ТАРХИНЫ ХАРВАЛТ ГЭЖ ЮУ ВЭ? ХЭРХЭН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВЭ? Тархины харвалт гэж юу вэ?

By: Admin
2024-11-06
0
189

Тархины харвалт гэдэг нь тархины цусны урсгалд асуудал гарснаас тархины аль нэг хэсэг гэмтэхийг хэлдэг. Тархины харвалт хоёр төрлөөр үүсч болно:

  • Тархируу очиж буй артери бөглөрөх юмуу хаагдсанаас тархины хэсэг хэт удаан цусан хангамжгүй болох
  • Артери хагарч, тархируу эсвэл тархины эргэн тойронд цус алдах

Тархины харвалт хүмүүст хэрхэн нөлөөлдөг вэ?

Тархины харвалтын нөлөө олон хүчин зүйлээс хамаардаг,

  • Аль төрлийн харвалт гэдгээс
  • Тархины аль хэсэг, хэр хэмжээгээр хамрагдсан
  • Тархины харвалтыг хэр түргэн эмчилсэн гэх мэт

Тархины харвалттай хүмүүст тархины чухал үйл ажиллагаанууд алдагддаг. Жишээ нь, зарим хүмүүс хэсэгчлэн саажилттай болох эсвэл ярьж чадахгүй болдог. Тархины харвалт нь дэлхийн хэмжээнд нас баралт, хөдөлмөрийн чадвар алдалтын тэргүүлэх шалтгааны нэгд тооцогддог.

Хэн нэгнийг тархины харвалт болж буйг хэрхэн мэдэх вэ?

Тархины харвалтын шинжүүдийг санах хялбар арга байдаг. Зовиур ихэнхдээ огцом илэрдэг. Хурдан гэдэг үгийг буюу 'FAST' гэдэг үгийг бодох хэрэгтэй.  (өөрөөр хэлбэл эмчилгээг хурдан хийлгэх ёстой гэсэн утгатай). Үүний үсэг бүр нь хайх ёстой шинж тэмдгүүд ба хийх ёстой зүйлийг илэрхийлдэг.

  • Face- Тухайн хүний нүүр хоёр талдаа адилгүй, эсвэл нэг тал нь унжсан байна уу?
  • Arm- Тухайн хүний 1 эсвэл хоёр гар нь суларч эсвэл бадайрч байна уу? Хоёр гарыг атгуулж үзэхэд 1 гар нь сул, унжиж байна уу?
  • Speech- Тухайн хүнд ярианы бэрхшээл үүссэн байна уу? Хоолой нь хачин сонсогдож байна уу?
  • Time- Хэрвээ та тархины харвалтын эдгээр шинжүүдийн аль нэгийг ажиглавал түргэн тусламж дуудаарай (103). Та түргэн арга хэмжээ авах хэрэгтэй. Эмчилгээ эрт эхлэх тусам, эдгэх боломж илүү дээр байдаг.

Зарим мэргэжилтнүүд BE-FAST гэдэг үгийг бодохыг санал болгодог. Үүнд дээрх шинжүүд дээр нэмэлтээр 2 шинж нэмэгддэг:

  • Balance- Тухайн хүн зогсох эсвэл алхахад бэрхшээлтэй болсон уу?
  • EyesТухайн хүний хараанд өөрчлөлт гарсан уу?

Харвалтыг хэрхэн эмчилдэг вэ?

Зөв эмчилгээ нь тухайн хүн аль төрлийн харвалтаар өвчилснөөс хамаардаг. Аль төрөл вэ гэдгийг мэдэхийн тулд та тухайн хүнийг эмнэлэгт маш түргэн хүргэх хэрэгтэй. Эмнэлэгт, эмч нар харвалтыг оношлох шинжилгээнүүд хийж, аль төрлийн харвалт вэ гэдгийг илрүүлнэ. Үүнд  дүрс оношилгооны шинжилгээнүүд болох КТ шинжилгээ юмуу СРТ (MRI) орох ба эдгээр нь тархины зургийг гаргадаг.  Бусад дүрс оношилгооны шинжилгээнүүд нь судас эсвэл зүрхийг хардаг.

