HWPL энх тайван найрамдлын олон улсын байгууллага нь нийслэлийн тусламж хэрэгтэй айл өрхүүдэд болон хөдөө орон нутагт байгаа зудад өртсөн, хахир хүйтэн өвлийг давж буй малчдад дэм болох, тэдэнд урам зориг, баяр хөөрийг бэлэглэх зорилгоор "Инээмсэглэл дүүрэн өвөл" аяныг амжилттай зохион байгууллаа.
HWPL байгууллагын хамт олон 11-р сараас эхлэн нийгмийн зорилтот бүлэгт дэмжлэг үзүүлэх хүсэлтэй байгууллага, хувь хүмүүстэй уулзаж аяны зорилго, төлөвлөгөөг танилцуулсан бөгөөд үүний үр дүнд 300 гаруй хувь хүн, байгууллага уг аянд нэгдэж өвлийн хувцас, хичээлийн хэрэглэл, ахуйн эд зүйлс зэргээр сэтгэлийн хандив өргөжээ. Цугласан хандивыг 12-р сарын 15-ны өдрөөс эхлэн хөдөө орон нутгийн 3 аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний төв болон Улаанбаатар хотын 5 дүүргийн хороодоор дамжуулж айл өрхүүд, хүүхдүүдэд хүргэсэн байна.
Аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний төвөөс “Энэ жил хөдөө орон нутагт зуд болж байгаатай холбоотойгоор хүнд нөхцөлд байгаа малчдад энэхүү хандив томоохон сэтгэлийн дэмжлэг болно” хэмээн онцолж, талархал илэрхийлсэн байна.
Цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулагдах “Инээмсэглэл дүүрэн өвөл” аян улам бүр өргөжиж, бусдад туслах эерэг уриалгыг нийгэмд түгээж, ард иргэдийн идэвх оролцоог нэмэгдүүлнэ гэдэгт бат итгэлтэй байгаагаа HWPL байгууллагын сайн дурын ажилтан цохон тэмдэглэжээ.
HWPL байгууллага нь НҮБ-ын Глобал харилцаа холбооны газар (DGC) болон Эдийн засаг, Нийгмийн Зөвлөл (ECOSOC)-д тусгай зөвлөлдөх статустай Олон улсын энх тайван найрамдлын ТББ юм. Тус байгууллага нийгмийн сайн сайхны төлөөх олон төрлийн арга хэмжээ, сайн дурын ажлуудыг зохион байгуулж байгаа бөгөөд 12-р сарын 5 буюу НҮБ-аас зарласан "Дэлхийн сайн дурынхны өдөр”-өөр сайн дурын ажил, түүний ашиг тусыг оюутан залуучуудад таниулж сурталчлах өдөрлөгийг мөн амжилттай зохион байгуулсан байна.
САЙН ҮЙЛС ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ!