Б.ОСМАН: Ховд аймаг агаарын болон орчны бохирдлоо багасгахад анхаарах шаардлагатай юм шиг санагддаг

By: Admin
2024-11-22
0
1818

Бүгд Найрамдах Турк улсын Элчин сайдын яамны дэргэдэх Дианет сангийн Ховд аймаг дахь суурин төлөөлөгч буюу Шашны асуудал эрхэлсэн дэд захирал Б.Османтай ярилцлаа.

-  Сайн байна уу. Таныг Ховд аймгийн иргэд рүү чиглэсэн хүмүүнлэгийн болон тусламжийн нэлээдгүй ажлуудыг хийж байгаа гэж сонссон. Өнөөдрийг хүртэл ямар ямар ажлууд хийгээд байгаа вэ. Мөн өөрийнхөө эрхэлдэг ажлынхаа талаар мэдээлэл өгөхгүй юу?

- Сайн байна уу. Би БНТУ-ын Элчин сайдын яамны дэргэдэх Дианет сангийн Шашны асуудал эрхэлсэн дэд захирлын ажилтай. Ховд аймагт ирээд хоёр жил болж байна. Энэ хугацаанд БНТУ-ын сайн дурын иргэн, аж ахуй нэгж байгууллага, холбоодын зүгээс үзүүлж байгаа аливаа тусламж дэмжлэгийг Ховд аймгийн иргэдэд үзүүлэх ажлыг хариуцан ажиллаж байна. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тэргэнцэр өгсөн, “Хурман айт” сарын хүрээнд иргэдэд малын мах өгсөн, Мөн амьдарлын баталгаажих түвшин доогуур  иргэдэд хоол хүнс, гурил будаа, гоймон гэх мэт хүнсний бүтээгдэхүүн, нүүрс зэргийг Жаргалант сумын иргэдэд хандивласан байгаа. Эдгээр тусламж бол минийх биш БНТУ-ын сайн санаат иргэдийн тусламж юм. Ер нь бусдад өгнө, тусална гэдэг бол сайхан хэрэг. Бид энэхүү тусламж өгснөөрөө ямар нэгэн хариу буцааж нэхдэггүй гэдгийг та бүхэн сайн ойлгох хэрэгтэй. Мөн Ховд аймагт Исламын шашны бодлого үйл ажиллагааг түгээн дэлгэрүүлэх, шашны бодлогыг зөв чиг замаар явуулахад дэмжлэг үзүүлэх зорилготой ажилладаг. Дианет сан нь цаашид Ховд аймагт суурин төлөөлөгчөө байнга ажлуулахаар байгуулагдсан гэсэн үг. Тухайлбал, би явсан ч гэсэн дараа дараагийн хүн ирж ажиллана.

-Дээрх тусламж, дэмжлэгүүдийг яг ямар хүмүүст өгдөг вэ. Зөвхөн Исламын шашинтай хүмүүсч өгдөг үү?

-Үгүй. Заавал манай шашин шүтдэг байх албагүй. Бид энэхүү ажлуудаа тухайн аймаг, сумын Засаг даргын тамгын газар, багийн дарга нарт урьдчилж мэдэгдээд, иргэдийн санал авч, тухайн дэмжлэг шаардлагатай иргэдэд хүргэдэг байгаа. Мөн таны болон бусад бидэнтэй холбоо харилцаатай байдаг таньж мэддэг, санал болгосон иймэрхүү дэмжлэг тусламж шаардлагатай гэсэн хэнд ч өгч болно. Хамгийн гол нь Аллах ёсны жамаар би танд ийм бэлэг өглөө, та надад ингэж хариу барих ёстой гэсэн зүйл огт байж болохгүй. Өөрөөр хэлбэл, хариу нэхэхгүй тус гэсэн үг юм.

- Ховд аймгийн Исламын шашинт иргэдийн шашны зан үйл, үзэл санааг хөндлөнгөөс харж байхад хэр зөв явж байна гэж харагдаж байна. Таны хувьд хоёр жилийн хугацаанд бас нэлээд мэдлэг ойлголттой болж судласан байх?

