Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг иргэдийн оролцоотой үнэлсэн үнэлгээний дүгнэлт удахгүй гарна

By: Admin
2024-12-23
0
1104

Швейцарийн хөгжлийн агентлаг болон Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй "Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд “Ховд аймагт Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулах нь” дэд төсөл хэрэгжиж эхэлснээс хойш 2 сарыг үдэв. Уг төсөл 2019 оны 4 сарын 29-нд нээлтээ хийж, үйл ажиллагаагаа эхэлж байсан бол өдгөө төлөвлөсөн үйл ажиллагааныхаа эхний шатыг шувтлах дөхөж байгаа тухай төслийн багийнхан ярьж байна.

Эрүүл мэндийн тухай хуулинд “Эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого, үндсэн зарчимд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үйл ажиллагааныхаа тэргүүлэх чиглэл болгоно” гэж тусгасан байдаг. Тэгвэл иргэдэд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэх анхан шатны байгууллага нь өрх, сумын эрүүл мэндийн төвүүд гэдгийг бид урьд нь олон нийтэд хүргэсэн мэдээлэлдээ мөн дурьдаж байсан билээ. Ховд аймгийн төв буюу Жаргалант сумын “Жаргалан”, “Баатархайрхан” ӨЭМТ, Үенч, Мөст сумдын эрүүл мэндийн төвийг сонгон хэрэгжиж буй энэхүү төслийн эхний шатанд юуны өмнө Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний хүртээмж, чанар, эцсийн үр нөлөө нь ямар түвшинд байна вэ гэдгийг тандан судлах зорилгоор, сонгогдсон эрүүл мэндийн анхан шатны байгууллагуудаар үйлчлүүлж буй иргэдээс асуулга судалгаа авах, мөн тухайн эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой шийдвэр гаргах түвшиний удирдах ажилтнууд, байгууллагын өөрийн ажиллагсад болон эрүүл  мэндийн салбарын мэргэжилтнүүд, иргэд үйлчлүүлэгчид, иргэний нийгэм, төрийн бус байгууллагын төлөөллүүдийг хамруулсан бүлгийн (фокус) ярилцлага хийх, мөн үйлчлүүлэгчдээс ганцаарчилсан ярилцлага хийж мэдээлэл авах, тухайн байгууллагуудын үйлчилгээ үзүүлэх чадамж ямар түвшинд байгаа, өөрөөр хэлбэл бэлэн байдал нь хэрхэн хангагдсан талаар нарийвчилсан үзүүлэлт бүхий судалгааг асуумжийн аргаар авах, төсөв санхүүгийн үйл ажиллагаанд нь шинжилгээ хийх гэсэн даруй 5-6 төрлийн үнэлгээний арга барилыг зэрэгцүүлэн хэрэгжүүлэх замаар тодорхой мэдээллүүдийг цуглуулан,  дүн шинжилгээ хийж байгаа юм байна.

Үүний зэрэгцээ тухайн эрүүл мэндийн байгууллагуудаар үйлчлүүлэгчдийг оролцоонд идэвхжүүлэх, тэдгээр иргэдэд эрүүл  мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд юу, юу хамаарах, хэрхэн хэрэгжүүлэх, иргэд үүнд өөрсдийн оролцоог яаж хангах мөнхүү нийгмийн эгэх хариуцлага гэж юу болох талаар мэдээлэл өгөх, оролцооны бүлэг байгуулж, тэднийг анхан шатны тусламж үйлчилгээг тасралтгүй сайжруулах хамтарсан ажлын эхлэл рүү татан оролцуулах ажлууд ч хийгдэж байна.

    Үйлчлүүлэгчдээс авах асуулганд Жаргалант сумын Баатархайрхан, Жаргалант ӨЭМТ-үүдийн үйлчлүүлэгдээс тус бүрд нь 155 хүн, Үенч, Мөст сумдын эмнэлгийн үйлчилгээ хүртэгсдээс тус бүр 80-100 хүнийг хамруулж, хүн нэг бүрээс үндсэн 40 гаруй асуулт бүхий, бүх талын өгөгдлүүдийг агуулсан  иж бүрэн судалгаа авсан бол, ганцаарчисан ярилцлаганд тус бүр 3-4 хүнийг, харин бүлгийн ярилцлаганд тус бүрд нь 10 хүнийг хамруулж 10 гаруй чухал асуудлыг хөндөн ярилцсан байна.

Эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааны өнөөгийн түвшинг үнэлэх үнэлгээний хувьд тус бүрдээ нарийвчлал бүхий үндсэн 37 асуултын дагуу газар дээр нь хянан нягтлах судалгаа хийж, түүнийгээ шинжлэн дүгнэх зарчмаар явагдсан аж.

