Хөшөөтийн уурхайн асуудлаар шаардлага, тэмцэл өрнүүлж байна

By: Admin
2024-11-15
0
1473

Хөшөөтийн уурхайд гэрээгээр нүүрс тээвэрлэгчдийн Үйлдвэрчний эвлэлээс Монгол улсын Ерөнхийлөгч болон Засгийн газар, Ховд аймгийн Засаг дарга, МоЭнКо компаний удирдлагад шаардлага хүргүүлэх үйл ажиллагааг 2021 оны 09 сарын 03-ны өдөр Ховд хотын төв талбайд зохион байгуулж, асуудлыг танилцуулан, шаардлагаа аймгийн Засаг даргад гардуулав. Шаардлага хүргүүлэхээр ирсэн Үйлдвэрчний эвлэлийн гишүүн, тээвэрчид, жолооч нар үзэл, бодлоо илэрхийлсэн үг, лоозонгуудыг барьж, цар тахлын дэглэмийг сахин, зээглэн зогссон байсан ба аймгийн Цагдаагийн газраас цагдаа нар ирж, цар тахлын үеийн дэглэм, журам, мөн жагсаал цуглаан зохион байгуулах хуулийг зөрчиж байна хэмээн үйл ажиллагаагаа зогсоохыг мэдэгдэж, шаардлага уншсан.  

Цагдаа нар мэдэгдэхдээ “Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 14 дүгээрт зүйлд зааснаар бүртгүүлэлгүйгээр жагсаал хийсэн, түүнчилэн Засаг дарга орон нутгийн захиргааны зүгээс цуглааныг тараах хүсэлт өгсөн бол цуглааныг албадан тараана гэсний дагуу тарахыг шаардаж байна” гэсэн бол уг үйл ажиллагааг зохион байгуулагч Хөшөөтийн уурхайд гэрээгээр нүүрс тээвэрлэгчдийн Үйлдвэрчний эвлэлээс хуулийн зөвлөх нь тайлбар хийж, “бид хуулийн дагуу орон нутгийн засаг захиргаанд бүртгүүлэхээр хүсэлтээ өгсөн” гэсэн ба дурьдаж буй хуулийн 9-ын 5-д “хэрвээ хүсэлтийг хүлээж авсан захиргааны байгууллага 72 цагийн дотор бүртгэсэн тухай хариу мэдэгдэхгүй бол хүсэлт өгсөн этгээд бүртгүүлсэнд тооцон цуглаанаа хийх эрхтэй” гэж заасан байдгийг сануулаад, бид хуулийн дагуу үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ хэмээн мэдэгдсэн. Ийнхүү шаардлага өгөх үйл ажиллагаа үргэлжлэн явагдсан юм.Xushuut 1

Xush 2Хөшөөтийн уурхайд гэрээгээр нүүрс тээвэрлэгчдийн Үйлдвэрчний эвлэлээс Монгол улсын Ерөнхийлөгчид болон Засгийн газарт хүргүүлсэн шаардлагад:

  • Ховд аймгийн Хөшөөтийн уурхайд олборлолт, үйлдвэрлэл явуулж буй гадаадын хөрөнгө оруулалттай МоЭнКо компани нь гэрээгээр ажил гүйцэтгэн ажиллаж буй жолооч нарын хөдөлмөрлөх эрхийг бүдүүлгээр зөрчиж байгаа
  • Ховд аймгийн ард иргэд Хөшөөтийн уурхайгаас Үндсэн хуулийн заалтын дагуу зохих ёсны үр шимийг нь хүртэж чадахгүй, МоЭнКо компаний олж байгаа ашгийн маш өчүүхэн бага хэсгийг Хөшөөт хөгжил санд төвлөрүүлдэг ч, түүнийг нь нийгэмд, ард түмэнд үр өгөөжтэй зүйлд зарцуулдаггүй
  • МоЭнКо компани нь ажилтны төлөөллийн байгууллагыг илт үгүйсгэн хавчин гадуурхаж нийгмийн түншлэлийн зарчмыг үл ойшоон, хамтын гэрээ хэлэлцээрийг байгуулахаас татгалзаж байгаа
  • Зам тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 07 сарын 31-ний өдрийн 256 тоот тушаалын дөрөвдүгээр хавсралтаар баталсан “Автомашинаар ачаа тээвэрлэх 1 тн.км-ийн жишиг тариф”-ыг МоЭнКо ХХК мөрдөж ажиллахгүй, хангалтгүй хөлсөөр ажил гүйцэтгүүлэхээс гадна, цар тахалтай холбоотойгоор хил дээрээс толгой салгаж тээвэр гүйцэтгэх явцад Монгол талын жолооч нарын чиргүүл, чиргүүлийн эд ангид бүдүүлгээр халдаж тэднийг хохироож байгаа
  • Авто замын тухай Монгол улсын хуульд заасны дагуу авто замын эвдрэл гэмтлийг МоЭнКо ХХК засаж, завсарлахгүй байгаа нь тээвэр гүйцэтгэж байгаа тээвэрчдийн машин хугацаанаасаа өмнө элэгдэх нөхцлийг бий болгож байгаа
  • Жолооч тээвэрчдийн хөдөлмөрлөх эрхэд ноцтойгоор халдаж МоЭнКо ХХК-ийн зүгээс “С зөвшөөрөл” нэрийн дор, жолооч тээвэрчдийг тээврээс хасаж ажилгүй, орлогогүй болгож буй зэрэг зохисгүй асуудлууд байгааг мэдэгдээд,

