Ховд аймгийн ИТХ-ын V хуралдаанаас үүссэн маргаан, тэмцэл үргэлжилсээр...

By: Admin
2024-12-27
0
1231

Аймгийн ИТХ-ын V хуралдаан энэ сарын 04,05-ны өдрүүдэд хуралдсан бөгөөд өнөөдрийн байдлаар хуралдааны 7-р асуудлыг бүрэн хэлэлцэж дуусаагүй байна.

Тухайн үед буюу 12 сарын 05-ны үдэш Аймгийн ИТХ-ын даргад итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэхийн тулд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23.6 дахь заалтыг үндэслэн, ИТХ-ын дарга Г.Пүрэвганди хуралдаан даргалагчаар аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч Т.Жаргалсайханыг томилж, нийт 39 төлөөлөгчийн ирцтэйгээр уг асуудлыг хэлэлцсэн.

ИТХ-ын дарга Г.Пүрэвгандид итгэл үзүүлэх эсэх санал хураалтад 39 төлөөлөгч оролцож, хүчингүй саналын хуудас-2, хүчинтэй саналын хуудас 37 тоологдсоноос огцруулна-22, огцруулахгүй-15 санал өгснөөр 59,4 хувийн саналаар ИТХ-ын даргад итгэл үзүүлээгүй.

Хуралдаан даргалагч тогтоолын төсөлтэй холбоотой асуултаа тасалж, саналаа таслах эсэхийг лавлахад МАН-ын бүлгийн дарга М.Ганзориг тогтоолын төсөлтэй холбоотой 30 минутын завсарлага авсан. Засварлага дуусч хуралдаан даргалагч танхимд орж ирэн ажлын албанаас төлөөлөгчдийн ирц авахад 39 төлөөлөгчийн 19 нь байсан бөгөөд /хурлын тэмдэглэлд бичсэнээр/ ирц хүрээгүй, цаг  их оройтсон учир хуралдаан даргалагч хуралдааныг дахин завсарлуулжээ. Гэвч хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлтэй төлөөлөгчид тэнд байсан бөгөөд тэд хуралдааныг дахин үргэлжлүүлэх ёстой гэж үзээд, хуралдаан даргалагчийг явсны дараа танхимд үлдэж, хурлыг өглөөний 05:00 цаг хүртэл үргэлжлүүлсэн байна. Ингэхдээ Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь заалтыг үндэслэн Засаг даргын орлогч Ш.Батсүхийг хурал даргалагчаар томилсон тогтоол гарган баталсан, хурлын ажлын албанаас Ш.Батсүхийг хурал даргалагчаар томилох нь хууль зөрчиж байна гэж үзсэн тул тэд хуралдааныг орхин гарсан. ИТХ-ын дарга Г.Пүрэвгандид итгэл үзүүлэх эсэхийг хэлэлцүүлэхээр Ш.Батсүх төлөөлөгч өөрөө санал оруулсан болохоор хуралдааныг даргалах зохимжгүй гэж зарим хүмүүс үзэж байгаа нь үүнд бас нөлөөлсөн бололтой.   

Ийм байдлаар нэг хэсэг нь завсарлага авсан гэж үзэж нөгөө хэсэг нь хурал үргэлжлэх ёстой гэж үзсэн маргаантай байдлын дунд, Ш.Батсүхийн даргалан явуулсан хуралдаанд оролцсон хэсэг төлөөлөгчид аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвгандийг огцруулсан тогтоолыг батлаад, хуралдааныг 12 сарын 16-ны өдөр үргэлжлүүлэн хуралдуулахаар товложээ.    

Тэд өөрсдийн товлосноор 12 сарын 16-ны 10 цагаас хуралдааныг хуралдуулах ёстой гэж үзээд, өмнөх өдөр нь хурлын ажлын албаны мэргэжилтнүүдийг, хуралдааны бэлтгэл хангаж, хуралдаан зохион байгуулахыг шаардсан, мөн “Санал хүргүүлэх тухай” гэсэн 05 тоот албан бичгийг тухайн өдрийн 17 цаг 05 минутад ажлын албанд өгсөн зэрэг үйл явдлууд өрнөсөн бол ажлын албаны дарга Б.Сандагсүрэн уг албан бичигтэй танилцаад, “албан бичиг хэнд хандсан нь тодорхой бус, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д заасны дагуу V хуралдааны явцад аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди төлөөлөгч Т.Жаргалсайханыг хуралдаан даргалагчаар томилсныг төлөөлөгчид 100 хувийн саналаар дэмжиж зөвшөөрсөн шийдвэр нь хүчин төгөлдөр байгаа гэж үзэж байна” гээд, “хуралдаан даргалагч Т.Жаргалсайхан албан ёсоор хуралдааныг үргэлжлүүлэх тухай санал гаргасан тохиолдолд Ажлын алба хуулийн дагуу үйлчлэхэд бэлэн байна” гэсэн байр сууриа илэрхийлжээ.  

12 сарын 16-нд хуралдааныг дахин үргэлжлэх ёстой гэсэн байр суурьтай байсан төлөөлөгчид тэр өдөр буюу Бямба гарагийн өглөөний 11 цагт цуглаж, оройн 19 цаг хүртэл хүлээгээд ирц хүрэлгүй тарцгаасан, улмаар 12 сарын 22-ны өдөр 22 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр цуглаж, аймгийн иргэдийн төлөөлөгчийн V хуралдааныг үргэлжлүүлэв. Хуралдааны танхимд орж үзэхэд уг хурлыг ИТХ-ын төлөөлөгч, аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх даргалан, ИТХ-ын шинэ даргыг томилох асуудлыг хэлэлцэж байв. Танхимд АН-аас Б.Баярсайхан, Б.Бат-Энэрэл, Х.Харахат, П.Мөнхбат, Б.Нямсүрэн, Т.Энхтуяа, Д.Нямлхагва, Э.Уртнасан нарын найман төлөөлөгч, МАН-ын бүлгийн Ш.Батсүх, Ч.Уранчимэг, Б.Амаржаргал, Х.Бат-Эрдэнэ, Ш.Арстан, Н.Батцагаан, Б.Амгаланбадрах, Б.Гантулга, Д.Түмэндэмбэрэл, Ц.Нарангэрэл, Т.Баатарзориг, Б.Болорцэцэг, Л.Бадамхорлоо, Т.Баярсайхан нарын 14 төлөөлөгч, нийт 22 төлөөлөгч байсан ба МАН-ын бүлгээс аймгийн ИТХ-ын даргад Б.Амгаланбадрахыг нэр дэвшүүлсэн. Ийнхүү нэр дэвшүүлж буй нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулий 11.2 дахь заалтыг (сонгуулийн дүнгээр тухайн Хуралд хамгийн олон суудал авсан нам, эвсэл Хурлын даргад эхэлж нэр дэвшүүлэх эрхтэй) үндэслэн хийгдэж байгаа гэж тайлбарлаж байв.  

Хуралдаанд ИТХ-ын ажлын албаны мэргэжилтнүүд оролцоогүй учир редакцийн комисст Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн М.Отгонхишиг, Б.Энхбаатар нар ажиллаж, хурлын тэмдэглэл хөтлөн, тогтоолын төслийг боловсруулж байлаа. Хурлын даргыг нэр дэвшүүлж, санал хураахын өмнө тооллогын комиссыг шинэчлэн баталсан тогтоолын төслийг танилцуулав. Ингэхдээ “Л.Энхбаяр, Д.Батхуяг, Х.Болдбаатар нар өнөөдрийн хуралдаанд ирээгүй учир” гээд, оронд нь тооллогын комиссын даргаар Б.Баатарзориг, гишүүдэд Ч.Уранчимэг, Б.Бат-Энэрэл нарыг сонгосон тогтоол батлав. ИТХ-ын даргад шинээр нэр дэвшүүлэх санал хураалтыг ил хэлбэрээр явуулахад эхний удаад 22 төлөөлөгчөөс 17 нь дэмжиж гараа өргөв. Гэтэл төлөөлөгч Б.Баярсайхан “Хэрвээ 17 төлөөлөгч дэмжсэн гэвэл, 39 төлөөлөгч оролцох ёстойгоос бидний санал 50 хувьдаа хүрэхгүй унана, тиймээс дахин санал хураалт явуулъя” гэв. Ингээд Б.Амгаланбадрахыг аймгийн ИТХ-ын даргаар сонгох эсэх тухай хоёр дахин санал хураахад, хоёр дахь удаад нь 22 төлөөлөгч бүгд дэмжиж гараа өргөсөн тул 100 хувь дэмжигдэв. Тогтоолыг хуралдаан даргалагч уншиж танилцуулахад ИТХ-ын дарга асан Б.Баярсайхан “22 төлөөлөгч санал хураалтад оролцсоноос 22 хүн дэмжиж Б.Амгаланбадрахыг ИТХ-ын даргаар баталсугай гэж бич, хувь тавьж болохгүй шүү тэгвэл  но-той болно” гэх мэтчилэнгээр хууль зөрчөөгүй гэж харагдах, “но-гүй” тогтоол үйлдэхэд нь зөвлөн тусалж байв. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг АН-5, МАН-6 тэргүүлэгчтэй байхаар тогтож, шинэчилжээ. Гэхдээ Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүний талаарх албан ёсны мэдээлэл байхгүй байгаа юм. 

