“Нийгмийн цөөнх”-ийн нийтлэг гачлан

By: Admin
2024-12-23
0
1094

Аливаа зүйлд олонх эсвэл цөөнх байхын ялгаа нэн их. Энэ ойлголтыг бид гол төлөв УИХ, эсвэл иргэдийн төлөөлөгчдийн хурал, нам хүчний доторхи үзэл бодлоороо нэгдсэн бүлэг, хэсгүүдийн тооны харьцаагаар жишиж ойлгодог. Амьдрал дээр олонхи, цөөнхийн үлгэр загвар, үр дагаврыг тод, томруун харуулж буй нь тэд юм болохоор арга ч үгүй биз. Үүнтэй адилхан нийгмийн амьдралын түвшинд цөөнх, хэт цөөнх болсноороо багагүй хохирол үзэх, зарим талаараа нийгмээс золиослогдох үзэгдэл ч байж болдогийн нэгэн жишээ гэвэл, өнөөдрийн бодит амьдрал дээр чөлөөт уран бүтээлчид, орон нутгийн хэвлэл мэдээллийн салбарынхныг авч үзэж болох юм.

Тэдний хувьд бусад салбарынхан шиг үйл олноороо нийгмийн нийтлэгийг буй болгох боломж хомс. Жишээлэхэд багш нар, эмч нар, төрийн алба хаагчид, бизнес эрхлэгчид, малчид бол Монгол улсын сум, аймаг, хот болгонд хэдэн арваас хэдэн зуугаараа ажиллаж амьдарцгаах агаад төр, засгаас ихээхэн анхаарал талбиж, салбар бүрт тусгайлсан бодлого явуулан, хүний хөгжил нийгмийн асуудлыг нь байнга анхаарлын төвд авч явдаг. Энэ нь нэн сайшаалтай агаад Монголын төр, засаг ард түмнийхээ төвд байж, тэдний тусд ажиллаж байгаагийн тод илрэл юм.

Харин хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсад бол аймаг бүрд ихэдлээ л гэхэд 30-40 хүн. Тооны хувьд ийм байхаас гадна тэдний тухай төр засгаас анхаарч санаа тавих, дэвшил хөгжлийг нь дэмжин хөхиүлэх шаардлага байхгүй гэж үзэх нь хэвшил болсон зүйл учир энэ утгаараа цөөнхийн шинж байдал нь илүү тод илрэнэ. Орон нутагт сайндаа л арав, хориор тоологдох уран бүтээлчид, зураач, зохиолч, хөгжмийн зохиолч ч гэх юм уу байгалийн өгөгдөлт авъяас чадвараараа аж төрөхийг хичээгсдийн хувьд бол дээрх асуудлыг ярихын ч хэрэггүй байх.

Миний бодоход жам ёсны дагуу бол аливаа улс гүрний төр засгийн бодлого ард түмнийг бүрдүүлж буй бүхий л хүмүүст, ямар салбар, байгууллагад ажиллаж байгаа, ямар үндэс угсаатай, ямар үзэл бодолтойгоос нь үл хамааран адил тэгш үйлчлэх ёстой байх.

Одоо мөрдөгдөж буй Үндсэн хуулинд “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэж заажээ.

Гэвч .... амьдрал дээр манайд төрийн бодлогыг явуулахдаа төрийн алба, хувийн хэвшил, төрийн бус байгууллага, малчид, үйлдвэрлэл эрхлэгчид, уран бүтээлчид, сэтгүүлчдэд ихээхэн харилцан адилгүй, тэнцвэргүй байдлаар хандаж, тэдгээрийн ажиллах амьдрах баталгааг нь харьцангуй өөр, өөр түвшинд хангахаар хуульчилсан байх ба заримыг нь бүр ямар ч баталгаагүйгээр бодлогоос гадуур орхисон нь ч бий.

