Гурван Сэнхэр төвтэй "Таван од" аялал жуулчлалын хөтөлбөрийн төслийг хэлэлцүүлэв

By: Admin
2024-12-23
0
1687

Ховд аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэх гарц боломжийн тухай өргөн хэмжээний хэлэлцүүлгийг өнгөрсөн хаврын таван сард Улаанбаатар хотод зохион байгуулж, Гурвансэнхэр төвтэй “Таван од” хөтөлбөр боловсруулах шийдэл гаргасан тухай мэдээлж байсан.

Тэгвэл уг хөтөлбөрийн төслийн эхний боловсруулалтыг хийж бэлэн болгожээ. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, Байгал орчин аялал жуулчлалын газрын захиалгаар “Улаанбаатар” аялал жуулчлалын холбооны боловсруулсан энэхүү төслийн хэлэлцүүлгийг өнгөрсөн 9 дүгээр сарын 3-ны өдөр аймгийн ЗДТГ-ын нэгдсэн хуралдааны танхимд хийв.

Хэлэлцүүлэгт төрийн удирдлагийн болон мэргэжлийн байгууллагууд, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагын төлөөллүүд, судлаачид, сонирхогчдоос бүрдсэн 50 гаруй хүн оролцсон ба “Таван од” аялал жуулчлалын хөтөлбөрийн төслийг боловсруулсан “Улаанбаатар” аялал жуулчлалын холбооны тэргүүн Ё.Бадрах, судлаач доктор Жулиа Кларк, мэргэжилтэн Гэрэлтөв нарын илтгэл таниулга, мэдээллүүдтэй танилцаж тунгаан хэлэлцсэн юм.

Дээрх хүмүүсээс гадна олон эрдэмтэн судлаачид энэ хөтөлбөрийн судалгаа болоьсруулатанд оролцож, зөвлөгөө өгсөн болохыг Ё.Бадрах онцолж байсан.  

Өнгөрсөн 5 дугаар сараас эхлэн тодорхой хэмжээний судалгаа явуулж, хийгдсэн судалгааныхаа үр дүнд тулгуурлан гаргасан “Таван од” аялал жуулчлалын хөтөлбөрийн үндсэн санаа нь дэлхийд ховорт тооцогдох, нэн эртний археологийн дурсгал бүхий Сэнхэрийн агуйн орчимыг төв цэг болгосон аяллын таван маршрутаар аялагч жуулчдад үйлчлэх, ингэхдээ аймгийн нутаг дэвсгэрт буй өөрийн гэсэн онцлог шинж байдал, угсаатны ахуй соёл, түүхийн дурсгал, байгалийн гайхамшиг, ховор амьтан, ан агнуур зэрэгт голчлон тулгуурлах явдал аж.

Нийтдээ зургаан бүлэг зорилтыг өмнөө тавин хэрэгжүүлэхээр төлөвлөсөн энэ хөтөлбөрийг 2020 он хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Хөтөлбөрт Ховд аймгийн аялал жуулчлалын үндсэн бүтээгдэхүүнүүд нь:

- Шинжлэх ухаанч буюу судалгааны аялал (зэрлэг ан амьтан судлал, шувуу, археологи, түүхэн олдвор)

- Хилийн бүсийн эх оронч сэдэвт дотоодын аяллууд

- Байгалийн тойрон аялал (УТХГН-уудыг хамруулсан)

- Угсаатны зүй соёлын болон нүүдэлчин ахуйг сонирхох, судлах аялал

- Танин мэдэхүйн аялал

- Спортын буюу адал явдалт аялал (Өндөр уулын авиралт, явган буюу морин аялал, усан спорт, авто машин, мотоцикл, унадаг дугуйн аялал)

- Ан агнуур болон загасчлал

- Цайны замын аялал жуулчлал гэсэн төрлүүд байх боломжтой гэж тодорхойлжээ.

Эдгээрийг ажил хэрэг болгож, аялал жуулчлалын цогц хөтөлбөрийг үр өгөөжтэй хэрэгжүүлэхийн тулд аялал жуулчлалын дэд бүтцийг бий болгох, зам харгуй тавих, зам жимүүдийг маш тодорхой тэмдэг, тэмдэглэгээтэй болгох, мэдээллийн төвүүдийг байгуулах, стандартад нийцсэн бааз, буудлууд, отоглох газар гэх мэтийг барьж байгуулах, боловсон хүчнийг бэлтгэж мэргэшүүлэх нэгдсэн бодлого явуулах, мэдээллийг цахимжуулах, мэдээллийн нэгдсэн болон төрөлжсөн сангуудыг бий болгох гэх мэт олон ажлуудыг хийж хэрэгжүүлэх шаардлагатай байгаа аж.

Хөтөлбөрийн төсөл хэдийгээр боломжийн түвшинд боловсрогдсон ч гэсэн учир дутагдалтай, хэлэлцүүлэгт оролцогсдын зүгээс санаа оноо өгөх зүйлүүд бишгүй байв.

Оролцогсдын зүгээс уг хөтөлбөрт Сэнхэрийн агуй болон түүний  археологийн дурсгалыг юуны өмнө стандартын дагуу сэргээж, хамгаалж, эрсдэлгүй нөхцөл бүрдүүлсний дараа аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон ашиглах, өндөр уулын аялал жуулчлал хөгжүүлэх явдлыг нэгэн томоохон онцлог хэсэг болгон авч үзэх, хөтөлбөрийнхөө нэрэн дээр эргэж харах, угсаатны соёл урлаг гэсэн хэсэгт зөвхөн мэргэжлийн уран бүтээлчдээр хязгаарлахгүй орон нутгийн онцлог бүхий чөлөөт уран бүтээлчдийг өргөнөөр хамруулах, онцгой ач холбогдол бүхий газар нутгийг цогцоор нь дэлхийн болон үндэсний байгалийн өвд хамруулах асуудлыг судлаж, хөөцөлдөж шийдвэрлүүлэх, хөтөлбөрийг санаачилсан, судалгаа хийсэн, боловсруулсан тэрчлэн хэрэгжүүлэлтийн шатны бүхий л мэдээллийг олон нийтэд нээлттэй ил тод байлгах нөхцөл бүрдүүлэх, үр ашгийг урьдчилан тооцож байж тодорхой ажлуудыг хэрэгжүүлэх, хий дэмий хөрөнгө, мөнгө зарсан үр өгөөжгүй ажил хийхгүй байхыг онцлон анхаарах гэх мэт санаануудыг хэлж, зөвлөгөө өгч байлаа.

Ажил гүйцэтгэгчид маань (хөтөлбөрийг боловсруулж буй баг) оролцогсдын энэ мэт үнэтэй санал зөвлөгөөг тусгаж, дахин боловсруулалт хийсний эцэст хөтөлбөрийг захиалагчид хүлээлгэн өгөх юм байна. Тиймээс энэ талаар сонирхож, санаа тавьж буй хэнд ч гэсэн санаа бодлоо хүргэх боломж байгааг уншигчиддаа анхааруулъя. Хөтөлбөрийн төслийг аймгийн БОАЖГ-ын цахим хуудас, /hovd_travel.mn/ болон /hovdnews.mn/, /mongolgarag.mn/ цахим хуудсуудаас үзэх боломжтой ажээ.

 Г.Мөнх

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
6 + 5 =

Create Account



Log In Your Account