Зарим төлөөлөгчдийн зүгээс хурал зохион байгуулах саналаа илэрхийлж, шаардлага ирүүлж байхад яагаад хуралдаанд оролцож үйлчилэхгүй байгаа тухайгаа аймгийн ИТХ-ын ажлын алба тайлбарлахдаа “V хуралдааны үеэр “ИТХ-ын даргын албан ёсоор томилсон хуралдаан даргалагч хуралдааныг зохион байгуулах тухай үүрэг, чиглэл өгөөгүй учир хуралдаанд үйлчлэх боломжгүй гэж үзэж байгаагаа илэрхийлж, ингэвэл хууль зөрчсөн үйлдэл болно” гэсэн байна. Гэвч Засаг даргын Тамгын газраас хурлын ажлын алба ажлаа хийдэггүй, хариуцлагагүй гэсэн мэдээллийг фэйсбүүк, вэб сайтаараа дамжуулан гаргаснаас гадна 12 сарын 22-нд болсон ИТХ-ын хуралдаанд ИТХ-ын хурлын ажлын албаныхны оронд Тамгын газрын мэргэжилтнүүд уг хуралдаанд үйлчилж, зохион байгуулсан. Энэ нь мөн л хууль зөрчсөн үйлдэл хэмээн ажлын албаныхан байр сууриа илэрхийлж байгаа.   

12 сарын 22-ны хуралдааныг хийхийн өмнө хурлын ажлын албанаас Т.Жаргалсайханд “... хуралдаанд оролцогч 39 төлөөлөгчийн 100 хувийн саналаар сонгосон хуралдаан даргалагч болох таныг байлцуулан, хууль болон дэгийн дагуу хуралдаан үргэлжилбэл хуралдаанд үйлчлэх боломжтой гэдгээ төлөөлөгч Н.Батцагаан нарын ирүүлсэн саналын хариу болгож, албан бичгээр мэдэгдсэн болно. Бидний хувьд төлөөлөгчид, намын бүлгүүд харилцан ойлголцож, зохих хууль, дэгийн дагуу хуралдаанаа үргэлжлүүлэх болов уу гэсэн хүлээлттэй байсан. Иймд хууль, дэгийн дагуу харилцан ойлголцолд хүрч, хуралдааныг өндөрлүүлэхэд анхаарлаа хандуулан, намын бүлгүүд болон төлөөлөгчидтэй харилцан зөвшилцөж шийдэлд хүрэх арга замыг эрэлхийлэн хуралдааныг үргэлжлүүлэн дуусгах арга хэмжээ авахыг зөвлөж байна” гэсэн бичгийг бас хүргүүлжээ. .

