Сонгуулийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эсэргүүцэж шаардлага хүргүүлжээ

By: Admin
2024-12-22
0
848

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэж Ард түмний хөдөлгөөнөөс Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл болон Монгол Улсын Их Хурал, Их хурлын гишүүд, Засгийн газарт  2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр шаардлага хүргүүлжээ. Уг шаардлагыг бүрэн эхээр нь толилуулж байна.

 МУ-ын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ ТАНАА 2023 оны 04 сарын 19 Шаардлага хүргүүлэх нь:

“УИХ-ын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэж байгааг Монгол Улсынхаа тусгаар тогтнол, хүн ардынхаа аж амьдрал, ирээдүй хойчийн төлөө сэтгэл зовнисон хэсэг иргэд эсэргүүцэн шаардлагаа хүргүүллээ. ҮНДЭСЛЭЛ: 1990 оноос хойшх 33 жилд Монгол ардын нам болон Ардчилсан нам ээлжлэн ТӨР барихдаа ТӨР-ийн эрх, мэдлийг яаж авах вэ? гэсэн ганцхан зорилгыг голч шугамаа болгон, АРД ТҮМЭН-ийхээ хүсэл зорилгыг үл ойшоон УИХ-ын сонгууль бүрийн өмнө өөрсөддөө ашигтайгаар хууль зөрчиж, сонгуулийн хуулийг өөрчилсөөр ирснийг ард түмэн мэддэг болжээ.

  1. 2016, 2020, 2021 оны сонгуулиудаар Үндсэн Хуулийн 3.2-т “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно.” гэсэн заалтыг илт зөрчиж, нэг ёсондоо төрийн эргэлт хийсэн.
  2. Эрх баригч нам сонгуульд гарах бүрдээ амалдаг амлалтуудаасаа буцаж, нэг ч бодитой ажил хэрэгжүүлээгүй бөгөөд шударга ёсыг булшлан хөгжлийн банк, жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас их хэмжээний зээл нэртэй луйвар хийсэн, нүүрс, зэс, алтны хулгай зэрэг улсын төсөв, сан хөмрөгийг хоослон шавхсан том том гэмт үйлдлүүдэд үйлдсэн хэрэгт УИХ-ын гишүүд нэр холбогдож, ард түмний төлөөлөл болох ёс зүйн чадамжаа алдсан.
  3. Эрх баригч нам хүч түрэмгийлэн үндсэн хууль, сонгуулийн болон бусад хууль тогтоомжинд удаа дараа гар дүрснээр, одоогийн улс төрийн системийн тогтворгүй байдал, гүнзгий хямралыг үүсгээд байхад дахин хувийн ашиг сонирхолоор сонгуулийн хуулинд гар дүрэх гэж санаархан зүтгүүлж байгааг иргэд эрс эсэргүүцэж байна.

Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын уг төсөлд:

  1. Сонгуулийн холимог тогтолцоо буюу намын жагсаалтаар сонгох,
  2. Гишүүний тоог нэмэгдүүлэх өөрчлөлтийг тус тус хэлэлцэж байна.

Үүнд: Нэгд: Сонгуулийн холимог тогтолцоо нь намын нэрийг дугуйлах, хүний нэрийг дугуйлах аль аль нь боломжтой гэж иргэдийг төөрөгдүүлэн тайвшруулж байгаад намын нэр хүндтэй цөөн гишүүдийн нэрсийг ашиглан, намынхаа саналын хувийг нэмэгдүүлж, гишүүн сонгох явцад иргэдийн сонголтоор бус, намын жагсаалтаар, намын даргын үзэмжээр, “цүнх баригч”, “мөнгөтэй авилгач”, “хулгайч”, “түмэнд нүүрээ барсан” хуучин эрх мэдэлтнүүд зэрэг “бүтэхгүй этгээдүүд”-ийг дахин төрд шургуулах, далд заль мэх хэрэглэсэн зүйлүүд байгааг Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэнгийн цахимаар хийсэн удаа дараагийн мэдэгдлээс  харж болно.

ATX

2012 онд эрх баригчид холимог тогтолцоог хэрэгжүүлсэн ч өөрсдөө хөлждөг улс төрчид дахин төрд гарах боломж олгосныг иргэд болон сөрөг хүчний гомдлоор Үндсэн хуулийн цэцээс шалгаж, Үндсэн хуулиа зөрчсөн гэсэн дүгнэлт гарч, 2016 онд хуулийг цуцалж байжээ. Гэтэл өнгөрсөн 2022 онд Үндсэн хуулийн цэцийн хэдэн ахмадууд сандал суудлаа авч үлдэхийн тулд эрх баригч намын карманд орж, зөв шийдвэрлэсэн ажлын дүгнэлтээ хүчингүй болгосноор ҮНДСЭН ХУУЛИЙН МАНААЧИЙН ҮҮРГЭЭСЭЭ гутамшигтайгаар ухарч няцсан. “Хаалгаар өшиглөөд гаргахаар, тооноор ороод ирлээ” гэдэг 2012 оны сонгуулийн эмгэнэлт жүжгийг дахин тоглохоор зүтгүүлж байна. Үүнээс үүдэн сонгуулийн үр дүнг сонгогчид хүлээн зөвшөөрөхгүй болж, нийгэмд эмх замбараагүй үймээн самуун дэгдэх магадлалтай юм.

