Эрүүл мэндийн даатгалын санг ингэж тонодог -II

By: Admin
2024-12-23
0
249

         Эрэн сурвалжлага

- Дураар авирлалт эрх мэдлээс шууд хамааралтай -

         (Түрүүч нь өмнөх нийтлэлээр) 

         Аудитын шалгалтын үр дүнг үндэслэн холбогдох байгууллагуудад зөвлөмж хүргүүлсэн тухай ярилцагчийн (аудитор Б.Батдэлгэр) дурьдсаныг уншигчид анзаарсан байх.Тэрхүү зөвлөмжийг Улсын их хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо, Монгол Улсын Ерөнхий сайд, Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөл, Сангийн сайд, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт тус тус хаяглажээ. Зөвлөмжөөс бидний өгүүлж буй сэдэвт хамааралтай зарим зүйлийг сугалан танилцуулвал “Улсын их хурлын 2014 оны 57 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс эмийн талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилт хангагдаагүй, тогтоол хүчин төгөлдөр байхад Засгийн газраас Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг шинэчлэн баталсан нь төрийн бодлогын залгамж чанарыг алдагдуулж, бодлогын хэрэгжилтийг дүгнэж, үр нөлөөг үнэлэх боломжгүй болгосон гэдэгт анхаарлаа хандуулахыг Монгол Улсын Их хуралд санал болгосон бол Ерөнхий сайдад хандан “Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх чиглэл, хөнгөлөх хэмжээг оновчтой тодорхойлж, хөндлөнгийн хяналт бүхий даатгалын тогтолцоог бүрдүүлэх. Эм эмнэлгийн хэрэгсэл, уламжлалт эмийн дотоодын үйлдвэрлэлийг дэмжих тогтвортой үр дүнд чиглэсэн бодлого хэрэгжүүлэх”-ийг зөвлөсөн.

       Тэрчлэн “зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг боловсруулж батлахад хөндлөнгийн хараат бус мэргэжлийн байгууллагыг оролцуулан ажиллуулж, санал дүгнэлтийг чухалчилдаг болох, эмийн бүртгэл, үйлдвэрлэлийн чанарт тавьж буй хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, зарим шаардлагатай эмэнд биоэквивалент судалгааг хийж эхлүүлэх, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар зэрэг байгууллагын ажлын уялдааг сайжруулж мэдээллийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх. Эмийн бүртгэл, хяналтын программ хангамжийг сайжруулж данс бүртгэлд тусгах” зэргийг  Эрүүл мэндийн сайд, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даргад онцлон санал болгосон, “эмийн бүртгэл, хяналтын үйл ажиллагааг гааль, татварын байгууллагын мэдээллийн сантай холбосон мэдээллийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх”-ийг Сангийн сайдад зөвлөсөн бөгөөд  Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт хандсан зөвлөмжид “Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй үнээр олгож байгаа эм, эмнэлгийн хэрэгслийн мэдээллийг нэгдсэн стандартаар бүртгэн, дүн шинжилгээ хийх байдлаар сан бүрдүүлэхийг, мэдээллийн ил тод байдлыг сайжруулахыг” тус тус санал болгосон байна. Дээрх зөвлөмжүүдийн мөрөөр Эрүүл мэндийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн шинэчилсэн найруулгыг боловсруулаад байгаа ажээ.