Үүний хариуд Т.Жаргалсайханаас ирүүлсэн 2017 оны 12 сарын 21-ний 11 тоот бичигт “Миний бие хуралдааныг удирдах явцад “Аймгийн ИТХ-ын хуралдааны байнгын дэг”-ийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасны дагуу, ирц хүрэхгүй байсан тул хуралдааныг нээлттэй завсарлуулсан. 2017 оны 12 сарын 16-ны өдөр хуралдааныг үргэлжлүүлэхийг надтай аль ч намын бүлэг төлөөлөгчид зөвлөлдөөгүй. “Хуралдааныг үргэлжлүүлэн хуралдуулахыг хүссэн хүсэлтийг товлосны урьд өдөр авч байгаа тул хугацааны хувьд тулгамдаж байна. ИТХ дахь МАН-ын бүлгийн дотор үүссэн нөхцөл байдлын улмаас бүлгийн 24 төлөөлөгч нэгдсэн нэг шийдэлд хүрээгүй байгаа тул, улс төрийн алдаатай шийдвэр гаргуулахгүйн тулд хуралдааныг үргэлжлүүлэн долдугаар асуудлыг хэлэлцүүлэн дуусгах боломжгүй, Байнгын дэгийн 1 дүгээр бүлгийн 1.4-д заасныг үндэслэн хуралдааны асуудлыг чөлөөтэй хэлэлцэх нөхцөл бүрдсэн тохиолдолд хуралдааныг үргэлжлүүлэн хуралдуулах боломжтой тул ирүүлсэн саналыг хүлээж авах авах боломжгүй”  гэж мэдэгджээ.

Харин хуралдааныг үргэлжлүүлэхээр санал гаргасан төлөөлөгчдийн хувьд 12 сарын 22-ны өдрийн 16 цагт ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Батцагаан нарын гарын үсэгтэй бичгийг аймгийн ЗДТГ-ын ХОХБ-ын хэлтсийн дарга Б.Баярсүхээр дамжуулан, ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэнд ирүүлсэн нь  “... хоёр намын бүлгийн хүсэлтээр 10 хоног завсарлуулсан хуралдааныг нээлттэй үлдээж, 2017 оны 12 сарын 16-ны 10 цагаас хуралдахаар цаг тогтсон билээ. Товлосон хугацаанд ИТХ-ын төлөөлөгчид хуралдахаар ирсэн боловч аймгийн ИТХ-ын ажлын алба болон редакцийн комисс ажиллахгүй байна. Иймд ИТХ-ын V хуралдааныг 2017 оны 12 сарын 22-ны 11 цагт хуралдуулж, бэлтгэл ажил хангаж ажиллахыг даалгаж байна” гэсэн байв.

Байдлыг ажиглахад аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын V хуралдааны үеэр үүссэн ойломжгүй нөхцөл байдал цэгцэрч, гольдролдоо ороогүй нь тодорхой байгаа бөгөөд одоо явагдаад буй үйл явцууд хуулийн дагуу, зүй зохисоороо өрнөж байна гэж хэлэх боломж ч бас алга болоод байна.

Ховд аймгийн ИТХ нь 2016 оны сонгуулийн үр дүнгээр сонгогдсон Г.Пүрэвганди, мөн V хуралдааны гэнэтийн нөхцөл байдлын үр дүнгээр сонгогдоод байгаа Б.Амгаланбадрах гэсэн хоёр даргатай боллоо. Хоёр дарга болон сөргөлцөж буй талууд бие биенээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул асуудлыг хуулийн байгууллагад хандаж шийдүүлэхээр болоод байгаа бололтой.

Харин ИТХ-ын V хуралдаанаас гаргасан Засаг дарга Д.Галсандондогийг огцруулах тухай шийдвэр, тогтоолыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд 2017 оны 12 сарын 11-ний өдөр албан ёсоор хүргүүлсэн боловч, Засаг дарга Д.Галсандондог нар энэ асуудлаар Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотойгоор ямар нэг  шийдвэр гаргах асуудал хүлээгдэн, өнөөдрийг хүртэл хариу ирээгүй байгаа юм.

Асуудал цаашид хэрхэн өрнөхийг ард иргэд, улс төрийн хүрээнийхэн, хэвлэл мэдээллийнхэн анхааралтай ажиглаж байна.

Г. Энхжаргал


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
7 + 4 =

Create Account



Log In Your Account