“ХӨШӨӨТИЙН ГЭРЭЭНИЙ ХАРИУЦЛАГЫГ ШИНЖЛЭХ НЬ” ХАРААТ БУС ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ДҮГНЭЛТ, ЗӨВЛӨМЖ

By: Admin
2024-12-23
0
1759

“Ховдын толь сонин” ТББ нь Нээлттэй нийгэм форумын дэмжлэгтэйгээр Хөшөөтийн гэрээний хариуцлагыг шинжлэх нь төсөл хэрэгжүүлж, Ховд аймаг болон Хөшөөтийн уурхайд тусгай зөвшөөрөл эзэмшиж, олборлолт, үйлдвэрлэл явуулж буй МоЭнКо компаний хоорондын хамтран ажиллах гэрээнд хяналт шинжилгээ хийж байгаа бөгөөд Ховдын толь сонины 2020 оны 11 сарын дугаарт хяналт шинжилгээний үр дүнд илэрсэн зарим асуудлын талаар нийтлэл бэлтгэж, уншигчдад хүргэсэн. Харин энэ удаад хяналт шинжилгээний ажлын үр дүнг үндэслэж гаргасан дүгнэлт, зөвлөмжийг толилуулж байна.

  1. Хяналт шинжилгээний ажлын зорилго

Ховд аймаг, МоЭнКо компани хоорондын хамтран ажиллах гэрээний тодорхой (22) заалтын хэрэгжилтийн байдлыг нягтлан шинжлэх, гэрээг шинэчлэн байгуулахад зайлшгүй анхаарах зүйлүүдийг судлаж тогтоох. 

  1. Гэрээний хэрэгжилтийн байдалд хийсэн ажиглалт, тандан судалгааны үр дүнгийн тухай

Хамтран ажиллах гэрээг жил бүр дүгнэдэг ч гол төлөв нэг талын /компаний талын/ мэдээлэлд үндэслэгдэж дүгнэгддэг нь ажиглалт судалгаанаас харагдсан тул хараат бус хяналт шинижлгээний баг жил бүр голчлон дүгнэдэг 35 заалтаас нэн хэрэгцээтэй гэсэн 22 заалтыг сонгож аван, холбогдох материалуудыг цуглуулж судлах замаар хөндлөнгийн байдлаар дүгнэж үзэхэд дараах үр дүн харагдсан болно. Үүнд: 2017-2020 оны хооронд хүчин төгөлдөр хэрэгжсэн гэрээний тухайд авч үзвэл.   

  1. Хэрэгжсэн 11
  2. Дутуу хэрэгжсэн 3-4
  3. Хэрэгжээгүй 2
  4. Шаардлагагүй заалт, эсвэл өөрчлөх шаардлагатай  3
  5. Асуудалтай 4 

Дээрх үзүүлэлтийг заалт тус бүрээр авч үзвэл  

  1. 7.10 - Дутуу хэрэгжсэн
  2. 8.11 - Хэрэгжээгүй
  3. 11.4 – Хэрэгжсэн /сайжруулах шаардлагатай/
  4. 7.4 – Хэрэгжсэн
  5. 8.12 – Хэрэгжилт дутуу /хөндлөнгийн хяналт хийлгэх талаар хүчин чармайлт гаргаагүй/
  6. 12.4 – Дутуу хэрэгжсэн
  7. 7-ын 11 – хэрэгжсэн 
  8. 8-ын 13 – хэрэгжсэн
  9. 8-ын 4 – хэрэгжсэн /цаашид сайжруулах шаардлагатай/
  10. 11-ын 6 – Хэрэгжсэн /цаашид боловсронгуй болгох орон зай бий/ 
  11. 14-ын17 – Хэрэгжсэн /асуудалтай/   
  12. 13-ын 1 – заалтыг хүчингүй болгох, эсвэл өөрчлөх  
  13. 13-ын 2 – заалтыг хүчингүй болгох, эсвэл өөрчлөх 
  14. 14-ын 3 - !
  15. 14-ын 4 - Хэрэгжсэн
  16. 8-ын 10 - хэрэгжсэн
  17. 14-ын 6 - хэрэгжсэн
  18. 7-ын 6 – асуудалтай 
  19. 14-ын 13 – хэрэгжсэн гэрээний заалтыг өөрчлөх шаардлагатай
  20. 12-ын 3 – хэрэгжээгүй /асуудал/
  21. 14-ын 2 – Асуудалтай 
  22. 17 Дугаар зүйл – хэвийн” - гэсэн үр дүн гарч байна.Тиймээс цаашид гэрээний хэрэгжилийг илүү бодитой болгоход анхаарах, гэрээг дүгнэхдээ гэрээ байгуулсан талуудаас гадна,  зорилтот бүс нутгийн иргэд иргэний нийгмийн төлөөлөл, тухайн асуудлаар анхаарлаа хандуулж ажилладаг мэргэжлийн болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, хөндлөнгийн шинжээч зэргийг оролцуулж, олон талын оролцоог хангасан ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг ажиллуулж дүгнэж байх шаардлага байгаа нь харагдаж байна.  Мөн үүнтэй холбоотойгоор гэрээний хэрэгжилтийг хариуцан ажиллах нэгж бий болгож ажиллуулах, мэдээллийн сан бүрдүүлэх асуудлыг шинэчилсэн гэрээнд тусган хэрэгжүүлэх зэрэг тодорхой асуудлуудыг хамтран ажиллах гэрээг шинэчлэн байгуулахтай холбоотойгоор хараат бус хяналт шинжилгээний багаас гэрээний талууд болон ажлын хэсэгт хүргүүлсэн саналд тусгасан болно.    