Төслийн багийнхан одоо тэдгээр асуумж судалгаануудын хүрээнд цуглуулсан мэдээллүүдээ нэгтгэн, харьцуулж шинжилэх, улмаар тус бүрд нь болон нэгдсэн дүгнэлт гаргаж, зөвлөмж боловсруулах ажилдаа ороод байгаа юм байна. Дүгнэлт, зөвлөмжийг боловсруулж дууссаны дараа төсөлд хамрагдаж байгаа Эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд, мөн аймгийн Эрүүл  мэндийн газар БОЭТ-ийн холбогдох хүмүүс аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан төслийн зохицуулах зөвлөлд танилцуулж хэлэлцүүлэг өрнүүлэх, хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжийн дагуу эхний ээлжинд төсөлд хамрагдаж буй 4 байгууллага өөрсдийн үйл ажиллагааг сайжруулах төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх зэрэг алхамууд хийгдэнэ хэмээн төслийн удирдагч болон багийн гишүүд ярьж байна.    

Ингэснээр эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг тэргүүлэх түвшинд анхаарч, стандартад тусгагдсан тусламж үйлчилгээг шат дараатай сайжруулах боломж бүрдэнэ гэсэн үг. Мөн үүний үр дүнд иргэдийн нийгмийн асуудал сайжрах, хоёр ба гуравдугаар шатлалын эрүүл мэндийн байгууллагуудын ачаалал буурах, үр ашиггүй зардлуудыг багасган санхүүжилтийг ашигтайгаар зарцуулах нөхцөл боломж бүрдэнэ гэж төсөл хэрэгжүүлэгчид үзэж байгаа билээ.

Төслийн гүйцэтгэх багт “Өөртэй туслах ухаан”, “Ахмад эмч нарын холбоо”, “Гэгээн гарц”, Ховдын толь ТББ-ууд, Ховд аймгийн Улаан загалмай нийгэмлэг, Үйлдвэрчиний эвлэлийн холбоо зэрэг иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд ажиллаж, харин Аймгийн удирдах болон салбарын байгууллагын мөн зарим Иргэний нийгмийн байгууллагын холбогдох ажил хариуцсан хүмүүс оролцсон Зохицуулах зөвлөл нь төслийг саадгүй хэрэгжүүлэхтэй холбоотой захиргааны үүрэг хүлээж буй. Мөн Ховд аймгийг хариуцсан үндэсний зөвлөх ТББ-аар “Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн нийгэмлэг”, Үндэсний ерөнхий зөвлөх байгууллагаар “Хүүхдийг ивээх сан” ТББ ажиллаж байгаа юм.

2016 оны үеэс Дэлхийн банк болон зарим томоохон олон улсын байгууллагын оролцоотойгоор Монголд нэвтэрсэн “Нийгмийн эгэх хариуцлага” хэмээх ойлголтыг өөрийн ойлголтоор энгийнээр томъёолбол нийгмийн амьдралд оролцож буй бүх түвшиний болон бүх талын хүмүүс харилцан хариуцлага үүрч, харилцан нөхцөлдөж байж, өөрөөр хэлбэл ачаагаа хувааж үүрч байж, ирээдүйг зөв сайхнаар цогцлооно гэсэн утгыг агуулж буй бололтой.

Үүний хүрээнд 2016 онд Ховд аймгийн Боловсролын салбарт Олон нийтийн оролцоот сургууль төсөл хэрэгжиж, зохих үр дүнд хүрсэн, үзэл агуулга нь цаашид дэлгэрсээр байгаа бол энэ жил энэхүү ухагдахууныг эрүүл мэндийн салбарт нэвтрүүлж, идээшүүлэх алхам хийгдэж байгаа нь энэ.

Дээр дурьдсанчилан үнэлгээний дүгнэлт зөвлөмжид үндсэлсэн төлөвлөгөөг төсөлд хамрагдсан Анхан шатны Эрүүл мэндийн байгууллагууд боловсруулж хэрэгжүүлэхийн дашрамд, хийгдсэн судалгаа илэрсэн нөхцөл байдалтай уялдуулан, бодлогын түвшинд ямар зайлшгүй алхам хийх ёстой вэ гэдгийг тодорхойлж, нөлөөллийн ажлууд явуулах замаар орон нутаг дахь Эрүүл мэндийн шатны тусламж үйлчилгээтэй холбоотой бодлогын шйидвэрүүдэд дэвшилтэт алхам хийхийн төлөө ч ажиллах гэнэ.

Энэ мэт дараа дараагийн үйл ажиллагааг бид тухай бүрд нь сурвалжлан таниулах болно.    


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
1 + 4 =

Create Account



Log In Your Account