Артерийн бөглөрлөөс шалтгаалсан харвалттай хүмүүс:

  • Бөглөрсөн артерийг буцаан нээх эмчилгээнүүд хийлгэж болно. Эдгээр эмчилгээ нь тархины харвалт эдгэрэхэд тусалдаг.
  • Цусны бүлэн шинээр үүсэхээс сэргийлэх эмчилгээнүүд хийлгэж болно. Эдгээр эмчилгээ нь дахиж харвалт үүсэхээс сэргийлэхэд тусална.

Цус алдалтын шалтгаант тархины харвалттай хүмүүс:

  • Тархинд эсвэл түүний эргэн тойрон дахь цус алдалтаас шалтгаалсан гэмтлийг бууруулах эмчилгээ хийлгэж болно
  • Цус алдалтыг нэмэгдүүлэх эмүүдийн хэрэглээг зогсоох эсвэл бага тунгаар хэрэглүүлэх
  • Судсыг эмчлэх мэс засал эсвэл ажилбар хийж илүү их цус алдахаас сэргийлж болно (үүнийг хүн бүрт хийх боломжгүй байж болно)

Тархины харвалтаас сэргийлж болох уу?

Эрүүл мэндийн зөвлөгөө

Тархины харвалтын олон тохиолдлоос сэргийлж болдог ч бүгдээс нь сэргийлэх боломжгүй юм. Та харвалтаар өвдөх эрсдэлийг ихээр буулгах боломжтой.  Хэрвээ та:

  • Эмээ чухам эмчийн заавраар уух. Ялангуяа тархины харвалтаас сэргийлэхэд тусалдаг чухал эмүүд нь:
    • Даралтны эмүүд
    • Статин гэж нэрлэгддэг эмүүд, буюу холестерол бууруулдаг эмүүд
    • Цусны бүлэн үүсэхээс сэргийлдэг эмүүд, жишээ нь аспирин эсвэл цус шингэлэгчүүд
    • Цусан дахь сахарыг хэвийн түвшинд байлгадаг эмүүд (хэрвээ та чихрийн шижинтэй бол)
  • Амьдралын хэв маягаа өөрчлөх
    • Тамхи татахаа зогсоох, хэрвээ та тамхи татдаг бол
    • Тогтмол дасгал хөдөлгөөн хийх (хэрвээ эмч тань үүнийг аюулгүй гэж үзвэл) Долоо хоногийн ихэнх өдрүүдэд хамгийн багадаа 30 минут
    • Жин хасах, хэрвээ та илүүдэл жинтэй бол
    • Жимс, ногоо, тослог-багатай сүүн бүтээгдэхүүн ахиу хэрэглэх, мах, чихэрлэг, сайжруулсан үр тариа (цагаан талх эсвэл цагаан будаа) бага хэрэглэх
    • Давс бага хэрэглэх (натри)
    • Уух алкохолийн хэмжээг хязгаарлах:
      • Эмэгтэйчүүд, хоногт 1 стандартаас илүү уухгүй байх
      • Эрэгтэйчүүд, хоногт 2 стандартаас илүү уухгүй байх

Тархины харвалтаас сэргийлэх өөр нэгэн арга нь хүзүүний бөглөрсөн артерийг нээх мэс засал эсвэл ажилбар хийлгэх. Энэ төрлийн эмчилгээ нь зөвхөн цөөн тооны хүмүүст тохиромжтой байдаг.

Tarxi 2

Тархины ишемийн түр зуурын дайрлага гэж юу вэ?

Тархины ишемийн түр зуурын дайрлага нь харвалттай ижил боловч, тархинд гэмтэл үүсгэдэггүй. Энэ нь тархины артерит бөглөрөл үүсэх эсвэл хаагдсаны дараа буцаж өөрөө нээгдэхийг хэлдэг. Энэ нь цусны бүлэн үүсээд, бүлэн өөр тийш урсах эсвэл уусаж алга болсон үед тохиолддог.

Хэдийгээр тархины ишемийн түр зуурын дайрлага нь үлдэц шинж үүсгэдэггүй ч, тэд ноцтой юм. Хэрвээ танд Тархины ишемийн түр зуурын дайрлага үүсвэл, та харвалт болох өндөр эрсдэлтэй байна гэсэн үг. Та эмчид үзүүлж, харвалт үүсэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах хэрэгтэй. Харвалтын шинжүүд алга болсон ч түүнийг үл тоож болохгүй.

 Н.Баттогтох, Н.Батгомбо (Ховд аймаг дахь БОЭТ-ийн Мэдрэлийн тасгийн сувилагч)


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
2 + 8 =

Create Account



Log In Your Account