З. Хамтран ажиллах гэрээтэй холбоотойгоор бүхэлд нь анхаарах зангилаа асуудлууд

Судалгаа хяналт, шинжилгээний ажлын үр дүнд төслийн баг уг гэрээг цаашид үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд анхаарвал дараах гол зангилаа асуудлууд байна гэж үзэв. Үүнд:

  1. Гэрээний хариуцлага
  2.  “Нийгмийн зөвшөөрөл” гэсэн ойлголттой холбоотой асуудлууд
  3. Шинээр үүссэн нөхцөл байдал /гэрээг шинэчлэхтэй холбоотой/
  4. Гэрээнд нэмж тусгах шаардлагатай зүйлс /гэрээг шинэчлэхтэй холбоотой/
  5. Ховд хөшөөт хөгжил сангийн асуудал

3.1.Нэг дэх зангилаа асуудал болох гэрээний хариуцлагын тухайд авч үзвэл

  • Талууд асуудалд судалгаатай хандах /гол нь Ховд аймгийн удирдлага, захиргааны байгууллага/
  • Гэрээг бодитой дүгнэдэг байхын тулд бүх талын оролцоотой ажлын хэсэг байгуулж ажилладаг байх
  • Гэрээний зарим заалтуудын эцсийн үр дүн / /Гэрээний 7.9, 14.6, 14.1, 14.2, 14.3 дахь заалтууд г.м/.    

Жич: Эдгээр 7.9-14.13 дахь заалтуудын хувьд дээрх 2 дахь хэсгийн дүгнэлтэд авч үзсэнчилэн гэрээний нэг тал болох Ховд аймгийн Засаг захиргааны байгууллагын зүгээс бүртгэл тооцоо судалгаа хийдэггүй зөвхөн компаний мэдээлэлд үндэслэж гэрээний уг заалтуудын хэрэгжилтийг үнэлж дүгнэх замаар явагддаг нь учир дутагдалтай гэрээ бодитой дүгнэж байна гэж үзэх боломжгүй болгож байгаа юм. Эдгээр нь Орон нутгийн айл өрх, байгууллага, ААН-үүдийн нүүрсний хэрэгцээг Хөшөөтийн уурхайгаас гэрээнд заагдсан үнээр /хямдралтайгаар/ зохицуулан хангах /7.9, 14.6, /, мөн Хөшөөт төслийн хэрэгцээний бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авахдаа 50-аас доошгүй хувийг нь орон нутгийн /тухайн аймгийн нийлүүлэгчдээс/ нийлүүлэлт хийх тухай заалтууд бөгөөд 7.9, болон 14.16 дахь заалтын хувьд талон гаргах замаар сум багуудад квот өгч, уурхайгаас нүүрс олгодог ч, аймагт үүний нэгдсэн бүртгэл тооцоо байдаггүй, талон нь дамлан зарагдаж, уг уурхайгаас 25000 төгрөгний үнээр ачигдсан нүүрс аймгийн зах дээр бусад уурхайгаас ирсэн нүүрсээс 15 хувиар өндөр үнэтэй /зарагддаг/. Харин 14.1-14-3 дахь заалтын тухайд аливаа худалдан авалт хийхдээ компани өөрийн үзэмжээр зар мэдээллээ явуулж, заримдаа нийлүүлэгчийг өөрийн үзэмжээр сонгодог бөгөөд аймагт энэ талын судалгаа бүртгэл тооцоо байдаггүй, компани тодорхой нарийн мэдээллээ аймагт ч,  хяналт шинжилгээ хийж буй хүмүүст ч өгдөггүй зайлсхийдэг тул гэрээний дүгнэлт бодитой болж, заалт хангалттай хэрэгжиж байгаа гэж үзэх боломжгүй байна.

