Хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр тэмдэглэж хэлэх зүйлс

By: Admin
2024-12-21
0
775

1993 онд Нэгдсэн үндэсний байгууллагаас жил бүрийн 5 дугаарын сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр хэмээн тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн байдаг.

НҮБ-ээс жил бүр улс орнуудыг хэвлэлийн эрх чөлөөний нөхцөл байдлаар нь жагсааж байр эзлүүлдэг боловч энэ нь харьцангуй ойлголт. Шалгуур үзүүлэлт, дүгнэлтүүдэд нь оновчтой бус дэгс зүйлүүд ч байх шиг харагддаг. Өнгөрсөн 2022 онд Монгол улс хэвлэлийн эрх чөлөөгөөр өмнөх оноосоо 22 байраар ухран, 90 дүгээр байранд жагсаж байв.

Өнөөгийн нөхцөлд “ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ”-тэй холбогдуулж, онцгойлон авч үзэх асуудлуудын талаар байр сууриа илэрхийлвэл:

Нэг: “Дөрөвдөгч засаглал” хэмээн дөвийлгөж цололдог хэвлэл мэдээллийн салбарын хараат бус байдал хоосон цуурай болсон. Тэд амьдрахын тулд улс төр, бизнесийн бүлэглэлийнхний халаасанд шургахаас өөр гарцгүй нөхцөл байдал ноёлсоор, санаа тавих ёстой газрууд үүнийг засаж залруулах талаар ямар нэг алхам хийх бодол ч төрөхгүй хэвээрээ амгалан налайж сууна.

Хоёр: Орон нутагт аж төрдөг энэ салбарын төлөөллийн хувьд хэлэхэд орон нутаг дахь хэвлэл мэдээллийнхэн маань нийтийн, ний олны төлөө бус, өөрийнхөө хэрхэн амь зогоохын төлөө л ажиллахаас аргагүй нөхцөлд баригдсаар байна. Эдгээрийг шийдвэрлэх, зохицуулах эрх зүйн орчинг бүрдүүлэхээс дээд байгууллагууд нь санаатайгаар зайлсхийсэн хэвээр байна.

Гурав: Хэвлэлийн эрх чөлөөний таатай нөхцлийг бүрдүүлэх талаар Засаглалынхан хуулиар хүлээсэн үүрэг хариуцлагаа мэддэггүй, энэ талаар санаачилга, зүтгэл гаргахдаа хойрго байдаг нь нэгэнт жам юм шиг оршсоор байна.

Эдгээрийн улмаас хэвлэл мэдээллийнхэн (ялангуяа орон нутгийг онцлохыг хүсэж байна) иргэд олон нийтийн жам ёсны тулгуур эрхүүдийг хангахад түүчээлэн нөлөөлөх, эрх зүй, хуулийн тогтолцоог эрүүл саруул зам мөрөөр замнуулах, гажуудлаас хамгаалах, ард түмний хүчирхэг хяналтын тогтолцоог үүсгэж, түүнийг хамгаалан бэхжүүлэхэд чиглэгдсэн “ЧУХАМ ДӨРӨВДӨГЧ ЗАСАГЛАЛ”-ийн үүрэг хариуцлагынхаа тухай мартагнаж, энэ тухай ойлголт нь улам бүдгэрсээр, асуудал ужгирсаар элэнгэрших хандлагатай болов.

Хэвлэл мэдээллийн салбарт ний олны үйл хэргийн төлөө нэгдэн ажиллаж, мэргэжлийн байр сууриа институдын түвшинд илэрхийлдэг чадварлаг тогтолцоо үгүйлэгдсээр байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслийг хувийн тоглолт хийж нэр нөлөөгөө өсгөх арга хэрэгсэл болгон ашиглах ухамсар дорой хандлагууд ч хүчтэй ажиглагдах болсон.

ТЭМДЭГЛЭЖ ХЭЛЭХЭД Хэвлэлийн мэдээллийн үйл ажиллагааны нэн тэргүүний зорилго нь нийтийн, ний олны өмнө тулгамдаж буй зүйлийг шийдэхэд нөлөөлөн түүчээлж ажиллах, нэгдэн нийлж, институдын түвшинд байр сууриа илэрхийлж, тодорхой алхмууд хийдэг байх нь хамгаас чухал билээ.

Сэтгүүлч Хиргис Г.ТӨРМӨНХ   

 

 

 

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
9 + 3 =

Create Account



Log In Your Account