     Ийнхүү гол төлөв бодлогын асуудлуудыг хөндсөн зөвлөмжүүдийг холбогдох дээд байгууллагуудад хүргүүлээд хоёр жилийн нүүрийг үзэхэд дорвитой арга хэмжээ авагдаагүй тухай аудитор Б.Батдэлгэрийн дурьдсаныг энд эргэн санах дашрамд 17 тэрбумын төсөв завшсан асуудлын талаар бүүр таг мартах түвшинд орхигдсоныг зориуд цохлон сануулах хэрэгтэй. Энэ бол жижиг зөрчил биш. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний байгууллагуудын болон эмчлүүлэгсэд, иргэдийн ийм хэмжээний мөнгөн дүнгээр үнэлэгдэх боломжийг нь алдагдуулж, хясан боогдуулсан сэдэл үйлдэл явагдсан болохыг уншигчид маань өмнө өгүүлэгдсэн зүйлсээс ойлгосон байх ёстой. Тэгтэл төрийн аудит нь илрүүлчихээд байгаа энэхүү хохирлыг нарийвчлан тооцох, алдагдсан боломжийг нөхөх, буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх талаар яагаад ямар ч сэдэл санаа гарахгүй, алхам, үйлдэл хийгдэхгүй зөнд нь орхих болов. Үүний учрыг олохын тулд юуны өмнө завших сэдэл үүсгэгдэж, мөнөөх сэдэл нь Үндэсний зөвлөлийн тогтоолоор хамгаалагдах хүртэл булхай луйвар өрнөхөд чухам юу нөлөөлөв гэдгийг олж мэдэхийг хичээе.

      Аудитын ерөнхий газрын аудиторуудын ажиглалтаар “хүний эмийн зөвлөлийн хуралдааныг журамд заасан хугацаанд зохион байгуулаагүй, нэг удаагийн хурлаар богино хугацаанд олон эмийг бөөндөж бүртгэсэн, бүртгэлийн хугацааг мөн бөөндөн сунгасан гэхээр зүйлүүд байснаас гадна эмийг бүртгэх, бүртгэлд өөрчлөлт оруулах зэрэгт эм тус бүрийн эмнэлзүйн өмнөх судалгаа, эмнэлзүйн туршилтын дүн болон гаж нөлөөг хэлэлцэлгүй хэрэглээнд гаргасан зүйлүүд анзаарагдсан” гэснийг санав. “Хүний эмийн зөвлөл” нь мэргэжлийн голдуу олон талын оролцоо бүхий бүрэлдэхүүнтэйгээр Эрүүл мэндийн яамны дэргэд үйл ажиллагаа явуулдаг, хэрэглээнд гаргах эмийг тандан судлаж, сорилт туршилтанд оруулж, чанар үр нөлөө, баталгаат байдлыг нь үнэлэн эмийн бүртгэлд бүртгэх, улмаар зарим шаардлагатай эмийг тэрхүү бүртгэлийн баримт хийгээд стандарт шаардлагуудад нийцэж буй эсэхээр нь нягтлан шалгаж “зайлшгүй шаардлагатай” эсэх, “нотолгоонд суурилагдсан эмчилгээний заавар”-т нийцтэй эсэх, хөнгөлөлттэй эмийн жагсаалтад хамрагдах шаардлагыг хангаж байгаа эсэх талаар дүгнэлт гаргахад гол үүрэг гүйцэтгэдэг мэргэжлийн бүтцүүдийн нэг гэж ойлгож болохоор мэдээллүүдийг бид эрүүл мэндийн яам, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Үндэсний зөвлөлийн зарим мэргэжилтнүүд, гишүүдийн яриа таниулгаас авсан болно. Тэгэхээр хүний эмийн зөвлөл ийм чухал хариуцлагатай бүтэц атал үйл ажиллагаанд нь ямар нэг хэмжээгээр цалгардал үнэхээр байгаа эсэхийг нягтлаж үзэх хэрэгтэй болов.  

