Баруун бүсийн Соёл-Утга зохиолын III чуулган Ховд аймагт өргөн хэмжээнд зохион байгуулагдав

By: Admin
2024-12-25
0
225

Соёл-Утга зохиол

Баруун бүсийн Соёл-Утга зохиолын III чуулган 2024 оны 5 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд Ховд аймгийн төв Ховд хотод явагдав. Чуулганы хүрээнд “Утга зохиол оюун санааны мөнхийн өв баялаг” сэдэвт онол амьдралын бага хурал, зохиолч, уншигчдын уулзалт, “Орон нутаг Оюун соёл”  сэдэвт зөвлөлдөх уулзалт, нэрт найрагч Хөөдөөгийн Эрдэнэбаатар агсны нэрэмжит яруу найраг, богино хүүрнэл зохиолын чуулбар наадам, зохиолчид, ном бүтээл туурвигчид, зураачид, хөгжмийн зохиолчдын бүтээлийн үзэсгэлэнгүүд зохион байгуулагдаж, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот болон зарим аймгууд, баруун бүсийн Увс, Завхан, Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд аймаг дахь МЗЭ-ийн салбар байгууллагын удирдлага, төлөөллүүд, зохиолч уран бүтээлчид, тухайн аймгуудын Соёл Урлагийн газар, Нийтийн номын сангийн байгууллагын төлөөллүүд, сонирхогчид, уншигчид, оюутнууд, багш сурагчид оролцсон юм.   

Чуулганыг нээж Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа, МЗЭ-ийн гүйцэтгэх захирал О.Энхжавхлан, МЗЭ-ийн Ховд аймаг дахь салбарын тэргүүн, зохиолч, яруу найрагч Г.Төрмөнх нар үг хэлсэн. Засаг дарга хэлсэн үгэндээ “... уг чуулганыг МЗЭ-ийн Ховд аймаг дахь салбарын шургуу санал санаачилгад үндэслэн, холбогдох хууль тогтоомжуудад нийцүүлж, МЗЭ хийгээд бүс нутаг аймгийн Соёлын чиглэлийн бусад байгууллагын хамтын ажиллагаанд тулгуурлаж зохион байгуулж байгаа”-г онцлосон бол МЗЭ-ийн гүйцэтгэх захирал О.Энхжавхлан “Утга зохиолын үйл ажиллагааг ийнхүү цогц байдлаар, чуулганы хэмжээнд орон нутагт зохион байгуулж байгаа нь чухал үйл явдал бөгөөд МЗЭ-ээс баримтлаж байгаа утга зохиол, оюун санааны үйл хэргийг бүсчилсэн бүтэц, тогтолцоонд тулгуурлаж өрнүүлэх үзэл хандлагатай нийцсэн, тодорхой шийдэл эрэлхийлсэн, ажил хэрэгч төлөвлөлт зохион байгуулалтаар хийгдэж байгаагаараа нэн онцлог” гэсэн. МЗЭ-ийн Ховд аймаг дахь салбарын тэргүүн зохиолч, яруу найрагч Г.Төрмөнх хэлсэн үгэндээ “Соёл хэмээх ухагдахууны нэн чухал нэг хэсэг нь оюуны соёл юм. Өнөөгийн манай төрийн соёлын бодлогын чиг хандлагад соёлыг их төлөв урлаг болон биет, биет бус өвөөр төлөөллүүлэн авч үзээд, оюуны соёлд төдийлөн ач холбогдол өгөхгүй байх хандлага ажиглагдсаар буйгийн улмаас баруун аймгуудын зохиолчдын байгууллагууд санаачилж энэхүү Соёл-Утга зохиолын чуулганыг анх 2018 онд Завхан аймгийн Улиастай хотод хийсний дараа 2019 онд Ховд аймагт илүү өргөн агуулгатай зохион байгуулсан нь ийнхүү 2024 онд давтагдаж байгаа. Цаашид бүсийн аймгууд ээлжлэн, тогтмол давтамжтайгаар энэ үйл хэргийг өрнүүлэх учиртай гэдгийг онцлож байна...” гэсэн юм.

Зохиолч уншигчдын уулзалтыг хэл утга зохиол судлаач доктор, дэд профессор В.Янжиндулам, Монгол хэл уран зохиолын багш Б.Хүлэгбоорчи нар хөтлөж, нэрт зохиолч М.Уянсүх, Т.Баянсан, Б.Норов, Г.Чардаг, Б.Зархум, А.Жаргалсайхан, С.Бүрнээ, Л.Мөнхбаатар, эрдэмтэн Д.Ганболд нарын зохиолч, судлаачид оролцсон бол онол амьдралын бага хуралд хот хөдөө, бүсийн аймгуудын судлаач, зохиолчдын 10 гаруй илтгэл хэлэлцэгдэв. Тодруулбал доктор профессор Д.Өрнөхдэлгэр “Монгол туургатны яруу найраг дахь тал ба салхи”, судлаач зохиолч МЗЭ-ийн Ховд дахь салбарын тэргүүн Г.Төрмөнх Манай үе хийгээд бидний дуу хоолой”, СГЗ, зохиолч Б.Норов “Соёл урлаггүйгээр хөдөө хөгжихгүй”, доктор, дэд профессор В.Янжиндулам “Урианхай туульч Н.Дамдиндорж, Б.Болд нарын урын сан”, зохиолч, судлаач МЗЭ-ийн болон Ч.Лодойдамбын шагналт Г.Чардаг “Суръяа зохиолчийн амьдрал уран бүтээл”,судлаач магистр Б.Бямбадорж “зохиолч Ш.Даваасүрэн агсны зарим зохиолд хийсэн ажиглалт”, судлаач магистр И.Жавхлан “Лувсангийн Дагвадорж зохиолчийн уран бүтээлийн онцлог”, багш Г.Чулуунцэцэг “Уран зохиолын хичээлээр сурагчдыг хөгжүүлэх арга зүй, туршлага”, судлаач С.Ган-Эрдэнэ “Хаймчигийн Баатарын амьдрал, уран бүтээл, МЗЭ-ийн Увс аймаг дахь салбарын тэргүүн Г.Оюун-Эрдэнэ “Лу гүн Лувсандондовын зарим шүлэгт хийсэн ажиглалт”, Завхан аймгийн СУГ-ын мэргэжилтэн И.Янжинлхам “Орон нутаг дахь утга зохиол судлалын асуудалд” гэсэн илтгэлүүдээ толилуулан хэлэлцүүлсэн.

