Х.Лхамсүрэн: "Иргэд олны төлөө бус өөрсдийн төлөө ажилладаг улс төрчид, төлөөлөгчдөөс салах ёстой"

By: Admin
2024-12-23
0
1716

- Ховд аймгийн ИТХ-ын сонгуульд Нэр дэвшигч Х.Лхамсүрэнтэй ярилцсан ярилцлагыг таалан болгооно уу –

- Юуны өмнө уншигчид хийгээд сонгогч олон түмэнд өөрийгөө танилцуулах хэрэгтэй болов уу?

Намайг Хашбаатарын Лхамсүрэн гэдэг. 1989 онд Жаргалант суманд төрсөн. Хүүхэд насаа Цамбагаравын Олзвойн гудманд үе тэнгийн нөхөдтэйгээ бөглөө тоглож, дугуй түрж, Буянт голдоо шумбан, өвөл нь мөсөн дээр гулгаж, тоглох тоглоомоо өөрсдөө бүтээж өнгөрүүлсэн. Мэдээж бусад хүүхдүүдийн адил аав, ээждээ тусалж, хөршийнхөө худагнаас ховоогоор ус татаж, нүүрсээ хагалан, гэр орныхоо ажилд дэм болдог байлаа. Аав маань ХУНБЦГ – н ахлах мэргэжилтэн А.Хашбаатар, ээж маань ХОИС - ийн зөвлөх багш доктор, профессор Ч.Оюунцэцэг гэж насаараа төрд ажилласан хүмүүс бий. Ажил хөдөлмөрөө төрдөө үнэлүүлж яваа тэд маань дүү бид хоёрын боловсролд ихээхэн анхаардаг байсан нь өдгөө маш их хэрэг болж байгаа даа. Сурагч байхад Үлгэрийн ертөнц, Цох, Симба, Шар шувуу, Математик, Сурлага гээд бүх сонинг жилээр нь захиалаад авч ирж өгдөг байсан нь дүү бид хоёрын сурлагын амжилтанд ихээхэн нөлөө үзүүлсэн гэж боддог. Мөн Баатарын Халтар багшийнхаа шавь болсондоо туйлын ихээр баярладаг. Багшийнхаа ачаар математикт дурлаж аймгийнхаа, сургуулийнхаа супер математикч болж, 4 дүгээр сургуулийнхаа шилдэг сурагч болж, хүүхдийн төлөө гэсэн чин сэтгэлтэй олон сайхан багш нараараа хичээл заалгаж, тэднийхээ урмын үгэнд тэтгэгдэж явсаар 9 дүгээр ангиа алгасан 2006 онд Прогресс сургуулиа хүүхдийн ордны “Эрдэм Алтан медаль”-тай төгсөж, элсэлтийн ерөнхий шалгалтанд математикийн хичээлээр 800 оноо авч, багын зорилго, сайхан багш нарынхаа үйл хэргийг үргэжлүүлэхээр МУИС – н математикийн багшийн ангийг сонгон суралцсан.

- Өөрөө анхнаасаа боловсролын салбарт багшаар ажиллах хүсэл сонирхолтой байсан уу? Багш болсон түүхээсээ хуваалцаач?

