Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулиас (46-48 дугаар зүйл)

By: Admin
2024-12-26
0
161

Сонгогчдын боловсролд

Редакцын сонголтоор ард иргэдийн заавал мэдвэл зохих заалтуудыг түүлвэрлэн нийтлэв.

46 дугаар зүйл.Сонгуулийн сурталчилгаанд радио, телевиз ашиглах

46.1.Сонгуулийн сурталчилгаатай холбогдсон нэвтрүүлэг /цаашид "сурталчилгааны нэвтрүүлэг" гэх/-ийг радио, телевизээр нэвтрүүлж болно.

46.2.Олон нийтийн радио, телевиз сурталчилгааны болон мэтгэлцээний нэвтрүүлгийг Харилцаа холбооны зохицуулах хорооноос баталсан хуваарь, цагийн дагуу зөвхөн төлбөргүй нэвтрүүлнэ.

46.3.Олон нийтийн радио, телевиз нь нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдэд сонгуулийн сурталчилгааны болон мэтгэлцээний төлбөргүй нэвтрүүлгийн хуваарь, цаг олгох саналаа Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлэхдээ нам, эвслээс нэр дэвшигчдэд намын Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллыг, эвслийн тухайд эвсэлд нэгдэн орсон намын Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллыг, бие даан нэр дэвшигчийн тухайд Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн дарааллыг баримтлан ижил нөхцөл, тэнцүү хугацаа ногдохоор тооцно.

46.4.Харилцаа холбооны зохицуулах хороо олон нийтийн радио, телевизээс ирүүлсэн сурталчилгааны болон мэтгэлцээний төлбөргүй нэвтрүүлгийн хуваарь, цагийн талаарх саналыг хянан үзэж, сурталчилгааны болон мэтгэлцээний нэвтрүүлгийн хуваарь, цагийг тэнцүү байхаар тооцож сурталчилгаа эхлэхээс долоогоос доошгүй хоногийн өмнө батална.

46.5.Олон нийтийн радио, телевизээс бусад радио, телевиз сурталчилгааны нэвтрүүлгийг гэрээний үндсэн дээр нэвтрүүлнэ.

46.6.Олон нийтийн радио, телевизээс бусад радио, телевизээр нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийн нийт хугацаа нь хоногт нэг цаг /60 минут/-аас илүүгүй байна.

46.7.Сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийн хоногт гарах нийт хугацаа /60 минут/-ны хорин таваас илүүгүй хувь /15 минут/ нь нэг нам, эвсэлд, түүнчлэн бие даан нэр дэвшигчдэд ногдоно.

46.8.Сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийн төлбөр нь ээлжит сонгуулийн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд баримталсан зар сурталчилгаа, мэдээ, мэдээллийн төлбөрийн дундаж хэмжээнээс хэтрэхгүй байна.

46.9.Олон нийтийн радио, телевизээс бусад радио, телевиз сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлэг нэвтрүүлэх бол сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг дараах баримт бичиг, мэдээллийн хамт Харилцаа холбооны зохицуулах хороонд санал авах өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө хүргүүлж, бүртгүүлнэ:

46.9.1.сурталчилгааны нэвтрүүлэг явуулахаар төлөвлөсөн цагийн хуваарь;

46.9.2.ээлжит сонгуулийн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хийж байсан гурваас доошгүй зар сурталчилгаа нэвтрүүлэх гэрээ;

46.9.3.сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх үнийн санал.

46.10.Энэ хуулийн 46.9-д заасны дагуу бүртгүүлсэн радио, телевиз сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрхтэй бөгөөд бүртгүүлээгүй радио, телевизээр сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлэг нэвтрүүлэхийг хориглоно.

46.11.Радио, телевиз нэгээс илүү сувагтай бол сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийг аль нэг сувгаар нэвтрүүлнэ.

46.12.Сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлэг нэвтрүүлэх радио, телевиз нь сонгуульд оролцогч бүх нам, эвсэл, нэр дэвшигчид тэгш хандах үүрэгтэй.

46.13.Радио, телевиз нь мэдээллийн хөтөлбөрөөрөө нам, эвсэл, нэр дэвшигчийн талаарх сонгуулийн үйл явцын мэдээллийг хүргэхдээ бодит, тэнцвэртэй, нэг талыг барихгүй, хараат бус байх зарчмыг баримтална.

46.14.Радио, телевизийн мэдээллийн хөтөлбөрөөр нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар гарсан мэдээ нь сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийн хугацаанд хамаарахгүй боловч нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн талаарх мэдээг хоногт таван минутаас хэтрүүлэхийг хориглоно.