     2023 онд эрүүл мэндийн яамнаас томилсон ажлын хэсэг “эмийн бүрдэлт чанар, зохистой хэрэглээ, хууль тогтоомжийн хэрэгжилт”-нд хяналт шалгалт хийсэн бөгөөд уг шалгалтын тайланг гүйлгэн ажиглавал ажлын хэсэг эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангийн удирдлагуудаас асуулга авч, мөнхүү уулзан, санал бодлыг нь сонсоход “Хүний эмийн зөвлөлийн бүрэлдэхүүнд эмийн бөөний худалдаа эрхэлдэг зарим аж ахуйн нэгжийн хамаарал бүхий нөхөд байдаг бөгөөд тухайн аж ахуйн нэгжид ашигтай шийдвэр гаргахад нөлөө үзүүлдэг, Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь цөөн тооны  (“зөвхөн нэг аж ахуйн нэгж” гэж дурьдагдсан) эм ханган нийлүүлэх байгууллагын импортолсон эмийг даатгалын хөнгөлөлтэй олгох эмийн жагсаалтад оруулдаг, мөн эм ханган нийлүүлэх байгууллагууд нь эрүүл мэндийн ажилтан /эмч/-тай гэрээ хийж, тухайн эмийг бичсэн дүнгээр урамшуулал олгодог. Энэ нь иргэдэд эмийг хямд үнээр нийлүүлэх боломжийг хязгаарлаж байна” гэсэн гомдлын шинжтэй зүйлүүд яригдсаныг тэмдэглэсэн байна. Бид ч мөн үүнийг давхар нягтлах үүднээс эмийн мэргэжилтнүүд болон зарим эм ханган нийлүүлэх байгууллагын төлөөллүүдийн дунд тандалт хийхэд хүний эмийн зөвлөлийн бүрэлдэхүүнд нийлүүлэгчдээс хамааралтай хүмүүс байдаг гэдэг нь ортой зүйл гэдгийг хэд хэдэн ярилцагч хэлж байсан юм. Хүний эмийн зөвлөл болон салбар зөвлөлийн бүрэлдэхүүний ажиллах журмыг Эрүүл мэнд, спортын сайдын (тухайн үеийн нэршил) 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 30 дугаар тушаалаар баталсан байх бөгөөд Ерөнхий зөвлөлийг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга ахлаж, яамны бодлогын хэрэгжилт, эмийн салбарын асуудал хариуцсан албан тушаалтнууд, ажлын уялдаа бүхий холбогдох мэргэжлийн байгууллагын тухайн асуудлыг хариуцсан хүмүүс, эм зүйн салбарын болон Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн зарим эрдэмтэн, судлаачдыг нэр цохон оруулсан, салбар зөвлөлүүдэд био бэлдмэл оношлуур, биологийн идэвхт бүтээгдэхүүн, эм зүй, эм судлалын чиглэл тус бүрийн асуудлыг Эрүүл мэндийн яаманд хариуцан ажилладаг албан тушаалтнуудыг албан тушаалын нэршлээр, түүнчлэн тухайн чиглэлээр мэргэшсэн эрдэмтэн, судлаачдыг нэр цохон оруулсан байдаг байна. Тэгсэн мөрт хяналт шалгалтаар илэрсэн хүний эмийн зөвлөлтэй холбоотой зөрчилтэй зүйлүүд ил цагаан нүдэнд торсоор байгаа нь нэгийг санагдуулна.

      Цаашилбал Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дотоод хяналтын албанаас 2023 онд хийсэн хяналт шалгалтын тайланг үзвэл “Хүний эмийн зөвлөл болон тус зөвлөлийн мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүдийн ашиг сонирхлын зөрчлийн мэдүүлэг”-ийг гаргаагүй зөрчил илэрсэн байна.  “Хүний эмийн зөвлөлийн ажиллах журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт “Эмийн зөвлөлийн дарга, гишүүд нь ёс зүйн хэм хэмжээг баримтлах үүднээс ашиг сонирхлын зөрчлийн мэдүүлэг гаргана” гэж заасан байдаг ч хэрэг дээрээ уг зөвлөл журмаа баримтлахгүй, ашиг сонирхлын зөрчлийн мэдүүлэг гаргахаас илт зайлсхийсэн байгаа нь яамны ажлын хэсэгт салбарын зарим байгууллагуудын удирдах ажилтны гаргасан гомдлууд ортойг гэрчилнэ.  Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1. дэх хэсэгт “... албан тушаалтан захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцохын өмнө тус бүр ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргана.” гэж бас заасан байдаг. Гэтэл “Хүний эмийн зөвлөл”-д эдгээр хуулийн заалтыг үл хэрэгсэх нь энгийн зүйл болжээ. Тэгвэл 2016 оны 18 дугаар тогтоолыг гаргасан Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүд хийгээд дарга, яамны сайдууд маань хуулийн энэ заалтыг мөрдөх нь бүү хэл, хууль болон зарчимд харшилсан бусармаг ашиг сонирхлоо, эрх мэдэл албан тушаалаа ашиглан ил цагаан гүйцэлдүүлсэн нь тодорхой харагдаж байна.