- 7 дугаар ангид байхад Турк улсын хөгжлийн тухай нэг нэвтрүүлэг үзсэн юм. Уг нэвтрүүлэг дээр боловсролдоо анхаарч, багш нараа дэмжих нь хөгжилд хүрэх хамгийн найдвартай арга болох тухай үзэж байлаа. Хэрвээ гэр бүлийн хоёр хүн хоёулаа багш болох юм бол ерөнхийлөгчөөс илүү цалин авч, хамгийн өндөр хүндлэл хүлээж амьдардаг гэдгийг олж мэдсэн. Тэр үеэс багш мэргэжлийг судлаж, өөрийгөө хүүхдүүдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн багш болсон байхаар төсөөлж явсаар зорилгодоо хүрэх эхлэлээ тавьж мэргэжлээ сонгосон. Тухайн үед үзэж байсан нэвтрүүлэг Туркын боловсролын тухай байсан бол минйи ажлын гараагаа эхлэсэн сургууль маань сургалтын чанараараа улсдаа эхний гуравт эрэмбэлэгдсэн Улаанбаатар хотын Мон – Турк сургууль байсан. Тус сургуульд хамт ажиллаж байсан Ж.Батбаяр багш болон хамт олноосоо сайн багш байхын тулд хэрхэх ёстойг анх суралцсан даа. Турк сургууль өөрсдийн хүүхдүүддээ хичээл заалгах багш нараа хэрхэн сонгодог гэдгийг сонсоод маш их биширч байлаа. Монгол улс маань тун удахгүй боловсролдоо, багшдаа бодитоор анхаарах удирдагчидтай болно гэдэгт огтхон ч эргэлзддэггүй шүү.

 

          

- Улаанбаатарт ажиллаж байсан хүн төрөлх аймагтаа, бүүр төрөлх сургуульдаа ирж ажиллах болсон нь бас нэг учир зорилго бий байх. Амьдрал, хань бүлийнхээ тухайд бас танилцуулж болохсон болов уу ? 

- Төрөлх нутаг, төрөлх сургуульдаа ирье гэсэн миний бүүр хүүхэд байхын бодол мөрөөдөл байлаа. Хүсэл зорилгынхоо дагуу боловсрол мэргэжил эзэмшиж, түүндээ гайгүй тууштай явах эхлэл тавьсан маань үүнд нөлөөлсөн. Юу гэвэл Улаанбаатарын сургуульд ажиллаж байгаад Ховд руу Прогресс сургууль руу шилжиж ирэхэд элдвийн төвөг саад багатай, сургууль багш нар маань намайг авч ажилуулахад ногоон гэрэл асааж өгсөн гэх үү дээ. Үүнд гэр бүлийн байдал, амьдралын шаардлага маань ч давхар нөхцөлдсөн. Хоёр үрийнхээ ээж халамжит хань Ш.Эрдэнэтэйгээ 7 дугаар ангидаа танилцаж тэр цагаас үерхсэн. Анги дэвшиж төгссөн маань ч түүнтэй минь холбоотой. Амьдралын далайд хамтдаа аялах завьныхаа нэг сэлүүрийг атгуулж чадсан нь миний аз юм. Их сургуулиа төгсөөд хоюулаа нэг настай хүүгийнхээ хамтаар УБ хотод нэг жил амьдарсныхаа дараагаар төрөлх нутагтаа сурч мэдсэн зүйлсээ зориулахаар сэтгэл шулуудан 2011 оны зун ирсэн дээ. Аавынхаа хашаанд өрх гэрээ босгон хуримаа хийж хоёюулаа ажилтай ч болсон. Д.Баттулга, Ц.Отгонбаяр гээд Ховд аймгийнхаа шилдэг багш нараар удирдуулсан улсын ТОП Прогресс сургуульдаа, аймагтаа тэргүүлдэг багш нарын дунд ажиллаж ажлын туршлага хуримтлуулсан ч бас азтай хэрэг шүү. Д.Дэлгэржаргал, Г.Мөнхцэцэг эгч нарынхаа хамтаар 2017 онд анхны ангиа төгсгөж байлаа. Тэр жил төгссөн 79 шавь маань нэг анги мэт төгсөж, урд өмнө нь сургуулийн түүхэнд байгаагүй олон дурсамж, шинэ санал санаачилгыг үлдээж чадсан юм. Ганц жишээ дурдахад бид Хонхны баяраа ердөө 27000 төгрөгөнд багтаан тэмдэглэж байлаа. Мод тарьж, Буянт голоо цэвэрлэн, 4 зүгт зүгээ гаргаж, багш нартайгаа дотно яриа өрнүүлэн ресторанд оролгүйгээр дурсамж дүүрэн тэмдэглэсэн.

