Хүүхэд манай ирээдүй
Ховд аймаг дахь хүүхэд хамгааллын асуудал
Ховд аймаг дахь Хүүхэд хамгааллын үйл ажиллагаанд хийгдсэн аудитын мэдээлэлд үндэслэн дараах нийтлэлийг бэлтгэв: Аудитын тайлан дүгнэлтийг сонирхвол:
Ховд аймгийн хэмжээнд Хүүхэд хамгааллын чиглэлээр найман төрийн байгууллага, 18 хүүхдийн төлөө зөвлөл, 17 суманд 29 хамтарсан баг ажиллаж байна. 2023 онд хүүхэд хамгааллын нөхцөл байдлын үнэлгээ, хамгаалах нөхөн сэргээх үйлчилгээ, урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардалд 198,6 сая төгрөг зарцуулахаар тусгагдсан нь өмнөх оноос 77,5 саяар, 2019 оноос 120,7 сая төгрөгөөр өссөн байна.
Хүүхэд хамгааллын чиглэлийн төсөв өссөн ч хүүхэд хамгааллын чиглэлээр мэргэшсэн албан хаагчид дутагдалтайн дээр хүний нөөцийн тогтвортой байдал хангагдахгүй байна. Тухайлбал, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар 35 орон тоотой ажилладаг бөгөөд сүүлийн гурван жилд газрын дарга 3 удаа, нягтлан бодогч 4 удаа, хүүхэд хамгааллын ахлах мэргэжилтэн, хөгжил оролцоо хариуцсан мэргэжилтэн, захиргаа хүний нөөц хариуцсан мэргэжилтнүүд 1-2 удаа солигджээ. Эндээс харвал хүүхэд хамгааллын асуудал хариуцсан байгууллагын алба хаагчид тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл бүрдээгүй, байнгын хөдөлгөөнтэй байгаа нь хүүхэд хамгааллын чиг үүргийг хэрэгжүүлэх ажилд тодорхой эрсдлийг бий болгож байгаа хэрэг. Мөн хүний нөөцийн ахлах мэргэжилтний орон тоог зарлах ёстой ч Төрийн албаны зөвлөлд сул орон тоог зарлахтай холбоотой баримт бичгүүдийг хүргүүлээгүйгээс шийдвэрлэгдээгүй хэвээр байна.
Тус байгууллагын албан тушаалтнуудыг томилохдоо төрийн албаны мэргэшсэн байдлыг үл харгалзан, улс төрийн намын нөлөө үзэмжийг гол болгож томилдог нь үйл ажиллагаа, удирдлагын тогтвортой байдал, алсын хараанд сөргөөр нөлөөлж байна.
Ховд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар 2019-2023 онд орон нутгийн телевиз, цахим сайтуудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулан 17,4 сая төгрөгийг зарцуулсан боловч гэрээнд хүүхэд хамгааллын талаар нарийвчилсан заалтууд тусгаагүй байна.
Хүүхэд хамгааллын үйлчилгээний талаар тодорхой заалтууд тусгайгүйгээс мэдээллийн ил тод байдал, үр нөлөө дээшлээгүйн дээр хүүхдийн эрхийг зөрчсөн тохиолдол буурахгүй байна.
2023 онд эрсдэлтэй хүүхдийн мэдээллийн санд 125 эрсдэл бүртгэгдсэн нь хүүхэд хамгааллын үйлчилгээний эрэлт өсөж байгааг харуулж байна. Хүүхэд хамгааллын тогтолцоонд мэдээллийн удирдлагын нэгдсэн сан байхгүйгээс мэдээллийг цаг алдалгүй хүргэх, дараагийн үйлчилгээг оновчтой төлөвлөх, үнэлэхэд бэрхшээл учирсаар байна.
Хүүхэд хамгааллын үйлчилгээний
төсвийн төлөвлөлт бодитой бус байна
Ховд аймгийн хувьд хүүхэд хамгааллын төсвөө төлөвлөхдөө өмнөх онд үйлчилгээнд хамрагдсан хүүхдийн мэдээлэлд үндэслэх бус 2019-2022 онуудад бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний зардалд нэгтгэн төлөвлөсөөр иржээ. 2023 онд хүүхэд хамгааллын төсвийг хөтөлбөр, зориулалтаар нь тооцон 124,5 сая төгрөгөөр төсөвлөсөн нь дөрвөн жилийн өмнөх үетэй харьцуулахад 4,8 дахин өссөн үзүүлэлт юм.