       Энэхүү шийдвэрийг гаргасан Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн ямар хүмүүс байсныг авч үзье. Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг 2012 онд тэр үеийн УИХ-аас томилжээ. Үндэсний зөвлөлийн дарга нь Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, гишүүдэд Сангийн сайд Б.Болор, Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Чөлөөт үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн холбооны тэргүүлэгч гишүүн Д.Дулмаа, Татвар төлөгчдийн үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ц.Отгонбаатар, Ажил олгогч эздийн холбооны Ерөнхийлөгч Х.Ганбаатар, Албан бус эдийн засгийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Д.Үүрийнтуяа, “Кассандра Монголиа” ХХК-ны захирал Ж.Батбаяр гэсэн хүмүүсийн нэрс 2017 он хүртэл НДҮЗ-ийн цахим сайт дээр “Үндэсний зөвлөлийн гишүүд” гэж тавигдсан байсан (Өглөөний сонины 2016 оны 1 дүгээр сарын 26-ны дугаар). Гэвч өөр нэг эх сурвалжаар (Шууд.мн сайтын 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн мэдээлэл) УИХ-аас Д.Үүрийнтуяа, Ж.Батбаяр нарыг Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлж, оронд нь Д.Ганбаяр, Л.Ганпүрэв нарыг томилсон мэдээ байна. Тэгэхээр 18 дугаар тогтоолыг гаргасан нөхөд маань С.Эрдэнэ толгойлогчтой, Б.Болор, Д.Дорлигжав, Х.Амгаланбаатар, Д.Дулмаа, Ц.Отгонбаатар, Х.Ганбаатар, Д.Ганбаяр, Л.Ганпүрэв нар болж таарч байна. Тэр үеийн сонин хэвлэлд бичигдэж байсан мэдээллээс үзвэл “2012 оны 10 дугаар сард УИХ-аас дээрх бүрэлдэхүүнийг томилох үеэр МАОЭНХ-ний захирал Х.Ганбаатар (уг бүрэлдэхүүний нэг гишүүн) “Өнөөгийн мөрдөж байгаа хуулиар Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлд орох ажил олгогчдын төлөөллийг МАОЭНХ санал болгож, УИХ-д өргөн барих ёстой. Урьд нь ч ингэж явж ирсэн. Бид долоон хүнийг санал болгосон. Гэтэл бидний санал болгосноос нэг ч хүнийг оруулаагүй Ж.Батбаяр, Д.Үүрийнтуяа гэсэн хүмүүсийг дэвшүүлсэн байна. Энэ хүмүүс даатгал төлөгч ажил олгогчдын төлөөлж ажиллах боломжгүй гэж манай холбоо үзэж байна. Энэ хүмүүсийн өөрсдийн эрхлэж буй байгууллага нь нийгмийн даатгал төлдөггүй” хэмээн мэдэгдэж байжээ. Эдгээр асуудлын улмаас уг хоёр хүнийг 2015 онд чөлөөлсөн бололтой. Гэхдээ л бүрэлдэхүүнийг дэвшүүлсэн арга барил нь ямар нэг ашиг сонирхлын асуудал байсныг үгүйсгэхээргүй сэжүүр цухуйж байна. За тэгээд томилгоо ийм болж, Үндэсний зөвлөлийн нөхөд хийдгээ хийгээд 18 дугаар тогтоолоор 17 тэрбумыг хөнгөхөн халааслах боломжийг эмийн бөөний худалдаа эрхлэгч, импортлогч зарим цөөн тооны бизнесүүдэд олгож, түүнийгээ хэрэгжүүлж чаджээ.

