Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулиас (ажиглалт, хяналт, хариуцлага)

By: Admin
2024-12-23
0
195

Сонгогчдын боловсролд

Редакцын сонголтоор ард иргэдийн заавал мэдвэл зохих заалтуудыг түүлвэрлэн нийтлэв. 

НАЙМДУГААР БҮЛЭГ

СОНГУУЛИЙН ЗАРДАЛ

49 дүгээр зүйл.Сонгуулийн зардал

49.1.Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, түүнчлэн нэр дэвшигч сонгуулийн мөрийн хөтөлбөрөө сонгогчдод сурталчлах, тайлбарлан таниулах зорилгоор сонгуулийн сурталчилгааны шууд болон шууд бус зардал /цаашид "сонгуулийн зардал" гэх/ гаргана.

49.2.Сонгуулийн зардал дараах хөрөнгөөс бүрдэнэ:

49.2.1.хандив;

49.2.2.намын өөрийн хөрөнгө;

49.2.3.нэр дэвшигчийн өөрийн хөрөнгө.

49.3.Сонгуулийн зардлын мөнгөн хөрөнгийг энэ хуульд заасны дагуу нээлгэсэн сонгуулийн зардлын дансанд төвлөрүүлж, зарцуулна.

49.4.Сонгуулийн зардлын данснаас өөр дансанд сонгуулийн зардал цуглуулах, зарцуулахыг хориглоно.

56 дугаар зүйл.Хандив өгөх, хүлээн авахыг хориглох

56.1.Дараах этгээд хандив өгөхийг хориглоно:

56.1.1.гадаад улс буюу гадаадын байгууллага, олон улсын байгууллага, гадаадын хөрөнгө оруулалттай байгууллага, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага;

56.1.2.гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн;

56.1.3.18 нас хүрээгүй хүн;

56.1.4.төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд;

56.1.5.шүүхийн шийдвэрээр тогтоогдсон албан татварын өр төлбөртэй, дампуурсан хуулийн этгээд;

56.1.6.үйлдвэрчний эвлэл, шашны байгууллага;

56.1.7.байгуулагдаад нэг жил болоогүй хуулийн этгээд.

56.2.Хандив өгөхийг хориглосон этгээд сонгуулийн хандив өгсөн бол хандив хүлээн авах эрх бүхий этгээд буцаан шилжүүлнэ.

56.3.Хандивлагч хандив өгөх бол энэ хуулийн 56.1-д заасан шаардлага хангаж байгаа эсэхээ хандив хүлээн авагчид нотлох үүрэгтэй.

56.4.Энэ хуулийн 56.2-т заасныг зөрчиж хүлээн авсан хандивыг улсын орлогод буюу төрийн санд шилжүүлнэ.

56.5.Нам өөрийн өмчлөлийн хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгийг нам, эвслийн болон нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаанд ашиглуулж болох бөгөөд энэ нь хандивт тооцогдохгүй.

56.6.Нэр дэвшигч болон нам, эвслийн сонгуулийн зардлын данс хооронд шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг хандивт тооцохгүй.

58 дугаар зүйл.Сонгуулийн зардлын тайлангийн хяналт ба нээлттэй, ил тод байдал

58.1.Төрийн аудитын дээд байгууллага зардлын тайланг хүлээн авсан өдрөөс хойш 60 хоногийн дотор хянаж, дүнг нийтэд мэдээлэх бөгөөд нэг сая ба түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн иргэн, хоёр сая ба түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн хуулийн этгээдийг нийтэд мэдээлнэ.

/Энэ хэсэгт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

58.2.Төрийн аудитын дээд байгууллага сонгуулийн зардлын тайлангийн талаар дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

58.2.1.нам, эвсэл, нэр дэвшигчийн авсан хандив, санхүүжилт, зарцуулалтад дангаараа болон төрийн бусад байгууллагатай хамтран хяналт тавих;

58.2.2.нам, эвсэл, нэр дэвшигчээс сонгуулийн санхүүжилттэй холбоотой мэдээлэл авах;

58.2.3.сонгуулийн санхүүжилт, түүний зарцуулалтад гарсан зөрчлийн талаар баримт бичиг үйлдэх, бүрдүүлэх, холбогдох байгууллагад хүргүүлэх;

58.2.4.төрийн болон бусад байгууллага, албан тушаалтан, иргэдээс сонгуулийн санхүүжилттэй холбоотой баримт бичгийг гаргуулан авах;

58.2.5.зардлын тайлан гаргах, хүлээн авах, нийтэд мэдээлэх, танилцуулахтай холбоотой журам, маягт батлах.

58.3.Төрийн аудитын дээд байгууллага энэ хуулийн 38.5, 38.13-т заасан мэдээллийг дүгнэлт гаргаж дууссан өдрөөс эхлэн, 58.4-т заасан мэдээллийг хүлээн авсан өдрөөс эхлэн өөрийн байгууллагын цахим хуудаст ил тавьж, нийтэд чөлөөтэй танилцах бололцоо олгоно.