Сүүлийн дөрвөн жилд улсын төсвөөс 619 сая төгрөгийн санхүүжилт авснаас гүйцэтгэлээр 591,7 сая төгрөг, нэмэлт санхүүжилтийн дансаар 335,0 сая төгрөг зарцуулжээ. Судалгааны материалаас харахад 2019-2023 онд нийт 7377 иргэд, хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлснээс 3883 буюу 53 хувийг нь хамтарсан багийн үйлчилгээнд, 1849 буюу 25 хувийг нь хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээнд, үлдсэн хэсгийг бусад үйлчилгээнд хамруулжээ. Түүнчлэн ХГБХХГ-ын 2019-2023 оны үйл ажиллагаанд 3,5 тэрбум төгрөг зарцуулснаас 17 хувь буюу 602,8 сая төгрөгийг хүүхэд хамгааллын үйлчилгээнд зарцуулсан байна. Сүүлийн таван жилд хүүхэд хамгаалалд зарцуулсан нийт төсвийн 73,7 хувийг буюу 435,9 төгрөгийг нөхөн сэргээх үйлчилгээнд, 19,9 сая төгрөгийг нөхцөл байдлын үнэлгээ хийхэд, 135,9 сая төгрөгийг урьдчилан сэргийлэх ажил үйлчилгээнд зарцуулсан хэмээн тайлагнажээ.
2019-2023 онуудад таван сая төгрөгөөс дээш орлогын 345,7 сая төгрөгийн 30 ажил гүйлгээ, зарлагын 166,8 сая төгрөгийн 19 ажил гүйлгээг shilendans.gov.mn сайтад ил тод мэдээлээгүй байгаа нь Шилэн дансны тухай хуулийг мөрдөж ажиллахгүй байгааг харуулж байна.
Захиалагч байгууллагын хяналт сулаас хандивлагч байгууллагууд болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлсэн зарим төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт төдийлөн хангалтгүй байна. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэний орох, гарах хаалга хийх ажлыг 10 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгээр “Шадар удам” ХХК-тай гэрээлсэн боловч хийгдсэн эсэх нь тодорхойгүй, мөн Баянбулаг зуслангийн гадна тохижилтын ажлыг хийлгэхээр тус компанитай 14 сая төгрөгийн өртөг бүхий гэрээ байгуулсан ч тус бүр нь 2 сая төгрөгийн үнэ бүхий 2 саравч хийгдээгүй байна. 3 сая төгрөгөөр хийсэн хүүхэд усанд орох модон байгууламжийг эрх бүхий хүмүүс хүлээн авсан. Гэтэл энэ нь хүүхэд усанд орох байтугай бие засах газраар ч ашиглах боломжгүй жижиг модон амбаар байна. Мөн “Шадар удам” ХХК Туяа бүлгийн дээврийг 9 сая төгрөгөөр засварласан ч удалгүй дээврээс нь ус гоожиж, 2024 оны орон нутгийн төсвөөс дахин санхүүжилт гаргуулан засварласан гээд алдаа дутагдлууд байсаар байна.
Хүүхэд хамгааллын үйл ажиллагааны төсвийн зарцуулалтын талаар судалж үзэхэд системийн хувьд тулгамдсан олон асуудал байгаа нь харагдаж байна. Тухайлбал хүүхэд хамгааллын зардлын эх үүсвэр, зориулалт, үр дүнгийн талаарх мэдээлэл ил тод биш байна. Олон нийтэд ил байгаа ганц мэдээлэл нь шилэн дансны мэдээлэл байгаа ч шилэн дансанд оруулсан мэдээлэл хэт ерөнхий мөн санхүүжилтийн тушаал шийдвэрийн хавсралт, зарцуулалтын зардлыг байршуулаагүй байна. Мөн шилэн дансанд хүүхэд хамгаалалд зориулж бусдаас өгсөн хандив, тусламжийн зарцуулалтын мэдээлэл тодорхой бус байна.