         Одоо харин энэ алдаа завхралыг засах, хохирлыг арилгах эрх зүйн ямар боломж байна гэдэг нь чухал! Бидний үзэж байгаагаар энгийн логик (учир холбогдол) зарчмаар бол улсад ийм хэмжээний хохирол учруулчихаад байхад буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох, үүний улмаас хохирч буй эрүүл мэндийн даатгалын сан, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний байгууллагууд, эмчлүүлэгч, тусламж үйлчилгээ хүртэгч иргэдэд учирч буй эрсдэл хохирлыг тооцуулж, уг хохирлыг арилгуулах хууль эрх зүйн зохицуулалт байх учиртай. Тэгвэл Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн  17 дугаар зүйлийн 17.3.2.3-т заасан “Холбогдох стандарт, удирдамжийг зөрчиж даатгуулагчийн эрүүл мэндэд хохирол учруулах, хууль бус төлбөртэй эмчилгээ, тусламж, үйлчилгээ үзүүлэх зэргээр зөрчил гаргасан албан тушаалтанд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэх, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлэх” гэсэн зүйл нь Үндэсний зөвлөлд үйлчлэх үү? Үндэсний зөвлөл “домогт 18 дугаар тогтоол”-ыг гаргахдаа эмийн стандарт, тавигдах шаардлагыг зөрчсөн үү, бүүр санаатайгаар зөрчсөн. Бас энэ заалтыг уншихад Үндэсний зөвлөлд хамаарахгүй гэхээр зүйл алга байна. Гэвч зөрчил гаргасан тохиолдолд ямар хариуцлага тооцож, хохирлыг хэрхэн арилгах тухайд ямар зохицуулалт байна вэ?

       Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.5.3-д “Эрүүл мэндийн даатгалын тухай хууль тогтоомжийг зөрчсөн даатгалын харилцаанд оролцогч байгууллага, албан тушаалтан, даатгуулагч, иргэнд холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэж, зөрчлийг давтан гаргасан этгээдийн үйл ажиллагааны талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэх”, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.4-т “Эрүүл мэндийн даатгалын байгууллагын үйл ажиллагаанд төрийн болон хөндлөнгийн аудитын байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавина (Энэ хэсэгт 2016 оны 07дугаар сарын 21-ний өдрийн хуулиар буюу 18 дугаар тогтоол гарсны дараа өөрчлөлт оруулсан), тэрчлэн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.5-д “Эрүүл мэндийн даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлтэд иргэн, хуулийн этгээд хяналт тавих, илэрсэн зөрчлийг арилгахыг шаардах, уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлж болно (энэ хэсэгт 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан) гэсэн заалтууд бий. Ямар ч асан хяналт тавих, хуулийн байгууллагад гомдол нэхэмжлэл гаргах боломж байгаа ч, энэ хуулинд хариуцлага тооцох, ялангуяа албан тушаалын гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай тодорхой даацтай зохицуулалт байхгүй. “Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ”, мөн “энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэсэн заалт байдаг нь албан тушаалтан, эрх мэдэлтнүүдэд хэрэг дээрээ төдий л үйлчилдэггүй заалт билээ. 

