Монголын дугуйн спортын 2025 оны хамгийн том сорилго болох “Tour of Mongolia 2025” дугуйн олон өдрийн уралдаан үргэлжилж байна. 26 дахь жилдээ Монголын дугуйн холбооноос зохион байгуулж буй энэхүү уралдааны алсын зайн тамирч 8 дугаар сарын 12-ны өдөр Говь-алтай аймгаас гарч, 450 орчим км замыг дугуйгаар туулан 14-ны өдөр Ховд аймагт орж ирсэн юм. Ховд аймагт аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран “ДУГУЙН ӨДӨРЛӨГ” зохион байгуулж, хүүхэд багачуудын дунд дугуйн уралдаан явуулав. Ховд аймгийн тухайд зам, дэд бүтэц сайтай учраас энэ спортыг хөгжүүлэх, улсын болон олон улсын тэмцээн уралдаан явуулах бүрэн боломжтой гэдгийг зохион байгуулагчид онцлож байв.
Ховд аймагт болсон уралдаанд нийт 300 орчим хүүхэд багачууд хамрагдаж, шилдэгүүд тодорсон бөгөөд тэргүүлсэн, амжилттай оролцсон тамирчдын шагналыг УИХ-ын дарга М.Амарбаясгалан, аймгийн Засаг дарга М.Амарсанаа нар гардуулж баяр хүргэв.
Мөн дугуйтай үзүүлбэр толилуулж иргэд, олон нийтэд дугуйн спортыг сурталчилсан нь сонирхолтой байлаа. Монголын шилдэг багуудын, шилдэг дугуйчид энэ удаагийн уралдаанд оролцож байгаа бөгөөд 8 дугаар сарын сарын 16-нд Увс аймгийн төв Улаангом хотод, 21-нд Завхан аймгийн төв Улиастай хотод явагдах хөтөлбөр хийгээд сүүлийн гарааны дараа тэмцээний нэгдсэн дүн гарах ажээ.