3.2. Гэрээний тодорхой заалтуудын хэрэгжилттэй холбоотой бусад жишээ – баримт – санал – тайлбар

  • Гэрээний 14-ын 17-д буй “Компани ирээдүйд орон нутгийн айл өрх, албан байгууллагуудын ахуйн хэрэгцээг хангах зориулалтаар ашиглагдах нүүрсний нөөцийг бүрдүүлэхтэй холбоотой судалгааг, уурхай ашиглах хугацаанд аймагтай хамтран хийнэ” гэсэн нь ТЭЗҮ-д тусгагдаагүй, Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар, Эрдэс баялгийн зөвлөлөөс хууль зөрчсөн зүйл гэж үзсэн тул хэрэгжих боломжгүй гэж тайлбарлаж байгаа ч тэдгээр байгууллагаас ийм зөвлөмж чиглэл өгөөгүй байна. Тиймээс ТЭЗҮ-г шинэчлэх үед энэ асуудлыг ТЭЗҮ-д нэмж тусгах замаар хэрэгжүүлэх боломжтой гэдгийг бодолцон, харилцан тохиролцох замаар энэ заалтыг дахин тусгах
  • Гэрээний 13-ын 1 дэх заалтын тухайд: Авто замын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу компани нь уг замын өмчлөгч байх боломжгүй. Хуулийн 17.4-т “тусгай зориулалтын авто замын хөрөнгө оруулагч нь авто замын асуудал эрхлэсэн төрийн захиргааны төв байгууллагатай байгуулсан гэрээний үндсэн дээр авто замыг эзэмшиж болно” мөн 17-5-д “гэрээний үндсэн дээр авто зам эзэмшигч нь өөрийн эзэмшлийн авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтыг хариуцна” гэснийг баримтлах ёстой тул энэ заалтыг хасах эсвэл шинэчлэн найруулах
  • Гэрээний 13-ын 2 дахь заалтын тухайд: Хуулийн 29.1. “Иргэн, хуулийн этгээд нь тэдгээрийн харъяалал, өмчийн хэлбэрийг үл харгалзан авто зам, замын байгууламжийг зориулалтын дагуу ашиглах эрхтэй” гээд 29-ын 2.2-2.6, 29.3.1-3.7-д зам ашиглагчийн үүрэг хариуцлагыг зааж өгсөн бол хуулийн 30 дугаар зүйлд авто зам ашигласны төлбөрийг Засгийн газар болон орон нутгийн Засаг захиргаа тогтоохоор хуульчилсан байх тул энэ заалтыг хасах нь зүйтэй гэж үзэж байна.   
  • Гэрээний 7-ын 9 дэх заалт: Орон нутгийн иргэдийн дотоодын нүүрсний хэрэгцээг хангах ажлыг Ховд аймагтай хамтран зохион байгуулж, жил бүрийн 9 дүгээр сарын 1-ээс дараа жилийн 3 дугаар сарын 30-ны хооронд гэрээнд заасан үнээр саадгүй нийлүүлнэ. Гэсэн заалтын эцсийн үр дүн ?