Жишээ болгоод төрийн алба хаагчид болон сэтгүүлчдийг харьцуулж үзье. Улс төрийн, тусгай, жинхэнэ, үйлчилгээний гэхчилэн төрийн албаны аль ч хэсэг, ангилалд ажиллагсадын ажиллах нөхцөл баталгаа, цалин хөлс, нийгмийн асуудал, дэмжлэг туслалцаа сэлтийг Төрийн албаны тухай хууль болон холбогдох журам заавраар хуульчилан баталгаажуулсан байдаг учир өнөөгийн Монгол улсад төрийн албанд ажил хийх нь ажил эрэгчдийн хүсэн тэмүүлдэг “диваажин” гэж хэлэхүйц. Харин хэвлэл мэдээллийн салбарынхны хувьд тэдний ажиллах нөхцөлийг хангах, баталгаатай цалин хөлстэй байх, бодлогын дэмжлэг авах талаар эрх зүйн ямар ч зохицуулалт байхгүй. Үндсэндээ дээрх хоёр салбарынхны хувьд тэмээ, ямаа шиг, нэгийг нь ордны дээдсүүдтэй, нөгөөг нь гудамжны хэрмэлүүдтэй адилтгаж болохуйц. Гэвч эрхлэж буй ажлынх нь нийгмийн ач холбогдол, ард олны тусад гүйцэтгэж буй үүргийг харьцуулж үзвэл, онхи ялгаагүй. Хэвлэл мэдээллийнхэн болоод соёл, уран бүтээлийн чиглэлийнхэн ард түмнийг мэдээлэлтэй байлгах, ингэснээр тэднийг улам боловсронгуй, ухаалаг, хүчирхэг болоход нь туслах, бас танин мэдүүлэх соён гэгээрүүлэх гэх мэт хэзээнээс хүн төрөлхтний дээд суртахууны түвшинд тооцогдож ирсэн улс гүрний амин чухал хэрэгцээнд үйлчилдэг бол, төрийн алба хаагчид төрийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, хууль сахиулах, ард олонд тэдгээртэй холбоотой үйлчилгээ үзүүлэх гэх мэт мөн л амин чухал хэрэгцээнд үйлчилнэ.

Монгол төрийн бодлогод ардчиллыг тууштай баримтлан хөгжүүлэх, хүний хөгжилд онцгойлон анхаарч хүнийг дээдлэх, үндсэн хуулинд заасанчилан ялгаварлан гадуурхлыг үл тэвчиж, нийгмийн нийтлэгийг бүрэлдүүлж буй, төрөл салбарынханд тэгш зарчмаар хандах, тэднийг нийтэд нь дэмжих бодлого явуулах гэсэн “чихэнд чимэгтэй” үзэл баримтлалууд байдаг ч амьдрал дээр бол дээрхтэй адил таагүй жишээнүүд нэг бус байгааг эрэгцүүлж, улсын түвшин дэх бодлого үзэл баримтлалын хувьд “гишгэсэн мөрөө дахин дахин харж, шинжиж байх” тухай дээдсийн захиас сэлтийг санаж сэрэх шаардлагатайг үгүйсгэмгүй санагдана.

Үүнийг бичих болсон гол санаа маань орон нутгийн хэвлэл мэдээллийнхний өмнө тулгамдаж буй ужиг асуудлын талаар хөндөхөд чиглэгдсэн бөгөөд одоо тэр сэдэв рүүгээ төвлөрөхийг хичээе.

