Хүүхэд манай ирээдүй
Хүүхэд хамгааллын тухай хууль анх 2016 онд батлагдсанаас хойш зургаан удаагийн нэмэлт өөрчлөлт орж, 50 орчим журам, 8 стандартыг мөрдөж ажиллаж байгаа.
Уг хуулийн шинэчилсэн найруулга 2023 онд батлагдсан бөгөөд энэ оны 09 сарын 01-нээс эхлэн хэрэгжиж эхэлсэн. Хуулийн зорилго нь хүүхэд хамгааллын үндэсний тогтолцоо, хүүхэд хамгаалалд оролцогч талуудын эрх, үүргийг тодорхойлох, хүүхдийг эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхдэд шаардлагатай тусламж, үйлчилгээг үзүүлэх замаар хүүхдийн аюулгүй байдал, хамгаалуулах эрх, сайн сайхан байдлыг хангахад оршиж байгаа юм. Хүүхэд хамгааллын тухай хуулийн Шинэчилсэн найруулгад дараах онцлог зохицуулалтыг нэмж тусгасан байна.
Нэгдүгээрт, Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхдийг үл хайхарсны улмаас хүүхэд бие махбод, сэтгэл санааны хохирогч болох, бэлгийн дарамт, бэлгийн хүчирхийлэлд өртөх, тэрчлэн гэмт хэргийн улмаас хохирсон, нас барсан хүүхдийн тоо жил бүр нэмэгдэж, түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвөөр үйлчлүүлсэн иргэдийн 68 хувийг хүүхэд эзлэх болсон. Тиймээс эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд бүрт хүүхэд хамгааллын үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх, мөн эцэг, эх нь хүүхдээ үл хайхрахыг хориглосон заалт тусгасан байна. ТҮР ХАМГААЛАХ БАЙР, НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВӨӨР ҮЙЛЧЛҮҮЛСЭН ИРГЭДИЙН 68%-ийг ХҮҮХЭД ЭЗЭЛЖ БАЙНА
Хоёрдугаарт, эцэг эхийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлж, хүүхдийн дэргэд согтууруулах ундаа хэрэглэх, эсхүл хэрэглэсэн үедээ хүүхдийн амьдарч, суралцаж байгаа орчин, орон байранд нэвтэрсэн тохиолдолд хүүхдийг эрсдэлт нөхцөлд оруулсантай адилгаж үзэхээр болжээ.
Гуравдугаарт, Боловсролын орчин дахь хүүхэд хамгааллын хүрээг өргөжүүлж, боловсролын сургалтын байгууллага, сүм хийдийн дэргэдэх шашны сургуульд суралцаж байгаа хүүхдийн эрхийг хамгаалах асуудлыг тусгасан байна. Хүүхэд эрсдэлт нөхцөлд байгаа эсэхийг үнэлэх, зөвлөгөө өгөх, хүүхэд бүрийн нийгэм, сэтгэл зүйн асуудлыг илрүүлэх, тандан судлах, хүүхэд тодорхойгүй шалтгаанаар хичээлдээ ирээгүй тохиолдолд гэр бүл, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь даруй мэдэгдэхийг боловсролын сургалтын байгууллагын холбогдох ажилтанд үүрэг болгожээ. Үе тэнгийн дээрэлхэлт үйлдсэн хүүхэдтэй ганцаарчилсан уулзалт хийж, түүнд зөвлөгөө өгөх, хохирогч суралцагчаас уучлалт гуйлгуулах, сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээг үзүүлэх, хүүхдийн төлөвшилд нөлөөлөх сургалт, үйл ажиллагаанд эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хамт хамруулах үйл ажиллагааг Боловсролын сургалтын байгууллага хариуцан хэрэгжүүлж байх зохицуулалтыг тусгасан. Мөн боловсролын сургалтын байгууллагад болон насан туршийн суралцахуйн төвд суралцаж байгаа хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын нөхцөл байдлын тандалт судалгааг гурван жил тутам боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллагаас хариуцан явуулж байхаар хуульчилсан байна.
Дөрөвдүгээрт, Хүүхдийн цахим орчин дахь зохистой хэрэглээг дэмжих, цахим орчинд хүүхдийг эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хэвлэл мэдээлэл, өргөн нэвтрүүлэг, цахим орчны үйлчилгээ эрхлэгч өөрийн үйлчилгээнд хориотой агуулгыг түгээхгүй байх, хүүхдэд хортой агуулгыг хянах, хязгаарлах, хаах арга хэмжээ авахыг үүрэгжүүлэв. Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч өөрийн сүлжээнд хүүхдийн эрүүл мэнд, бие махбод, оюун санаа, ёс суртахууны хөгжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэхүйц хориотой, хортой контентыг хязгаарлах, контентын ангиллын тэмдэглэгээг олон нийтэд түгээхийн өмнө байршуулах, насанд хүрэгчдэд зориулсан тохиргоог идэвхжүүлэх боломжоор хэрэглэгчийг хангасан байна. Хүн, хуулийн этгээд хэвлэл мэдээлэл, өргөн нэвтрүүлэг, цахим орчинд хориотой агуулга түгээснээс хүүхдийн эрх зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй гэж үзвэл гомдлоо хүүхдийн эрхийн улсын байцаагч, цагдаагийн байгууллагад гаргаж, шийдвэрлүүлэх бөгөөд хүүхдийг цахимаар урхидах, дээрэлхэх, дарамталсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар торгох шийтгэл ногдуулахаар хуульчилсан.
Тавдугаарт, Гамшиг, гамшгийн онцгой нөхцөл байдлын үед хүүхдийг насанд хүрсэн хүнд харгалзуулалгүйгээр орхих, хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахаас бусад тохиолдолд хүүхдийг байгаа газраас нь авч явах, тээвэрлэхийг хориглосон.
Зургадугаарт, Хүүхдийн эсрэг болон хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн хүнийг хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлдэг байгууллагад ажиллуулах, хүүхэдтэй холбоотой ажил, үүрэг гүйцэтгүүлэхийг хориглосон.
Долдугаарт, Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хүүхдийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцох эрхийг баталгаажуулж өгсөн.
Наймдугаарт, Төрийн байгууллага хүүхэд хамгааллын үйлчилгээний талаар хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг жил бүрийн төсөвт тусган батлах явдлыг Засгийн газрын гишүүд өөрийн эрхлэх салбартаа хариуцан хэрэгжүүлэхээр хуульчилсан болно.