  • 4. Хоёр дахь зангилаа асуудал болох нийгмийн зөвшөөрөл гэх ойлголттой холбоотой асуудлыг авч үзвэл
  • Гэрээнд аймаг орон нутгийн ард иргэдийн язгуур эрхтэй холбоотой асуудлыг авч үзэхдээ зөвхөн гэрээ байгуулж буй Захиргааны байгууллага болон компаниас гадна ард нийтийн төлөөлөл, нийтийн эрх ашгийн үүднээс ажилладаг байгууллагуудын оролцоог хангахыг чухалчилах
  • Гэрээн дэх орон нутгийн захиргааны байгууллагын хариуцлагыг сайжруулахад чиглэгдсэн заалтуудад ач холбогдол өгөх
  • Ховд-Хөшөөт хөгжил сангийн журамд зөвлөмжийн дагуу өөрчлөлт оруулах /энэ талаар тусгайлан санал зөвлөмж хүргүүлсэн/
    1. 1. Гэрээний тодорхой заалтуудын хэрэгжилттэй холбоотой бусад жишээ – баримт – санал – тайлбар
  • Гэрээний 14-ын 13-т  “Хөшөөт төслийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл хөтөлбөрийг аймаг, сумын ИТХ-аар баталсан хөгжлийн хөтөлбөрийн жагсаалтад үндэслэн, талууд хэлэлцэн сонгож хэрэгжүүлэх бөгөөд гүйцэтгэлийн тайланг компанид ирүүлнэ. Компани тухайн төслийн хэрэгжилтэнд хяналт тавина” гэж заасан. Гэвч Хөшөөт төслийг хэрэгжүүлэх “нийгмийн зөвшөөрөл буюу лиценз”-ийг олгох ёстой эзэд нь тухайн аймгийн болон нөлөөллийн бүсийн сумдын нийт ард иргэд юм. Тиймээс энэ заалтыг дараах агуулгад нийцсэн байдлаар өөрчилөн найруулах шаардлагатай гэж үзэж буй.  Үүнд: “Хөшөөт” төслийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөтөлбөр төслүүдийг зөвхөн Аймгийн ИТХ буюу ЗДТГ нөгөө талаас компани хянаад болчих бус, уг сангийн журам, батлагдсан төсөв, хөтөлбөр, төслүүдтэй холбоотойгоор эрх ашиг нь хөндөгдөж буй орон нутаг, засаг захиргааны нэгж, иргэн, хуулийн этгээдүүд, нийтийн эрх ашгийг хамгаалдаг байгууллага, хуулийн этгээд, хөндлөнгийн судлаач шинжээч нарын оролцоог хангаж, хяналт тавиулах боломжийг нь бүрдүүлэх нь чухал.
  • Мөн “Хөшөөт хөгжил сангийн бүтэц, зохион байгуулалт болон журмын талаар урьдны зөвлөмж хэрэгжээгүй. Энэ удаагийн хяналт шинжилгээний ажлын үр дүнд шинээр дүгнэлт, саналууд дэвшүүлж буй !
  • Хугацаа нь дуусгавар болж буй гэрээний 8-ын 11 дэх заалтад нэмэлт оруулах.