“Баялагтаа эзэн Монголын төлөө” гэсэн уриагаа эргэн харж, бодитой тодорхой шийдвэр гаргаж, арга хэмжээ авахыг сануулсан. Мөн Ховд аймгийн Засаг даргад хандан:

  1. Ховд аймаг МоЭнКо ХХК хоорондын хамтран ажиллах 2021-2024 оны гэрээг нэн яаралтай байгуулах
  2. “С зөвшөөрөл” нэрээр тээвэрлэлтийн үйл ажиллагаанаас хасч, жолооч тээвэрчдийг шахан гаргаж байгаа асуудлыг шуурхай шийдвэрлэх, МоЭнКо ХХК өөрийн тээврийн хэрэгслийг оруулж ирж байгаа үйл ажиллагааг таслан зогсоох арга хэмжээ авах
  3. МоЭнКо ХХК-д тээвэр зуучлагч компаниудын захирлууд, тээвэрчдийн төлөөллийн байгууллага, ханган нийлүүлэгч байгууллагуудын төлөөлийн зөвлөлдөх уулзалтыг нэн даруй зохион байгуулж, хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр байгуулахад нь дэмжлэг үзүүлэх
  4. Энэхүү асуудлуудыг түргэн хугацаанд шийдвэрлэж жолооч тээвэрчдийн төлөөллийн байгууллагад хариу ирүүлэхийг шаардсан юм.

Харин МоЭнКо ХХК-д хандан дээр дурьдсан үйлдлүүдээ таслан зогсоохыг шаардахын зэрэгцээ уг компаниас жолооч тээвэрчдийн бухимдлыг төрүүлж байгаа асуудлуудыг шийдвэрлэж байна хэмээн удаа дараа хуурч, төөрөлдүүлсэн мэдэгдэл ирүүлсэн, орон нутгийн тээвэрчдийг шалтаг тоочин, шахаж, өөрийн компанийн машиныг тээвэр гүйцэтгүүлэхээр,  талуудтай зөвшилцөхгүйгээр давуу эрх эдлэн оруулж ирж байгаа зэргийг  эрс эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн юм.

Шаардлага гардаж авсаны дараа Ховд аймгийн Засаг дарга Д.Дүгэржав шаардлага гардуулсан жолооч нар болон Үйлдвэрчний эвлэлтэй уулзаж, санал солилцсон юм. Энэ үеэр Хөшөөтийн уурхайд гэрээгээр нүүрс тээвэрлэгчдийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Баянмөнх аймгийн Засаг даргын тамгын газар, Ажлын хэсгийг ахалж буй аймгийн Засаг даргын орлогч болон холбогдох албан тушаалтнууд асуудалд хэтэрхий хойрго хандаж, огтхон ч хүчин чармайлт гаргахгүй байна хэмээн хатуу шүүмжилж байв.

Үйлдвэрчний эвлэл болон тээвэрчид 2021 оны 9 сарын 4-нд Хөшөөтийн уурхай дээр очиж, МоЭнКо компаний уурхай хариуцсан удирдлагуудад шаардлагаа гардуулж, шаардлагатай арга хэмжээ авна гэдгээ мөн мэдэгдсэн юм.

Г.Мичидмаа  

xush 3

 xush 4

 

 

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
1 + 8 =

Create Account



Log In Your Account