- Багшаар ажиллах хугацаанд чинь бахархалтай, сургамжтай зүйлс бишгүй л хуримтлагдаа байлгүй. Багшаар ажиллаж буй түүхэн замналаасаа, бас цаашдын зорилгынхоо талаар цухасхан ч болов хуваалцвал ямар вэ?

- 2017 онд 60 шавиа математикийн хичээлээр ЭЕШ – нд бэлтгэн 616.7 оноо дунджилж 1 шавь маань 800 оноо, 8 шавь маань 700+ оноо авсан. Ажилдаа чин сэтгэлээ зориулж чаддаг олон сайхан багш нараас хуримтлуулж, цуглуулсан туршлагуудын нийлбэр үр дүн байсан гэж боддог. Одоо ч суралцсаар явна. 2017 онд Прогресс сургуулийн сургалтын менежерээр ажиллахаар болж залуу хүний хувьд шинэлэг арга барилд суралцан, хэд хэдэн чухал ажлыг эхлүүлж байлаа. 2018 онд “Тэмүүлэл ФМ 89.1” – ээ, 2019 онд “Тэмүүлэл” математик сургалтын төвөө байгуулан, өөрийгөө шинэ сорилтод оруулж, илүү хөгжүүлэхээр 2019 оны намраас Жаргалант сумын 3 дугаар сургуульд математикийн багшаар ажиллаж байна. Шинэ орчин, тэмүүлэлтэй хамт олон дунд суралцсаар л явна даа. Шинийг санаачлан, хөгжих хүсэлдээ хөтлөгдсөн хэсэг залуу багш нарын хамтаар “Ховд аймгийн залуу багш нарын холбоо” - г байгуулан, түмний үрсийн төлөө сэтгэл зүрх, цаг заваа зориулан зүтгэж буй багш нарынхаа хөгжилд хувь нэмэр оруулж эхлэсэн. Багш нарын цаг зав маш бага байдаг ч бид амралтын хугацааг нь ихэвчлэн ашиглаж олон ажлуудыг санаачлан хийсэн. Сурагчдын төлөвшилд болоод эцэг, эхчүүддээ зориулсан сургалт, үйл ажиллагаануудыг ч тасралтгүй зохион байгуулж ирсэн. Ер нь цаашид ч багш нарынхаа хамтаар илүү үр дүнтэй, дорвитой ажлуудыг хийх хүсэлтэй ажиллаж байна.

- Тэгэхээр сонгуульд нэр дэвшихийг чинь өнөө цагт ярьж хэвшсэнээр “улс төрд орох” гэдэг бил үү?  “Улс төрд орох” болсон гол шалтгаан юу билээ?

- Залуу хүний хувьд цаг завыг өөртөө зориулан гаргаж, нийгмийн олон талт ажлуудыг идэвхитэй оролцсоор ирсэн. Яг үнэндээ би багшийн ажлаа маш сайн хийгээд, эмч нар гэхэд л эмчийн ажлаа маш сайн хийгээд, хүн бүр дор бүрнээ ажлаа маш сайн хийгээд явчихвал нийгэмд асуудал бараг л үүсэхгүй. Гэвч тэр бүгдийг залж, удирдаж бодлого тодорхойлж буй хүмүүс ажлаа сайн хийж чадахгүй байгаагаас нийгэмд асар олон сөрөг асуудлууд үүсч байна. 10 жил боловсролын салбарт хүүхдүүдийн төлөө ажиллахдаа цаашид хэрхэн сайн багш байж чадах талаараа тодорхой чадвартай болсон гэж бодож байгаа. Ямар ч цаг үед багшийн ажлаа сайн хийгээд явж чадна гэдэгтээ ч итгэлтэй байгаа учраас одоо хүүхдүүдийнхээ амьдрах нийгэмд өөрийн хичээл зүтгэлээрээ гэрэл нэмэх хүсэлд хөтлөгдөн иргэдийн дуу хоолой болж, төрөлх нутгийнхаа бодлого тодорхойлох үйл явцад оролцохоор сэтгэл шулуудан цаг нь ирсэн гэж үзэн нэр дэвшихээр шийдсэн. Яг өнөөдөр нам бол бүлэглэлүүдийн өөрийн эрх ашгаа гүйцэлдүүлэх төрийн бус байгууллага болсон байна л даа. Олон сайхан хийж бүтээх сэтгэл зүтгэлтэй залуучууд намаас дайжин зугатааж, зарим нь хэрхэхээ мэдэхгүй дунд нь явсаар л байна. Миний хувьд намаас нэр дэвшиж иргэдийн дуу хоолой болох боломж өнөөгийн нөхцөлд бол байхгүй. Харин хоёр намд ирээдүйд санаа зовнидог, хийж бүтээх сэтгэлгээтэй цөөн биш хүн байгаа учраас аль алинтай нь ойлголцож, сайн сайхны төлөө хамтран ажиллах боломжтойг өнгөрсөн хугацаанд мэдсэн. Тийм ч учраас бие даан нэр дэвшиж байгаа.