- Ерөнхийдөө бол гайгүй. Гэхдээ бас сайжруулах, зөв сургах шаардлага байгаа нь харагдсан.

- Та Ховд их сургуульд сурч байгаа гэсэн. Яг ямар мэргэжлээр сурч байгаа вэ. Сурахад хүндрэл бэрхшээл хэр гарч байна вэ?

- Би Ховд их сургуулийн Нийгмийн ухааны сургуулийн Магистрт сурч байгаа. Сурах тал дээр хүндрэл бэрхшээл гайгүй боломжийн байна. Одоогоор судалгааны ажлаа хийж байна.

- Таны судалгааны ажлын сэдэв юу вэ?

- Ховд аймаг дахь Исламын шашинт иргэдийн шашны зан үйл, мэдлэг ойлголтын талаар судалгаагаа хийж байгаа.

-Хичээлээ сонсох сэдвээ судалж боловсруулахаас эхлээд багш нартайгаа ямар хэлээр ойлголцож байна вэ. Та Англи хэлтэй юу?

-Үгүй би Англиар ярьдаггүй. Турк хэлтэй. Монгол хэл сурч байгаа.

-Та өөрийгөө болон гэр бүлээ танилцуулахгүй юу. Гэр бүлээрээ Ховд аймагт амьдарч байгаа гэсэн үү. Ховдод ажиллаж амьдрахад хэлний болон бусад бэрхшээл хэр тохиолддог вэ?

- Миний хувьд Туркийн Хастомо хотод төрсөн. Шашны чиглэлээр суралцсан. Дианет сангийн Шашны байгууллагад 13 жил ажиллаад Ховд аймагт ирсэн. Би 3 хүүхэдтэй. Эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймагт амьдарч байна. Хоёр хүүхэд маань энд ерөнхий боловсролын сургуульд сурдаг. Анх хэл ойлголцохоос эхлээд хүндрэлтэй байсан. Одоо ангийнхаа найз нөхөдтэй танилцаад гайгүй болж байгаа. Бага хүүхэд маань гэрээрээ байгаа. Анх ирснээ бодвол харьцангуй гайгүй. Дасч байна. Хүмүүстэй танилцаад, олон найз нөхөд хамтран ажиллагсадтай болж байгаа.

- Цаашид танай байгууллагын зүгээс Ховд аймагт хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажил, арга хэмжээ юу байгаа вэ. Удахгүй наурызын баяр болох гэж байгаа. Ховд аймгийн хувьд Исламын шашинтай иргэдийн дийлэнх нь казас хүмүүс байдаг болохоор тэдэн рүү чиглэсэн ямар нэгэн ажил арга хэмжээ хийх үү?

-Одоогоор яг товлосон ажил, арга хэмжээ, хүмүүнлэгийн ажил байхгүй. Хэрэв Дианет сангийн зүгээс болон бусад хандивлагч доноруудын зүгээс дэмжлэг тусламж үзүүлнэ гэвэл би татгалзах зүйлгүй тусламжийг дамжуулж хүргэх болно. Ерөнхийдөө миний хувьд Турк улсын зүгээс үзүүлж байгаа дэмжлэг тусламжийг Ховд аймгийн иргэдэд хүргэх гүүр болон ажиллаж байгаа гэсэн үг. Дээрх ажлуудаас гадна бид Ховд аймгийн Оюутан залуучуудыг дэмжих зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажил хийдэг. Энэ нь Манай төвийн дэргэдэх “Залуучуудын Ирээдүйн Боловсрол Хүмүүнлэг Төв” ТББ нь Монгол улсын хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байна. Тухайлбал, оюутан залуучуудын эрүүл мэндийн даатгалыг нэг удаа төлж өгөх арга хэмжээ хийсэн, хөдөө орон нутгаас залуучууд эмнэлэг болон бусад үйлчилгээ авах гээд Ховд аймагт ирэхэд нь нэг удаа түр байраар хангах, соёл, спортын арга хэмжээ зохион байгуулах гээд залуучуудын санаачилсан ажлуудыг зохих хэмжээнд дэмжиж ирсэн.