Darxlaa 2

- Засвал зохих гажиг ! -

      Одоо тэгвэл “Төрийн аудитын тухай хууль”-д ямар зохицуулалт байгааг харцгаая. Дашрамд Үндэсний зөвлөлийн “монцгорууд”-ын хууль зөрчсөн шийдвэрийн улмаас учирсан балгийн тухайд Үндэсний аудитын газраас зөвлөмж хүргүүлснийг бид мэдэж байгаа. Төрийн аудитын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5 дахь хэсэгт “Шалгагдагч этгээд болон холбогдох бусад албан тушаалтан нь энэ хуулийн 20.2-т заасан зөвлөмжийн мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг аудитын тайланг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор төрийн аудитын байгууллагад ирүүлнэ” гэсэн заалтыг ямарч асан 2023 онд нэмж оруулжээ. Тэрчлэн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Шалгагдагч этгээд хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн, хуулиар хүлээсэн албан үүргээ биелүүлээгүй бол алдаа, зөрчлийг таслан зогсоох, давтан гаргуулахгүй байх талаар байгууллага, албан тушаалтанд албан шаардлага өгнө”,  21.2-т “Шалгагдагч этгээд төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа болон төсвийн орлого бүрдүүлэх, зарцуулах, нийтийн өмч, хөрөнгө олж бэлтгэх, ашиглах, зарцуулах, хадгалах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн бол төлбөрийн акт тогтооно”, мөн 21.3-т “Төрийн аудитын байгууллага энэ хуулийн 21.1, 21.2-т заасны дагуу өгсөн албан шаардлага, тогтоосон төлбөрийн акт нь аудитын тайлангийн салшгүй хэсэг байна” гэж заажээ. Аудитын албан шаардлагыг хугацаанд нь биелүүлээгүй, төлбөрийн актыг хугацаанд нь барагдуулаагүй бол хариуцлага тооцох заалт бас бий. Тэгэхээр энд Улсын их хуралд ажлаа тайлагнадаг, “салбарын хууль бараг өөрсдөд нь үйлчилдэггүй”, дээд эрх мэдэлтнүүдийн асуудал гарч ирсэн учраас аудитын байгууллага, аудиторууд  маань ихээхэн “ухаалаг, тахимдуу” хандаж, гагц зөвлөмж хүргүүлэх төдийгөөр хязгаарлахаас аргагүй байсан биз !

      Нэгэнт аудит зөвлөмж хүргүүлсэн ч зөвлөмжийг нь бараг авч хэлцэлгүй орхисон, ийм нөхцөлд одоо Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн заалтын дагуу (24.2.5) санаачлагатай, шударга жирийн иргэд болон төрийн бус хуулийн этгээдүүд асуудлыг гартаа авч, хуулийн байгууллагад хандах гаргалгаа л  үлдээд байгаа юм. Гэвч хөөн хэлэлцэх хугацаа гэж бас нэг саад гарч ирэх байх л даа.

      Дээр өгүүлсэн зүйлүүдтэй холбогдуулаад эм зүйн салбарын эрх зүйн орчны талаар янз бүрийн байгууллага, хүмүүс ямар байр суурь илэрхийлдэгийг цухас сонирхоцгооё. 2022 оны тавдугаар сард гаргасан Азийн хөгжлийн банкны зүүн азийн газраас эрхлэн гаргадаг техникийн цуврал тайланд дурьдсанаар Монгол Улсын эм зүйн салбарын үйл ажиллагааг голчлон Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиар зохицуулдаг нь учир дутагдалтайг онцолсон байна. “Эмийн зохицуулалт хяналтын чиг үүргүүд нь салангид бөгөөд хоорондоо уялдаа холбоо муу улмаар үр ашиг муутай байна. Иймд Үндэсний эмийн зохицуулалтын байгууллага дор бодлогоо нэгтгэн зангидаж хяналтын чиг үүргээ маш тодорхой болго” гэсэн зөвлөмжийг ДЭМБ-аас манай улсад мөн удаа дараа өгсөн гэх. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрыг байгуулахад уг зөвлөмж нөлөөлсөн гэх яриа ч бий. Одоогоор уг байгууллагын ажил шинэ тутам, явагдаж эхлээд хэдхэн жилийн нүүр үзэж буй. Дашрамд дурьдахад Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн ажлын албаны ажлыг энэхүү Эм, эмнэлгийн хяналт зохицуулалтын газрын Эмийн бүртгэлийн хэлтэс хариуцан гүйцэтгэж байгаа. Тэгвэл эмийн бүртгэл, хүний эмийн зөвлөлийн ажилтай холбоотой цөөн бус зөрчил, ажлын цалгардал илэрсээр байгаа ийм нөхцөлд Үндэсний зөвлөлийн ажлын албыг тухайн нэгж хариуцах нь хэр зохимжтой вэ? гэсэн асуулт бас гарч ирнэ. Азийн хөгжлийн банкнаас  мөн зөвлөгөө өгсөн бөгөөд, үүнд “улс төрийн хөндлөнгийн оролцооноос зайлсхийх, бие даасан байдлыг бэхжүүлэх, бүтэц, зохион байгуулалтыг оновчтой, бүтцийн байгууллагуудын тус тусын хүлээх үүрэг, хариуцлагыг илүү тодорхой болгох, гааль, цагдаа зэрэг дотоодын байгууллага, мөн олон улсын оролцогч талуудтай үр дүнтэй хамтран ажиллах”-ыг сануулсан байдаг.

