“Баялаг сутайн хөгжил”- хоршооныхон баруун бүсдээ манлайлахын төлөө

By: Admin
2024-12-23
0
708

 

Ховд аймгийн Дарви сумын “Баялаг Сутайн хөгжил” хоршоо нь анх 2020 оны 06 сарын 16 нд 16 гишүүнтэйгээр үүсгэн байгуулагдсан. Одоо 80 өрхийн 240 гаруй гишүүнчлэлтэй. 200 сая төгрөгний өөрийн хөрөнгөтэй. Жилдээ 800 гаруй сая төгрөгний борлуулалтын орлоготой ажиллаж байна. Хоршоо дарга-1, Хоршооны тэргүүлэгчид / Д.Алтанхуяг, М.Дашдорж, Б.Моломжамц, Дав.Алтангэрэл, Б.Хайдав, Л.Баярцэцэг, Б.Намхайнямбуу, С.Даваахүү, Г.Энхманлай/ Хоршооны хяналтын зөвлөлд /Д.Алтангэрэл, Б.Оюунэрдэнэ, С.Санжсамбуу/  мөн гүйцэтгэх ажилтан 9 орон тоотойгоор худалдаа, үйлчилгээ, борлуулалт, үйлдвэрлэл гэх мэт  чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.

                Гишүүд, малчдынхаа малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнүүдийг /ноос ноолуур, арьс шир, мах, сүү сүүн бүтээгдэхүүн/ зах зээлд зуучлан борлуулахаас гадна, 2020 онд 1200 толгой бог малыг амьдын жингээр зах зээлд нийлүүлж, 30 сая төгрөгний үнийн зөрүү, 2021 онд 2400 толгой мал, мах, хонины ноос, ноолуур, тэмээний ноос, сарлагын хөөвөр, арьс ширийг зуучлан борлуулсны үнийн зөрүү 50 гаруй сая төгрөгийг хоршооныхоо гишүүдэд олгоод байна.  

                Хоршооны гишүүд  тус бүрдээ 1 сая 500 мянган төгрөгнөөс дээш үнийн дүн бүхий хөрөнгөөр хувь нийлүүлж хоршооны дүрмийн санг бүрдүүлдэг бөгөөд сумын удирдлага, захиргааны байгууллагаас бодлогоор сайтар дэмжиж ирсэн ажээ. Тэрчлэн энэ хоршоо нь нутгийн иргэдийнхээ амьдралын унаган хэв маяг, онцлогт тулгуурлан үйлдвэрлэл хөгжүүлэхийг чухалчилж ажилладаг, төсөл хөтөлбөр, донор байгууллагууд тухайн орон  нутгийн иргэдийн үүсгэл санаачилгаар бий болсон байгууллагуудадтай /Хоршоо, нөхөрлөл, бүлэг/ харилцаа холбоогоо сайжруулж хамтран ажиллаж ирсэн нь амжилтын голлох хүчин зүйл болж байна.

Монгол улсын хэмжээнд хонины 15 янзын үүлдэр байдгийн нэг нь Сутай үүлдэр юм. Сутай үүлдрийн хонины удам  угсаа, онцлог хэв шинж, ашиг шимийн гарцыг хадгалж хамгаалах, сайжруулан ашиглах зорилгоор сумын Засаг Даргын Тамгын газар  болон Дэлхийн байгаль хамгаалах сантай хамтран 360 толгой  хурган хуц, 265 толгой Алтай үүлдрийн ухна ишгийг суурилан, тусгай суурь бий болгож үржлийн нэгж байгуулан ажиллаж байна.

 Мөн эр хургыг 3 сартайд нь төөнөх аргаар засаж хөнгөлж, 6 сартайд нь тусад нь суурилж маллаад, 9 сартайд нь зах зээлд борлуулснаар тэрхүү 9 сартай хургыг төлгөн хонины үнэтэй адил түвшиний үнэ ханшаар борлуулах болсон. Өөрөөр хэлбэл тус хоршоо нь Сутай хонины хургыг төлгөн хоньтой адил  90 мянгаас 120 мянган төгрөгөөр борлуулж байгаа юм. Цаашид энэхүү “төөнөх арга”-ыг нутагшуулах зорилготойгоор судлан ажиллаж байна.

Тус хоршоо нь гишүүдийнхээ нийгэм эдийн засгийн хэрэгцээг хангаж ажиллах зорилгын хүрээнд “Дээшээ” нэрийн дэлгүүр ажиллуулж сумын нийт иргэддээ чанартай, найдвартай бараа бүтээгдэхүүнээр үйлчилдэг. Нутгийн хөрсөнд ургасан Сутай сортын арвайн гурил, нутгийн ургамлаар хийсэн цай, нутгийн малын шим болох айргийн тос, ааруул зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн, сав, баглаа боодлынх нь чанар үзэмжийг сайжруулан, брэнд бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүллэхээр зорьж байна.

Бүрэлдэхүүний хувьд  Хоршоо дарга-1 /Г.Алтанцэцэг/, Гүйцэтгэх захирал-1/Д.Алтангэрэл/, Нягтлан бодогч-1 /Л.Дашнамжил/, Касс нярав-1 /З.Бат-өлзий/, Худалдагч-1/Ц.Хулан/, Сүрэг хариулаач-2 /Г.Дэмбэрэл, М.Балжинням/, Түүхий эд нярав-1 /Г.Энхманлай/, Туслах ажилтан-1 /С.Дашням/ гэх мэт үндсэн 9 орон тоотой, мөн  гэрээгээр 1 /Д.Бальдаржамц/ мал зүйчийг ажиллуулж, нийт 10  ажлын байр бий болгон цалинжуулан ажиллаж байна. Үйлдвэрлэгч хоршоо болох хүрээлэн буй орчин байгальд ээлтэй үйл ажиллагаа явуулах чин хүсэл эрмэлзлэлээр “Сутайн сувд” арьс нэхий боловсруулах цехийг Дэлхийн байгаль хамгаалах сангийн болон орон нутгийн дэмжлэгтэйгээр байгуулан, 2022 оны  6 сараас ашиглалтанд оруулахаар ажиллаж байна.

                Цаашид  гишүүнчиллийнхээ цар хүрээг нэмэгдүүлэн, үйл ажиллагааныхаа хүртээмж, үр нөлөөг улам сайжруулж, үйлдвэрт суурилсан баруун бүсийн түвшинд манлайлагч хоршоодын нэг болох зорилт тавьж байгаа юм. Жил бүрийн 6 сарын 16 ны өдрийг “Баялаг сутайн хөгжил” хоршооны баярын өдөр болгож тэмдэглэн өнгөрүүлж ололт амжилтаа нийтэд түгээн дэлгэрүүлж сурталчлахаар болсон байна.  Баялаг Сутайн хөгжил хоршоо нь сумынхаа 2021 оны аварга манлайлагч байгууллагаар шалгарсан. Үүнтэй холбогдуулан 2021 оны 03 сарын 10-12 -ны өдрүүдэд Баруун бүсийн  Ховд, Говь-Алтай, Увс, Баян-Өлгий аймгийн  хөдөө аж ахуйн 11  хоршоог төлөөлсөн 45 хүн Дарви  суманд хүрэлцэн ирж  “Баялаг сутайн хөгжил” хоршооны үйл ажиллагаатай танилцаж, харилцан туршлага судлан цаашид хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулан ажиллаа.


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
3 + 3 =

Create Account



Log In Your Account