Эдийн засгийн тааламжгүй нөхцөл нүүрэлсэн энэ үед тэдэнд, давын өмнө хоолой дээр нь тээглэсээр байгаа зүйл бол мэдээж орлогын хомсдол, санхүүжилт дутмаг байхын зовлон гачаал буй. Энэ нь орон нутгийнхны хувьд зах зээлийн цар хүрээ хумигдмал, төрийн идэвхтэй дэмжлэг, зохицуулалт бараг үгүй, мэдээлэл хүлээн авагч, хэрэглэгчдийн аж төрөх нөхцөл, сэтгэлгээний соёл тааруухан зэргээс голлон шалтгаална. Бас үүнийг дагалдаад тэнд ажиллаж буй хүмүүсийн сэтгэл ханамж, ажилдаа хандах хандлага, гараас нь гарч буй зүйлсийн чанар чансаа, цаашлаад ёс суртахуун, ёс зүйн асуудалд ч “согог , гэмтэл” бий болж буй нь амьдрал дээр тод ажиглагддаг. 1990-ээд онд Монголд гарсан нийгмийн өөрчлөлтийн дараахнаас чөлөөт хэвлэл мэдээллийн үзэл санаа нэвтэрч, нийслэл болон томоохон хотуудад “замбараагүй” олон сонин, телевиз гарч ирэхийн зэрэгцээ “хэвлэл мэдээллийн хараат бус байдал” гэдэг лоозон маш хүчтэй дэлгэрч, ийм тогтолцоог төлөвшүүлэхэд чиглэгдсэн зарим нэг алхмууд хийгдсэн. Одоо ч бас энэ тухай ярьдаггүй, аливаа зүйл дээр эшлэл болгодоггүй, тухайн салбарынхан руу хандахдаа энэ үгийг зориуд онцлодоггүй салбарын удирдах түвшиний хүмүүс, төрийн албан тушаалтнууд, дарга даамлууд, эрдэмтэн судлаачид бараг үгүй. Орон нутгийн түвшинд л гэхэд сэтгүүлчдийн салбар байгууллагын дарга, эсвэл аль нэг сонины эрхлэгч, телевизийн захирлын амнаас “бид хараат бус байдлыг эрхэмлэн ажиллаж байна” гэсэн үг байнгын давтамжтайгаар сонсогдоно. Харин бодит байдал дээр ямар вэ? Орон нутагт хэвлэл мэдээллийн байгууллагууд орлого олж, өөрийгөө санхүүжүүлэхийн тулд, хэн нэг том дарга, томоохон албан тушаалтан, аль нэг улс төрийн намын удирдлага, тодорхой түвшиний улс төр бизнесийн бүлэг, хэсгийнхэнтэй түншлэж, тэдэнд тал алдахгүйгээр, “хормойдон дагаж” гүйхгүйгээр олигтой оршин тогтнох боломж хомс. Миний оршин амьдардаг аймагт л гэхэд үйл ажиллагаа явуулж буй бараг бүх телевиз, /3, 4/ оршин тогтнох арга чарга хайхын эрхэнд дуу, дуугаа авалцан, улс төрийн намуудад тодорхой байр суурь эзэлж, “карьер” /улс төрийн өндөр байр суурь, нэр төр, ашиг сонирхол/ хөөцөлдөж буй, амбиц /ашиг сонирхол/ ихтэй нөхдүүдэд худалдагдаж, /шууд, утгаараа арилжаалагдаж, тэдний өмчийн ХМХ болсон/ дуусав. Сонин хэвлэлүүд нь ч мөн адил дээрхийн адилаар “”тал засан, шарвалзах” арга барилаар хоол олж идэхээс өөр гарцгүй шахам. Аймгуудад сэтгүүлчдийн байгууллагын салбар зөвлөл гэж байх ч түүнийг удирдаж буй хүн нь аль нэг ХМБ-ын дарга, захирал байх тул мөнөөх байр сууриа ашиглан эрхэмүүдэд аятайхнаар шадарлаж, хал балгүйхнээр өөрийн байгууллагадаа давуу байдал олж авахыг ихэд хичээх дүр зураг ч ажиглагдана. Тоймлон дурьдаж буй энэ мэт шинж байдлыг тодотгохуйц, жишээ баримтыг өөрийн нүдээр үзэж, мэдэрсэн, бусдаас дам мэдээлэл авсан болгоныг тоочвол цөөн бус бөгөөд энд тийнхүү нэр усаар тоочихоос зайлсхийж, гагцхүү үл зохилдоход эрэмшин, мартагнасан зүйлүүдийг нь сануулж, санаа, сэдэл өгөхийг чухалчилсан болно.