46.15.Радио, телевиз сонгогчдын боловсролд зориулсан мэдээ, мэдээлэл, нэвтрүүлэг, хөтөлбөр бэлтгэж түгээх үүрэгтэй.

46.16.Радио, телевизийн редакцид бэлтгэгдээгүй, сонгуульд оролцогч нам, эвсэл, нэр дэвшигчийн зүгээс бэлтгэн нийлүүлсэн мэдээ, нэвтрүүлгийг тухайн нам, эвсэл, нэр дэвшигчийн сурталчилгааны нэвтрүүлэгт хамааруулна.

46.17.Улс төрийн мэтгэлцээний нэвтрүүлэг, хөтөлбөр сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлэгт хамаарахгүй боловч уг нэвтрүүлэг, хөтөлбөрт нэг намын бус, түүнчлэн бие даагч хэд хэдэн нэр дэвшигч, эсхүл өөр өөр нам, эвслийн төлөөлөл оролцсон байна.

46.18.Сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийн хуваарь, цагийг бусад нам, эвсэл, нэр дэвшигчид шилжүүлэхийг хориглоно.

46.19.Хэвлэл мэдээллийн байгууллага, түүний ажилтан, албан тушаалтан сонгуулийн үйл ажиллагааны талаар бодит мэдээллийг түгээх үүрэгтэй.

46.20.Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих, радио, телевизийг бүртгэх, бүртгэхээс татгалзах журмыг Харилцаа холбооны зохицуулах хорооны саналыг үндэслэн, энэ хуульд нийцүүлэн Сонгуулийн ерөнхий хороо батална.

46.21.Харилцаа холбооны зохицуулах хороо олон нийтийн радио, телевизээр нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгааны төлбөргүй нэвтрүүлгийн баталсан хуваарь, цаг болон сурталчилгааны нэвтрүүлэг нэвтрүүлэх зөвшөөрөл олгосон радио, телевизийн жагсаалтыг сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдэд хүргүүлж, өөрийн байгууллагын цахим хуудаст байршуулан нийтэд мэдээлнэ.

46.22.Радио, телевизээр нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгаанд Харилцаа холбооны зохицуулах хороо хяналт тавьж ажиллана.

46.23.Харилцаа холбооны зохицуулах хороо энэ хуульд заасан зөрчил гаргуулахгүй байх, гарсан зөрчлийг зогсоох арга хэмжээг цагдаагийн болон сонгуулийн байгууллагатай хамтран хэрэгжүүлж болно.

46.24.Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх талаар энэ хуулийн 46.20-д заасан журам зөрчсөн бол эхний удаад сануулах арга хэмжээ авах, эсхүл радио, телевизийн сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрхийг санал авах өдөр хүртэл цуцлах тухай шийдвэр гаргана.

46.25.Энэ хуулийн 46.10-т заасныг зөрчсөн телевиз, радиогийн үйлчилгээ эрхлэгчийн зөвшөөрлийг Харилцаа холбооны зохицуулах хороо хүчингүй болгоно.

46.26.Энэ хуулийн 39.1-д заасан сонгуулийн сурталчилгаа зогсоох хугацаанаас өмнөх 48 цагт энэ хуулийн 46.6, 46.7, 48.9-д заасныг зөрчсөн бол телевиз, радиогийн үйлчилгээ эрхлэгчийн зөвшөөрлийг Харилцаа холбооны зохицуулах хороо хүчингүй болгоно.

46.27.Нам, эвсэл, нэр дэвшигчийн бэлтгэсэн сонгуулийн сурталчилгаа нь хөгжлийн бэрхшээлтэй хүний мэдээлэл авах эрхийг хангах зорилгоор хадмал тайлбар, эсхүл дохионы хэлний орчуулгатай байж болно.

46.28.Радио, телевизийн хүүхдэд зориулсан нэвтрүүлэг дундуур сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхийг хориглоно.

47 дугаар зүйл.Сонгуулийн сурталчилгаанд цахим орчин ашиглах

47.1.Сонгуулийн сурталчилгаанд дараах хэлбэрийн цахим хуудас ашиглаж болно:

47.1.1.нэр дэвшигчийн болон нам, эвслийн өөрийн тус бүр нэг цахим хуудас;

47.1.2.цахим орчин дахь олон нийтийн сүлжээний цахим хуудас;

47.1.3.бусад цахим хуудас.