      Эрүүл мэндийн салбарын иргэний нийгмийн байгууллагын төлөөллийн санал бодол, байр суурийг тандах зорилгоор “Эрүүл мэндийн даатгуулагчдын хяналт” төрийн бус байгууллагын тэргүүн, хуульч судлаач Р.Эрдэнэбаттай уулзав. Тэр хэлэхдээ:  “Өнгөрсөн 30 жилийн хугацаанд хүн өмчтэй байх ёстой гэсэн ойлголтоос болж албан тушаалтнууд өөртөө давуу байдал үүсгэх байдлаар ажиллаж ирсэн. Ингэж хэлэхийн учир нь аль нэг агентлаг хийгээд зөвлөлийн дарга хууль зөрчин тушаал, шийдвэр гаргадаг ч ямар ч хариуцлага тооцдоггүй өнгөрдөг нь хэвшил болсон. “Эрүүл мэндийн даатгалын сан” зэргээр дамжуулж, улс төрчид төсвөөс завшихийн төлөө л байдаг гэхээр зүйл ажиглагддаг.  Жил бүр л эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй олгодог эмийн санхүүжилтийг нэмж байна. Би бол хувьдаа Эрүүл мэндийн даатгалын сангаар дамжуулан хөнгөлөлттэй эм нэрийн доор мөнгө угааж байна л гэж хардаг. Тиймээс энэ байдлыг цэгцлэх нэг гарц нь эрх зүйн зохицуулалтыг сайжруулж, хуулийг иргэдэд үйлчилдэг болгох явдал. Манай байгууллага Эрүүл мэндийн даатгалын газрын хууль зөрчсөн тогтоол, шийдвэрүүдийн талаар Захиргааны хэргийн шүүхэд хэд хэдэн удаа хандсан. Амжилт олоогүй” гэсэн юм.

