Шашны эв нэгдлийн өдөрлөг

By: Admin
2025-05-13
0
12

2025 оны 4-р сарын 26-ны өдөр HWPL байгууллагаас санаачлан “Шашны эв нэгдлийн өдөрлөг”-ийг Монголын Үндэсний номын сангийн хурлын танхимд зохион байгууллаа.

Шашин бүрийн сургаал номлол сүсэгтэн олон болон итгэгч нартаа энэрэн нигүүлсэх, хайрлах, уучлахын тухай айлддаг. Гэсэн ч өнөөдөр дэлхий дээр 120 гаруй шашны урсгалууд зэрэгцэн оршиж өөр өөр итгэл үнэмшлийг тээн амьдарч байгаа нь зөрчил мөргөлдөөний бас нэгэн шалтгаан болж байгаа нь бодит үнэн.  Тийм ч учраас HWPL байгууллагын тогтвортой энх тайвныг цогцлоохын төлөөх гол санал санаачилгуудын нэг бол шашин хоорондын харилцан ойлголцолд хүргэх явдал.

HWPL байгууллага 2014 оноос хойш сар бүр шашны тэргүүд, сүсэг бишрэлтнүүд, судлаач нарыг хамруулан “Судрын хэлэлцүүлэг”-ийг зохион байгуулсаар ирсэн. Судрын хэлэлцүүлэг нь шашнуудын эв нэгдлийн төлөө, шашин хоорондын ойлголцлыг нэмэгдүүлэх зорилгоор шашин бүрийн судрууд дээр үндэслэн тодорхой сэдвүүдээр хэлэлцдэг уулзалт юм. 

Улмаар судрын хэлэлцүүлгийг үндэслэн HWPL байгууллагаас “Шашны энх тайвны академи”-ийг санаачилсан. Академийн хүрээнд шашин бүрийн тэргүүд тодорхой адил сэдвүүдийн хүрээнд өөрсдийн судар дээр үндэслэн илтгэлийг хэлэлцүүлж харин тэдний илтгэлүүдийг сонсох хүсэлтэй оролцогчид академийн хичээлд нээлттэй хамрагдаж байна.

Энэхүү шашны эв нэгдэлд хүргэх санаачлагыг дэмжин  “Шашны эв нэгдлийн өдөрлөг”-ийг 4-р сарын 26-ны өдөр зохион байгууллаа. Өдөрлөгт Монголын Мусульманы нийгэмлэгүүдийн холбооны тэргүүн Хадысын Батырбек, Дэчинповран хийдийн хамба лам Аюурзанын Амгаланбаатар нар нээлтийн үг хэлж, Тэнгэр үзэлтний мөнх тэнгэр нэгдсэн хорооны ерөнхийлөгч Бадам-Очирын Галаарид, Бирлик шашны байгууллагаас “Монгол дахь Исламын шашны дэлгэрэлт ба үндсэн ойлголтууд” сэдвүүдээр илтгэл тавилаа.

“Монголын эзэнт гүрний төрийн бодлого нь ард түмний шашин шүтлэг, соёл, зан заншлаа дээдлэн, энэ бүх үнэт зүйлийг хадгалан хамгаалж, нэгдмэл хуулийн дор амьдрахыг санал болгодгоороо онцлогтой. Олон шашны удирдагчид болон идэвхтнүүд харилцан ойлголцол, харилцан хүндэтгэлтэйгээр хамтран ажилласнаар хүн төрөлхтний амар амгалан, айдасгүй ирээдүйг бүтээхийн төлөө их зүйлийг хийж чадна. Өнгөрсөн хугацаанд хүн төрөлхтний хүрч чадаагүй тэр л үйлсийн төлөө хамтдаа зүтгээсэй хэмээн та бүхнийг уриалж байна.” Бадам-Очирын Галаарид, Тэнгэр үзэлтний мөнх тэнгэр нэгдсэн хорооны ерөнхийлөгч

“Би 2016 оноос хойш HWPL байгууллагын зүгээс зохион байгуулдаг судрын хэлэлцүүлэгт оролцсоор ирсэн. Тэнгэрийн дор бүх шашин нэгдэх нь жам ёсны хэрэг бөгөөд хэрэгжих боломжтой гэдэгт би итгэдэг.” Бавуугийн Баярсайхан, Ведийн соёлыг түгээгч, прабху

“Өнөөдөр шашны эв нэгдлийг бодитой болгосон томоохон үйл явдал боллоо. Би өмнө нь HWPL байгууллагын энх тайвны үйл ажиллагаанд оролцож байсан. Түүнчлэн 918 Энх тайвны дээд хэмжээний чуулга уулзалтад ч мөн оролцож байсан. Цаашид ч дэмжих болно.” Хадысын Батырбек, Монголын Мусульманы нийгэмлэгүүдийн холбооны тэргүүн

“Буддизм бол аливаа шашныг ялгаварлан гадуурхахгүй байх эв найрамдлыг сургадаг. Би цаашид энх тайвны төлөөх санал санаачилгуудыг дэмжинэ гэдгээ амлаж байна.” Аюурзанын Амгаланбаатар, Дэчинповран хийдийн хамба лам

“Олон шашин байдаг ч шашны жинхэнэ утга учрыг ойлговол шашнууд хоорондоо зохицож амьдрах нь хамгийн зөв арга гэж би боддог.” Диваагийн Энхболд, Төгс төгөлдөр лхадин хийдийн хамба лам

“Манай "Худаяа Нийгэмлэг" нь сайн санаа, амар амгалан, эв нэгдлийг эрэлхийлсэн HWPL байгууллагын үйл ажиллагааг үргэлж дэмжиж, оролцож ирсэн. Цаашид ч тэднийг дэмжин ажиллах болно.” Журнайн Цэрэнчимэд, Хотон түмний "Худая нийгэмлэг"-ийн тэргүүн


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
2 + 10 =

Create Account



Log In Your Account