Он гарсаар БЗДХӨ-ий 167 тохиолдол илэрчээ

By: Admin
2024-12-22
0
2080

ХӨСҮТ-ийн ДОХ, БЗДХ-ын Тандалт судалгааны эмч нарын баг зургаадугаар сарын 26-наас эхлэн Ховд аймгийн Жаргалант, Мөст, Цэцэг сумдад арван хоног ажиллалаа.

Тэд орон нутгийн эрүүл мэндийн салбарын арав орчим байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, БЗДХ өвчний эрт илрүүлэг, эмчилгээ оношилгоонд анхаарах, урьчилан сэргийлэх чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, тандалт судалгаа явуулжээ.  

Тандалт, судалгааныхаа үр дүнг олон нийтэд танилцуулах, эрүүл мэндийн салбараас гадна бусад байгууллагын хамтын  үүрэг, оролцоог тодорхойлох, цаашлаад Ховд аймгийн хэмжээнд БЗДХ өвчнөөс урьчилан сэргийлэх ажлын төлөвлөгөөг боловсруулсан байна.   

Он гарсаар аймгийн хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 167 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс тэмбүү 67, терхоминаз 41, заг хүйтэн  өвчний 19 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 36.5 хувийг эзэлж байгааг мэргэжлийн байгууллагынхан мэдээллээ. Энэ нь улсын дундажтай харьцуулахад бага ч эрт илрүүлэг, оношилгоонд анхаарах, мэргэжлийн боловсон хүчний тоог нэмж ажиллуулах шаардлага бий гэдгийг хэлсэн юм. Мөн Ховд аймгийн хувьд их сургууль, коллежийн оюутнууд, уул уурхайн компаний ажиллагсад, хилийн боомтоор зорчигсдын тоо өндөр байдаг учир хөдөлгөөнт хүн амын дундах эрт илрүүлэг, оношилгоонд ихээхэн ач холбогдол өгч ажиллахыг албаныхан зөвлөлөө.

ХӨСҮТ-ийн ДОХ, БЗДХ-ын Тандалт судалгааны эмч М. Тунгалаг “Ховд аймагт 2015 оноос хойш төрөлхийн тэмбүүгийн дөрвөн тохиолдол илэрсэнээс гурав нь нярай эндсэн асуудал гарсан. Хэрвээ тэмбүүгийн халдвартай жирэмсэн эх эхний гурван сар дотор хяналтанд орж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эмчилгээнд хамрагдах юм бол эхээс эрүүл хүүхэд төрөх боломжтой. Тиймээс иргэн бүр өөрийн эрүүл мэнддээ анхаарч яг одоо шинжилгээнд хамрагдацгаая” гэж уриаллаа.

 

Н. Эрдэнэтуул


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
4 + 5 =

Create Account



Log In Your Account