Иймэрхүү байдлаас болоод “дөрөвдэгч засаглал”, “хоточ ноход” хэмээн элдвээр хээмсэглэн гангарагчдын маань эрхэм үүрэг болсон үнэн бодитой мэдээлэл түгээх, тэнцвэртэй хандах, танин мэдүүлэх, соен гэгээрүүлэх чиг үүрэг ч ямх ямхаар өнгөө хувирган, өөрчлөгдөж байх шиг. Тэдний хийж буй ажлыг нь, гараасаа гаргаж буй бүтээл туурвилыг нь үнэлэх үнэлэмж ихээхэн өнгөц хийсвэр, зарим талаараа хуурмаглан оромдсон, тал тохой татсан байдалтай байгаагаас нийгмийн тусд, ард олны жинхэнэ эрх ашгийн төлөө шатаж хөдөлмөрлөх, оюун санааны эрэл хайгуул хийх, ололт, эрсдлийн заагт хүрч, хурц содон гаргалгаа дэвшүүлэх хүсэл зоригтнууд нүдний гэм шиг болж, бараг л үзэгдэхээ болих шинжтэй.

Монголын нэгэн нэртэй зохиолч, эрдэмтэн, судлаачийн хэдхэн жилийн өмнө хэвлэгдсэн номон дээр сэтгүүлч хэмээх нэр томъёоны утга агуулгыг эрэгцүүлэхдээ уг үг нь “сэд, сэдэх, сэдхил” хэмээх язгуур утгаас үүсэлтэй агаад оюун санаа, сэтхил, үйлийн түвшинд цолгорон манлайлсан сэтгэгчдийн зиндаанд хүрсэн хүмүүсийг нэрийдсэн нийтлэг нэршил байх нигууртай хэмээгээд, өнөөдрийн хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж буй ихэнх нөхдүүд маань болсон явдлыг хүмүүст дамжуулан мэдээлэх төдийг гүйцэлдүүлснээрээ өөрсдийгөө сэтгүүлч хэмээн цоллох нь нэг л зохимжгүй мэт. Тиймээс дамжуулан мэдээлэх түвшинд ажиллаж, бүтээж буй нөхдөд бол сурвалжлагч, харин дээр үгүүлсэнчилэн арай “өөр түвшинд” туурвин бүтээж буй нөхдөд нь сэтгүүлч гэдэг нэршил зохимжтой юм” хэмээснийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй санагддагсан.

Эдгээрийг цаашид нуршин улиглахыг тэвчээд, орон нутгийнхнаар зогсохгүй салбарын түвшинд анзаарч, ажил хэрэг болгох ёстой ямар алхамууд үгүйлэгдэж байна вэ гэдэгт санаа бодлоо чиглүүлбэл

Нэгд: тус салбарт ажиллагсдын хөдөлмөрлөх нөхцлийг баталгаатай болгож, нэгдсэн бодлогооор зохицуулах. Үүнтэй холбоотойгоор мэдээж мөнгө санхүүгийн асуудал босож ирэх бөгөөд бодит амьдралыг цухас судлаж үзэхэд аймгуудад хэвлэл мэдээллийн салбарт үзүүлж буй бодлогын дэмжлэг харилцан адилгүй, зарим нь орон нутгийн төсөвт 30.0-40.0 сая орчим төгрөг /Баянхонгор зэрэг аймаг/ батлуулан, салбартай мөрдөж, буй журам дүрмийн дагуу тэгш зарчмаар хувиарлаж, зарцуулдаг, бас зарим аймагт 60.0-70.0 сая төгрөг /Говь-Алтай, Баян-Өлгий гэх мэт/ батлагддаг байхад нэлээд олон аймагт /Ховд, Увс, Завхан, Өвөрхангай, Төв, Хэнтий, Өмнөговь, Дунговь гэх мэт/ тухайн салбарт зориулж, ямар ч эх үүсвэр батлаж өгдөггүй байх жишээтэй.