- Ярианаас чинь ажиглахад өнөө цагийн энэ сонгууль явуулж буй арга барилд жаал сэтгэл дундуур явдаг бололтой. Тэгвэл үүнийг өөрчилж сайжруулах талаар ингэвэл зохистой гэсэн ямар нэг санаа бий юу?  

 - Ер нь цаашдаа нам л бодлого боловсруулах ёстой юм шиг хүмүүсд ойлгуулдаг хандлагыг үгүй юмаа гэдгийг харуулах ёстой гэж боддог. Ер нь аливаа ажилд нэн тэргүүнд шаардлагатай зүйл юу вэ гэвэл тухайн ажил үйл хэрэгтээ сэтгэл гаргаж чаддаг байх явдал гэдгийг бид харсаар байгаа. Зөв бодол, зөв сэтгэлгээтэй, түүнийгээ ажил хэрэг болгож чаддаг, бусдын эрх ашгийг өөрийн эрх ашгийн адил хүндэтгэн үзэж, асуудлыг шийдвэрлэдэг удирдагчдаар бид маш их дутагдсан. Байхгүй дээ биш тэднийг ашиглахгүй, тоохгүй байна. Мөн тэдгээр хүмүүст улс төрийн зам таалагдахгүй байгаа учраас ил гарахгүй байгаа юм шиг санагддаг. Ер нь бол дараа, дараагийн орон нутгийн сонгуулиар тэдгээр хүмүүс бие даан нэр дэвшиж, үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө алхам хийх ёстой гэж бодож байгаа. Бие даагчдад итгэл хүлээлгэж чадвал тэд сэтгэл гарган иргэдээ жинхэнэ утгаар нь төлөөлж чадна гэдгийг харуулах нь чухал байна.

- Тэгэхээр энэ ярьж буй асуудлаараа гэх юм уу, ер нь цаашид нийгмийн амьдралд эрүүл зөв төлөв байдлыг бий болгоход цаашид өөрийн зүйгээс оруулах хувь нэмрээ ямархуу байдлаар төсөөлж, төлөвлөж байна?  