Шинэчилсэн томъёолол нь:  “Орон нутагт гэрээний хэрэгжилтийг хангахад чиглэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх, гэрээний хэрэгжилтийг хариуцан ажиллах нэгж бий болгох ажлыг  аймгийн Засаг дарга Түүний Тамгын газар хариуцан хэрэгжүүлнэ. Уг нэгж нь гэрээний заалтуудтай холбоотой мэдээллүүд болон бүртгэл, тооцоог, компани, аймгийн ЗДТГ, мөн шинжээчид, хөндлөнгийн бусад байгууллагын мэдээлэлд үндэслэн, бие даан хөтөлж, нэгдсэн сан үүсгэх ба энэ мэдээллүүд нь гэрээний хэрэгжилтийг үнэлж дүгнэхэд бодит үндэслэл болохуйц шалгуурыг хангах ёстой” гэсэн агуулгатай байвал зохино. 

  • Уг гэрээний 8-ын 12-т “гэрээний хэрэгжилтийн явцад мэргэжлийн болон иргэний нийгмийн байгууллагаар хяналт хийлгэх ажлыг зохион байгуулах” гэж заасан боловч хараат бус, хөндлөнгийн байгууллага /төрийн бус/, шинжээчдээр хяналт хийлгэх тухайд гэрээний талуудаас өнгөрсөн хугацаанд ямар нэг санаачилга, хүчин чармайлт гаргаагүй, уг заалт хэрэгжээгүй байна. Иймээс үүнд дүгнэлт хийж, хэрэгжих нөхцлийг нь бий болгох үүднээс “иргэний нийгэм, мэргэшсэн төрийн бус байгууллагаар хяналт хийлгэх ажлыг аймгийн талаас хариуцана” гэж тодруулан тусгах
  • Гэрээний 7-ын 11, 8-ын 13 дахь заалтуудад “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын тайланг хагас, бүтэн жилээр гаргаж, олон нийтэд мэдээлнэ” гэсэн нь Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын журмын дагуу ажлын албанд тайлан гаргаж өгч, энэхү тайлангийн гол мэдээллүүдийг тухайн ажлын албаны /EIT/ цахим сайтад байршуулдаг ч энэ нь өөр тусгай дүрэм журмын дагуу хэрэгжиж байгаа ажил /ОҮИТБС/. Тиймээс энэ асуудлыг гэрээнд заавал тусгах шаардлагагүй байж болно. Харин Олборлох салбарын орон нутаг дахь дэд зөвлөлийн ажиллах журамд заасны дагуу “уг тайлангийн чухал мэдээллүүдийг олон нийтэд ойлгомжтой байдлаар хүргэх ажлыг дэд зөвлөлтэй хамтарч зохион байгуулна” гэж тусгах шаардлагатай гэж үзэж байна.

          5.ШИНЭЭР ҮҮССЭН НӨХЦӨЛ БАЙДАЛ

5.1. Нүүрс тээврийн жолооч нарын гомдол, санал

  • МоЭнКо компанид гэрээгээр нүүрс тээвэрлэгчдийн Үйлдвэрчний эвлэлийн хороо, МоЭнКо ХХК, Жолооч нарын хооронд гурвалсан гэрээ байгуулж ажиллах.
  • Экспортонд гаргах нүүрсний тээврийг гүйцэтгэж буй жолооч нарын тээврийн хөлсийг Засгийн газраас баталсан жишиг тарифаар (2019 оны 07 сарын 31-ний өдрийн 256 тоот тушаалын дөрөвдүгээр хавсралт) тогтоож, мөрдөн ажиллах. 
  • Төслийн хүрээнд нүүрс тээвэрлэлтийн ажлыг 100 хувь Ховд аймгийн тээврийн байгууллагаар гүйцэтгүүлэх ба Монгол улсад мөрдөгдөж буй хууль журам дүрмийн хүрээнд тээвэрлэлтийн үйл ажиллагааг явуулна.
  • Уурхайн нүүрс тээврийн үйл ажиллагаанд тээвэрчдээс шалтгаалахгүйгээр сул зогсолт үүссэн тохиолдолд, үүний шалтгааныг бодитой тогтоож, хариуцлага тооцох
  • Гэрээний 14-ын 6-д заагдсан “Ховд- Хөшөөт хөгжил сан”-д төвлөрүүлэх орлогын хувь хэмжээний тухайд дахин авч үзэх гарц, арга замыг эрэлхийлэх шаардлагатай. Тухайлбал, 2021 оны 01 дүгээр сарын эхний байдлаар дэлхийн зах зээл дээр нэг тонн коксжих нүүрсний дундаж үнэ 115 доллар байна. Үүнээс үзвэл МоЭнКо компанийн Монгол улсад төлж буй татвар, хураамж, бусад зарлагыг тооцон үзэж, санд төвлөрүүлэх орлогыг хамгийн багадаа 1 тонн тутмаас 1 доллар байхаар тогтоох боломж бий гэж үзэж байна.

6.Гэрээг шинэчлэн байгуулахад зайлшгүй авч үзэх саналууд

    1. Нэгтгэл: 
  1. Нэмэлт өөрчлөлт оруулах: 6 заалт: (7-ын 10, 8-ын 12, 14-ын 13, 8-ын 2, 11-ын 6, 15-ын 2)
  2. Шинээр нэмж тусгах:   5 заалт: 
  3. Шинээр томъёолох: 8 заалт: (7-ын 9, 7-ын 11, 8-ын 11, 8-ын 13 , 12-ын 4, 13-ын 1, 13-ын 2, 14-ын17)
  4. Аймаг болон Компанид албажуулан хүргүүлж буй санал, албан бичгийн зурган пайлыг оруулах

Жич: Энэ асуудлаар тусгайлан санал боловсруулж хүргүүлсэн

7.ХОВД -ХӨШӨӨТ ХӨГЖИЛ САН-ГИЙН ТУХАЙД

“Ховд Хөшөөт хөгжил сан”-гийн журамтай холбоотой асуудлууд:

/Хөшөөтийн гэрээний хариуцлагыг шинжлэх нь мониторингийн санал, зөвлөмж/

Журман дахь сангийн үйл ажиллагааны чиглэлийн 2.1-ийн Е дэх заалтыг нарийвчлан боловсруулах, ялангуяа жишиг үнэ тогтоох тухай Засгийн газрын 2010 оны 10 сарын 20-ны өдрийн 271 дугаар тогтоолд “Үндэсний их баяр наадмын арга хэмжээнд зориулан, төсвөөс гаргах санхүүжилтийн жишиг дээд хэмжээг аймагт 10.0 (арван) сая төгрөг, суманд 5.0 (таван) сая төгрөг байхаар тус тус тогтоож, бөх, уяач, харваачдад төсвөөс олгох бай, шагналын жишиг хэмжээг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.” хэмээн заасныг удаа дараа зөрчин, төсөвт батлагдсан дээрх санхүүжилтээс гадна “Ховд-Хөшөөт хөгжил сан”-гаас баяр наадамд зориулан, багагүй хэмжээний нэмэлт хөрөнгийг жил бүр гаргаж, үргүй зарцуулж буйг залруулах шаардлагатай. Үүнд тухайн заалт дахь “бусад асуудлууд”-д хамаарахгүй зардлыг тусгайлан зааж өгөх хэрэгтэй байна.

Журмын 2.2-т “Тухайн жилийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл хөтөлбөрийн жагсаалтыг хамтран ажиллах гэрээнд оролцогч талуудын саналыг авч боловсруулна” гэснийг “гэрээнд оролцогч талууд болон иргэний нийгэм, нийтийн эрхийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн бус сектор, ашиг сонирхол харшлахгүй шинжээчид, олон нийтийн төлөөллийн саналыг авч” хэмээн өөрчлөн найруулвал зохино.      

3.1-ын А д заасан санд төвлөрүүлэх орлогын гэрээнд тусгагдсан хувь хэмжээг өсгөх гарцыг эрэлхийлэх шаардлагатай. Тухайлбал, 2020 оны 11 дүгээр сарын байдлаар дэлхийн зах зээл дээр нэг тонн коксжих нүүрсний дундаж үнэ 108 доллар байна. Үүнээс үзвэл МоЭнКо компанийн Монгол улсад төлж буй татвар, хураамж, бусад зарлагыг тооцон үзэж, санд төвлөрүүлэх орлогыг хамгийн багадаа 1 тонн тутмаас 1 доллар байхаар тогтоох боломж бий гэж үзэж байна.

3.1.Б “Хэрэв нүүрсний зах зээлийн үнэ гэрээ байгуулсан өдрөөс хойш 30 буюу түүнээс дээш хувиар буурсан тохиолдолд тонн тутмаас төвлөрүүлэх мөнгөн хөрөнгийн дүн хүчингүй болох бөгөөд үүнийг талууд хэлэлцэж тогтооно” гэснийг  “гэрээ байгуулсан өдрөөс хойш 30 буюу түүнээс дээш хувиар буурсан тохиолдолд Хөшөөт хөгжил санд төвлөрүүлэх мөнгөн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах эсэх талаар талууд хэлэлцээр хийнэ” гэж өөрчлөх. Жич: Дээрх тохиолдолд гэрээний талууд нөхцөл байдлыг хамтран судалж гарц, гаргалгаа хайх нь нийтлэг жишиг бөгөөд шууд хүчингүй болгоно гэх юм бол үндэслэлгүй зүйл болно гэдгийг бодолцох хэрэгтэй. 

Журмын 4.1.2-ийн “Сангийн удирдах зөвлөлд аймгийн ИТХ-ын дарга, Засаг даргын орлогч, МоЭнКо ХХК-ийн Засгийн газар, орон нутагтай харилцах асуудал эрхлэсэн захирал, ИТХ-ын төлөөлөгч болон иргэдийн төлөөллийг оролцуулан дарга гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны шийдвэрээр байгуулна” гэснийг нарийвчлан Ховд аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтэц хариуцсан орлогч, ИТХ-ын төлөөлөгч, Дарви, Цэцэг сумдын Засаг дарга, Нийгмийн хариуцлага, төсвийн хяналт, Уул уурхай, эрдэс баялгийн салбарт хяналт тавих чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, хараат бус шинжээчдийн төлөөлөл, иргэний төлөөлөл гэсэн доод тал нь 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулна” гэж өөрчлөх, “удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд иргэдийн төлөөллийг оролцуулна” гэж заасан мөртлөө оролцуулалгүй явж ирсэнд дүгнэлт хийж, цаашид уг заалтыг хэрэгжүүлэхэд аймгийн ИТХ-ын зүгээс хяналт тавьж ажиллах хэрэгтэй байна. 