Энэ бүхний эцэст бидний гаргаж тавьж буй асуудлын тухайд уншигчид юуг анзаарах ёстой вэ гэдэг нь мэдээж чухал зүйл. Юуны өмнө эрх мэдэл өндөрсөх тусам хяналт, хариуцлагын тогтолцоо тэдэнд үйлчилдэггүй байдлыг өөгшүүлсэн эрх зүйн зохицуулалт манайд байгааг ажигласан байх. Тухайлбал Эрүүл мэндийн даатгалын хуулинд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд, гэрээлэгчид аливаа зөрчил гаргавал хүлээлгэх хариуцлагыг тодорхой заасан мөрт Үндэсний зөвлөл хууль зөрчвөл яах вэ гэдэг тухайд тун бүрхэг, энэ талаар тодорхой зохицуулалт байхгүй. Хоёрт “өндөр албан тушаалтануудын асуудал сөхөгдөх үед аудиторууд маань хуулиа хэрхэн хэрэглэж, шийдэл гаргаж байна вэ” гэдгээс төрийн аудитын байгууллагын бие даасан, хараат бус байдлын чадамж ямар байгааг анзаарч болох мэт. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд албан шаардлага өгч, акт тогтоох эрх зүйн боломж байсан ч Төрийн аудит гэдэг утгаараа тун чиг “тахимдуу” ханджээ. Тэрчлэн Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлын талаар ярих шаардлага харагдаж байна. Юу гэвэл бид энэхүү сурвалжлагыг хийх явцад тухайн Үндэсний зөвлөлөөс шууд мэдээлэл авах бараг боломжгүй. Мэдээлэл нь нээлтэй бус, байгууллагын цахим сайт байхгүй. Зөвлөлийн гишүүн Отгонжаргалын ярьснаар “цахим сайт шинээр хийгээд одоо л ажиллах эхлэхийг завдаж байгаа”.  Бас нэг зүйл гэвэл Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.12-т.”эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багц, төлбөрийн хэмжээ, чанарын болон санхүүгийн хяналтын асуудлаар дүгнэлт, зөвлөмж гаргах үүрэг бүхий орон тооны бус техникийн хороог тухайн асуудлаар мэргэшсэн шинжээч, судлаач, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага, даатгуулагчийн оролцоотой байгуулж, ажиллах журмыг батлах, холбогдох шийдвэрийг техникийн хорооны дүгнэлт, зөвлөмжид үндэслэн гаргах” тухай заажээ. Энэ нь бидний ярьж буй ил тод нээлттэй байдлыг хангахад чухал үүрэгтэй эрх зүйн зохицуулалт мөн гэж болно. Ямар ч асан ЭМДЕГ техникийн хорооны гишүүдийг бүрдүүлэх сонгон шалгаруулалтыг 2022 оноос зарласан зар мэдээлэл байдаг ч тэр хороо хэзээ байгуулагдсан, сонгон шалгаруулалт явагдсан эсэх, ямар бүрэлдэхүүнтэй байгуулагдан ажиллаж буй тухай мэдээлэл хомс байв. Энэхүү олон талын оролцоот, орон тооны бус техникийн хороо хэрхэн ажилладаг, хэдэн удаа, ямар асуудлаар  хяналт, ажиглалтууд хийж, дүгнэлт зөвлөмж гаргасныг олж мэдэхээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Эм, эмнэлгийн хэрэгслийн ХЗГ, Эрүүл мэндийн яамны холбогдох ажил хариуцсан хүмүүсээс тодруулахыг хичээсэн боловч тоймтой хариу авч чадаагүй. Зарим нь тийм бүтэц байдаг эсэхийг огт мэдэхгүй байсан бөгөөд эцэст Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн нэг гишүүнтэй уулзсанаар уг Техникийн хороо нь 2024 онд шинээр дөнгөж байгуулагдсан авч ажил нь сайтар жигдрээгүй, учир нь санхүүжилтийн асуудал шийдэгдээгүй учир үйл ажиллагааг идэвхтэй явуулж, хяналт үнэлгээ хийж, дүгнэлт гаргах боломжгүй байгаа тухай мэдээлэл авав. Ер нь бол үндэсний зөвлөлийн тухайд үйл ажиллагааны нарийн мэдээлэл өнөөгийн нөхцөлд бараг хаалттай гэж хэлж болохоор аж. Энэ мэтээр эрх мэдлийн зэрэглэл өндөрсөх тусам тухайн өндөр эрх мэдэлтэй бүтцийн харъяаны байгууллага, зөвлөлүүдийн ил тод байдлын асуудал хангалтгүй болж ирж байгаа нь дураар авирлах байдлыг дэмжсэн “тогтолцооны сүүдэртэй тал” гэж үзэхээр байна.

       Эрх мэдэлтнүүдийн гэлмэггүй шийдвэрийн балгаар салхинд хийссэн эрүүл мэндийн даатгалын сангийн болон эрүүл мэндийн байгууллага, иргэдийн (эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүртэгсэд) хохирлыг тооцож, барагдуулах эрх зүйн боломж бий юу гэдэгт бид тийм зохицуулалт байгаа гэж хариулах байна. Харин эрх зүйн зохицуулалтыг хэрэглэж асуудлыг шийдэх хүсэл зориг холбогдох ажил хариуцсан нөхдөд маань үгүйлэгдээд байгаа биш гэж үү? Үүнд нөлөөлж буй “том арын хаалга” нь манай улсад нүүрлээд буй эрх мэдэл өндөрсөх тусам хууль журам үйлчлэхгүй болдог гажиг гэж харагдаж байгаа юм.

                                                                                                 ХАМТЫН ЭРЭН СУРВАЛЖИЛГА: “ДАРХЛАА” БАГ

 

 

 

 

 

 

 

                                          

                                                                                                

 

 

 

 

 

 

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
3 + 7 =

Create Account



Log In Your Account