Хүүхэд хамгааллын талаарх мэдээллийн сангүй байна
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8-д заасны дагуу хүүхдийн эрх, хамгааллын талаар нэгдсэн сан бүрдүүлэн үйл ажиллагаандаа ашиглах зохицуулалттай хэдий ч 2022 онд баталсан статистик мэдээ гаргах аргачлалыг баримталж ажиллаагүйгээс мэдээллийн сангийн бүрдэл хангалтгүй байна. Түүгээр үл барам 2019-2023 оны статистик мэдээг нэгтгэн архивын нэгж үүсгээгүй гэх мэт асуудлууд хөвөрч байна.
ХГБХХГ үйл ажиллагаандаа able програмыг ашиглан уралдаанч хүүхдийн бүртгэл; aсрамж халамжийн үйлчилгээ; xүүхдийн зуслан; эрсдлийн үнэлгээ, явуулын бүртгэл, cтатистик, өрхийн бүртгэл хөтөлдөг байна. Мөн нийгмийн ажилтны мэдээллийн сан буюу NAMS программыг ашиглан үйлчилгээ үзүүлсэн кэйс, мэдээлэл, шийдвэрлэлт, сум, багийн хамтарсан багийн гишүүдтэй холбоотой мэдээллийг оруулан өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглаж байсан ч 2023 оны 10 дугаар сард сунгалт хийгээгүйгээс ашиглахгүй байна.
Хүүхэд хамгааллын тогтолцоог бүхэлд нь хамарсан Хүүхэд хамгааллын мэдээллийн удирдлагын систем өнөөг хүртэл байхгүй хэвээр байна. Мэдээллийн нэгдсэн сан, мэдээллийг цаг тухайд нь үнэн зөв байдлаар солилцох тогтолцоо байхгүйгээс хүүхэд хамгааллын мэдээллийг тогтмол цуглуулж, дүн шинжилгээ хийх боломж хомс, бодлого төлөвлөлт оновчгүй байна. Судалгааны явцад хүүхэд хамгааллын кэйс менежмент, НЦҮТ, түр хамгаалах байрны үйлчилгээ авсан хүүхдийн талаар мэдээлэл цуглуулахад ХНХЯ, ХЗДХЯ, ГБХЗХГ, аймаг болон дүүрэг дэх ГБХЗХХ-ээс авсан мэдээллүүд нь хоорондоо зөрүүтэй байна.
108 дугаарын утасны дуудлага 30,7 хувиар өсчээ
Өнөөдрийн байдлаар дэлхий дахинд 168 оронд 173 хүүхдийн тусламжийн утас ажиллаж байна. 2014 оны 6 сараас эхлэн 24 цагийн, төлбөргүй, шинэчилсэн системээр Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээ эхлүүлсэн. 2016 онд Хүүхэд хамгааллын тухай хуулиар утасны үйл ажиллагааг хуульчилсан нь Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцын хэрэгжилтийг хангах, хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэхэд томоохон алхам болсон гэж үздэг. юм. 2023 онд аймгийн хэмжээнд хүүхдийн тусламжийн 108 утсанд 153 дуудлага мэдээлэл иржээ. Өмнөх онтой харьцуулахад 30,7 хувиар өссөн байна. Сүүлийн таван жилд дуудлага мэдээллийг төрлөөр нь авч үзвэл бие махбодийн 40, бэлгийн хүчирхийлэл 21, сэтгэл санаа 120, үл хайхрах байдалд 122, бусад хүчирхийлэлд 46 хүүхэд өртсөн байна. Ирсэн дуудлагыг орчны ангиллаар авч үзвэл гэр бүл дэх 213, боловсролын салбарт 46, олон нийтийн арга хэмжээ, үйлчилгээний газарт 234 дуудлага иржээ.
2023 онд бүртгэгдсэн нийт гомдол мэдээллийн 64,7 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгдсэн байна. Хүүхэд хамгааллын бодлогын баримт бичигтэй 90 байгууллага, хүүхдийн өрөөтэй 10 байгууллага Ховд аймагт байна.
Хувь хүний мэдээллийн нууцлал хангалтгүй байна
Өнөөгийн нөхцөл байдлыг харахад аймгийн хүүхдийн зөвлөл, хамтарсан баг, төрийн байгууллагуудын ажил уялдаагүйгээс хүүхэд хамгааллын талаар хэрэгжүүлсэн ажил, санхүүжилтийн үр нөлөөг тодорхойлох боломжгүйн дээр хувь хүний мэдээллийн нууцлал хангалтгүй байна.