Журмын 4.2.5-д уг сангаас дэмжлэг үзүүлэх буюу санхүүжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг сангийн удирдах зөвлөл сонгон шалгаруулах тухай заасан байдаг ч үнэн хэрэгтээ ийм сонгон шалгаруулалт явагддаггүй гэдэгт дүгнэлт хийж, цаашид хэрхэн зохицуулах талаар шийдэл гаргах

Журмын 4.2.7-гийн “сангийн үйл ажиллагааны чиглэлээр судалгаа шинжилгээ, хяналт, үнэлгээ хийхээр гэрээт талуудын оролцоотой ажлын хэсэг байгуулж ажиллуулах, ажлын үр дүнг хэлэлцэж зөвлөмж гаргах” гэсэн заалтад иргэд, олон нийт, мэргэшсэн төрийн бус байгууллага, зорилтот бүс нутгийн иргэдийн оролцоог хангах талаар тусгаж, нэмэлт өөрчлөлт оруулах замаар төсвийн хууль, тусгай зориулалтын сангийн журам, ТБОНӨХБАҮХА тухай хуулийн холбогдох заалтуудтай нийцүүлэх, мөн тус заалтад “хоёр жилд нэг удаа хөндлөнгийн хараат бус хяналт үнэлгээ хийлгэж, ИТХ-ын хуралдаанд танилцуулж байх” гэж тусгах.  Түүнээс гадна уг сангаас санхүүжүүлж буй хөтөлбөр төсөл, арга хэмжээнүүдийн төлөвлөлт нь бодитой эсэх, ямар үр дүн гарч буй зэрэгт анхаарч, цаашид хэтэрхий үрэлгэн зарцуулалтаас зайлсхийх талаар анхаарах шаардлага харагдаж байна. 

  (Тухайлбал Улсын баяр наадам тэмдэглэхэд зориулагдах санхүүжилтийн хэмжээг хуулчилан баталсан байхад түүнээс 2 дахин илүү хөрөнгийг мөн сангаас гаргаж зарцуулсан, аймгийн ИТХ-ын нэр бүхий төлөөлөгчид хувьд нь 30 сая төгрөг олгосон /хүүхдийн эмчилгээний зардал/ тэрчилэн 2018 онд хийгдсэн хяналт шинжилгээний дүгнэлтэд зарцуулалтын цаашдын үр өгөөжид анхаарах шаардлагатай хэмээн дүгнэгдсэн хэд, хэдэн зүйлүүд бий.

Журмын 4.3-т Сангийн гүйцэтгэх захирлын эрх, үүргийг заасан бөгөөд үүнд сангийн удирдлага нь санхүү эдийн засгийн мэргэжилтэй, мэргэжлээрээ салбартаа 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай, их дээд сургууль төгссөн бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх гэж зааж өгвөл зохино. Журмын 4.3.12-т нэмэлтээр “Сангийн үйл ажиллагаа, зарцуулалт, үр дүн, хэрэгжилтийн талаар нийтийн сонсголыг жил бүр зохион байгуулна” гэсэн заалтыг нэмэлтээр тусгаж өгөх

Жич: Энэхүү дүгнэлт, зөвлөмж нь Ховд аймаг болон МоЭнКо ХХК хоорондын хамтран ажиллах гэрээг 2021 оны эхээр шинэчлэн байгуулахтай холбоотойгоор, хараат хянал шинжилгээний багаас /Хөшөөтийн гэрээний хариуцлагыг шинжлэх нь төслийн баг/ гэрээний талуудад болон ажлын хэсэгт хүргүүлсэн, саналтай хамтдаа нэг бүрдэл хэсэг болно.  

                                                                              “ХОВДЫН ТОЛЬ СОНИН” ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА

                                        “ХӨШӨӨТИЙН ГЭРЭЭНИЙ ХАРИУЦЛАГЫГ ШИНЖЛЭХ НЬ” ХАРААТ БУС ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГ

 

 

                              

 

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
6 + 4 =

Create Account



Log In Your Account