- Энэ төвийнхөө талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

- Энэ ТББ нь 2018-2019 оны хичээлийн жилд сурч буй оюутан залуучуудын дунд ар гэрийн гачигдалтай, хөгжлийн бэрхшээлтэй, сургалтын төлбөр төлөх чадамжгүй оюутан залууст туслалцаа үзүүлэх зорилгоор оюутны дотуур байр ажлуулж байна. Мөн тэдний хувь хүнийх нь хөгжил төлөвшилд эерэг нөлөө үзүүлэх сургалт сурталчилгааны ажлууд бас хийдэг.

- Ерөнхийдөө ямар нэгэн хандив тусламжийг бараа таваар эд материал байдлаар өгөхөөс гадна тухайн ард иргэдийг чадавхжуулах тал руу хандвал аливаа тусламж дэмжлэг нүдээ олох юм шиг санагддаг л даа. Уучлаарай, Уг нь энэ бол манай төр засгийн хийх ажил л даа. Гэхдээ нэгэнт бусдад туслая гэж зорьж байгаа бол энэ талын дэмжлэг нь илүү зөв юм шиг санагддаг юм?

- Тиймээ тантай санал нэг байна. Загас барьж өгөхөөс илүүтэй загас барих аргыг нь зааж өгөх гэж үг байдаг. Миний хувьд хариуцаж байгаа ажлын маань чиглэл өөрөө энэ. БНТурк улсын элчин сайдын яамны дэргэдэх ТИКА гэдэг байгууллагаас энэ талын ажлыг хийдэг. Саяхан бас Ховд аймагт ТИКА-ын төлөөлөл болсон хүмүүс ирээд аймгийн ЗДТГ-ын удирдлагуудтай уулзаад хэлэлцээр хийгээд явсан байгаа. Тэгэхээр тэр шугамаар цаашид Ховд аймагт нэлээдгүй ажил хийгдэх байх. Мөн Турк улсын их дээд сургуулиуд болон мэргэжлийн сургуулиудад тэтгэлэгтэй суралцах боломж байгаа. Тухайлбал, www.turkiyeburslari.gov.tr гэсэн хаягаар ороод илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваад оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн талаар мэдээлэл авч болно. Энэ хүрээнд Турк улсад дэлхийн 108 орноос оюутан элсүүлдэг хөтөлбөр байгаа. Эдгээр нь Туркийн Истанбул хотын 4 сургууль, бусад 9 хотын сургуулиудын тэтгэлэг байх жишээтэй. Энэ тэтгэлэгийн бүртгэл 3 сарын 31-ыг дуустал явагдах бөгөөд 5 дугаар сарын дундуур Ховд аймагт ирж шалгалтыг авна. Турк улсад манай шугамаар өнгөрсөн жил гурван сурагч явж суралцсан. Тэр гурав дажгүй сайн суралцаж байгаа.

- Яг ямар шалгалт өгөх ёстой вэ. Тавигдах шаардлага юу вэ?

- 9-12-р ангийн сурагчид эсвэл их дээд сургууль төгссөн хүн ч байж болно. Сэтгэн бодох чадвар буюу IQ-ийн шалгалт авдаг.

- Холын хүнээс үг сонс гэдэг. Ховд аймагт ажиллаж амьдраад ажиглаж байхад анхаарах ёстой зүйл ер нь юу ажиглагдаж байх юм?

- Яахав хөгжлийнхөө жамаар явж байгаа нэг хот, аймаг. Нэг их тэгж ингэж хөгжих ёстой, тэгж хоцрогдсон гэж миний хувьд хэлэх нь илүүц байх. Гэхдээ аль ч газар тэр иргэд нь тухайн орчин тойрондоо цэвэр, цэмцгэр амьдрах ёстой. Ховд аймаг бол агаарын бохирдол болон орчны бохирдол их байна. Тиймээс энэ тал дээр л нэн тэргүүнд анхаарах шаардлагатай санагддаг даа.

- Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

-Танд бас баярлалаа.

 Ж.САР


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
5 + 3 =

Create Account



Log In Your Account