Иргэнлэг хөгжлийн төлөөх Иргэний төлөөлөл байна

By: Admin
2024-12-23
0
1600

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛД ЖАРГАЛАНТ СУМЫН ЦАМБАГАРАВ БАГААС НЭР ДЭВШИГЧ ХАШБААТАРЫН ЛХАМСҮРЭН

Миний бие Ховд аймгийн ИТХ-д бие даан нэр дэвшин өрсөлдөх болсон ганцхан шалтгаан бол намаар дамжин албан тушаалд хүрч, эрх мэдлээр дамжин бизнес хийдэг тогтолцоог халж, иргэдийн хурал дахь жинхэнэ иргэний төлөөлөл байж, иргэний төлөө төрийн бодлого явуулж, хүнээ эн тэргүүнд тавьсан хөгжлийн бодлого явуулдаг болоход хувь нэмэр оруулах юм. Би дараах гурван чиглэлийг үйл ажиллагааныхаа үндсэн чиглэл болгон ажиллахаар шийдэж, мөрийн хөтөлбөрөө танд өргөн барьж байна.

  1. Хүүхдийн боловсролыг дэмжиж, ирээдүйдээ хөрөнгө оруулна.   
  • Сонгогч түмнээ жилд дор хаяж нэг удаа эмнэлгийн үзлэгт бүрэн хамруулж, шаардлагатай эмчилгээг нь хийлгэх, цаашид аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалтыг эмч, эмнэлэгийн ажилтнуудтай хамтран зохион байгуулж үр дүнд хүргэнэ.
  • Сурагч бүрт суралцах эрмэлзлэл, зорилго бий болгох үүднээс шаталсан сургалтуудыг Ховд аймгийн багш нарын хамтаар тасралтгүй зохион байгуулж, олон ястан түмний үр садын гадаад, дотоодын тэтгэлэгт хамрагдах тоог нэмэгдүүлнэ.
  • Залуучуудын бүтээлч санал, санаачилга бүрийг дэмжин, аймгийн тухайн асуудлыг хариуцсан байгууллагатай нь холбож, боломжит дэмжлэгүүдийг авахад нь тусалж хамтран ажиллана.
  • Багш нарын хөгжлийг байнга дэмжих төсөл хөтөлбөрүүд боловсруулж, хэрэгжүүлэх замаар боловсролын чанарыг ахиулж, улсдаа тэргүүлдэг сургууль, багш сурган хүмүүжүүлэгчдийн тоог нэмэгдүүлнэ.
  • Архи, тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодис, бусад төрлийн донтолт, хорт зуршлын хамааралтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, эмчлэх тогтолцоог сайжруулах, сэтгэл зүйн зөвлөгөө, тусламж, эмчилгээний үйлчилгээг хөгжүүлэх, олон нийтэд хүртээмжтэй, боловсронгуй болгоход анхаарч ажиллана.
  • Амьдралаас урган гарсан аливаа ажил, асуудалд анхааралтай хандаж, тойргийн сонгогчидтойгоо тогтмол уулзан хамтран ажиллаж, энд шаардагдах бодит ажил, санаачилгыг өрнүүлэн ажил хэрэг болгоно.
  1. Өрхийн орлогыг дэмжиж, иргэдийн амьдралыг дээшлүүлнэ.
  • Иргэд хашаандаа өрхийн аж ахуй эрхлэх боломжийг бий болгох үүднээс дундын усалгааны худагтай болж, жимс ногооны жишиг баг болно.
  • Барьцаагүйгээр зээл олгох бодлогыг дэмжиж иргэдийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх нөхцлийг бүрдүүлэхийн төлөө цуцалтгүй тэмцэж ажилгүй иргэдийн тоог бууруулна.
  • Ажил идэвхтэй хайж буй иргэн бүрийг мэдээ, мэдээллээр хангаж, сургалтуудад хамруулан, ажлын байр бий болгоход чиглэсэн арга хэмжээ авна.  
  • Сонгогч танд ойрхон ажиллаж таны гаргасан санал санаачилгад тулгуурлан иргэдийн удирдлагын багийг бий болгохын тулд иргэн таны дуу хоолой болж ажиллана.
  • Иргэний танхимын ашиглалтыг сайжруулж, иргэдийн болон ТББ – уудын дуу хоолойг тогтмол сонсож, аймгийн бодлогод оруулдаг тогтолцоог бий болгоно.
  • Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй телевиз, радиод иргэд санал хүсэлтээ тогтмол илэрхийлж, санал бодлоо солилцох цагтай болно.
  1. Дэд бүтцийн хөгжлийг дэмжиж, амьдралын тав тухыг хангана.
  • Тойргийн сонгогчид улмаар нийт иргэдийн ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор орон сууцжуулах “Хамтын сан” бий болгож, утааны аюулыг багасгах иргэд зөвхөн барилгын зардлаар орон сууцтай болох нөхцлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллана.
  • Гудамж бүр гэрэлтүүлэг, камертай болно.
  • Хүүхдэд ээлтэй, аюулгүй тоглоомын талбайтай болоход онцлон анхаарна.
  • Орон нутгийн захиргаа иргэдийн холбоог өргөжүүлж, тэдгээрийн хүсэл сонирхол, тавьсан асуудалд анхааралтай хандаж ажиллана.
  • Төрийн байгууллагуудын удирдлагуудыг сонгоход хамт олны болон иргэдийн саналыг тусгадаг болгох санаачилгын ажил өрнүүлж, хяналт тавьж, сонгогч танд мэдээлдэг байна.

Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
9 + 9 =

Create Account



Log In Your Account