ЭМГЭНЭЛ

By: Admin
2024-12-27
0
1120

ДАГВЫН ЖҮГДЭРБАРАМ 

/1952-2019он/

Монгол Улсын Гавьяат Эдийн засагч, зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Алтай элхэний Дагвын Жүгдэрбарам 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж бид бүхэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, найз нөхөд, хамтран ажиллаж байсан хамт олонд гүн эмгэнэл илэрхийлье.

Д.Жүгдэрбарам нь Ховд аймгийн Манхан сумын уугуул захчин хүн бөгөөд 1973 онд Ховд аймгийн Жаргалант сумын 10 жилийн дунд сургууль, 1977 онд Монгол Улсын Их сургуулийг Төлөвлөгч-Эдийн засагч мэргэжлээр дүүргэжээ. Сургуулиа төгсөөд 1977-1992 онд төрөлх Ховд аймгийнхаа  АДХ-ын Гүйцэтгэх захиргааны Төлөвлөгөөний комисст  мэргэжилтэн, АДХ-ын Гүйцэтгэх захиргааны  нэгдүгээр орлогч бөгөөд Төлөвлөгөөний комиссын дарга, 1992-1997, 1999-2000 онд аймгийн Засаг даргын орлогч, 1997-1999 онд Хадгаламж банкны салбарын захирал, 2000-2010 онд ХАА-г хөгжүүлэх төслийн нэгжийн захирал, 2010-2012 онд  “Ховд суварга” үйлдвэрийн газрын захиралаар тус тус ажиллаж байлаа.

Д.Жүгдэрбарам  олон түмний илтгэлийг хүлээж аймгийн АДХ-ын  депутат, 1992-2004, 2008-2012 онуудад аймгийн  ИТХ-ын төлөөлөгчөөр дөрвөн удаа сонгогдон ажиллаж байв.

Д.Жүгдэрбарам нь өөрийн эзэмшсэн мэргэжил, ухамсарт амьдрал, бүтээлч хөдөлмөрөө Ховд аймгийн эдийн засаг, нийгмийн салбарын хөгжил, бүтээн байгуулалтыг цогцлооход манлайлан өнөөгийн Ховдын түүхийг бүтээлцсэн  гавьяатан, Ховдчууддаа “Жүүгээ дарга” хэмээн  хүндлэгдсэн эрхэм хүмүүн байлаа.   

Д.Жүгдэрбарамын аймгийн хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, ард иргэдийн аж амьдралын сайн сайхны төлөө оруулсан хөдөлмөр бүтээлийг Төр, засгаас  өндрөөр үнэлж Алтангадас одон, Ардын хувьсгалын ойн медаль,   Монгол Улсын Тэргүүний эдийн засагч, Тэргүүний хоршоологч цол тэмдэг, Засгийн газрын хүндэт жуух бичиг, Нутгийн удирдлагын “Соёмбо” одонгоор тус тус  шагнаж  2019 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Гавьяат эдийн засагч” цол хүртээсэн билээ.

Д.Жүгдэрбарамын “Өштөн өөрөө төрдөг” бүтээл нь 2000 онд шилдэг жүжгээр шалгарч Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэгээр, “Уул усны эзэн” номоороо 2006 онд МЗЭ-ийн шагнал хүртэж, “Жимсний төгөлд шарилж ургадаггүй” хүүхдийн жүжиг нь 2012 онд шилдэг бүтээлээр шалгарч Монгол улсын соёлын санд хадгалагдсан байна. Сэтгүүл зүйн олон арван шилдэг бүтээл туурвисныг нь өндрөөр үнэлэн  2011 онд “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнажээ.

Төр захиргааны ахмад ажилтан, зохиолч, сэтгүүлч, бидний хамтран зүтгэгч Таны үнэнч шударга, нөр хичээнгүй ажилсаг хөдөлмөрч, нөхөрсөг элгэмсүү, туйлын бүтээлч, гүн сэтгэгч, үлгэр дууриалалтай эрхэм сайхан зан чанарууд тань бид бүхний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдан, мөнхрөн үлдэх болно.

Ум сайн амгалан болтугай.

ХОВД АЙМГИЙН ИТХ, ТЭРГҮҮЛЭГЧИД,  АЖЛЫН АЛБА, ЗАСАГ ДАРГА,  ЗДТГ, ЗОХИОЛЧДЫН БАЙГУУЛЛАГА, 

АЙМГИЙН МАН-ЫН ХОРОО, МАНХАН СУМЫН НУТГИЙН ЗӨВЛӨЛ,ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙСАН  НАЙЗ НӨХӨД

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
8 + 2 =

Create Account



Log In Your Account