УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд шаардлага гардуулжээ

By: Admin
2025-02-21
0
28

Ховд аймгийн ард иргэд Улсын их хурлын дарга Д.Амарбаясгаланг тус аймагт очих үеэр шаардлага гардуулж өгчээ. Учир нь 2024 оны 11 дүгээр сард Ховд аймгийн ард иргэдийн төлөөлөл Улаанбаатар хотод хүрэлцэн очиж хэвлэлийн бага хурал хийсний зэрэгцээ, арван нэгэн мянган иргэний гарын үсгээр баталгаажсан өргөдөл хийгээд өргөх бичгийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд, мөн Ховд, Увс, Говь-Алтай, Завхан аймгаас УИХ-д сонгогдсон нэр бүхий 10 гишүүнд гардуулан өгсөн ч өдгөө бараг 4 сарын хугацаа өнгөрөөд байхад хэн нь ч хариу өгөөгүй, "усанд хаясан чулуу" шиг таг чиг болсон байна. Ийм учраас УИХ болон УИХ-ын гишүүдийг ядаж сонгогдсон тойргынхоо иргэдийн аливаа асуулт, санал хүсэлт, өргөдөл гомдолд хуулийн дагуу хариу өгдөг болгохын тулд тууштай зүтгэх ёстой хэмээн Ховд аймгийн ард иргэд үзэж байгаа ажээ. Шааардлыг бүрэн эхээр нь толилуулж байна.    

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

Д.АМАРБАЯСГАЛАН ТАНАА

2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр

Ховд аймгийн иргэдээс танд болон баруун бүсийн аймгуудаас (Ховд, Увс, Говь-Алтай, Завхан) сонгогдсон нэр бүхий Улсын их хурлын арван гишүүнд Ховд аймгийн Мянгад сумын нутаг Халзан бүрэгтэйд тусгай зөвшөөрөл эзэмшигч “Монголиан нэшнл рийр ийрт корп компани” болон  Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам зэрэг төрийн зарим байгууллагын үйл ажиллагаатай холбоотой санал гомдол, өргөх бичгийг 2024 оны 11 дүгээр сарын 18-н гэсэн он сар өдөртэйгээр, “Ховдын толь” сонины газар болон Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт оршин суугч иргэн Л.Төмөрбаатар гэсэн буцах хаягтайгаар, холбогдох баримт материалууд болон 11 мянган иргэний гарын үсгийн хамт хүргүүлсэн.

Гэтэл үүнээс хойш бараг гурван сарын хугацаа өнгөрөөд байхад танайхаас болон нэр бүхий улсын их хурлын гишүүдээс хэнээс нь ч, ямар ч хариу ирүүлсэнгүй ! 

Уг санал гомдол хийгээд өргөх бичигт бид Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 2023 онд Ховд аймгийн ард иргэдтэй уулзахдаа өгсөн амлалтыг сануулах дашрамд Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яаманд хүргэгдсэн нутгийн удирдлагын байгууллага болон иргэний нийгмийн байгууллагуудын өргөдөл гомдлыг шийдвэрлэх үйл явцыг хуулийн дагуу шуурхай хэрэгжүүлэхэд нь хяналт тавьж, тодорхой арга хэмжээ авч өгөхийг, тэрчлэн зарим иргэдийн хохирлыг барагдуулах асуудалд тусламж үзүүлэхийг хүссэн.

Харин Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлсэн өргөх бичгийн хариуг Ерөнхийлөгчийн Тамгын газраас бидэнд ирүүлсэн бөгөөд уг асуудлыг шалгаж шийдвэрлэхийг Засгийн газрын хэрэг эрхлэх газарт шилжүүлэн даалгасныг мэдэгдсэн.  

Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын нөхөд бидэнтэй холбогдож уг өргөдөл гомдолтой холбоотой мэдээлэл материал, нотлох баримтуудыг хангалттай түвшинд гаргуулан авсан боловч ирүүлсэн хариу нь зарчмын шаардлага хангаагүй, тэр ч байтугай зарим зүйлийг зориудаар булзааруулсан хандлага үзүүлж байгаа нь сэтгэл гонсойлгож байна.

Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газраас ирүүлсэн уг газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Өнөрбаярын гарын үсэгтэй 2025 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 01/43 дугаар албан бичигт  “...дээрх хуулийн этгээдийн 2019-2024 онд байгаль орчны чиглэлээр авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил, арга хэмжээний баримт бичгүүдийг хянаж баталгаажуулсан явц, үйл ажиллагаа нь хүний эрүүл мэнд, байгаль орчин, соёлын өвийн тухай хууль тогтоомж зөрчиж буй эсэхийг тогтоох зорилготой эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас хийсэн хяналт шалгалт, тандалт судалгаа, хэмжилт, шинжилгээний тайлан, дүгнэлт, бусад баримтуудтай танилцахад хууль тогтоомж зөрчсөн талаар дурьдаагүй байна” гэжээ.

Гэтэл хууль тогтоомж зөрчсөнийг гэрчлэх тодорхой нотлох баримтуудыг бид уг газарт гаргаж өгсөн. Хяналт хэрэгжүүлэх газрынхан маань “...эрх бүхий албан байгууллага, албан тушаалтнаас хяналт шалгалт, тандалт судалгаа, тайлан, дүгнэлт, бусад баримтуудтай танилцахад хууль тогтоомж зөрчсөн талаар дурьдаагүй байна” хэмээн дүгнэсэн боловч чухам ямар тайлан, дүгнэлт, баримтууд гэдгийг дурьдаагүй нь бидний хувьд хангалтгүй хариулт болж байна.

Бидний тухайд тийм хяналт, шалгалт, тандалт судалгаа явагдаагүй гэж үзэж байгаа бөгөөд холбогдох, хууль журмууд зөрчигдсөн тухай тодорхой баримтуудыг гаргаж өгөөд байхад Хяналт хэрэгжүүлэх газар уг нотлох баримтуудыг судлаж, хянаж, үнэлээгүй, энэ талаар ямар нэг зүйл дурьдаагүй байна. Мөн Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яаманд хүргэгдсэн өргөдөл гомдолд хавсаргасан баримт материалууд нь холбогдох журамд заагдсаны дагуу бэлтгэгдэж, уг өргөдөл гомдлыг хянан хэлэлцэх болзлыг хангасан болохыг нягтлаж үзэлгүйгээр, “бүрдэл хангасан материалыг эрх бүхий албан тушаалтнаар дамжуулан ирүүлнэ” үү хэмээн нэгэнт хийгдсэн ажиллагааг дахин хийхийг даалгасан байгаа нь ойлгомжгүй байна.

Эдгээрийн улмаас бидний зүгээс Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын нөхөд гомдлыг хянан шийдвэрлэх хуульд заагдсан үүргээ хэрэгжүүлэн ажиллаж чадаагүй хийгээд зориудаар булзааруулсан, төөрөгдүүлсэн хариу ирүүлж аргацаахыг оролдсон болохыг танд мэдэгдэх дашрамд Улсын их хурлын эрхэм дарга та болон танай нэр бүхий Улсын их хурлын гишүүд Монгол Улсын ард иргэдээс, тэр тусмаа өөрсдийн сонгогдсон тойргийн ард иргэдээс хүргүүлсэн тодорхой үндэслэлтэй, баримт нотолгоотой, тэр тусмаа ард иргэдийн үндсэн хуулиар олгогдсон, жам ёсны эрх, эрх чөлөөнд заналхийлсэн асуудлын тухай өргөдөл гомдолд огт хариу өгөхгүй (хуулийн хугацаа нь 2 дахин хэтэрсэн) байгаа нь гайхаш төрүүлж байна.  

Тийм учраас уг асуудлаар Улсын их хурлын түвшинд нээлттэй сонсгол явуулах, уг сонсголыг явуулахдаа холбогдох хуульд заасны дагуу  өргөдөл гомдол гаргагчдыг болон эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдүүдийг мөн тухайн бүс нутгийн иргэд, олон түмний төлөөллийг заавал  байлцуулан, ил тодорхой, нээлттэй, шудрага зарчмаар явуулахыг хичээнгүйлэн хүсэж, дахин энэхүү өргөдлийг хүргүүлж байна.       

2024 ОНЫ 11 ДҮГЭЭР САРД ӨРГӨДӨЛ

ГОМДОЛ ГАРГАСАН БҮХ АРД ИРГЭД


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
9 + 5 =

Create Account



Log In Your Account