- Миний хувьд Хүүхдийн ирээдүй - Боловсрол, Өрхийн амьжиргаа, Дэд бүтэц - Амьдрах тав тух гэсэн чиглэлүүдэд мөрийн хөтөлбөрөө боловсруулж, энэ чиглэлүүдэд анхаарал хандуулж ажиллах төлөвлөгөөтэй байгаа. Иргэдэд нэн шаардлагатай байгаа хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулна. Зайлшгүй шаардлагатай гэдгийг аймгийн удирдлагуудад ойлгуулж чадвал хэрэгжээд явах бүрэн боломжтой. Төр иргэдийг холбох хэвлэл, мэдээллийн байгууллагууд болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг бодлогоор дэмжих ёстой. Бүх асуудлыг төр зохицуулж, төр шийдэх гэж оролдож байгаа нь эргээд иргэдийн сэтгэл ханамжыг унагааж байгаа санагддаг. Иргэдийн өөрсдийнх идэвхи санаачилгын хүчийг ашиглаад шийдээд явчих боломжтой олон асуудал байна. Тэднийхээ дуу хоолойг айлгүй сонсож, ажил хэрэг болгох зориг дутаад байгаа ажиглагддаг. Шүүмжлүүлэхээс айгаад байвал урагшаа алхах боломжгүй асуудлууд ч байна. Зоригтой өөрчлөх ёстой гэж хардаг.

 

- Энэ ч яг тийм шүү, өөртэй чинь санал нэгтэй байна. Түүнээс гадна өөрийн чинь ажиллаж буй боловсролын салбарын тухайд ямар санаа бодолтой байна. Хамгийн сайн мэддэг зүйл дээр төвлөрч ажиллавал илүү ач холбогдолтой байж мэдэх. 

- Боловсролын салбарт бодитойгоор анхаарал хандуулж, зоригтой өөрчлөлтүүд хийхгүй бол жил ирэх тусам чанар, хүртээмж унаж байгаа нь нууц биш болоод байна. Өөрсдийгөө өмөөрөөд байвал яагаад ч ажил урагшаа явахгүй. Бид өөрсдийн алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрөөд, хамтдаа шийдэх арга замаа олмоор байна. Ажлаа хийж чадаж байгаа хүмүүсээ урамшуулсан шиг урамшуулж, чадахгүй байгаа нөхдөд төр төмөр нүүрээ харуулах ёстой. Монголын ирээдүй болсон хүүхэд багачууддаа бид бодит, үнэ цэнтэй хайр зарлахгүй байсаар байгаа нь харамсалтай. Улс төрийн томилгоо, хэрэггүй бодлогууд нь багш нарын ажиллах урам зориг, хүсэлрүү ус цацаж байгаагаас огтхон ч ялгарах зүйлгүй. Нэн тэргүүнд боловсролоос улс төрийг салгахын төлөө ажиллана.

- Уншигчид хийгээд сонгогч олондоо хандаж юуг чухалчилан хэлмээр байна ?

Улс төрд орж, иргэдийн дуу хоолой болохыг оны эхнээс зорьсон нь бие даан нэр дэвших эрхээ авахад нөлөөлсөн. Хугацаанаасаа хоцрох юм бол хуулийн дагуу нэр дэвших ямар ч боломжгүй болох байсан. Одоо хуулийн дагуу 14 өдөрт 2200 сонгогчид хүрч өөрийнхөө үзэл бодлыг танилцуулах, өөрийгөө таниулах шаардлагатай байгаа. Үүнд намайг дэмжиж байгаа та бүхний туслалцаа асар их хэрэгтэй байна. Цамбагарав багийн иргэд маань надтай санал бодлоо харамгүй, илэн далангүй хуваалцаж, хамгийн гол нь эрүүл, зөв нйигмийг буй болгохын төлөөнөө хамтран ажиллаасай гэж бодно. Сонгуульд нэр дэвшиж, улмаар сонгогдоно гэдэг нь тухайн төлөөлж буй иргэд олон түмнийхээ санаа бодол, хэлэх үгийг төр лүү холбож тэдний хүсэл зоригт үйлчлэхийн төлөө хийж буй алхам гэж бодддог. Тиймээс хамгийн гол нь миний бодол санааг сайтар анхаарч санаа бодлоо хуваалцаж, одоо ч, цаашид ч хамтран ажиллаасай гэж хүсэх байна.

  • Ярилцсанд баярлалаа. Өөрт чинь амжилт хүсье.
  • Баярлалаа.

                 Ярилцсан Г.Төрмөнх

 

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
9 + 3 =

Create Account



Log In Your Account