“Цагаан эрэг”-т учирсан экологийн хохирлыг хэрхэн арилгах вэ?

By: Admin
2024-12-25
0
1805

Ховд аймгийн Цэцэг сумын нутаг дахь Мянган угалзатын нурууны байгалийн цогцолборт газрын тусгай хамгаалалттай бүсэд хамаарах Цагаан эргийн гянтболд /вольфром/-ын орд газарт 2015 оноос хойш нэр бүхий компаниуд сумын удирдлагатай гэрээ байгуулан, нөхөн сэргээлт нэрийн дор хууль бус ашиглалт, олборлолт явуулж, тухайн газарт болон ойр орчимд нь эвдрэл сүйтгэл учруулж, авилга, албан тушаалын гэмт үйлдлүүд явагдаж байсан нь 2018 онд шат шатны шалгалтаар тогтоогдож, улмаар холбогдох нөхдүүдэд эрүүгийн хэрэг үүсгэгдсэн. Эрүүгийн цагдаагийн газар, Авилгатай тэмцэх газар, прокурор, шүүхийг дамжин дөрвөн жил сунжирсан уг хэргийг 2022 оны 11 сарын 29-нд Улаанбаатар хотын Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх таслан шийдвэрлэсэн боловч шүүхийн шийдвэрээр ял оноогдсон нөхөд уг шийдвэрийг давж заалдсан. Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг хянаад нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаасан бөгөөд хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа мөрдөн байцаалтын шатнаасаа дахин эхлэж явагдах болжээ.

Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа ийнхүү сунжирсаар тав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Гэтэл хууль шүүхийнхний ийнхүү хэт сунжруулж буй үйл явцын сүүдэр дор тухайн асуудлын хамгийн гол зүйл нь болох эвдэрч сүйтгэгдсэн газрын хохирлын үнэлгээг тогтоож, нөхөн сэргээх буюу хүрээлэн буй орчинд учирсан хохирлыг арилгах асуудал замхран юу ч биш болох тийшээ хандаж байна.         

Цагаан эрэгт нөхөн сэргээлт нэрээр хууль бус ажиллагаа явагдахад хүргэсэн үндсэн хүчин зүйл нь Ховд аймгийн ИТХ-аас 2015, 2017 оны 82 болон 60 дугаар тогтоолоор тус тус баталсан “Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийхэд хяналт тавих журам” гэгчийн өдий төдий зөрчилтэй, хууль бус заалтууд байсан хийгээд хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн болон төрийн бус байгууллагууд, мэргэжлийн байгууллага, мөн нутгийн удирдлагын байгууллага, иргэдийн зүгээс асуудлыг удаа дараа хөндөн гаргаж ирсний улмаас аймгийн ИТХ нь дээр дурьдагдсан хууль бус журмуудаа 2018 оны 8 сарын 01-ний өдрийн 39 дугаар тогтоолоор хүчингүй болгосон билээ.

Тус газарт явагдаж байсан хууль бус олборлолтын түүх, үүссэн нөхцөл байдал, байгаль экологид учирсан хохирол, мөнхүү хөндөгдөж эвдэрсэн газрыг нөхөн сэргээх, хохирлыг арилгах зорилгоор гаргасан шийдэл, түүнтэй холбоотой зөрчил будилааны талаар “Ховдын толь” сонин болон Монголгараг цахим сайт, мөн Ховдньюс зэрэг цахим сайтуудаар хэд, хэдэн удаа дэлгэрэнгүй мэдээлэл гарч, асуудлыг сурвалжилан хүргэж байсан.     

Аймгийн ИТХ-ын хууль бус тогтоолыг түшиглэн, 2015-2018 онд нэр бүхий компаниуд нөхөн сэргээлт нэрийн дор явуулж байсан үйл ажиллагааны /далд олборлолт/ улмаас Ашигт малтмалын тухай хуулийн 7.3 дахь заалт, мөн Усны тухай хуулийн 3 дугаар бүлэг 22.2.1-д “Онцгой хамгаалалтын бүсэд газар хагалах, ашигт малтмал хайх, олборлохыг хориглоно”, мөн хуулийн 22.8-д “Гол мөрний байгалийн үндсэн гольдролыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэргүйгээр өөрчлөхийг хориглоно”, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 18.1-т “газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, элс хайрга чулуу авах, мод зэгс шагшуурга бэлтгэх хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх”, 12.6-д “хөрс, ус, агаар бохирдуулах аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглоно” Хог хаягдлын тухай хуулийн 10.2.4 /хог хаягдлаа зориулалтын хогийн сав болон цэгт хаях эсхүл хог хаягдал цуглуулж тээвэрлэх эрх бүхий байгууллагад шилжүүлэх/, 10.3.5 /хог хаягдлыг хогийн сав болон тогтоосон цэгээс бусад газарт хаях/- гэсэн заалтууд байнга зөрчигдөж байсан.