Чуулганы нэг чухал үйл ажиллагаа болох Зөвлөлдөх уулзалтаар оролцогсод орон нутаг дахь оюун санааны амьдрал, хөдөө аймгууд дахь (бүсийн аймгууд) утга зохиол, оюуны бүтээл туурвигчдын ажиллаж амьдрах орчин нөхцөл, бүтээл туурвилуудыг чанаржуулах, түгээлт хүртээмжийг сайжруулах, хамтран ажиллах, үйл ажиллагааны уялдаа холбоог өргөсгөх боломжуудын талаар чөлөөтэй хэлэлцэж, санамж бичигт гарын үсэг зурцгаасан бөгөөд мөнхүү уриалга гаргахаар санал нэгдсэн юм.             

Баруун бүсийн Соёл-Утга зохиолын III чуулганы хөтөлбөрийн дагуу явагдсан МЗЭ-ийн болон “Болор цом” шагналт, нэрт яруу найрагч Хөөдөөгийн Эрдэнэбаатар агсны нэрэмжит яруу найраг, богино хүүрнэл зохиолын наадмын сүүлчийн шат буюу “тайзны уншлага” 5 дугаар сарын 17-ны үдэш Ховд аймгийн ХДТ-т болж, урьд нь сонгогдсон 15 яруу найрагч, мөн 6 зохиолчийн шалгарсан бүтээлүүдийг тайзнаа толилуулж шийдвэрлэх шалгаруулалт явагдсан юм.

Наадмын шүүгчээр Д.Нацагдоржийн болон Дэлхийн шилдэг яруу найрагч шагналт, нэрт яруу найрагч, зохиолч МулцангийнУянсүх, хэл, утга зохиолч судлаач доктор, профессор Дашлхагвын Ганболд, МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч Гонгоржавын Төрмөнх, хэл, утга зохиол судлаач доктор, профессор Дашзэвэгийн Өрнөхдэлгэр, мөн хэл, утга зохиол судлаач доктор, дэд профессор Викторын Янжиндулам нар ажилласан бөгөөд наадмын яруу найргийн төрөлд тэргүүн бүтээлээр Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Төрийн Баянсангийн “Амьдрал”, харин онцлох бүтээлүүдэд Орхон аймгийн яруу найрагч Гантөмөрийн Хашбаатар, Завхан аймгийн яруу найрагч Г.Сэр-Одын шагналт Цэрэндашийн Намуундарь, Ховд аймгийн яруу найрагч Буяндалайгийн Цогбадрах, мөн Ховд аймгийн уугуул, шүлэгч Ширэндэвийн Энхжаргал нарын шүлгүүдийг нэрлэн, шагнал гардуулсан юм. Богино хүүрнэл зохиолоос Говь-Алтай аймгийн зохиолч Хадбаасангийн Чимэдрэгзэнгийн бүтээл “Банхар” өгүүллэг, Ховд аймгийн зохиолч МЗЭ-ийн шагналт Аюушийн Жаргалсайханы бүтээл “Үнсний гаргуул”, Улаанбаатар хотын зохиолч Тогтохбаярын Хонгорзулын бүтээл “Тэнгэрийн зул” өгүүллэгүүд онцлох бүтээлээр тус тус шалгарсан.

Соёл-Утга зохиолын бүсийн чуулганд оролцогсод 5 дугаар сарын 18-нд номын баярын нээлтийн ёслол хийгээд номын баярт оролцож, ном бүтээлийн үзэсгэлэнгээр зочлон, орон нутгийн бүтээлчдийн бүтээл туурвилтай танилцаж, Ховд аймгийн Соёлын байгууллагуудаар мөн зочилсон юм. Энэхүү чуулганыг зохион байгуулахад Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, Соёл-Урлагийн газар, Нийтийн номын сан, МУИС-ийн Баруун бүсийн салбар сургуулийн Хэл зохиолын тэнхим, Монголын Зураач урчуудын холбооны Ховд аймаг дахь салбар, Ховд аймгийн Хөгжимт драмын театр гэсэн байгууллага, газрууд ихээхэн идэвх зүтгэл гаргаж МЗЭ-ийн Ховд аймаг дахь салбартай нягт хамтран ажилласныг, Монголын Зохиолчдын эвлэл мөн тус аймаг дахь салбартайгаа хамтарч, идэвхтэй оролцсоныг чухалчлан тэмдэглэж байна.


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
2 + 10 =

Create Account



Log In Your Account