Монголчууд латин үсгийн хэрэглээгээ цэгцлэх хэрэгтэй юу?

By: Admin
2024-12-25
0
1189
  • Бидний талаар хөрш улсад

  • Оросын сэтгүүлч Иван Русланов, Монголын нийтлэлчийн нэгэн үгүүлэлд дулдуйдан энэхүү бэсрэг нийтлэлийг бичин Золотое перо Алтая цахим сайтад нийтлүүлжээ -

            Монголын нэрт нийтлэлч Ц.Доржготов нэгэн нийтлэлдээ “Монгол дахь өнөө цагийн үсэг бичгийн ээдрээн будилааны талаар үгүүлжээ. 1990-ээд оноос Монголд үндэсний ухамсар сэргэж, хуучин монгол бичигтээ эргэж орох тухай яригдаж эхэлсэн ч зарим нь үүнийг бас эсэргүүцэх хандлага гаргаж байв.  Тэрээр хоёр төрлийн бичиг үсгийн зэрэгцүүлэн хэрэглэх тухай санал явж байсан ч, нийгэмд бүрэн дэмжлэгийг бас л авч чадахгүй байв. Хамгийн сонирхолтой нь энэ саналыг эсэргүүцэгчдийн (хуучин бичгээ хэрэглэх) дунд эрдэмтэд, зарим зохиолчид, улс төрчид ч байсан. Тухайлахад улс төрч гэгдэх нэр бүхий нэг нөхөр “Монголд өөрийн үндэсний бичиг үсэг гэж байгаагүй, хуучин монгол гээд байгаа босоо бичиг бол араб бичгийн хувилбар” гэж хэлсэн . Сэтгүүлч түүнтэй ярилцлага хийхдээ өөрийнх нь хэлснийг егөөдөн “ хэрэв монгол бичиг хэвтээ чиглэлд бичигддэг байж гэж бодоход арабаас л авсан байж таарах уу?” гэхэд мөнөөх улс төрч толгой дохисон гэх явган шог ч байгаа” тухай үгүүлжээ. Үүнийг чухам чөлөөт  /либераль/ нийгмийн нэг үзэгдэл, үр дагавар нь гэж болох.

            Монголд өнөөдөр хоёроор зогсохгүй бүр гурван ч бичиг үсэгтэй болчихож магадгүй хандлага байх шиг. Юу гэж дээ нээрэн үү? гэх байх л даа.  Юу гэвэл нийгмийн цахим сүлжээнд Монголчууд маань хоорондоо латинаар бичиж харилцдаг болсоор удаж байна. Интернет болон гар утсаар хоорондоо зурвас бичихдээ хүссэн хүсээгүй латин үсэг хэрэглэх нөхцөлтэй тулгарадаг нь цөөнгүй, гэхдээ эдгээр хэрэгслийг ашиглахад крилл үсгээ хэрэглэх боломж нь ч бий л дээ. Монгол цагаан толгойн крилл үсгүүдийг толгой дараалан латин үсгээр орлуулах боломжгүй тул, Монгол хүмүүс хоорондоо латинаар бичиж ойлголцох нь төдий зохимжтой бус. Монгол үгэн дэх /и/ авианы төрөл хэлбэрүүдийг латин үсгээр илэрхийлнэ гэхэд учир нь олдохгүй холион бантан шиг юм болох жишээтэй. Яваандаа Монголд хуучин монгол үсэг улам дэлгэрч, үндсэн хэрэглэгдэхүүн нь боллоо гэхэд, түүнтэй хоршиж крилл болон латин үсгийн аль нэг нь үлдэх нь дамжиггүй.  Энэ талаар нийтлэлч бичихдээ “Казакстанаас эхлээд өмнөд болон дорнод Азийнхан бүгд англи хэлэнд уусаж байна. Латин үсэг дээр суурилдаг Англи хэл зөвхөн Монголоор зогсохгүй азийн бусад ард түмний хэлний соёлыг шахан, түрсээр байна.

             Монголчууд латин үсгийн тусламжтайгаар харилцахдаа, захирагдах ямар нэг дүрэм, зарчимгүйгээр хүн бүр өөр, өөрийнхөөрөө бичиж санаагаа илэрхийлэх ба түүнийгээ бас л хүн бүр өөрийнхөөрөө уншиж ойлгоно. Энэ нь нэн ялангуя залуусын дунд онцгой эрчимжсэн үзэгдэл шиг санагддаг. Хэрвээ ийм байдлаараа цаашид үргэлжилсээр байвал Монгол хэлний баялаг хийгээд нарийн, нандин утга, санаанууд аажмаар бүдгэрэн гээгдсээр байх болно. Нийгмийн цахим сүлжээний талбарт бол энэ байдал хямралын ирмэгт нэгэнт тулсан. Нийгмийн сүлжээнд газар авсан бичиг соёлын амьдрал дахь ийм бүдүүн хадуун, зах замбараагүй байдлыг, хэрвээ хүсвэл төрийн бодлогоор цэгцлэх боломж нь бий л дээ.  Гарц хаана байна гэвэл хэлний шинжлэлийн эрдэмтэдийн тархи, зүрхэнд нь бий. Тэрбээр хожимдоогүй дээр нь энэхүү шинэ хандлагад холбогдуулан, крилл үсгийн дүрмийг улам боловсронгуй болгох нь чухал. Монгол хэлийг аврахын тулд гар утас, интернетээр харилцахдаа крилл үсгээрээ дуртайяа, түвэггүй харилцдаг болоход нь хүмүүст туслахуйц шинэ цагийн, төгс боловсронгуй шийдлийг бий болгох хэрэгтэй. Эрдэмтэд энэ талаар санаа бодлоо уралдуулж, зүгээр нэг бодож эрэгцүүлэх бус, алхам хийх хэрэгтэй болсон нь харагдаж байна.

Бэлтгэсэн Иван РУСЛАНОВ

Орчуулсан Г.Төрмөнх


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
10 + 1 =

Create Account



Log In Your Account