Ховд аймгийн ИТХ-ын II хуралдаан цахимаар хуралдаж байна

By: Admin
2024-11-22
0
1591

Цар тахлын онцгой нөхцөл байдлаас шалтгаалан, цахимаар хуралдаж буй Ховд аймгийн ИТХ-ын ээлжит 2 дугаар хуралдаанаар Ховд аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн Үндсэн чиглэл батлах тухай Засаг дарга Б.Дүгэржавын илтгэлийг хэлэлцлээ.

Үндсэн чиглэлийг аймгийн ЗДТГ, холбогдох хэлтсийн мэргэжилтнүүд Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал “АЛСЫН ХАРАА-2050”, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг хөгжлийн бодлогын баримт бичгүүдийг үндэслэн боловсруулсан байна.

Ховд аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлд:
1-Нэгдмэл үнэт зүйлс, соёл, нийгмийн соён гэгээрэл
2-Хүний хөгжил
3-Амьдралын чанар ба дундаж давхарга
4-“ЭДИЙН ЗАСАГ”- эдийн засгийн тэргүүлэх чиглэл
5-Засаглал
6-Ногоон хөгжил ба баялаг ус
7-Амар тайван аюулгүй нийгэм, “Дархан хил
8-“Хот”, Сумын хөгжил гэсэн 8 бүлэг 153 зорилтыг тусгажээ.

Ирэх жилүүдэд “ХҮНИЙ ХӨГЖИЛ”-д түлхүү анхаарч “СТАНДАРТТАЙ-ШИНЭ ХОВДЫН ТӨЛӨӨ” гэсэн бодлогыг үндсэн чиглэлд тусгасан нь онцлог, давуу тал болж байна. Өөрөөр хэлбэл Эрдэнэбүрэнгийн УЦС, Ховд-Эко цементийн үйлдвэр, Үйлдвэр технологийн парк, Агро парк зэрэг томоохон үйлдвэр байгуулж ажлын байр нэмэгдүүлэх, иргэдийн ая тухтай орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх үүднээс Орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлэх, эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, спорт, ХАА, дэд бүтэц, байгаль орчин, аялал жуулчлал гээд бүхий л салбарын үйл ажиллагааг шинэ түвшинд гаргах, стандартыг мөрдүүлэхэд чиглэсэн байна.

Үндсэн чиглэлтэй холбогдуулан танхим болон цахимаар оролцож буй төлөөлөгчид сонирхсон асуултаа асууж, хариулт авлаа. Мөн аймаг, орон нутгийн хөгжил, иргэдийн ажил, амьдралд чиглэсэн олон чухал асуудлыг дэвшүүлэн үндсэн чиглэлд тусгах санал гаргалаа. Ингээд 2 дугаар хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Ховд аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийг батлах тухай тогтоолын төслийг баталлаа.


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
2 + 5 =

Create Account



Log In Your Account