/Энэ хэсэгт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

58.4.Нэр дэвшигч, нам, эвсэл авсан хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс гурав хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ.

58.5.Төрийн аудитын дээд байгууллага энэ хуулийн 58.2-т заасан бүрэн эрхийн дагуу мэдээлэл, баримт шаардсан тохиолдолд холбогдох иргэн, хуулийн этгээд мэдээлэл, баримтыг гаргаж өгөх үүрэгтэй.

67 дугаар зүйл.Сонгууль ажиглах

67.1.Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, эсхүл нэр дэвшигч нь нэг санал авах байранд хоёр хүртэл, Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн төрийн бус байгууллага нэг санал авах байранд хоёр хүртэл сонгуулийн ажиглагч /цаашид “ажиглагч” гэх/-ийг томилж ажиллуулах эрхтэй.

/Энэ хэсэгт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

67.2.Ажиглагч нь 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай Монгол Улсын иргэн байна.

67.3.Нэр дэвшигч болон төрийн албан хаагч ажиглагч байхыг хориглоно.

67.4.Нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигчийн менежер, шадар туслагч, ухуулагч ажиглагчаар томилогдсон бол сонгуулийн хорооны ажиллах байр болон санал авах байранд сонгуулийн сурталчилгаа, түүнтэй холбоотой аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

67.5.Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн гадаадын болон олон улсын байгууллага, гадаад улсын иргэн сонгуулийг ажиглаж болно.

67.6.Сонгууль ажиглах журам, түүнд холбогдох маягт, загварыг Сонгуулийн ерөнхий хороо батална.

67.7.Ажиглагч томилох эрх бүхий этгээд ажиглагч ажиллуулах, бүртгүүлэх хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан журмын дагуу бичгээр гаргаж, санал авах өдрөөс долоогоос доошгүй хоногийн өмнө хэсгийн хороонд хүргүүлнэ.

/Энэ хэсэгт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

67.8.Ажиглагчийг бүртгэх хугацаа өнгөрсөн бол хэсгийн хороо ажиглагч ажиллуулах, бүртгүүлэх тухай хүсэлтийг хүлээн авахгүй.

67.9.Хэсгийн хороо хүсэлтийг хүлээн авч нягтлан шалгаж, санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө ажиглагчийн үнэмлэх олгоно.

/Энэ хэсэгт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

67.10.Ажиглагч хуульд заагаагүй эрх эдлүүлэхийг шаардах, хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх, худал мэдээлэл нийтэд тараах зэрэг хууль бус арга хэрэглэж хэсгийн хорооны ажилд хөндлөнгөөс оролцвол хэсгийн хорооны дарга ажиглагчийн бүртгэлийг хүчингүй болгож, санал авах байраас гаргана.

67.11.Ажиглагч бүртгэлээс хасагдсан бол ажиглагч томилсон этгээд түүний оронд өөр хүнийг томилох эрхгүй.

67.12.Санал авах байрын багтаамжаас хамаарч бүх ажиглагч санал авах байранд нэгэн зэрэг ажиглалт хийх боломжгүй бол хэсгийн хороо ажиглагчдыг ээлжээр ажиглалт хийх боломжоор хангана.

67.13.Төрийн хэргийг удирдахад иргэдийг оролцуулах зорилт бүхий дүрэмтэй, улс төрийн намын дэргэд үйл ажиллагаа явуулдаггүй төрийн бус байгууллага нь сонгуулийн үйл ажиллагаанд ажиглалт, хөндлөнгийн хяналт хийх эрхтэй.

67.14.Энэ хуулийн 67.13-т заасан үйл ажиллагааг зохицуулах журмыг Сонгуулийн ерөнхий хороо батална.

67.15.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажиллагааг ажиглахтай холбогдсон харилцаанд сонгууль ажиглах ерөнхий журмыг баримтална.

/Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

67.16.Ажиглагч томилох эрх бүхий этгээд гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажиллагаанд хоёр хүртэл ажиглагчийг томилон ажиллуулж болно.

/Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

67.17.Ажиглагч томилох эрх бүхий этгээд гадаад улсад байгаа сонгогчдоос санал авах ажиллагаанд ажиглагч томилох бол энэ тухай хүсэлтээ төв комисст гадаадад санал авах өдрөөс долоогоос доошгүй хоногийн өмнө хүргүүлнэ.

/Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

67.18.Төв комисс нь гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажиллагааг ажиглахаар томилогдсон ажиглагчийн мэдээллийг холбогдох салбар комисст хүргүүлэх бөгөөд ажиглагч нь гадаадад санал авах өдрөөс өмнө салбар комисст бүртгүүлж, ажиглагчийн үнэмлэх авна.

/Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

67.19.Сонгогчийг санал өгсний дараа өгсөн саналынх нь талаар асуухыг хориглоно.

/Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

68 дугаар зүйл.Ажиглагчийн эрх

68.1.Ажиглагч санал авах, тоолох, дүн гаргах ажиллагаа хууль тогтоомжийн дагуу явагдаж байгаа эсэхийг зөвхөн хөндлөнгөөс ажиглана.

