУ-ын Европын орнууд руу нийлүүлдэг нийлүүлэлтийн алдагдал нь 12 хувьтай л байгаа. Гэхдээ үүнийг алдагдал гэж үзэх бас боломжгүй болчихсон. Учир нь ОХУ нь шинээр түүнтэй тэнцэх хэмжээний нийлүүлэлтийг Ази, Номхон далайн бүс нутаг руу хэдий нь чиглүүлсэн.

ДЭЛХИЙН ӨӨРЧЛӨГДСӨН “ЛОГИСТИК”

Гаднаас нөлөөт нөхцөл байдлын өөрчлөлт нь логистикийг оролцуулалгүйгээр бүх үйл явцад нөлөөлөх дотоод өөрчлөлтийг авчрах нь дамжиггүй. Дорнын эдийн засгийн 7-р чуулга уулзалтын үеэр логистикийн шинэ арга барилд зориулсан "Өөрчлөгдсөн дэлхийн логистик" гэсэн сэдвийг мөн авч үзнэ. Алс Дорнодын логистикийн салбар нь хямралыг үл харгалзан хөгжиж байгаа тухай энд бид ярьж байна. Эдийн засагт үүссэн хямралын үзэгдлүүд тус салбарт нөлөөлсний улмаас агаарын тээврээс гадна далайн тээвэрт анхаарлаа хандуулах шаардлага үүссэн. Владивосток бол Европ, Азийг холбогч гүүр болох Алс Дорнодын бүс нутгийн хамгийн ашигтай байрлалд буй чөлөөт боомтын статустай хот юм.

Алс Дорнод нь Азийн бүс нутгийн бүх улс орнуудтай худалдаа, эдийн засгийн харилцаагаа дээд зэргээр бэхжүүлэх боломжийг Орос улсад олгож байна. Харин Орос улсын хувьд үр ашигтай, хэмнэлттэй тээврийн механизмыг хөгжүүлснээр энэ боломжийг аль хэдийн ашиглаж эхлээд байгаа юм. Тодруулбал Оросын бизнесийг Дорнод руу чиглүүлэх ажил хэдийнэ эхэлсэн гэсэн үг.

АМЬДРАЛЫН ЧАНАРЫН ШИНЭ ХУВЬСАЛ РУУ

Владивостокт болох энэ чуулганаар боловсрол, анагаах ухаан, соёл урлагийн чанарыг сайжруулах, бүс нутгаа бүхэлд нь хөгжүүлэх асуудлыг ОХУ-ын эрх баригчид хэрхэн яаж төлөвлөж байгаа тухай бас ярилцана. Алс Дорнодод яагаад ийм их анхаарал хандуулж байна гэвэл ОХУ-ын энэ бүс нутаг нь Ази-Номхон далайн бүс нутаг, мөн Зүүн өмнөд Азийн идэвхтэй хөгжиж буй орнуудын интеграцийн гол бүлэг болох АСЕАН-тай түншлэж, харилцаагаа өргөжүүлэх гол талбар нь юм.  Украинд өрнөж буй тусгай ажиллагаа нь барууны орнуудтай харилцах ОХУ-ын харилцаанд цэг тавьсныг энд дурьдах нь илүүц байх. АНУ дэлхийд дангаар ноёрхохыг хичээж нөхцөл байдлыг өөрийн зорилгодоо ашиглан Оросын эсрэг урьд өмнө байгаагүй олон тооны хориг арга хэмжээ авч байсан бол одоо үүнийх нь үр дүнд үүссэн дэлхийн эдийн засгийн системийн сүйрлийг яаж зогсоохоо ч мэдэхгүй байдалд орсон билээ. АНУ Оросын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээг дагаж мөрдөхийг холбоотон улс орнуудаа шаардаж, муйхарласаар байсан нь харин ч Орос улсын хөгжлийг хурдасгаж, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх нэг хөшүүрэг болсноор барахгүй рублийн ханшийг бэхжүүлж, эцсийн дүндээ Оросыг хүчирхэгжүүлсээр байна.

Азид технологиос эхлүүлээд санхүү, мөнгөний гэх мэт бүх нөөц хангалттай бий. Тодруулбал Азийн орнуудын чадавхи барууныхтай дүйцэхүйц. Орос-Азийн харилцаа бэхжиж байгаа нь өнөөгийн нөхцөлд барууны байр суурь дэлхийд суларч буйгийн илрэл гэж ч болно.

 “ТӨЛЦӨЛТ”-ИЙГ /ТӨӨРӨЛСӨН ҮЗЭЛ/ ХАЛЖ ЭХ ОРОНЧ ҮЗЛИЙГ ЭРХЭМЛЭНЭ

Оросын байгалийн хийгүйгээр өвлийн асуудлууд халаалт дулаанаа яах вэ гэсэн зовлонгоос ч илүүтэй барууны улс төрчдийн тархийг гашилгаж буй зүйл бол Оросын ирээдүй цаашид яах нь вэ гэдэг зүйл. Тэд магадгүй өөрсдийн улс орны ирээдүйгээс ч илүү үүнд анхаарал тавьж буй нь өрөвдөлтэй.  

Сүүлийн жилүүдэд Украинд явагдаж байсан тархи угаалт, самууныг цаашид давтагдахаас сэрэмжлэх үүднээс Орос улс залуучуудыг эх оронч үзлээр хүмүүжүүлж, боловсролын системд хөрөнгө оруулалт хийж, залуучуудын санаачилгыг дэмжиж, барууныхны “хувь хүний хязгааргүй эрх чөлөө” гэх ойлголтыг эх оронч үзлээр сольж байна. Өрнөдийн түрэлтэнд хүлээцтэй хандсаны харгайгаар "ээж", "аав" гэсэн уламжлалт ойлголтыг "эцэг эх 1", "эцэг эх 2" /чөлөөт, задгай гэр бүл/ гэсэн байдал руу шилжүүлэх явдлыг хууль тогтоомжид суулган, улсын үндэс болсон гэр бүлийн тогтнохуйг ганхуулсан жишээ ч бидэнд /Украйн/ бий. Украинд түүхийг шинэчлэн бичиж, үндсэрхэг үзэлтэй “Бандер”-г баатар болгож, сургуульд хэдэн үеэрээ Оросыг үзэн ядах үзэлд суралцан хүмүүждэг болгож, нэг улс, нэг ард түмэн байсан эрхэм зүйлээ мартаж орхисон жишээ бий.

Өнөөдөр бид үр хүүхдээ хэрхэн хүмүүжүүлж, тэдэнд ямар үнэ цэнийг төлөвшүүлж, ямар үлгэр дуурайл үзүүлэхээс улс орны ирээдүй шалтгаална. ОХУ-ын ирээдүй бол өнөөгийн сургуулийн сурагчид учраас Владивосток хотноо болох Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр энэ талаар мөн хэлэлцэх юм.

Семён ШАРХУТДИНОВ  

Орчуулсан Хиргис Г.ТӨРМӨНХ


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
10 + 9 =

Create Account



Log In Your Account