Аймгийн МАН-ын хорооны 38-р бага хурлын эргэн тойронд

By: Admin
2024-11-22
0
1326

Ховд аймгийн Монгол Ардын нам сүүлийн нэг жилийн хугацаанд маргаан, тэмцэл, үл ойлголцлоор дүүрэн байсан. ИТХ дахь МАН-ын бүлгийн 24 төлөөлөгч 10, 14 –ын гэсэн хоёр бүлэг болон талцаж, ИТХ-ын даргын суудлыг 14-ийн бүлэг булаахаар гурван ч удаа завдсан нь бий. Энэ их талцал, тэмцлийг цэгцлэх, эв эеийг авчрах зүйл нь намын бага хурал гэж намын гишүүд, дэмжигчид нь харж байсан. Аймгийн МАН-ын хорооны 38-р бага хурал Бага хурал 03 сарын 11-ний өдөр эхэлсэн бөгөөд, хуралд бүх сум, багийн МАН-ын хороо, үүрүүдээс сонгогдсон 235 төлөөлөгч, мөн Улаанбаатар хотоос хүрэлцэн ирсэн, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Н.Удаанжаргал, МАН-ын Хяналтын хорооны дэд дарга, Ёс зүйн хорооны дарга н.Баасанцогт, УИХ-ын гишүүн, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн С.Бямбацогт, УИХ-ын гишүүн О.Батнасан нар оролцсон юм.

Хоёр өдөр үргэлжилсэн энэ хурлаар аймгийн МАН-ын хороо, хяналтын хороо, тэргүүлэгчдээ шинэчлэн байгуулсан. МАН-ын хорооны гишүүний 139 мандатын төлөө 162 төлөөлөгч өрсөлдсөн ба УИХ-ын гишүүн, МАН-ын бага хурлын гишүүн, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, сумдын Засаг дарга, ИТХ-ын дарга нарын 27 хүн квотоор, хөдөөгийн сум тус бүрээс 4, Булган сумаас 7, Жаргалант сумын Засаг дарга, ИТХ-ын дарга, 12 багийн үүр тус бүрээс 3, намын дэргэдэх ТББ-аас 8, нийтдээ 139 хүн аймгийн МАН-ын хорооны гишүүнээр сонгогдон, Хяналтын хороог 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн байгууллаа. Шинээр байгуулагдсан МАН-ын хорооны анхдугаар хурал 03 сарын 12-ны өдөр үргэлжилж, намын дарга, орон тооны дэд дарга, тэргүүлэгчдээ сонгов.

Хурлын хоёр дахь өдөр буюу намын хорооны гишүүдийг сонгосон санал хураалтын дүнг танилцуулахын өмнө Рашаант багийн намын үүрийн гишүүн н.Ганхөлөг бага хурлын төлөөлөгчдийн өмнө үг хэлэв. Тэрээр “Аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх намайг гэртээ дуудаж 500,000 төгрөг өгсөн. Залуу хүний хувьд ийм шударга бус үйлдлийг чимээгүй хараад сууж чадсангүй. Иймээс намын хорооны гишүүн байх эрхгүй гэж үзээд татгалзаж байна. Энэ мөнгийг Ховд аймгийн МАН-ын дарга Д.Галсандондогт өгье” хэмээн тайзан дээр гарч намын даргадаа гардуулан өгөв. Аймгийн ИТХ-ын хуралдааны үеэр хэсэг бүлэг нь мөнгө тараадаг гэдэг яриа чих дэлсэх болсон ч үүн шиг баримттай, гаргаж ирсэн нь үгүй юм. Хожмын эрсдэлийг үл тоож, шударга бус зүйлийн төлөө зоригтойгоор тэмцэж, үгээ хэлсэнд намын гишүүд, дэмжигчид талархаж байв. Илчилсэн нь иргэн н.Ганхөлөг боловч цаана нь нэлээдгүй хүмүүст мөнгө тараасан байж мэдэх гэнэ. Харин иргэн н.Ганхөлөгийн бага хурлын төлөөлөгчдийн өмнө хэлсэн үгний эсрэг Ш.Батсүх ямар нэгэн тайлбар хийгээгүй бөгөөд МАН-ын Хяналтын хорооны дэд дарга, Ёс зүйн хорооны дарга н.Баасанцогт Ш.Батсүхийг намаас хөөх тухайгаа мэдэгдэж, хурлын танхимаас гарахыг шаардаж “хөөж” гаргав. Хурал дуустал Ш.Батсүх дахин танхимд харагдсангүй.

Ховд аймгийн МАН-ын хорооны дарга Д.Галсандондог дэвшин ажиллах болсон тул намын даргын сонгуульт ажлаа өгөхөөр болж, МАН-ын удирдах зөвлөлд Б.Дүгэржав, Т.Жаргалсайхан нарын нэрийг явуулсан байна. МАН-ын Удирдах зөвлөлөөс бодлогоор Б.Дүгэржавын нэрийг дэвшүүлжээ. Намын даргын сунгаанд намын бодлогоор Б.Дүгэржав, танхимаас аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч Т.Жаргалсайхан, Б.Амгаланбадрах нар нэр дэвшсэнээс аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч Т.Жаргалсайхан нэрээ татаж, Б.Дүгэржав, Б.Амгаланбадрах нар өрсөлдөв. Нууц санал хураалтанд аймгийн Намын хорооны 138 гишүүн оролцсоноос 88 буюу нийт гишүүдийн 68,73 хувийн саналаар аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Дүгэржав МАН-ын хорооны даргаар сонгогдлоо. Б.Дүгэржав намын даргаар сонгогдоход Ш.Батсүхийн мөнгө тараасан нь нөлөөлсөн байж магад хэмээн хөдлөнгийн ажиглагчийн хувьд таамаглаж байв.

Б.Дүгэржав хэлсэн үгэндээ “...зарчмын хувьд бидэнд саналын зөрүүтэй асуудлууд байсан. Энэ бүхнийг хувийн ашиг сонирхлын үүднээс бус ажил урагшлуулахын төлөө байсан. Үлдсэн хоёр жил гаруйн хугацаанд 2016 онд ард түмэндээ амласан амлалт, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх, эв нэгдлийг хангаж ажиллана” гэдгээ илэрхийлэв.  

Намын орон тооны дэд даргаар Т.Жаргалсайхан, баруун бүс хариуцсан дэд даргаар Б.Ганзориг, төвийн бүс хариуцсан дэд даргаар С.Гантөмөр, зүүн бүс хариуцсан дэд даргаар Т.Баатарзориг сонгогдож, тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд Г.Пүрэвганди, М.Ганзориг, Ц.Ганданповрон, Д.Галсандондог, Ш.Арстан, Намын дэргэдэх НАМЭХ-ны тэргүүн Э.Өлзийхүү, НАМЗХ-ын дэд дарга Д.Одончимэг, ахмад гишүүн Ц.Цэрэнчимэд, НАМОХ-ын тэргүүн М.Оюунчимэг,  залуу гишүүн н.Бадамсэд нар орсон юм.   

Г.Энхжаргал

                                           

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
9 + 10 =

Create Account



Log In Your Account