Мөнхүү байгалийн унаган төрх алдагдаж, хөрсний хэв шинж өөрчлөгдөж, хөрс болон усыг хог хаягдал, шатах тослох материалаар бохирдуулсан, голын гольдролыг хууль бусаар, дур мэдэн өөрчилж, бохир усаа гол руу нийлүүлж, байгаль орчныг бохирдуулсан зэрэг ноцтой зөрчлүүд үүссэн тул мэргэжлийн улсын байцаагчид шалгаж, дүгнэлт гарган, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 11, 12 дахь заалт; Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 05 сарын 27-ны өдрийн А-156 тушаалаар батлагдсан  “Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлал”-ын дагуу хохирлыг мэргэжлийн байгууллагаар тооцуулж, хохирол учруулсан аж ахуйн нэгж байгууллагаар төлүүлэх, цаашид Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагаар нөхөн сэргээлт хийлгэх шаардлагатай хэмээн акт үйлдэж, шаардлага хүргүүлсэн байдгаас гадна бидний зүгээс ч энэ асуудлыг удаа дараа хөндөж, мэдээлсээр ирсэн билээ.

Тэгтэл улсын байцаагчийн хуулийн дагуу гаргасан дүгнэлт, тогтоосон акт, хохирол арилгуулах тухай шаардлага нь биелэгдээгүйгээр барахгүй даруй таван жилийн турш сунжирч буй Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны сүүдэрт дарагдан замхрах тийшээ хандсан тухай дээр үгүүлсэн.

“Шинэ эвлэл” ОНСХ төрийн бус байгууллагаас явуулж буй Стратегийн өмгөөллийн ажлын хүрээнд юуны өмнө Цагаан эрэгт учирсан хохирлын үнэлгээг тогтоолгох ажил хуулийн дагуу хийгдсэн эсэхийг мэдэхийг зорьж БОАЖЯ, Улсын МХГ, Эрүүгийн цагдаагийн газар, Авилгатай тэмцэх газраас удаа дараа тодруулж, нэг бус удаа албан бичгээр хандсан бөгөөд тэд бүгдээрээ мэдээлэл өгөхдөө нэн хойрго байснаас гадна энэ тухай мэдээлэл огт байхгүй байна гэцгээсэн. Эцэст нь Баян гол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэд хэд дахин шалгаааж байж “2018, 2019 онд “Тод хангал” ХХК-ны хийсэн Цагаан эрэгт учирсан хохирлын экологи эдийн засгийн үнэлгээ, тооцоо хавтаст хэрэгт хавсаргагдсан байна” гэсэн хариу авсан юм. Гэсэн ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусаагүй байгаа тул шүүхээс энэ мэдээллийг өгөх боломжгүй харин тухайн үнэлгээ хийсэн компаниас уг материалыг гаргуулан авах бололцоотой хэмээсэн. Бид компаний хаягийг сурвалжлан олж уг компаний хүмүүстэй холбогдсон авч компанид үнэлгээний материалын хувь нь байгаа эсэх мэдэгдэхгүй байна, эрж байна гэсээр 2 сарын нүүр үзэв.

Хуулийн дагуу бол байгаль орчны улсын байцаагч нь сүйтгэгдэж, эвдэрсэн газрын нөхөн төлбөрийн хэмжээг тогтоож, буруутэй этгээдээр төлүүлэх эрхтэй байхаар заажээ.