Хоёрт. Сэтгүүлчид болон ажиллагсдын мэргэжлийн болон хөдөлмөр бүтээлийн үнэлэмжийг бодитой болгох. Хамгийн наад зах нь тэдний бичиж туурвиж буй мэдээлэл, нийтлэл, бэлтгэж буй нэвтрүүлгийн нийгмийн болон танин мэдэхүй, оюун санааны түвшин дэх ач холбогдол, чанар чансаа, нийгэмд үзүүлэх нөлөөлөл, амьдрах чадварыг харгалзаж үнэлдэг байх. “Одоогоос өнгөрсөн цаг руу аялах” зарчмаар олон сар, жилүүдийн өмнө бүтээгдсэн сэтгүүл зүйн бүтээлүүд хожим нь ямар үр өгөөж гаргасан, амьдрах чадвар нь ямар байсан гэдгийг нягтлаж байж. Сая шагнал урамшуулалд дэвшүүлдэг зарчимыг нэвтрүүлэх

Гуравт: Хараат бус байх гэдгийг “мэдэн будилалгүйгээр” бодитой ойлгож, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон байгууллагууд санхүүгийн эх үүсвэрээ олохын тулд эрх, мэдэлтнүүд, чинээлэг түвшиний улс төр, бизнесийн бүлэг, хэсгийн аманд орох, эсвэл тэдэнд хандах шаардлагагүй байхуйцаар нөхцөл боломжийг нь бодлогоор зохицуулж өгөх

Дөрөвт: Мэдээлэлд зэрэг зиндаа байхгүй гэдгийг хаа хаанаа ойлгож, нийслэл хот буюу төвийн байгууллагууд орон нутгийн сэтгүүлчдийн хөдөлмөрийг ямар ч үнэ хөлсгүйгээр ашиглах, эсвэл багаахан хэмжээний аар, саарханаар хуурдаг гэх мэт түгээмэл үзэгдлийг арилгахуйц сэтгэл зүйн орчинг бүрэлдүүлэх

Тавд: Хэвлэл мэдээлэл сэтгүүл зүйн салбарынхан бусадтай адил жам ёсны эрхээ эдлэн, төрийн хуулийн /үндсэн хуулийн/ үйлчлэлд багтаж, салбартаа мэргэжлээрээ тогтвортой ажиллах баталгаатай байхуйц эрх зүйн орчинг бүрдүүлэх

Зургаад: Сэтгүүлчдийн хөдөлмөрийн үр дүнгээр, нийгэмд буй таагүй, охор хандлагуудыг сонжиж сануулсан, далд бугшмал асуудлуудыг эрэн сурвалжилж ил гаргасан, тулгамдсан, шийдэл олох, шийдвэрлэх шаардлагатай зүйлүүдийг илрүүлж, засаж сайжруулах арга замыг санал болгосон нийтлэл, нэвтрүүлгүүд үй олноор түгээгддэг ч түүнд нүдэн балай, чихэн дүлий байдлаар хандсаар ирсэн ужиг самуурлыг цочоож, хөдөлбөргүй асуудлыг гаргаж хөндсөн, дэвшүүлсэн сэтгүүл зүйн бүтээлүүдийн мөрөөр шуурхай арга хэмжээ өрнүүлдэг, мэдрэмжтэй нийгмийг цогцлохын төлөө хамтарсан эрэл хайгуул хийх тэргүүтнийг онцломоор байгаа юм.

Мэргэжил нэгт сэтгүүлчид хийгээд сэтгүүлчдийн үндэсний байгууллага болох МСНЭ, бусад мэргэжлийн байгууллагууд, мөн төрийн шат шатны байгууллагууд маань миний цухас дурьдсан дээрх асуудлуудын талаар болгоон, тунгааж, болж өгвөл гарц шийдлийг олоход шамдах аваас цаг зав, тархи мэдрэлийнхээ ямх төдийг хугаслан цахим бичвэрт буулгах гэж мунгинсаны минь хэрэг зориг сая гүйцэлдэх болой.

Сэтгүүлч Хиргис Г.Төрмөнх


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
4 + 1 =

Create Account



Log In Your Account