47.2.Нэр дэвшигч энэ хуулийн 47.1.1, 47.1.2-т заасан цахим хуудсыг сонгуулийн сурталчилгаанд ашиглах тохиолдолд цахим хуудсыг нэр дэвшигчийн үнэмлэх авсан өдрөөс хойш гурав хоногийн дотор тухайн аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд бүртгүүлнэ.

47.3.Энэ хуулийн 47.1.1, 47.1.3-т заасан цахим хуудас ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулахдаа сэтгэгдэл бичигдэхгүй тохиргоотойгоор нийтэлнэ.

47.4.Энэ хуулийн 47.2-т заасны дагуу бүртгүүлээгүй цахим хуудсыг сонгуулийн сурталчилгаанд ашиглах, бусдын нэр болон хуурамч хаяг ашиглахыг тус тус хориглоно.

47.5.Энэ хуулийн 47.1.3-т заасан цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах төлбөр нь ээлжит сонгуулийн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд баримталсан зар сурталчилгаа, мэдээ, мэдээллийн төлбөрийн дундаж хэмжээнээс хэтрэхгүй байна.

47.6.Сонгуулийн сурталчилгаа явуулах эрх бүхий этгээд сонгуулийн сурталчилгааны материалыг цахим хэлбэрээр буюу цахим шуудангаар сонгогчдод хүргүүлж болно.

47.7.Энэ хуулийн 35.3, 47.4-т заасныг зөрчсөн талаарх гомдлын дагуу Харилцаа холбооны зохицуулах хороо, тагнуулын байгууллага, цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн дараах арга хэмжээг нэн даруй авна:

47.7.1.энэ хуулийн 47.1.1, 47.1.3-т заасан цахим хуудасны Монгол Улсаас хандах хандалтыг сонгуулийн дүн гарч дуусталх хугацаагаар хаах;

47.7.2.энэ хуулийн 47.1.2-т заасан тухайн цахим хуудсыг хаах, эсхүл түр хязгаарлах арга хэмжээ авах.

47.8.Үүрэн холбооны болон интернетийн үйлчилгээ эрхлэгч нь холбогдох эрх бүхий байгууллагын шийдвэрийн дагуу зөрчил гаргасан цахим хуудас болон тухайн мэдээ, мэдээллийг өөрийн сүлжээнд хаах үүрэг хүлээнэ.

47.9.Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журмыг цагдаагийн төв байгууллага болон Харилцаа холбооны зохицуулах хорооны саналыг үндэслэн Сонгуулийн Ерөнхий хороо хамтран баталж, мөрдүүлнэ.

47.10.Нэр дэвшигч болон нам, эвсэл нь энэ хуулийн 47.1.1, 47.1.2-т заасан цахим хуудсаа энэ хуулийн 39.1-д заасан сонгуулийн сурталчилгаа дуусах хугацаанд хаана.

47.11.Харилцаа холбооны зохицуулах хороо нь Сонгуулийн ерөнхий хорооны саналыг үндэслэн цахим орчин дахь олон нийтийн сүлжээний хандалтыг хязгаарлах, тархалтыг бууруулах технологийн арга хэмжээг сонгуулийн сурталчилгаа дууссан өдрөөс санал авах өдрийн дараах өдөр хүртэл авч болно.

47.12.Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах зардал энэ хуулийн 50.1-д заасны дагуу тогтоосон зардлын дээд хэмжээний 15 хувиас хэтрэхгүй байна.

48 дугаар зүйл. Хууль бус сурталчилгааг хориглох

48.1.Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал, нөхөн, ээлжит бус сонгуулийн тухайд сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд өөрөө болон бусдаар дамжуулж сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

48.1.1.мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үзүүлэх;

48.1.2.нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах, ивээн тэтгэх;

48.1.3.сонгогчдыг гадаад, дотоодод аялал зохион байгуулан оролцуулах, амралт, сувилалд амраах, сувилуулах;

48.1.4.ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулах, хэлцэл хийх;

48.1.5.хишиг, хувь, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт авах;

48.1.6.сонгуульд оролцохоос татгалзахыг болон сонгуулийн хууль тогтоомж зөрчихийг уриалсан агуулга бүхий сурталчилгаа явуулах;

48.1.7.хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулах, нийтлэх;

48.1.8.тухайн жилийн төсөвт тусгаагүй нийгмийн халамж, хамгааллын хөтөлбөр хэрэгжүүлэх, амлалт өгөх, зарлах.

48.2.Улс төрийн намаас зөвхөн гишүүдийнхээ хүрээнд зохион байгуулсан сургалт, уулзалтыг сонгогчдын саналыг татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамааруулахгүй.