Тодруулбал Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Нөхөн төлбөрийг ногдуулсан байгаль орчны хяналтын улсын байцаагч ажлын 14 хоногт багтаан тухайн төлбөрийг барагдуулах үүрэгтэй бөгөөд уг хугацаанд барагдуулаагүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллагуудад хүргүүлж, хэрэгжилтийг хангуулна” гэж заасан байна. Шүүхийн өгсөн мэдээллээр хохирлын үнэлгээг тогтоож хавтаст хэрэгт хавсаргасан гэсэн атал тухайн үнэлгээгээр тогтоогдсон төлбөрийг яагаад барагдуулахгүй байна вэ? Дээрх хуулийн заалтын дагуу бол 14 хоногт багтааж төлүүлэх эс бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэлд шилжүүлнэ гэсэн байх атал хууль шүүхийн байгууллагууд нь өөрөө хуулийг биелүүлэхээс зайлсхийсээр байна бус уу? Түүнчлэн БОХТ хуулийн 49 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна. Нөхөн төлбөр төлөгч нь тогтоосон хэмжээнээс илүү төлбөр төлсөн тохиолдолд зөрүүг Байгаль орчин, уур амьсгалын сангаас буцаан олгоно” гэсэн. Мөн Байгаль орчин, уур амьсгалын сангийн мэдээлэл нь цахимд ил тод нээлттэй байрших ёстой. Гэтэл мэдээллийн санд ямар ч мэдээлэл байхгүй, БОАЖЯ болон Цагаан эргийн орд газрыг харъяалж буй Ховд аймгийн Цэцэг сумын Засаг дарга болон түүний Тамгын газар, мөн Улсын МХГ, Эрүүгийн цагдаагийн газар, АТГ-ууд энэ тухай огт мэдэхгүй гэсэн хариу өгсөөр байгаа нь ойлгомжгүй байгаа юм.     

 Энэ асуудлыг хуулиар хэрхэн зохицуулсан байдаг тухайд уншигчдад мэдээлэл өгөхийн тулд байгаль орчинд учирсан хохирлыг үнэлэх, арилгуулах, нөхөн сэргээх, мэдээлэх талаар холбогдох хуулиудад хэрхэн заасан байдгийг түүвэрлэн хүргье:

  

  

     

 

 

Байгаль орчныг хамгаалах тухай хууль:

2.7.4. Аж ахуйн нэгж, байгууллагад байгалийн баялгийн нөөцийн үнэлгээ хийх эрхийг тухайн төрлийн байгалийн баялгийг хамгаалах, зохистой ашиглах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх эрхийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага / цаашид "төрийн захиргааны төв байгууллага" гэх/ олгоно.

 

36дүгээр зүйл.Байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөрийн мэдээллийн сан

1.Байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөрийн мэдээллийн сан дараах мэдээллээс бүрдэнэ:

1/байгаль орчинд хохирол учруулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын тухай мэдээлэл;

2/байгаль орчинд учруулсан хохирлын экологи-эдийн засгийн үнэлгээ, ногдуулсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээ;

3/байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөр төлсөн, хохирлыг арилгасан тухай тайлан.

 

49 дүгээр зүйл.Байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлөх

1.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна. Нөхөн төлбөр төлөгч нь тогтоосон хэмжээнээс илүү төлбөр төлсөн тохиолдолд зөрүүг Байгаль орчин, уур амьсгалын сангаас буцаан олгоно.

3.Энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохиролд байгаль орчны хяналтын улсын байцаагч нөхөн төлбөр ногдуулна.

4.Энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-5 дахь заалтад заасан хохирлыг тухайн төрлийн байгалийн нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээг үндэслэн дор дурдсан хэмжээгээр тогтооно:

1/ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр;

2/амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи–эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр;

3/ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи–эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр;

4/усны нөөцөд учирсан хохирлыг тухайн сав газрын усны экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр;

5/газарт учирсан хохирлыг тухайн ангиллын газрын экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр.

5.Энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 6, 7 дахь заалтад заасан хохирлыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тогтоосон хэмжээг үндэслэн дор дурдсан хэмжээгээр тогтооно:

1/газрын хэвлийд учирсан хохирлыг байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тооцсон хохирлын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр;

2/хөрсөнд учирсан хохирол, байгаль орчныг бохирдуулснаас үүсэх хохирлыг байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тооцсон хохирлын хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр;

6.Энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 1, 2 дахь заалтад заасан хохирлыг байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний эрх авсан мэргэжлийн байгууллагаар хөлсийг төлж тооцуулна.