Аймгийн Засаг даргын 2022 оны А/234 дүгээр захирамжаар “Хүүхдийн төлөө зөвлөл” байгуулсан бөгөөд гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийн тайланд 2 удаа хуралдсанаар тусгасан боловч хурлын тэмдэглэл, шийдвэр байхгүй байна.
Анх 2007 онд нийслэл дүүргийн хороодод, мөн 2010 оноос орон нутагт хамтарсан баг байгуулагдан ажиллах болсон. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулинд зааснаар “гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хамтарсан баг” гэдэг нь хохирогч, түүний гэр бүлийн гишүүнд энэ хуульд заасан үйлчилгээг хамтран үзүүлэх сум, хорооны Засаг даргаар ахлуулсан зохион байгуулалтын хэлбэр гэж тодорхойлжээ. Тогтолцооны зохицуулалтыг ажиглахад хамтарсан багийн үйл ажиллагаа тогтвортой, сайн явагдах эсэх нь шинээр томилогдсон засаг даргын хандлагаас бүрэн хамаарахаар байна.
Аймгийн ИТХ-ын болон Засаг даргын захирамжаар өмгөөлөгчийн зардал гаргах шийдвэрт хүүхдийн овог нэр, регистрийн дугаарыг тусгаж, улмаар уг баримт бичгийг www.khovd.gov.mn сайтад байршуулсан нь Хүний хувийн мэдээлэл хамгааллын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11-дэх заалтыг зөрчжээ. Уг заалтад “хүний хувийн мэдээлэл” гэж хүний эмзэг мэдээлэл болон эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, төрсөн газар, оршин суугаа газрын хаяг, байршил, иргэний бүртгэлийн дугаар, хөрөнгө, боловсрол, гишүүнчлэл, цахим тодорхойлогч, хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох, эсхүл тодорхойлох боломжтой бусад мэдэллийг” хамруулна хэмээн заасан байна.
2020-2024 оны Засаг даргын мөрийн хөтөлбөрт ОНХС-ийн хөрөнгөөр хэрэгжүүлэх 29 дэд хөтөлбөр баталсан ч хүүхэд хамгааллын чиглэлээр тусгайлан хөтөлбөр батлаагүй байна. Аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүн, Санхүү төрийн сангийн хэлтсийн даргын ажиллах чиг үүрэгт ОНХС-ийн нийт хөрөнгийн 10-аас доошгүй хувийг хүүхдэд зарцуулах, хэрэгжилтэд хяналт тавих, хүүхэд хамгааллыг сайжруулахад хөрөнгө төвлөрүүлэхээр заасан ч огт хэрэгжээгүй байна.
Тиймээс аудиторууд дүгнэхдээд;
“Нэгдүгээрт, Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт хүүхэд хамгааллын асуудлыг тусган, хөтөлбөр хэрэгжүүлэх,
Хоёрдугаарт, Холбогдох байгууллагын хүний нөөцийн тогтвортой байдлыг хангах, нам, улс төрөөс ангид байлгах,
Гуравдугаарт, Хүүхэд хамгааллын тухай хуульд заасны дагуу мэдээллийн сан бүрдүүлж ашиглах, нэгтгэх аргачлалыг мөрдөөгүйгээс мэдээлэл бүрэн бус, тоон мэдээлэл зөрүүтэй байгааг арилгах,
Дөрөвт, Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлэх
Тавд, Хүүхдийн төлөө зөвлөлийн тайланг хуульд заасны дагуу ИТХ-аар хэлэлцүүлэх, шаардлагатай эх үүсвэрийг батлах, орон нутгийн төсөвт суулгах,
Зургадугаарт, хүүхдийн төлөө зөвлөлийн үйл ажиллагааны төлөвлөгөө батлах, тайлангаа ИТХ-д тайлагнадаг байх,
Долдугаарт, Хувь хүний мэдээллийг чандлан нууцлах, шийдвэр тушаалд тусгахгүй байх зэргийг хэрэгжүүлэн ажиллах шаадлагатай байна” гэжээ.