48.3.Сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигч болон түүний менежер, шадар туслагч, ухуулагчаас бусад этгээд сонгуулийн сурталчилгаа хийхийг хориглоно.

48.4.Төрийн улс төрийн албан хаагч сонгуулийн сурталчилгаанд оролцож болно.

48.5.Сонгуулийн сурталчилгааны явцад дараах үйлдэл гаргах, үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

48.5.1.энэ хуульд зааснаас өөр арга, хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа хийх;

48.5.2.зөвшөөрснөөс бусад хугацаанд сонгуулийн сурталчилгаа хийх;

48.5.3.сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй аливаа зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх талаар амлалт авах, ийм агуулга бүхий аливаа үйлдлийг сонгуулийн сурталчилгаанд ашиглах;

48.5.4.энэ хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн тээврийн хэрэгсэл, бусад өмч хөрөнгийг аливаа хэлбэрээр сонгуулийн сурталчилгаанд ашиглах;

48.5.5.оройн 22:00 цагаас дараа өдрийн 08:00 цаг хүртэлх хугацаанд чанга яригч ашиглах;

48.5.6.олон нийтийг хамарсан аливаа шашны зан үйл ашиглах, түүнийг зохион байгуулах, оролцох, ивээн тэтгэх, шашны холбогдолтой эд зүйл тараах.

48.6.Сонгуулийн мөрийн хөтөлбөрт туссан иргэдийн шүтэх, эс шүтэх эрх чөлөө, төр, сүм хийдийн харилцаа, шашны талаарх бодлого, үзэл баримтлалыг сонгогчдод тайлбарлан таниулах үйл ажиллагааг шашны зан үйл ашигласан гэж үзэхгүй.

48.7.Аливаа хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгааны үеэр аль нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн талаарх мэдээ, мэдээллийг дагнан гаргах, эсхүл гаргахгүй байхаар амлалт авах, гэрээ байгуулахыг хориглоно.

48.8.Дахин болон нэмэлт санал хураалт дуусталх хугацаанд сонгуулийн сурталчилгаа явуулахыг хориглоно.

48.9.Нам, эвслийн дарга, нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс хойш санал авах ажиллагаа дуустал сонгуулийн сурталчилгааны бус бие даасан нэвтрүүлэг, хөтөлбөр, ярилцлагад орох, нам, эвслээс жагсаалтаар нэр дэвшигч ухуулах байр ажиллуулахыг хориглоно.

48.10.Радио, телевиз нь сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс хойш санал авах ажиллагаа дуустал нам, эвслийн дарга, нэр дэвшигч оролцсон энэ хуульд зөвшөөрснөөс бусад хэлбэрийн бие даасан нэвтрүүлэг, хөтөлбөр, дуу, ярилцлага нэвтрүүлэхийг хориглоно.

48.11.Сонгуулийн сурталчилгаа хийх эрх бүхий этгээдэд хариуцлага хүлээлгэх зорилгоор тэдгээрийн нэрийн өмнөөс аливаа этгээд санаатайгаар хууль бус сурталчилгаа хийхийг хориглоно.

48.12.Харилцаа холбооны зохицуулах хороо энэ хуулийн 48.9, 48.10-д заасан үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах бөгөөд энэ хуулийн 48.8, 48.9, 48.10-д заасныг зөрчсөн тохиолдолд радио, телевизийн байгууллагын олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчийн сүлжээгээр дамжих эрхийг зөрчил гарсан өдрөөс эхлэн гурван сар хүртэл хугацаагаар хязгаарлана.

48.13.Шударга өрсөлдөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 46.13, 48.1.7, 48.7-д хяналт тавьж ажиллана.

48.14.Шударга өрсөлдөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэвлэл мэдээллийн байгууллагад эхний удаа сануулах арга хэмжээ авч болно.

48.15.Энэ хуулийн 48.13-т заасны дагуу зөрчлийг шалгах хугацаанд шударга өрсөлдөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага санал хураалтын дүн гарах хүртэлх хугацаанд үйл ажиллагааг нь зогсоох тухай дүгнэлтийг зөвшөөрөл олгосон байгууллагад нь хүргүүлэх арга хэмжээг авч болно.

48.16.Харилцаа холбооны зохицуулах хороо энэ хуулийн 48.15-д заасан дүгнэлтийг үндэслэн тухайн телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчийн сүлжээгээр дамжих эрхийг дүгнэлтэд дурдсан хугацаагаар хязгаарлах арга хэмжээг авна.


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
1 + 4 =

Create Account



Log In Your Account