7.Хохирол тооцсон ажлын зардлыг нөхөн төлбөрт нэмж тооцно.

8.Нөхөн төлбөрийг ногдуулсан байгаль орчны хяналтын улсын байцаагч ажлын 14 хоногт багтаан тухайн төлбөрийг барагдуулах үүрэгтэй бөгөөд уг хугацаанд барагдуулаагүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллагуудад хүргүүлж, хэрэгжилтийг хангуулна.

   11.Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг мөрдөхөд шаардлагатай үнэлгээ, шинжилгээ, шинжээчийн болон лабораторийн зардлыг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр Байгаль орчин, уур амьсгалын сангаас санхүүжүүлнэ.

2.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас байгаль орчны алдагдсан тэнцлийг болон байгалийн баялгийг нөхөн сэргээх, хүн амыг нүүлгэх, мал, амьтныг тухайн нутаг дэвсгэрээс шилжүүлэхэд гарсан зардлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр сум, дүүргийн Засаг дарга шүүхэд нэхэмжлэл гаргана.

3.Гэм буруутай этгээд энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хохирлыг нөхөн төлсөн нь түүнд зохих хууль тогтоомжийн дагуу Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж тус тус заажээ.

 

Дархан цаазат болон байгалийн цогцолбор газрын асуудал

хариуцсан төрийн байгууллагын чиг үүргийн тухай

 

            Дархан цаазат газар, байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа /цаашид "хамгаалалтын захиргаа" гэх/ нь дараахь үйл ажиллагаа явуулна:

 1/ тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх хууль тогтоомж, тухайн газар нутгийн хамгаалалтын горимын биелэлтийг хангуулах;

 9/ тусгай хамгаалалттай газар нутгийн ач холбогдол, хамгаалалтын горим, холбогдох хууль тогтоомжийг сурталчлан таниулах, он дарааллын бичиг хөтлөх, мэдээллийн сан бүрдүүлэх;

 10/ зөвшөөрөгдсөн бүсэд байлгаж болох малын төрөл, тоо болон зохих журмын дагуу иргэн, аж ахуйн нэгж,байгууллагад ашиглуулах газрыг тогтоох.

  1. Тусгай хамгаалалттай газар нутагт ажиллаж байгаа байгаль хамгаалагч дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

 1/ энэ хууль болон байгаль орчныг хамгаалах бусад хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг таслан зогсоож, гэм буруутай этгээдэд зохих хариуцлага хүлээлгэх” гэж заасан байна.

 

Ямар алхам хүлээгдэж байна вэ?

 

Нээлттэй нийгэм форумын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Цагаан эргийн хохирлыг  арилгах стратегийн өмгөөлөл”-ийн төслийн хүрээнд “Шинэ эвлэл ОНСХ” ТББ, Мянган угалзатын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаатай хамтран ажиллаж, Цагаан эрэгт явагдсан гэмт хэргийн үйлдэл бүхий, хууль бус ажиллагааны улмаас учруулсан хохирлын экологи, эдийн засгийн үнэлгээг хийлгэх, хохирлыг барагдуулах, нөхөн сэргээлт хийх асуудлыг хуулийг дагуу зохион байгуулахыг санал болгон БОАЖЯ, тус яамны Тусгай хамгаалалтай нутгийн удирдлагын газар мөн Үнэлгээ аудитын хэлтэст тус тусын байгууллагаас 2021 оны 10 сараас эхлэн удаа дараа албан бичиг илгээж санал хүргүүлэн, утсаар холбогдож ярилцсаны эцэст БОАЖЯ-наас Ховд аймгийн Засаг даргад хандан тухайн асуудлаар хуулийн дагуу шийдвэр гаргаж, арга хэмжээ авахыг даалгасан 2022 оны 3 дугаар сарын 22-ны 03/1442 дугаартай албан тоотыг хүргүүлсэн.