            Үндсэн Хуулийн 3.1-д “Монгол улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна”, “Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.”,

21.2-т “УИХ-ын гишүүнийг шууд сонгоно”,

70.1-т “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаанд бүрнээ нийцсэн байвал зохино” гэж тус тус заасан байтал хуулиа уншдаг, судалдаг гишүүд байна уу? гэж эргэлзэхэд хүргэж байна.

Хоёрт: УИХ-ын гишүүдийн тоог 152 хүртэл нэмэх нь утга учиргүй, ард олны хүсэл зоригийн эсрэг зүйл юм. Одоо ард түмэн гишүүдийг бидний боломжийг булаасан хулгайч гэж хардаг болсноос, гишүүдийн тоог хоёр дахин нэмэхэд дургүйцэж буйгаа цахим орчинд илэрхийлж, уг асуудал нь болон иргэдийн дунд яригдаж буй томоохон сөрөг сэдэв болж буйг сонордуулья.

- 2019 оны үндсэн хуулийн өөрчлөлтөөр Засгийн газрын эрх мэдэл нэмэгдэж, УИХ-ын эрх танагдаж, “Засгийн газарт 4-өөс илүүгүй УИХ-ын гишүүн байж болно” гэсэн заалтыг 2022 онд хассанаар одоогийн ТӨРИЙН ЭРХ МЭДЛИЙН ТЭНЦВЭР алдагдаад байна. Өнөөдөр Засгийн газрын гишүүд “давхар дээлтэй” байгаа нь Засгийн газар дур зоргоор авирлах, ашиг сонирхлын захиалгатай хууль батлуулах боломж бий болгож байгаа бөгөөд Улсын ИХ Хурлаас хяналт тавих чадамжгүй болжээ. Иймд гишүүдийн тоог нэмэх бус харин тогтолцооны өөрчлөлт хийх шаардлагатай байгаа ч одооны чадамжгүй УИХ биш, үндсэн хуулийн дагуу зөвхөн БҮХ АРД ТҮМНИЙ САНАЛ АСУУЛГА-аар шийдэхийг шаардаж байна.

Ялангуяа Ерөнхий сайд Л.Оюунэрдэнийн гоёчилсон, дэл сул үгээр өнгөлөн далдалж, “хавх, занга, заль, хор найруулсан” энэхүү хуулийн төсөл нь 30 жилийн завхралыг засах дүр үзүүлж байгаа ч, үнэн чанартаа эр зориг дутаж, амиа аргацаасан, цаг нөхцөөж, хуйвалдан тохиролцож, барьцаалагдсан, эрх мэдэлд мөнхөд дархан суух гэсэн явуургүй аргын илэрхийлэл гэдгээ харуулж байна. Ард түмний эсрэг санааг шигтгэсэн хуулиудыг батлахын тулд алхам алхмаар ахиулан   Монгол Улсын хувь заяаг ямх ямхаар уруудуулан буйг Монгол түмний ухаарч сэхээрсэн дийлэнх хэсэг маш сайн ойлгож буйг АНХААРАХТуН !

2024 оны сонгуулийг холимог тогтолцоогоор дахин явуулбал Үндсэн хуулиар хамгаалагдсан ард түмний сонгох, сонгогдох эрхийг санаатайгаар хулгайлж байгаа хэрэг бөгөөд энэ нь Үндсэн Хуулийн 3.2-т “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно” гэсэн заалтыг санаатайгаар зөрчсөн хэрэг болно.

ШААРДЛАГА: 1. Эх орон ард түмнийхээ өмнө өргөсөн “Монгол улсынхаа Үндсэн Хуулийг дээдлэн сахина” гэсэн тангарагаасаа ухарч няцахгүй байхыг хичээж, энэхүү холимог тогтолцооны буюу намын жагсаалтаар гаргах, гишүүдийн тоог нэмэх, намуудыг улсаас санхүүжүүлэх зэрэг сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтийг бүхэлд нь эргүүлэн татах саналыг Улсын оруулахыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ танаас шаардаж байна.

  1. Нэгэнт 30 жил эмхэлж, эвлүүлж, удирдаж, залж чадаагүй та бүхэн одоо АРД ТҮМЭН-ээсээ уучлалт гуйж, өнөөдрийн нөхцөл байдлыг дүгнэн тунгааж, Үндсэн хуулийн дагуу “Ард нийтийн санал асуулга”-ыг сонгуулийн хэлбэрээр хар машингүй явуулж, Бүх Ард Түмний Онц Их Хуралдайг зарлан хуралдуулах нөхцөл бололцоог АРД ТҮМЭНДЭЭ олгож, саад тотгор учруулахгүй байхыг шаардаж байна.
  2. Энэхүү шаардлагын хариуг ажлын гурав хоногт багтаан өгөхийг хүсье! гэжээ.

 

 

 

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
4 + 5 =

Create Account



Log In Your Account