Эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ бол иргэд дараагийн шатлалын байгууллагад ачаалал үүсгэхгүй байх, дараалал хүлээлгүйгээр хэд хэдэн төрлийн эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжтой нэгж юм. Ховд аймагт “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулах нь” төсөл хэрэгжиж байгаа билээ. Ингээд холбогдох судалгаа хийсэн “Ховдын толь” ТББ-ын тэрүүн Г.Төрмөнхтэй ярилцсанаа уншигчдадаа хүргэе.
- Танай байгууллагын хувьд сонгогдсон эрүүл мэндийн анхан шатны нэгжүүдийн төсвийн шинжилгээг хариуцан хийсэн байгаа. Төсвийн шинжилгээг хэрхэн хийсэн бэ?
- Манай байгууллагын хувьд төсөв санхүүтэй холбоотой мэдээллийг “Төсвийн хараат бус хяналт шинжилгээ”-ний аргачлалыг ашиглан хийж гүйцэтгэсэн. Төсвийн шинжилгээг нийцлийн төлөв байдал, төсөв хүрэлцээтэй эсэх, хүрэлцээгүй бол шалтгаан, хүчин зүйл нь юу болох, төсвийн хуваарилалтын төлөв байдал, тайлант хугацааны төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлийг өмнөх гурван жилтай харьцуулан шинжилж, төсвийн өөрчлөлт, хөдөлгөөн, гүйцэтгэл, өсөлт, бууралт, ашиг алдагдалд нөлөөлж буй хүчин зүйлүүд, ил тод байдлын үзүүлэлтүүдийг харьцуулан үзсэн.
- Анхан шатны нэгж дээр төсөв санхүүтэй холбоотой ямар асуудлууд тулгамдаж байна?
- Иргэд маань өрхийн болон сумын эрүүл мэндийн төвийн төсвийг төлөвлөхөд оролцдоггүй нь ажиглагдлаа. Дээрээс нь төсвийн хүрэлцээ хангамж муутай нь баримтуудаар нотлогдож байна. Үүний шалтгаан нь өрхийн эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлэгчдийн нэлээдгүй хувь нь түр оршин суугчид буюу харьяаллын бус иргэд байдаг юм байна. Түр оршин суугчдын тухайн анхан шатны нэгжээр үйлчлүүлсний зардал нь төсөвт тусгагдаггүйгээс хүндрэл үүсдэг бодит бэрхшээл байсаар байна. Шалтгаан нь гэвэл Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль мөн холбогдох журамд заасны дагуу Өрхийн эмнэлгийн төсвийг төлөвлөхдөө Үндэсний статистикийн хорооноос хэвлэгдсэн албан ёсны баримт бичиг дээр байгаа байнгын оршин суугчдын тоонд тулгуурлан нэг иргэнд ногдох зардлын хэмжээгээр бодож төлөвлөдөг. Үүнээс болж түр оршин суугчдын зардал орхигдон, төсөв нь хүрэлцдэггүй учраас үйлчилгээний чанар, хүртээмжид сөргөөр нөлөөлж байна гэж бид үзсэн. Тэрчилэн аймгийн төв дээр үйл ажиллагаа явуулж буй ӨЭМТ-ийн үйлчлэх хүрээний хүн амын тоо сумын эмнэлгийн үйлчилдэг хүн амаас хэд дахин илүү байхад төсөв нь сумын эмнэлгийнхээс 2-3 дахин бага байдаг юм байна. Бидний ажиглаж судалсны хүрээнд харахад тухайн салбарын хууль, журмуудад байгаа холбогдох заалтуудад эргэж харж, тунгааж нягтлах зүйлүүд ч байна гэж үзсэн.
- Эдгээр асуудлыг яаж шийдвэл зохистой гэж үзэж байна вэ?
- Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль, Өрх сумын эрүүл мэндийн төвийн төсвийг төлөвлөх журамд “Түр оршин суугчдад үйлчилгээ үзүүлсний зардлыг “Тохиолдолд суурилсан арга”-д үндэслэж тооцно” гэж заасан ч, энэ аргыг хэрэглэдэггүй. Тохиолдолд суурилсан арга гэж ямар арга байгааг төсөв боловсруулагчид бас мэддэггүй. ЭМЯ-аас баталсан Өрх сумдын ЭМТ-ийн дүрэмд бас л, түр оршин суугчдийн эмчилгээ үйлчилгээний зардлыг тохиолдолд суурилсан аргаар бодож санхүүжүүлнэ гэснээс гадна тогтмол зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлж болно гэж заасан. Гэтэл энэ нь мөн хэрэгждэггүй байна. ЭМЯ-ны зарим мэргэжилтэнд энэ байдлыг ярихад тэр дүрмийг мөрдөх шаардлага байхгүй гэсэн байр суурь илэрхийлж байх жишээтэй. Тэгтэл уг дүрмийг нь яамны сайдын тушаалаар баталсан байдаг. Юуны өмнө эрх зүйн баримт бичгүүд дэх энэ мэт хоорондоо зөрчилтэй заалтуудыг цэгцлэх шаардлага байна гэж харсан. Түр оршин суугчдын тусламж үйлчилгээний зардлыг төсөвт тусгуулахын тулд хамгийн гол нь уг асуудлыг эрх бүхий байгууллага, албан тушаалтнууд болон шийдвэр гаргагчдад учрыг ойлгуулах нь чухал. Хөвсгөл гэх мэт ганц нэгэн аймаг өмнө хэрэгжсэн энэхүү Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх төслийн хүрээнд түр оршин суугчдын зардлын асуудлыг ИТХ-ынхаа тогтоолоор шийдсэн туршлага байдаг юм байна. Ийм байдлаар шийдээд явах боломж байлаа гэхэд мөнөөх хууль эрх зүйн баримт бичигт байгаа цоорхой заалтуудаа цэгцлэлгүй орхиж болохгүй. Хэрэв түүнийг цэгцлэхгүй бол тэдгээр хууль журмын шаардлага гэж юу байгаа юм гэсэн асуудал үүснэ. Эдгээрийг шийдэх алхам хийхийн тулд мэдээжийн хэрэг иргэд олон нитйийн болоод талуудын оролцоотой хэлэлцүүлэг, зөвлөлдөх уулзалтуудыг өрнүүлэх хэрэгтэй болно. Монгол улсын төсвийн тухай хуулинд төсвийг төлөвлөх, батлах, хэрэгжүүлэх зарцуулах, тайлагнах бүх шатанд иргэд олон нийтийн оролцоог заавал хангах тухай заалт бий ч, амьдрал дээр ер хэрэгждэггүй нь нууц биш. Шат шатны байгууллагууд уг хуулийн хэрэгжилтийг хангах талаар санаачилгатай ажиллах хэрэгтэй нь эндээс мөн харагдаж байна.
- Өрх сумын эрүүл мэндийн байгууллагын төсөв санхүүгийн байдалд хийсэн шинжилгээний хүрээнд цаашид, тодорхой ямар саналуудыг дэвшүүлэж байгаа вэ?
- “Монгол улсын төсвийн тухай хууль”-ийн зургаа дугаар зүйлийн тав дахь хэсгийн заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Ховд аймгийн ЭМАШТҮС төслийн хүрээнд, төсөлд хамрагдаж буй анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж буй байгууллагууд үйл ажиллагаагаа сайжруулах төлөвлөгөө боловсруулах үйл явцад иргэдийн оролцоог хангах асуудлыг цогцоор нь тусган хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Дээрх асуудлыг Ховд аймгийн ЭМАШТҮС төслийн хүрээнд тус ӨЭМТ-өөс боловсруулан хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгах, мөн төслийн хүрээнд боловсруулах нөлөөллийн ажлын төлөвлөгөөнд тусгахаар зорьж байна. анхан шатны нэгжүүд төсөв, санхүүгийн үйл ажиллагаандаа төсвийн хараат бус хөндлөнгийн хяналт, шинжилгээг орон нутгийн иргэний нийгмийн байгууллагын багаар хийлгэж, үр дүнг нь мэдээлэх, хяналт, шинжилгээний үр дүнд гарсан дүгнэлт зөвлөмжийн дагуу шаардлагатай арга хэмжээг авч хэвших нь чухал. Цаашид өрхийн болон сумын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тайланг төлөөллийн байгууллагад тогтмол танилцуулж, Тогтвортой хөгжлийн зорилтуудад тусгасан хүн бүр санхүүгийн дарамтгүй, хэрэгцээндээ нийцсэн, чанартай тусламж үйлчилгээ авах, мөн хэнийг ч орхигдуулахгүй байх зарчмын хэрэгжилтийг сайжруулахад анхаарч, ОНХС-гийн дэмжлэгийг нэмэгдүүлэхэд нөлөөллийн ажил хийх нь юун түрүүнд анхаарах асуудлын нэг байна гэж дүгнэсэн.
Ярилцсанд баярлалаа.
Г.Энхжаргал