Аймгийн ЗДТГ-ын тамгын газар нь Яамнаас ирүүлсэн бичгийн дагуу тодорхой арга хэмжээ авахыг хичээхгүй, ямар нэг алхам хийхгүй байсаар байсан учраас “Шинэ эвлэл” ОНСХ ТББ-аас санаачилан аймгийн холбогдох байгууллагууд /ИТХ, ЗДТГ, БОАЖГ, МХГ, зарим ТББ-гын төлөөлөл/-ийг оролцуулсан зөвлөлдөх уулзалтыг 4 дүгээр сарын 26-нд зохион байгуулсан. Мөн МУБЦГ-ын Хамгаалалтын захиргаанаас 2022 оны 5 дугаар сарын 21-нд Цэцэг суманд зохион байгуулсан эрдэм шинжилгээний хуралд “Шинэ эвлэл” ОНСХ ТББ-аас оролцож, Цагаан эрэгт учирсан хохиролтой холбоотой үүссэн нөхцөл байдал, үүтгэл шалтгаан, цаашид энэ хохирлыг арилгах мөн үүнтэй ижил төстэй асуудлууд дээр тал талаасаа юуг анхаарч, ямар арга барилаар ажиллавал зохих талаар илтгэл хэлэлцүүлэн хурлын зөвлөмжид санал оруулсан юм.  

“Шинэ эвлэл” ОНСХ-оос явуулж буй стратегийн өмгөөллийн гол зорилго нь Цагаан эрэгт учруулсан байгаль экологийн хохирлыг арилгахад чиглэгдэх бөгөөд энэ талаар хуулийн дагуу үүрэг хүлээдэг төр захиргааны байгууллагуудад нөлөөлөх, шахаж шаардах замаар хохирлын үнэлгээг нэн даруй бодитой тогтоолгож, учирсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх, улмаар нөхөн сэргээлт хийлгэх тухай асуудлыг шүүхэд хэрэг үүсгүүлэхгүйгээр шийдүүлэхийг хичээж байна. Хэрвээ холбогдох төр захиргааны байгууллагууд нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхээс цааргалж, хойргошсоор байвал хууль шүүхийн байгууллагад нэхэмжлэл гаргах замаар асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээс аргагүй болно гэдгийг дашрамд сануулах нь зүй. Эдгээр асуудлыг хуулийн дагуу, тухайн цагт нь даруй шийдвэрлэх эрх зүйн боломж байсаар атал хэрэг нь хууль шүүхээр хянагдаж, шийдвэрлэгдэж байгаа гэсэн нэрийн дор олон жилээр сунжирч, ацмаг хүлээлт үүссэн гэдгийг энд мөн давтан үгүүлэхийг хүсэв.  

Төслийн хүрээнд явуулсан ажиглалт судалгааны үр дүнд бид, хаа газарт байгаа үүнтэй төстэй нөхцөл байдлын тухайд түүнчлэн Цагаан эргийн орд газрыг тойрсон асуудал дахин давтагдахгүй байхад нөлөөтэй гэж үзсэн дараах зөвлөмжүүдийг хүргэж байна. Үүнд:

  • Юуны өмнө тэдгээртэй холбоотой захиргааны шийдвэр гаргахдаа Захиргааны Ерөнхий хуульд заагдсан сонсох ажиллагааг заавал явуулж хэвших
  • Ашиг сонирхлын зөрчил үүсэхээс сайтар сэргийлэх
  • Гаргахыг завдаж буй шийдвэр, захиргааны акт нь холбогдох хууль журам зөрчиж буй эсэхийн хянан нягтлах
  • Мэргэжлийн байгууллагууд болон тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийнхэнтэй хамтран ажиллах
  • Хохирлыг үнэлэх, арилгах арга хэмжээ авах, нөхөн сэргээх тухайд хуулийн заалтуудын хэрэгжилтийг хангах талаар холбогдох байгууллага, газрууд хоорондоо уялдаатай ажиллаж, асуудлыг цалгардуулж мартагдуулахаас сэрэмжлэхийн зэрэгцээ, эрх зүйн хувьд бүрхэг, тарамдуулсан нөхцөл шалтгаанууд байгааг анхааран, хууль эрх зүйг цаашид улам боловсронгуй болгох шаардлага байгааг хаа, хаанаа анхаарах нь чухал.

            Хамгийн гол нь учирч болох эрсдэл, сөрөг үр дагаварыг урьдаас заавал тооцоолж байх нь нэн чухал гэдгийг үүнээс харж болно.

 

“Цагаан эргийн хохирол арилгах стратегийн өмгөөлөл” төслийн баг

 

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
2 + 6 =

Create Account



Log In Your Account