68.2.Ажиглагч дараах эрх эдэлнэ:

68.2.1.саналын хуудасны битүүмжлэгдсэн байдал болон зарцуулалтын тайлантай танилцах;

68.2.2.санал авах үйл ажиллагааг ажиглах;

68.2.3.санал бэлтгэх бүхээг, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцаг, санал тоолох төхөөрөмж, саналын хайрцаг болон санал авах байр хууль тогтоомжийн дагуу бэлтгэгдсэн эсэхтэй танилцах;

68.2.4.санал авах үйл явцад зөрчил гарвал хэсгийн хороонд мэдэгдэж, залруулахыг хүсэх;

68.2.5.сонгогчийн саналаа нууцаар гаргах эрх болон сонгуулийн хорооны хэвийн үйл ажиллагаанд саад учруулахгүйгээр дуу болон дүрс бичлэгийн хэрэгсэл ашиглан сонгуулийн үйл явцыг баримтжуулах;

68.2.6.хэсгийн хорооны гишүүнээс холбогдох мэдээлэл авах;

68.2.7.ажиглалтын тайланг бодит тоо, баримтад тулгуурлан гаргах;

68.2.8.санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүнгийн хуудас авах;

68.2.9.цахим хэлбэрээр хуулбарласан саналын хуудасны зурган мэдээллийг авах;

68.2.10.энэ хуулийн 65.11-д заасан жагсаалт болон тэмдэглэлтэй танилцах, уг жагсаалтыг сонгогчдын нэрийн жагсаалттай тулган үзэх.

68.3.Ажиглагчийн эрх ажиглагчийн үнэмлэх авснаар эхэлж, энэ хуульд заасны дагуу санал хураалтын дүн гарснаар дуусгавар болно.

68.4.Энэ хуульд заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн төрийн бус байгууллага нь нэр дэвшигч, нам, эвслийн сонгуулийн зардлын тайлан, түүнд холбогдох баримттай танилцах, хөндлөнгийн хяналт тавих эрхтэй.

/Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

70 дугаар зүйл.Санал авах өдөр хориглох үйл ажиллагаа

70.1.Санал авах өдөр дараах үйл ажиллагааг хориглох бөгөөд аймаг, нийслэлийн Засаг дарга холбогдох шийдвэр гарган хяналт тавьж ажиллана:

70.1.1.согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах;

70.1.2.соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулах;

70.1.3.гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв ажиллах.

АРВАН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

ХУУЛЬ ТОГТООМЖ ЗӨРЧИГЧИД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА, ГОМДОЛ МАРГААН ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ХАРЬЯАЛАЛ

80 дугаар зүйл.Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

80.1.Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Зөрчлийн тухай хууль болон Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

81 дүгээр зүйл.Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн тухай гомдол, маргааныг шийдвэрлэх харьяалал

81.1.Сонгуулийн гомдол, маргааныг хянан шийдвэрлэж байгаа эрх бүхий этгээд нь тухайн гомдол, маргааны онцлог байдлыг харгалзан энэ хуульд өөрөөр заагаагүй бол тухайн сонгуулийн жилд багтаан шийдвэрлэнэ.

81.2.Сонгуулийн хороод энэ хуульд заасны дагуу шатлан захирагдах зарчмаар ажиллах бөгөөд сум, дүүргийн сонгуулийн хорооны шийдвэрт холбогдуулан аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд, аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны шийдвэрт холбогдуулан Сонгуулийн ерөнхий хороонд тус тус гомдол гаргана.

81.3.Энэ хуулийн 74 дүгээр зүйлд заасны дагуу санал хураалтын дүнг өргөн мэдүүлсэн Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрт холбогдуулан гаргасан маргааныг Үндсэн хуулийн цэц хянан шийдвэрлэнэ.

/Энэ хэсэгт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

81.4.Энэ хуулийн 81.3-т зааснаас бусад Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрт холбогдох маргааныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар, Улсын дээд шүүх давж заалдах журмаар хянан шийдвэрлэнэ.

81.5.Сонгуулийн хороодын шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор өргөдөл, гомдол гаргах бөгөөд хугацаа хэтэрсэн гомдлыг хүлээн авахгүй.

81.6.Сонгогчид бэлэн мөнгө, эд зүйл тараасныг сонгогч баримттайгаар цагдаагийн байгууллагад мэдэгдэж болно.

81.7.Сонгогчид хууль бусаар мөнгө, эд зүйл тараасан болох нь тогтоогдсон бол мэдээлэл гаргасан иргэн тараасан бэлэн мөнгө болон эд барааны үнийн дүнг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг гэм буруутай этгээдээс гаргуулахаар шаардах эрхтэй.

81.8.Шүүх энэ хуулийн 81.3-т заасны дагуу маргаан хянан шийдвэрлэхдээ захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэхгүй.

/Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
2 + 9 =

Create Account



Log In Your Account